Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 52

 

*******гийн хүсэлттэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                         Хэргийн индекс: 148/2019/00428/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

                             Оролцогчид

                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******гийн хүсэлттэй “Эцэг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хүсэлт гаргагч ******* анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2008 онд нөхөр болох *******тай танилцаж, улмаар нэг гэрт орж, албан ёсны гэрлэлтийн баталгаагүй 10-аад жил амьдарсан. Энэ хугацаанд гурван хүүхэд төрүүлсэн. Хоёр хүүхэд маань дутуу төрж амьгүй болсон. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү *******г төрүүлсэн. Одоо эрүүл саруул бойжиж байна. Нөхөр ******* маань 2018 онд зүрхний хаван гэх оноштойгоор нэг жил сахиурт байж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан юм. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулж амжаагүй шалтгаан нь ******* иргэний үнэмлэхээ хаячихсан байсан учраас хүүгээ өөрөөрөө овоглосон юм. Хүү маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан боловч 8 сард халамжаас мэдэгдэл ирж эцэг тогтоолгох шаардлагатай гэснээр шүүхэд хандсан. Хүү *******г тэжээгчээ алдсаны тэтгэмжид оруулах хүсэлтэй байгаа тул харгалзан үзэж *******ыг *******гийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн хүү Д.*******гийн эцгийг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  2019 оны 10 сарын 21-ний өдрийн 477 дугаартай Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. П.Дөлгөөн миний бие 2008 онд Наранмандахын *******тай танилцан хамтран амьдарч байх хугацаандаа 3 хүүхэд төрүүлж 2 хүүхэд минь өвчний улмаас нас барж ганц хүү *******тэйгээ ******* бид гурав үлдсэн. 2018 оны 11 сарын 6-ны өдөр миний нөхөр Н.******* өвчний улмаас нас барсан. Тэгээд хүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн чинь хамтран амьдарч байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул би 2018 оны 11 сарын 22-ны 554 шийдвэрээр *******тай хамтран амьдарч байсныг тогтоосон юм.

Ингээд хүүдээ тэтгэмж авч байтал хүү *******гийн чинь эцэг ******* мөн болохыг тогтоолго гэж тэтгэмжийг зогсоосон. Би өөрөө бие муутай бичиг үсэг мэдэхгүй тул хадам ээж Хандмаагаа явуулдаг юм. Миний хүүгийн эцэг тогтоолгох тухай өргөдлийг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Надад нөхрөөсөө өөр гадуур гэр бүлийн харьцаа байгаагүй. хэн ч харсан миний хүүг аав гэж хэлдэг. Бид хуулийн мэдлэггүй болохоор эцэг болох ******* хэддүгээр бүлийн цустай байсаныг, хүү ******* хэддүгээр бүлгийн цустай байсныг тогтоолгох хүсэлтэй байсан боловч зөвхөн шүүхэд амаар хэлээд болчихдог гэж бодсон чинь заавал бичгээр хүсэлт гаргаж өгдөг гэдгийг мэдсэнгүй.

Нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосноор хүүгийн маань эрх ашиг хөндөгдөж байгаа тул  шийдвэрийг хянаж үзнэ үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь хүү Д.*******д эцэг тогтоолгох тухай  хүсэлт  гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

 

Хэргийг судлан үзвэл: Хүсэлт гаргагч ******* нь 2008 оноос 2018  он хүртэл хугацаанд  нас барагч Н.*******тай хамтын амьдралтай байсан болохыг  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 554 дугаартай шийдвэрээр тогтоосон байна.

Хүсэлт гаргагч ******* нь нас барагч Н.*******тай хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2017 оны 05 сарын 24-ны өдөр хүү *******г  төрүүлсэн бөгөөд нас барагч нь хүүхдийн эцэг мөн болох нь  хэрэгт авагдсан  гэрч *******гийн “...******* манай бэр байгаа юм. 2009 онд манай бэр болж манайд ирсэн. Хүүтэй маань амьдарч байх хугацаанд гурван хүүхэд төрүүлсэн боловч хоёр хүүхэд нь эндэж хүү ******* нь эрүүл саруул бойжиж байгаа.  Хүү Н.******* маань 2018 оны 11 сард өвчний улмаар нас барсан түүнээс хойш  ******* болон хүү Д.******* надтай хамт амьдардаг. Д.******* нь миний ач хүү мөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гантүшигийн “...Ах эгч хоёр хамт амьдарч байхдаа гурван хүүхэд төрүүлсэн  боловч хоёр хүүхэд нь эндэж  хүү ******* нь эрүүл бойжиж байгаа.  Ах эгч хоёрын дундаас ******* төрсөн нь үнэн...” гэсэн мэдүүлэг, гэрч *******гийн “...ах маань *******тэй 2008 онд гэр бүл болж арваад жил хамт амьдарсан. Хамт амьдарч байхдаа хүү Д.*******гөө  төрүүлсэн тул манай ахын хүүхэд мөн...” гэсэн мэдүүлэг болон Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 554 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч ******* нас барагч Н.******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосон тухайн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байгаа, хүү Д.*******г нас барагч Н.*******ын  хүүхэд мөн эсэх талаар ямар нэгэн маргаангүй байгаа байдал болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг  үндэслэн мэргэжлийн байгууллагаар биологийн эцэг тогтоолгох шинжилгээг хийлгэхгүйгээр хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 477 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн    

1 дүгээр заалтыг:

“1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар  нас барагч Нармандахын ******* нь 2017 оны 05 сарын 24-ний өдөр төрсөн Дөлгөөнөөгийн *******гийн төрсөн эцэг  мөн болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн  шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Хүсэлт гаргагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас  шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН