Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 128/шш2023/0785

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А*******, А.Г*******, А.Г******* нар,

Хариуцагч: *******ын алба,

Гуравдагч этгээд: Г.Жавхлан, Ж.Мөнхбаатар,

Маргааны төрөл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч нарын газрыг газрын мэдээллийн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхгүй хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Цэрэндагва, гуравдагч этгээд Г.Жавхлан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болормаа, Гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарын өмгөөлөгч Ц.Азбаяр, С.Энхбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Ц.А*******, А.Г*******, А.Г******* нараас *******ын албанд “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн дагуу нэхэмжлэгч нарын газрын бүртгэлийг мэдээллийн санд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, захирамжийн мэдээллийн санд оруулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний 207 дугаар захирамжаар И.А*******, А.Г*******, А.Мягмар нарын нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгож, улмаар Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/538 дугаар захирамжаар  иргэн И.А*******, А.Г******* нарын газар эзэмших эрхийн хугацааг сунгажээ.

3.Харин иргэн А.Мягмар, Г.Жавхлан нар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж Баянзүрх дүүргийн Газрын албанд /хуучнаар/ гэрчилгээ шилжүүлэх хүсэлт гаргасан ба үүнийг үндэслэн тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 553 дугаар захирамжаар  Гацууртын 2-17 тоот 700 м.кв газар эзэмших эрхийг нэр шилжүүлэн  баталгаажуулсан.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар Г.Жавхланд Баяндөхөмийн 24 дүгээр гудамжны 17а тоот газрыг өмчлүүлжээ.

4.Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг, тус дүүргийн Газрын албанд /хуучнаар/ холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 553, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжуудын Г.Жавхланд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 364 дүгээр захирамжийн дагуу 18659311070971 дугаартай 2797 м.кв газрыг өндөр хүчдэлийн шугамаас урагш 4 метр шилжсэн бүртгэл хийхийг даалгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжийн дагуу А.Г*******, А.Г*******, И.А*******, А.Мягмар нарын нэр дээр тус бүр 700 м.кв газрыг эзэмшдэг болохыг мэдээллийн санд бүртгэхийг даалгуулах, А.Мягмар нь уг бүртгэгдсэн зураг бүхий эзэмшлийн 700 м.кв хэмжээтэй газраа Г.Жавхланд шилжүүлснийг газрын мэдээллийн санд бүртгэхийг тус тус Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгуулах”-аар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0068 дугаар шийдвэрээр маргаан бүхий захирамжуудыг дахин шинэ акт гартал 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

5.Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүй бөгөөд  гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дээрх захиргааны актууд хүчингүй болсон.

6.Улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, нэхэмжлэгч нар нь “Топ сүрвэй” ХХК-иар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийсэн кадастрын зураг хийлгэсэн.

Уг зургийг мэдээллийн санд бүртгэсэн хэдий ч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/16 тоот албан бичгээр зөрчлийг арилгасан талаар дурдаж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдээллийн санд өөрчлөлт оруулсныг дурдсан байна.

8.Нэхэмжлэгч нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1/Хуулийн дагуу газрыг эзэмших эрхтэй болсон боловч тэрхүү газрын эзэмшлийн талаар мэдээллийн сангийн бүртгэлийг Баянзүрх дүүргийн газрын албаны зүгээс хууль журмын дагуу хийлгүйгээр иргэн Г.Жавхлангийн газар болон өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас оруулах зэргээр мэдээллийн сангийн буруу бүртгэлээс болж, нэхэмжлэгч бидний газар руу иргэн Г.Жавхлангийн хашаа болон эд хөрөнгийн зарим хэсэг нь давхацсан бөгөөд газрын давхцалын маргаан үүсэж байсан.

2/Газрын давхцал, мэдээллийн сангийн буруу бүртгэлийн талаар бидний зүгээс маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Баянзүрх дүүргийн Газрын албанд холбогдуулан “...Газрын мэдээллийн санд буруу бүртгэл хийснийг тогтоолгож, зөвтгүүлэх талаар", мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан “...иргэн Г.Жавхланд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар" тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхээс бүхэлд нь хангаж, түүний газар эзэмших болон өмчлөх эрхийг 3 сараар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж, 2018.01.30-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг гаргасан ба уг шүүхийн шийдвэрийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.05-ны өдрийн 214 дүгээр магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018.05.21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 214 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 68 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Үүний дагуу бидний зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар явсан ба газрын маань эзэмших эрхийн хугацаа дууссан тул хуулийн дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасныг хүлээн авч, дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу мэдээллийн сангийн бүртгэлийг засаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.05.07-ны өдрийн А/190 дугаар захирамжаар газар эзэмших эрхүүдийг сунгаж, түүний дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, кадастрын зургийг мэдээллийн санд оруулж өгсөн.

Ийнхүү маань сэргэсэн гэж ойлгож, нэхэмжлэгч И.А******* болон А.Г******* нарын газар руу иргэн Г.Жавхлан нь хэтрүүлэн хашаа барьсан болон хөрөнгийн зарим хэсэг нь орсон байсныг чөлөөлүүлэхээр дахин маргасан.

3/Гэтэл ийнхүү дахин маргаан эхэлснээс хойш иргэн Г.Жавхлангаас гомдол гаргасан гэсэн нэрийдлээр нэхэмжлэгч бидэнд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас зөрчиж, түүнээс зөрүүтэй бүртгэлийг газрын мэдээллийн санд оруулж, урьд нь шүүхээр маргаж байх үед яригдаж байсан агаарын болон газраар явсан 2 ширхэг өндөр хүчдэлийн шугамыг оруулж болон түүний хамгаалалтын зурвас руу оруулан, мэдээллийн санд газрын маань байршлыг зургийг оруулсан байна.

Мөн мэдээллийн санд нэхэмжлэгч бидний газрын кадастрын зургийн хэлбэр.

байршил өөрчлөгдсөн байхад нэгж талбарын дугаарыг хүчээр тааруулан, ижил нэгж талбартайгаар оруулж, биднийг төөрөгдүүлэхээр оролдож байна.

4/Энэ нь нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхийг зөрчиж байх ба бодитоор газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож байхын зэрэгцээ Г.Жавхлан гэх иргэнд үйлчилж, нэхэмжлэгч бидний газар эзэмших эрхэд хууль бусаар халдаж байна гэж үзэж байна.

Иргэн Г.Жавхлангийн хувьд захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрүүдээр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч дахин шинэ акт гаргаагүй тул түүний газар эзэмших, өмчлөх эрхүүд хүчингүй болж, одоогийн байдлаар газрын мэдээллийн сангаас бүртгэл нь хасагдсан байгаа болно.

Иймээс хууль зүйн хувьд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т "Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", 23 дугаар зүйлийн 23.4-т “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна", 23.4.3-т "эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх" гэж тус тус заасны дагуу дүүргийн газрын алба нь Засаг даргын захирамжийн дагуу газрын мэдээллийн санг эрхэлж, холбогдох бүртгэлийг хийх эрхтэй бөгөөд үүрэгтэй боловч хариуцагчийн хувьд энэхүү эрх үүргээ хэтрүүлэн, нэхэмжлэгч нарын газрын мэдээллийн сан дахь бүртгэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, дүүргийн Засаг даргын захирамжийг зөрчиж нэхэмжлэгч нарыг хохироож байна” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний ээж 2000 онд Гачууртын Баянтөхөмд 2797 м.кв талбай бүхий газрыг худалдаж авсан бөгөөд 2005 онд кадастрын мэдээллийн санд оруулсан. Үүний дараа Монгол улсын иргэн бүрд 0.7 га газар олгох шийдвэрийн дагуу өөрийн гурван хүүхдийн хамт дөрвөн тэнцүү хуваалгаж кадастрын зураг хийлгэн Баянзүрх дүүргийн Газрын албанд өгч гэрчилгээ, кадастрын зургаа авсан. Газрын алба 2007 онд “Цахилгааны шугам сүлжээний хамгаалах зурвас” А/364 дүгээр захирамжийг үндэслэн өндөр хүчдэлийн шугамаас 4 метр урагшаа айлыг тат гэсэн шийдвэрийн дагуу манай Гачууртын Баянтөхөмийн 24 дүгээр хорооны айлууд хашаагаа урагшаа 4 метр татуулсан. Тухайн үед Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байгаа н.Хадбаатар гэдэг залуу ажиллаж манай хашааг урагш нь татаж байсан. Миний ах 2011 онд 0.7 м.кв талбай бүхий 4 тал блокон хашаатай, засал нь хийгдээгүй дутуу баригдсан байшинг иргэн Г.Жавхланд худалдсан. Худалдах үед 4 хуваагдсан тус тусдаа гэрчилгээтэй, кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн гэж бодож байсан боловч Газрын алба 4 хувааж мэдээллийн санд мэдээлэл оруулаагүй И.А*******ийн нэр дээр 2797 м.кв талбай бүртгэлтэй байсан. н.Мягмараас Г.Жавхланд шилжүүлэхээр бичиг баримтуудаа бүрдүүлж, Г.Жавхлан “Ариг” ХХК-иар кадастрын зураг хийлгэн Газрын албанд өгсөн. Тухайн үед Газрын алба бичиг баримтыг хянаж үзээд газар дээр ирж хээрийн болон суурийн судалгаа хийсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан. н.Батцэнгэл гэдэг Газрын албаны мэргэжилтэн судалгаа хийхгүйгээр И.А*******ийн 2797 м.кв газраас иргэн Г.Жавхланд тасалж өгсөн байдаг. “Ариг” ХХК-иар хийсэн кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Г.Жавхлан 2015 онд хойд талын блокон хашаагаа нурааж И.А*******ийн газар руу 1 метр түрж орж гарааш барьсан. Бид тухайн үед манай газар руу орсон талаар хэлж дахин ийм асуудал гаргахгүй талаар сануулж хэлэхэд Г.Жавхлан зөвшөөрч байсан. Үүний дараа буюу 2016 онд Г.Жавхлан блокон хашаагаа нурааж цутгамал хавтан авч ирж хашаагаа барьж байсан. Тэр үед бид шүүхэд материалаа өгсөн байсан. Бид н.Жавхлангаас хэн энэ хашааг барь гэж хэлсэн болох талаар тодруулахад Газрын албаны мэргэжилтэн хашаа барь гэж хэлсэн гэдэг. Гуравдагч этгээд арав гаруй хүмүүстэй хамтран хүч түрэмгийлж хашаагаа барьсан.

Г.Жавхлангийн буруу болохыг гурван шатны шүүх нотолж байгаа. Анхан шатны шүүх 4 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахыг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн. Газрын алба дахин шинэ акт гаргахыг бид 4 сар хүлээсэн боловч шинэ акт гаргаагүй. Дахин шинэ акт гаргаагүйтэй холбогдуулан бид Нийслэлийн өмчлөлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хандсан. Шүүхийн шийдвэр анх 2018 онд гарсан боловч 2021 оны 01 дүгээр сард Г.Жавхлангийн газар эзэмших эрх, кадастрын зургийг хүчингүй болгосон. Үүний дараа бид Газар зохион байгуулалтын албатай уулзахад хээрийн судалгаа хийлгэж, зургаа авч ир гэсэн. Бид 2021 оны 03 дугаар сард “Топ сүрвэй” ХХК-иар хээрийн судалгаа, кадастрын зураг хийлгэж Газрын албанд өгч байсан. Газрын албанаас 2021 оны 05 дугаар сард бидэнд манай зөв болох талаар хариу өгсөн. 2021 оны 07 дугаар сард гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа авсны дараа манай газар руу орсон Г.Жавхлангийн гарааш, хашааг буулгаж өгөх талаар Газрын албанд хүсэлт гаргасан. Гэтэл иргэн Г.Жавхлан ямар нэгэн хариу өгөөгүй иймд шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн. Энэхүү албан бичгийн дагуу бид 2021 оны 10 дугаар сард иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Бид 2015 оноос хойш Газрын албанд өргөдөл, хүсэлт гарган хандаж байсан боловч огт шийдэж өгдөггүй хэр нь Г.Жавхлан газар эзэмших эрхгүй болсон байхад кадастрын зураг гаргаж өгсөн байдаг. Манай зөв зургийг газрын мэдээллийн санд оруулсан байсан боловч иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зассан зураг оруулсан байдаг. Яагаад зассан зураг мэдээллийн санд оруулсан талаар лавлахад мэдэхгүй гэдэг. Газрын албаны мэргэжилтэн н.Хадбаатарыг манай газар дээр ирж газрын нөхцөл байдлыг торуулах талаар хэлж уулзахад тодорхой хариу өгдөггүй. Иймд бид захиргааны шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Газрын албаны хууль зөрчсөн асуудлыг өмнө тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 68 дугаар шийдвэрээр тогтоож, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Маргаж байх хугацаанд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хугацаа дуусаж 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар өндөр хүчдэлийн шугамын хамгаалалтын зурвасыг гаргаж, байвал зохих газрын хэмжээг авч зургийг засаж, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. Тус захирамжийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийн санд кадастрын зургийг оруулсан байдаг. Гэтэл 2022 оны 01 дүгээр сард буцааж зассан талаар албан бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг. 21.5.3 дахь хэсэгт “...дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу А/190 дүгээр захирамж гарсан. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт сумын газрын даамал, дүүргийн газрын албаны эрх хэмжээг заасан бөгөөд 23.4.3 дахь хэсэгт “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4 дэх хэсэгт “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж эрх хэмжээг нь тодорхой дурдаж өгсөн. Гэтэл дүүргийн Засаг даргын 2021 оны А/190 дүгээр захирамжаас хойш нэхэмжлэгч нарын газрын байршил, хэмжээ, хэлбэр өөрчилсөн ямар нэгэн шийдвэр гараагүй байхад захирамжийн дагуу мэдээллийн санд орсон байсан зургийг ямар нэгэн үндэслэл, бичиг баримтгүйгээр хуулиар олгосон эрх хэмжээ байхгүй байхад өөрчилсөн нь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг хөндөж байна.

Анх шүүхийн шийдвэрт заасны дагуу нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өндөр хүчдэлийн шугамаас хамгаалалтын зурвасыг чөлөөлсөн зургийг мэдээллийн санд оруулсан байхад өөрчилсөн нь Газрын тухай хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

9.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 207 дугаар захирамжаар иргэн

И.А*******, А.Г*******, А.Мягмар нарт эзэмшүүлсэн нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэхийг даалгасан шийдвэр гарсан.

2/Иргэн И.А*******, А.Г*******, А.Г******* нарт дүүргийн Засаг даргын 2007 оны 207 дугаар захирамжаар газар эзэмшүүлж, тус иргэдийн газрын хувийн хэрэг дэх “Топ сүрвэй” ХХК-ийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн кадастрын зургийг бүртгэхийг даалгасан байхад дүүргийн Засаг даргын 2021 оны А/190 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа “Топ сүрвэй” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийлгэсэн кадастрын зургийг бүртгэсэн зөрчил гарсан байдаг.

Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын 2007 оны 207 дугаар захирамжийн хувийн хэрэг дэх газрын кадастрын зургийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Газрын мэдээллийн санд бүртгэх ажлыг хийсэн байна” гэжээ.

10.Гуравдагч этгээд Г.Жавхлан шүүхэд гаргасан тайлбартаа:

1/ ...Баянзүрх дүүргийн Засаг даргын А/190 дүгээр захирамжийн кадастрын зураг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2018/0068 дугаар шийдвэрт заасан 2007 оны кадастрын зургаас хэлбэр, хэмжээ, байршил өөр бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлсний үндсэн дээр бий болсон кадастрын зураг биш харин шүүхийн шийдвэрийг зөрчиж, 2007 оны кадастрын зургаас өөрөөр мэдээллийн санд оруулсан кадастрын зураг болно.

2/Тухайн үед Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардахад Баян зүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 20 дугаар хороо хариуцаж байсан мэргэжилтэн М.Тэгшжаргал нь шүүхийн 128/ШІ2018/0068 дугаар шийдвэрийг биелүүлж байгаа нь гэж уг шийдвэрийг зөрчин, 2007 оны кадастрын зургаар 4 нэгж талбарыг газрын кадастрын цахим системд бүртгэхдээ И.А*******ийн газрыг миний газар, хашаатай 5м орчим, А.Г*******гийн газрыг 2.5 м орчим давхцуулсан байдлаар кадастрын зургийг мэдээллийн санд оруулахаас  гадна миний нэгж талбарын кадастрын зургийг мэдээллийн санд оруулаагүй атлаа шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн мэтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариу хүргүүлсэн байдаг.

 Ийнхүү давхцуулснаас нэхэмжлэгч нарын нэгж талбарын байршил, хэмжээ, хэлбэр дүрс нь 2007 оны кадастрын зургаас өөр болсон бөгөөд 128/ШШ2018/0068 дугаар шийдвэр бодит байдал дээр биелэгдээгүй.

3/Үүнээс тодорхой хугацааны дараа И.А******* нарын газар эзэмших эрхийн хугацаа дуусахад ийнхүү миний газартай давхцуулсан кадастрын зургаа Баянзүрх дүүргийн Засаг даргын А/190 дүгээр захирамжид хавсаргасан бөгөөд нэхэмжлэгч нар үүнийг үндэслэн нэхэмжлэлээ гаргажээ. 128/ШШ2018/0068 дугаар шүүхийн шийдвэрээр мэдээллийн санд бүртгэх ёстой 2007 оны кадастрын зурагт солбилцлын цэгийг тодорхой заасан байх бөгөөд энэ цэгүүдэд үндэслэн кадастрын зургийн бүртгэлийг мэдээллийн санд оруулах байтал А/190 дүгээр захирамжийн кадастрын зураг нь 2007 оны кадастрын зургаас хэлбэр, хэмжээ, байршил зөрүүтэй байгаа нь эргэлтийн цэгүүдийг өөрчилж мэдээллийн санд бүртгэснийг илтгэх ба 128/ШШ2018/0068 дугаар шүүхийн шийдвэрээр мэдээллийн санд бүртгэх ёстой 2007 оны кадастрын зургийн дагуу бүртгэсэн кадастрын зураг биш тул нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Г.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2011 оны 09 дүгээр сард зарын дагуу н.Мягмар гэдэг хүнээс дутуу баригдсан байшинг газрын хамт худалдаж авсан. Намайг газар худалдаж авах үед кадастрын зураг н.Мягмарын нэр дээр байгаагүй, харин түүний ээж И.А*******ийн нэр дээр 2797 м.кв газрын зураг байсан. Би н.Мягмарын нэр дээрх кадастрын зургаар газраа худалдаж авахыг хүсэхэд тус  зураг дээрх газрыг 4 хувааж бид 4 эзэмшдэг гэсэн. Газрын албанд н.Мягмарын 0.7 га газрыг авч болох талаар тодруулахад Газрын алба зөвшөөрсөн бөгөөд газар дээр очиж үзээд кадастрын зураг шинээр хийж өгнө гэсэн. Ийнхүү шинээр кадастрын зураг хийж өгсөн.Бид тохиролцон газраа худалдаж аваад газраа шилжүүлж гэрчилгээ өгөх үед газрын албаны мэргэжилтэн н.Мөнх-Эрдэнэ та газраа хашаагаа 4 метр урагшаа сунгасан байна. Хойш нь 4 метр татсаны дараа гэрчилгээгээ ав гэсэн. Кадастрын зураг буруу хийгдсэн эсэхийг тодруулж асуухад буруу байна гэсэн хариу өгсөн тул дахин кадастрын зураг хийлгэж хашаагаа хойш нь сунгаж гэрчилгээгээ авсан. Газрын гэрчилгээг авах үед ямар нэгэн маргаан гараагүй. Би 2013 онд уг газраа өмчлөлдөө авахаар бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч нар гэнэт манай барьсан торон хашааг хойшоо татсан байна гээд буулгаж маргаан үүсгэсэн байдаг. Бид нэхэмжлэгч нартай тохиролцох гэж үзсэн боловч тохиролцож чадаагүй тул бид бетонон хашаа барьсан. “Топ сүрвей” ХХК-ийн үйлдсэн кадастрын зургийн дагуу бол И.А*******ийн хашааны хажуугаар доголтой хашаа барих ёстой байсан. Догол үүсгэхгүйгээр нэхэмжлэгчийн газраас 1 метр татаж хашаагаа барьсан.

Шүүхийн 68 дугаар шийдвэрээр И.А*******, А.Г*******, А.Г*******, н.Мягмар нарын газрыг тус тусад нь бүртгэх шийдвэр гаргаж, манайхыг дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн. н.Мягмар 2007 онд кадастрын зурагтай байсан гэдгийг би шүүхэд маргаж байх үед мэдсэн. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй байхад Газрын албанд өргөдөл өгч гэрчилгээгээ сунгуулсан нь буруу гэж үзэж байна. Учир нь *******ын нэгдүгээр албаны мэргэжилтэн н.Тэгшжаргалтай тохиролцож манай газраас урагшаа 3 метр сунгаж худлаа зураг хийлгэсэн байдаг. Энэ талаар газрын албанд хандахад н.Тэгшжаргалыг ажлаас нь чөлөөлсөн. Тэр үед газрын алба нэгдүгээр алба, хоёрдугаар алба гэж хоёр хуваагдсан бөгөөд манайх хоёрдугаар албанд харьяалагдсан. Дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 16666 гэсэн шийдвэрээр н.Мягмарын нэр дээрх 0.7 га газрыг шилжүүлж авах боломжтой, шүүхийн шийдвэр биелэгдсэн талаар мэдэгдсэн. Энэ талаар албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн байдаг бөгөөд тус байгууллагаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 4934 дугаар хариу мэдэгдэх хуудсаар н.Мягмарын кадастрын зургийн дагуу газраа авах талаар мэдэгдсэн” гэв.

11.Гуравдагч этгээд Ж.Мөнхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

1/...Г.Жавхлан нь өмлөх эрхтэй дээрх газраа хүү Ж.Мөнхбаатарт 2018 оны 5 дугаар сарын 28-нд өдрийн “Газар бэлэглэлийн гэрээ”-ээр шилжүүлснийг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн Г-220401883 дугаарт бүртгэж, 000525537 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарын нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 28-ний өдөр гарсан байна.

2/Гэтэл, гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарын өмчлөлийн газрын зэргэлдээх газарт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй И.А*******, А.Гунжиймаа, А.Г******* нар нь тус бүрийн газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 07-ний өдрийн А/190 дугаар захирамжаар сунгуулахдаа газрын кадастрыг дахин шинээр үйлдүүлж, үүнийгээ газрын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэхийг Газар зохион байгуулалтын албанаас шаардан нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

3/Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 тоот шийдвэрийг үндэслэн "Топ сүрвэй” ХХК-ийн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн кадастрын зургийн дагуу 2792 м.кв газрыг 4 хувааж нэхэмжлэгч нарт болон А.Мягмарын нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулан гэрчилгээ олгосон. "Топ сүрвэй" ХХК-ийн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн кадастрын зургийг Баянзүрх дүүргийн газрын алба мэдээллийн санд бүртгээгүйтэй холбоотойгоор А.Мягмар, И.А*******, А.Г******* нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн 0068 дугаар шийдвэрээр газрын кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн.

Энэхүү шүүхийн шийдвэрийг *******ын албанаас биелүүлж, нэхэмжлэгч нарт газрын эзэмших эрх нээгдсэн Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 207 тоот шийдвэрийг үндэслэн газрын хувийн хэрэгт байгаа "Топ сүрвэй" ХХК-ийн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр үйлдсэн кадастрын зураг, нэгж талбарыг газрын мэдээллийн санд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн.

4/Хариуцагч Газрын албанаас хийсэн дээрх газрын бүртгэлээр нэхэмжлэгч нарын хөндөгдсөн гэх эрх сэргэсэн төдийгүй, гуравдагч этгээд Г.Жавхлан болоод Ж.Мөнхбаатарын одоо өмчилж байгаа газрын хэлбэр, нэгж талбар нь ямар нэгэн давхцалгүй болоод байгаа. Харин нэхэмжлэгч нараас газрын мэдээллийн санд оруулахыг шаардаж буй газар эзэмших эрхээ сунгуулахдаа “Топ сүрвэй” ХХК-аар 2021 оны 3 дугаар сарын 24- ний өдөр хийлгэсэн кадастрын зураг нь гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарын өмчлөлийн газартай давхацсан төдийгүй уг кадастрын зураг нь тус компанийн анх үйлдэгдсэн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн кадастрын зургаас хэлбэр, хэмжээний хувьд зөрүүтэй болсон учир хариуцагч Газар зохион байгуулалтын албанаас бүртгээгүй нь үндэслэлтэй.

 Тодруулбал, нэхэмжлэгч нарын шаардаж буй кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгэх тохиолдолд гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарын өмчилсөн газрын кадастрын зурагтай нэхэмжлэгч И.А*******ийн газар 5м орчим, А.Г*******гийн газар 2,5м орчим давхардахаар байгаа нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд зогсохгүй энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй юм. Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч нарт анх газар эзэмших эрх үүссэн үеийн кадастрын зургийг газрын мэдээллийн санд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэсэн талаарх тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд өгчээ.

Нөгөөтээгүүр, хариуцагч *******ын алба нь Кадастрын зураглал ба кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-д зааснаар газрын кадастрыг удирдах, зохион байгуулах, газрын мэдээллийн санг эрхлэх эрх хэмжээний хүрээн хууль тогтоомжид нийцсэн кадастрын зураг, газрын мэдээллийн санг хөтлөн явуулах эрхтэй байна. Энэ хүрээнд зохих шийдвэрийг хариуцагч Газар зохион байгуулалтын албанаас гаргасныг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд Г.Жавхланд 2011 оны 12 дугаар сарын 19- ний өдрийн 553 дугаар захирамжаар, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийн А/414 дүгээр захирамжаар тус тус нэгж талбарын 1332903711 дугаартай газрыг өмчлүүлсэн шийдвэрийг шүүхээс шууд хүчингүй болгосон мэтээр шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан нэхэмжлэлдээ дурджээ.

5/Хэрэгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн хурал №2" гэх бүртгэлийн мэдээлэлд гуравдагч этгээд Г.Жавхланд Газар газар өмчлөх эрх олгосон  Засаг даргын дээрх шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 0068 дугаар шийдвэрээр "хүчингүй" гэх тэмдэглэгээ хийгдсэн гэх боловч энэ талаарх шийдвэр гараагүй байна.

 Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Засаг даргаас болон Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Г.Жавхланд болоод Г.Жавхлангаас гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарт олгосон өмчлөх эрхтэй газрын холбогдох шийдвэрийг хүчингүй болгосон Засаг даргын шийдвэр гараагүй юм...” гэжээ

Гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарын өмгөөлөгч Ц.Азбаяр шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр газрын мэдээллийн санд И.А*******ийн нэр дээр 2797 м.кв газрыг бүхэлд нь бүртгэсэн байсан. 2006 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын зурвас тогтоох тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Дүүргийн Засаг даргын захирамжаар И.А*******ийн газрыг 4 хуваасан захирамж гарсан тул “Топ сүрвей” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн гэдэг. Гэвч шугамын хамгаалалтын зурвас дайрсан байгаа тул хуваасан байдал нь мэдээллийн санд бүртгэгдээгүй. 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр шугамын хамгаалалтын зурвасаас гаргаж эрх шилжүүлэхийн тулд тухайн байршлыг хуваах шаардлагатай болж н.Мягмарын газрыг салгаж “Ариг” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн. Ийнхүү кадастрын зураг хийлгэхдээ И.А*******ийн 4 хуваасан газраас 4 метр урагшлуулан зураг хийлгэж, хашаа барьсан. н.Мягмарын нэр дээр 900 м.кв газар бүртгэгдэж үүнийг Г.Жавхлангийн нэр дээр шилжүүлсэн. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр И.А*******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан. Үүнээс хойш дүүргийн Засаг даргын А/190 дүгээр захирамж гарч газар эзэмших эрхийг нь сунгасан. Тус захирамжаар газар эзэмших эрхийн сунгахдаа 2007 оны кадастрын зургаар биш, 2021 оны кадастрын зургийг хавсаргаж өгсөн. Улсын дээд шүүхийн тогтоолоор 2007 оны кадастрын зургийг мэдээллийн санд бүртгүүлэхийг даалгасан байхад шинэ кадастрын зураг хийлгэж мэдээллийн санд оруулсан байдаг. Ийнхүү Газрын албаны 2 дугаар албанаас алдаатай бүртгэл хийгдсэн гэж үзэж 2007 оны кадастрын зургийг оруулж өөрчлөлт хийсэн байдаг.

Нэхэмжлэгч нар өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу Г.Жавхланд газар эзэмших олгосон шийдвэрийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд тус хугацаанд ямар нэгэн шинэ акт гараагүй учраас эзэмших болон өмчлөх эрхийг хүчингүй болгох ёстой. Одоо бодит байдал дээрх хашаалсан газар нь и.А******* болон А.Г******* нарын газартай давхцал үүсгэсэн тул нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг хөндөж байна гэж тайлбарладаг. Улсын дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч нар эзэмшүүлсэн газрыг тодорхой болгон мэдээллийн санд бүртгэсний дараагаар Г.Жавхлангийн газрын мэдээллийг бүртгэх нь хуульд нийцнэ... Дээрх захирамжууд түдгэлзсэнээр гуравдагч этгээдийн 700 м.кв газар эзэмших эрх үгүйсгэгдэхгүй” гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлийг тодорхойлсон байдаг бөгөөд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх  дуусгавар болох үндэслэл бүрдээгүй. Г.Жавхлан одоог хүртэл уг газар дээрээ амьдарч байгаа тул эзэмших болон өмчлөх эрх нь дууссан гэж тайлбарлах нь үндэслэлгүй юм. Дүүргийн Засаг даргын захирамж өөрчлөгдөөгүй, хүчингүй болоогүй байхад газрын алба тус захирамжийг зөрчиж газрын байршлыг өөрчилсөн гэдэг. Энэ бол цаг хугацааны хувьд зөрүүтэй ойлголт юм. Дүүргийн Засаг даргын захирамжийн дараах асуудлыг нэхэмжлэгч нар ярьж байна. Харин тус захирамжид хууль бусаар кадастрын зураг шинээр хийлгэж оруулсан үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн эрх зөрчигдөхөд хүрсэн.

2007 оны кадастрын зураг 2021 оны захирамжийн дагуу мэдээллийн санд бүртгэгдсэн зургууд хоорондоо ялгаатай. Үүнийг нэхэмжлэгч нар ч хэлдэг. Шүүхийн шийдвэрээр 2007 оны кадастрын зургийг оруулах ёстой байсан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тодорхой зохицуулалтыг заасан. Гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа сунгах хүсэлтээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтыг хавсаргадаг. Кадастрын зураг шинээр хийлгэж өгөх шаардлагагүй. Мөн Улсын дээд шүүхийн шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар тодорхой тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ж.Мөнхбаатарын өмгөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн Засаг даргын А/190 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх утга агуулгатай захирамж биш. Газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрын эрхийг 2 удаа сунгасан байдаг. 2018 оны шүүхийн шийдвэрээр анх газрын эрх нэхэмжлэгчид 2007 онд үүсэж “Топ сүрвей” ХХК-иар кадастрын зураг хийлгэсэн бөгөөд кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхгүй явсаар 2018 онд шүүхээс мэдээллийн санд бүртгэх шийдвэр гарсан. Үүний дагуу хариуцагч Газрын алба 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр кадастрын зургийг бүртгэж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Иймд нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй байна.

Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна гэж маргадаг. Гэтэл нэхэмжлэгч нарын өргөдөлд хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч нар хариутай огт маргадаггүй. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар эс үйлдэхүй гаргаагүй. Нэхэмжлэгч нарын хөндсөн гэх эрх хууль ёсны ашиг сонирхол тодорхойгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анх нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 553, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжуудын Г.Жавхланд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр маргаан бүхий захирамжуудыг дахин шинэ акт гартал 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

2.Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд хариуцагч нараас дахин шинэ акт гаргаагүйн улмаас гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн дээрх захиргааны актууд хүчингүй болжээ.

3.Улмаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, нэхэмжлэгч нар нь “Топ сүрвэй” ХХК-иар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хийсэн кадастрын зураг хийлгэжээ.

4.Уг зургийг мэдээллийн санд бүртгэсэн хэдий ч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 16/16 тоот албан бичгээр зөрчлийг арилгасан талаар дурдаж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдээллийн санд өөрчлөлт оруулсныг дурджээ.

5.Хэдийгээр гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны актууд хүчингүй болсон хэдий ч энэ нь түүний газар эзэмших болон түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

6.Учир нь нэхэмжлэгчээс 2011 онд маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд худалдсан болон гарааш барихыг зөвшөөрсөн талаар маргадаггүй бөгөөд тухайн цаг хугацаанаас гуравдагч этгээд нь газрыг тасралтгүй эзэмшиж байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд 23.4.3-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заажээ.

7.Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч нарын “Топ сүрвэй” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн кадастрын зургийг бүртгэлийн мэдээллийг зөвтгөсөн хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байх бөгөөд бусдын хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй байх үедээ бий болгосон үл хөдлөх эд хөрөнгө болон эрчим хүчний хамгаалалтын зурвасыг дайруулж газрын мэдээллийн санд бүртгэл хийх үндэслэлгүй.

8.Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1009 тоот албан бичиг, түүнд хавсаргасан кадастрын болон агаар сансрын зураг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч А.Г*******, А.Г******* нарын тухайд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжид заасан хэмжээгээр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Өндөр хүчдэлийн ашиглалт, засварын төвийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 35/46, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30/198 тоот албан бичгүүдэд дурдсан хамгаалалтын зурвасыг гаргаж бүртгэл хийх боломжтой байна.

9.Тодруулбал нэхэмжлэгч нарын хашаалсан газар нь “Топ сүрвэй” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн кадастрын зургаас илүү хэмжээтэй байх тул эрчим хүчний хамгаалалтын зурвасыг чөлөөлж, дахин эрх бүхий хуулийн этгээдээр кадастрын зураг хийлгэн дүүргийн Засаг даргын захирамжид заасан хэмжээгээр газар мэдээллийн санд бүртгэл хийлгэх боломжтой байх тул нэхэмжлэгч А.Г*******, А.Г******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

10.Харин нэхэмжлэгч Ц.А*******ийн газар нь урд талаараа гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй, хойд талаараа эрчим хүчний хамгаалалтын зурваст хамаарч байх тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжид заасан хэмжээгээр газрын мэдээллийн санд бүртгэх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1.Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4-д 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А*******, А.Г*******, А.Г******* нарын нэхэмжлэлтэй, *******ын албанд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэгч А.Г*******, А.Г******* нарын газрыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/190 дугаар захирамжийн дагуу мэдээллийн санд оруулахыг хариуцагчид даалгаж, үлдэх хэсэг болох нэхэмжлэгч Ц.А*******ийн нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ