Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 51

 

Ш.Өлзийтогтохын  хүсэлттэй

                        иргэний хэргийн тухай

 

 

                                                                         Хэргийн индекс: 148/2019/00420/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                             Оролцогчид 

                 Нэхэмжлэгчийн

                 итгэмжлэгдсэн төлөөлөгч   Ш.Долгорсүрэн

                                       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 476 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор Ш.Өлзийтогтохын хүсэлттэй “Эцэг тогтоолгох”-ыг хүссэн шаарлага бүхий иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагч Ш.Өлзийтогтох анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний бие Шагдарсүрэн овогтой Өлзийтогтох нь 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаартай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.14- дэх хэсэгт зааснаар хүүгийн минь аав болох Нямсүрэнгийн Энхболдтой хамтын амьдралтай болохыг тогтоосон билээ. Тэрнээс хойш хүү Өлзийтогтохын Энхтогтох нь тэжээгчээ алдсаны мөнгө 174,000 төгрөгийг авч байсан юм. Гэвч 2019 оны 07 дугаар сарын 31-нд зөрчил арилгах мэдэгдэл ирсэн. Эцэг тогтоох тухай юм. Хүүгийнхээ аав болох Н.Энхболдтой 2004 онд танилцан 2005 оны 03 дугаар сараас ПСМК-д 7 дугаар байранд нэг гэрт орж амьдраад хүү Энхтогтохыг 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрүүлсэн. Тэр үед ч нөхөр минь паспортоо аваагүйгээс болоод ээж нь болох би хүүгээ өөрийн нэр дээр болгосон юм. Тухайн үед гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Гэвч нөхөр минь 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зуурдаар нас барсан учир хүү Энхтогтох нь талийгаач Н.Энхболдын хүү гэдгийг баталж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Долгорсүрэн нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ хоёрын дундаас 2012 онд хүү Энхтогтох төрсөн нь үнэн. Талийгаач Энхболдын төрсөн ээж нь энэ талаар гэрчилж байгаа. 2012 онд хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгосон. Ингээд тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан. Гэтэл 2019 оны 8 дугаар сард халамжаас эцэг тогтоолго гэсэн мэдэгдэл өгсөн. Иймээс шүүхээр энэ асуудлыг шийдүүлэхээр хандсан, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.7 дах хэсэгт заасныг баримтлан Ш.Өлзийтогтохын хүү Ө.Энхтогтохын эцгийг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Миний дүү Ш.Өлзийтогтох нь Н.Энхболдтой 2004 онд танилцаад хамтын амьдралтай байж байгаад 2005 оны 12-р сарын 12-ны өдөр хүү Ө.Энхтогтохыг төрүүлсэн юм. Тэр үед нөхөр Н.Энхболд нь бичиг баримт аваагүй байснаас болж дүү маань хүүгээ өөрийнхөө нэр дээр төрсний гэрчилгээ авсан байдаг. 2004 оноос хойш Н.Энхболд, Ш.Өлзийтогтох нар нь хамтын амьдралтай байсан нь үнэн. 2012 оны 08-р сарын 28-ны өдрийн 405 тоот шүүхийн шийдвэрээр Н.Энхболд, Ш.Өлзийтогтох нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон байдаг. Үүний дагуу Ө.Энхтогтох нь тэжээгчээ алдсаны тэтгэмж 174000 төгрөгийг сар бүр авдаг байсан юм. Гэтэл 2019 оны 08-р сард Халамжийн газраас “Эцэг тогтоолго” гэсний дагуу дахин шүүхэд хандсан. Урьд нь шүүхийн 2012 оны 08-р сарын 28-ны өдрийн 405 тоот хамтын амьдралыг тогтоосон шийдвэр гарсан. Мөн хавтаст хэрэгт талийгаач Н.Энхболдын ойр төрлийн хүмүүс нь гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Миний дүү Ш.Өлзийтогтох нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, нөхөр нь нас барчихсан, Улаанбаатар хот руу нааш цааш яваад байх боломж нөхцөл тааруу, тэжээгчээ алдсаны тэтгэмж 174000 төгрөгөөр амьдралаа залгуулдаг нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хот орж шинжилгээ хийлгэх боломжгүй гэсэн хүсэлт гаргасан. Урьд нь шүүхийн шийдвэр гарчихсан ямарч маргаангүй зүйл дээр ингэж чирэгдэл учруулж ядарсан иргэдэд улам дарамт болж байгаад гомдолтой байна. Урьд нь шүүхээс хамтын амьдралыг тогтоосон шүүхийн шийдвэртэй ямарч маргаангүй зүйл дээр шүүх гэрчийн мэдүүлгээр хүүхдийн эцэг болохыг тогтоох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10-р сарын 21-ний өдрийн 476 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Хүсэлт гаргагч Ш.Өлзийтогтох нь хүү Ө.Энхтогтоход эцэг тогтоолгох тухай  хүсэлт  гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Долгорсүрэн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

Хэргийг судлан үзвэл: хүсэлт гаргагч Ш.Өлзийтогтох нь 2004 оноос 2012 он хүртэл хугацаанд  нас барагч Н.Энхболдтой хамтын амьдралтай байсан  болохыг  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаартай шийдвэрээр тогтоосон байна.

Хүсэлт гаргагч Ш.Өлзийтогтох нь нас барагч Н.Энхболдтой хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2005 оны 12 сарын 12-ны өдөр хүү Энхтогтохыг   төрүүлсэн бөгөөд нас барагч нь хүүхдийн эцэг мөн болох нь  хэрэгт авагдсан  гэрч Ш.Нямсүрэнгийн “...Ш.Өлзийтогтохын хадам ээж байгаа юм. Хүүхдүүд маань 2004 оноос эхлэн хамт амьдарч 2005 онд хүү Энхтогтохыг төрүүлсэн. Хүү маань эхнэртэйгээ манайд  хамт амьдарч байх үед ач хүү Энхтогтох маань төрсөн. Энхтогтох нь миний хүүгийн ганц хүү нь байгаа юмаа...”  гэсэн мэдүүлэг, гэрч Н.Ивановын “...Ш.Өлзийтогтох нь 2004 онд миний хүү Энхболдтой гэрлэж хүү Энхтогтохыг төрүүлсэн. Хүүхэд төрөх үед гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор ээжээр нь овоглосон юм. Энхтогтох нь миний хүү Энхболдын хүүхэд мөн. Миний хүү хөдөө ажлаар явдаг байсан болохоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байж байгаад 2012 онд зуурдаар нас барсан...” гэсэн  мэдүүлэг болон багын засаг даргын тодорхойлолт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 405 дугаартай шийдвэр, үйл баримттай холбоотой фото зураг  зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Ш.Өлзийтогтох нас барагч Н.Энхболд нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон тухайн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа, хүү Ө.Энхтогтох нас барагч Н.Энхболдын  хүүхэд мөн эсэх талаар ямар нэгэн маргаангүй байгаа байдал болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг  үндэслэн мэргэжлийн байгууллагаар биологийн эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэхгүйгээр хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 476 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн    

1 дүгээр заалтыг:

“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар  нас барагч Сартуул овогт Нямсүрэнгийн Энхболд нь  2005 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн Өлзийтогтохын Энхтогтохийн  төрсөн эцэг  мөн болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн  шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д дааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Долгорсүрэнгийн  давж заалдах гомдол гаргахдаа  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг   шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН