Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/107

 

 

 

 

 

2022               1                25                                       2022/ДШМ/107

 

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/610 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-н гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2110000000640 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Т-н Б, 1983 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Булгийн тохой гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц-А хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ж.М маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр цохиж, улмаар талийгаач Ж.М нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газар: Т.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Т-н Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 13 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-н цагдан хоригдсон 105 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-с 16.196.268 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би төрийн хууль цаазыг хүндэтгэн хүлээн авч байна. Түүнчлэн эрдэнэт хүний амь бие юугаар ч орлуулшгүй үнэтэйг ойлгон ухаарч энэхэн цаг хугацаанд ихэд гэмшин харуусан сууна. Би Н-ийн хамт 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цог арвижих” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зорилготой очиж яваад талийгаач Ж.М-тай анх таарсан. Би талийгаачийг танихгүй учир З.Н талийгаач Ж.М нар уулзан дэлгүүрийн баруун талд юм ярьж эхэлсэн. Би З.Н-оор тэр өдөр ажил хийлгэхээр тохирсон байсан болохоор түүнийг талийгаачтай ярьж байхад дуудахад сонсохгүй байхаар нь тэдэн рүү очиход талийгаач архи уусан байдалтай “ахыгаа таньж байна уу” гэж асуусан. “Би таныг танихгүй байна” гэж хэлэхэд “тэр яах вэ дүү, дэлгүүрээс ганц юм аваад гараад ир” гэхэд нь “би та нарт өргүй, чадахгүй” гэж муудалцаад толгой хэсэг рүү нь гараараа цохиж, хойшоо унахад нь өшиглөн дэвсчихсэн. Тэрхэн үед уурсан биеэ хянаж дийлэхгүйгээс болон талийгаачийг хүнд гэмтээж байгаагаа ойлгон ухаараагүй. Тэр үед талийгаачийн ах Т.С араас ирж хатуу зүйлээр толгойн орой хэсэг рүү цохиж гэмтээн цус гарсан. Би Т.С ахад дүүг нь таниагүй гэнэтийн зүйл болсныг ойлгуулан тайвшруулаад эмнэлгийн байгууллагад хандан түргэн тусламж дуудаад цааш явсан. Хэргийн газар удвал Т.С ахтай маргалдан дахин зодоон үүсэх байсан. Маргааш өглөө нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст очиход мөрдөн байцаагч уулзаав талийгаачийг ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа, дуудсан цагт ир гэж хэлээд явуулсан. Түүнээс хойш 2021 оны 7 дугаар сарын 25-нд талийгаачийг нас барсан гэж сонсоод өөрийн харъяа дүүргийн цагдаагийн хэлтэст очин энэ хэрэгт өөрийн хийсэн гэм буруутайг ойлгож байсан тул хэргээ өөрөө илчилж очсон тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулахыг хүсэж байна. Гэрч З.Н мэдүүлэг өгөхдөө архи нэхсэн гэдгийг дурдаагүй, Т.С ах миний толгойг хагалсан гэдгийг хэлээгүй. Мөн намайг согтуу байсан зэргээр мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдаанд миний хувийн байдлыг дордуулан харагдуулж нөгөө талаас хүндрүүлэн авч үзэх шалтгаан болж харагдсан байх гэж бодож байна. Би гэрч З.Н-г шүүх хуралдаанд оролцуулж өгөхийг өмгөөлөгч Н-оор дамжуулан хүссэн боловч түүнийг оролцуулалгүй хэргийг эцэслэн шийдвэр гаргасан нь харамсалтай. Би үйлдсэн хэргийнхээ улмаас талийгаачийн эцэг, эх, эхнэр, хүүхэд төрөл, төрөгсөд нь нөхөж баршгүй хохирол учруулсандаа чин сэтгэлийн уучлал хүсэж байна. Би талийгаачийн хууль ёсны төлөөлөгчид шүүхээр тогтоосон хор уршгийн нөхөн төлбөрийг хурдан төлж барагдуулахаа илэрхийлж байна. Миний бие уг хэрэгт шалгагдсанаасаа хойш хоригдон өнөөдрийг хүрч байгаа тул мөнгөний асуудал шийдэхэд хязгаарлагдмал байдал үүсэж хохирогч талын ар гэрт хүндрэл учруулж байгаадаа уучлал хүсэж байна. Нөгөө талаас өөрийн эцгийн нэр хүнд, удам угсаандаа хар мөр үлдээж, эцэг, эх, эхнэр, хүүхдээ ч мөн адил эдлэх ялтайгаа дүйцүүлэн яллаж байгаадаа маш их харуусаж байна. Би 1983 оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрж, эцэг, эхийн халамжид өсөж, 1991 онд Хан-Уул дүүргийн ... дугаар сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин 2001 онд төгссөн. Төгссөн жилдээ амьдралын боломжгүй байдлаас их дээд сургуульд элсэн суралцаагүй. Цагдаагийн ахлагчийн дамжаанд элсэн суралцаад Хан-Уул дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд 2002 оны 7 дугаар сараас ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр гаран хувиараа хамгаалалтын компани найз нартайгаа хамтран нээж хүний биечилсэн хамгаалалт, харуул манаа гэхчлэн үйл ажиллагаа явуулж ажиллаж байгаад 2012 онд аж амьдралаа дээшлүүлэх зорилго тээн Франц улсыг зорьж тэндээ Легионор гэх гадаад цэргээс бүрдэх үндэсний армид нь шалгалт өгч тэнцэн ороод Монгол улсынхаа нэрийг өөрийн хэмжээнд өргөн авч явсан. Тэнд ажиллаж байхдаа дэлхийн энх тайвны төлөө дайн тулаантай улс руу ажиллагаанд 6 удаа явж оролцон эх орныхоо нэрийг өндөрт өргөж ирсэн. Гэвч тэнд ажиллаж олсон мөнгөө урьдах эхнэртээ явуулж байгаад 2018 оны 11 дүгээр сард эх орондоо ирэхэд өөр хүнтэй суусан байснаар урьдах амьдрал минь төгссөн. Одоо өөрийн хань ижлээ олон залуу хүмүүсийн нэгэн адил ажил хөдөлмөр эрхэлж сайхан амьдарч яваад өөрийн болчимгүй үйлдлээсээ болж эрдэнэт хүний амь нас хөнөөсөндөө маш их шаналж байна. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгон цагдаагийн байгууллагад өөрөө очсон, хийсэн хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн. Талийгаачийг гэмтээснээ ойлгон сэхээрч эмнэлгийн байгууллагад хандан түргэн тусламж дуудсан. Талийгаачтай санамсаргүй байдлаар таарч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хор уршиг нөхөн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдлыг минь харгалзан үзээд оногдуулсан ялыг минь хөнгөрүүлэн багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Б-ийн зүгээс оршуулгын зардлыг өгөх гэсэн боловч ар гэрийн нөхцөл байдлаас болж чадаагүй. Шүүгдэгч Т.Б-ийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшдэг. Тухайн үедээ хэсгийн эмч дуудаж талийгаачийг үзүүлсэн байдаг. Цагдаагийн байгууллагад өөрөө очиж, хэргээ хүлээсэн. Бодит байдлыг тогтооход ямар нэгэн саад учруулаагүй. Шүүгдэгч Т.-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Т.Б нь хоригдож байх хугацаандаа ажил, хөдөлмөр хийж хохирлын мөнгөө нөхөн төлж, шагналын хоног авч өндөр настай эцэг, эхтэйгээ сар болгон уулзаад, шаардлагатай эм тариаг нь авч өгөх хүсэлтэй байдаг. Иймд дээрх байдлуудыг нь шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзэж ял эдлэх дэглэмийг нь өөрчилж, нээлттэй дэглэм болгож өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би маш их гомдолтой байна. Хийсэн хэрэгтээ зохих ёсныхоо хариуцлагаа хүлээгээд явж байгаа. Чиний цохилтын улмаас манай нөхөр нас барсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-ийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял болон ял эдлэх дэглэмийг хууль зүйн үндэслэлтэйгээр тогтоож өгсөн. Прокуророос 11 жилийн хорих ял оногдуулах саналыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан. 11 жилийн ял гэдэг бол бусдад хүнд гэмтэл учруулсны төлөө авдаг ял. Гэтэл хүний амь нас хохироочхоод 11 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж гомдол гаргаж байгаа нь ямар учиртай юм бэ. Тухайн үед хүн алах хэмжээний асуудал талийгаач, шүүгдэгч хоёрын дунд үүсээгүй байдаг. Гэтэл талийгаачийн амь насыг зэрлэгээр хохироосон байдаг. Хохирол төлбөрт 1 сая төгрөг өгсөн. Хохирол төлбөр төлөх талаар шүүгдэгч талаас ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, төлнө гэж хэлдэг боловч төлж байгаа зүйл байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цог-Арвижих хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ж.М-тай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр цохиж, улмаар талийгаач Ж.М нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-ийн “...Түүнээс хойш холбогдоогүй ба 17 цагийн үед ах нь над руу залгаад “М хүнд зодуулчихлаа, Гэмтлийн эмнэлэгт ирсэн байна, яаралтай хүрээд ир” гэсэн. Би тэр даруй 2 охиноо аваад таксигаар гэмтлийн эмнэлэгт 21 цагийн үед очсон. ...Ж.М-ыг “хүнд зодуулаад хамар амаас цус гараад тогтохгүй байна, ухаангүй байна” гэж хэлсэн. Томографын хариу гарсан байсан. Эмч “тархинд нь цус хуралт ихтэй, хагалгаа хийх боломжгүй” гэж хэлсэн байсан. Би Б гээд эмчтэй уулзахад “энэ хүн хүнд зодуулсан байдалтай ирсэн. Биеийн байдал маш хүнд байгаа. Эмнэлгийн зүгээс хагалгаа хийх боломжгүй. Амьд гарах найдваргүй” гэж хэлсэн. Талийгаач ухаангүй, амьсгалын аппарат залгасан байсан. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад нас барсан. Маш их гомдолтой байна. ...” /1хх 23-24/,

гэрч З.Н-ийн “...Ж.М бид хоёр эргэж хараад явж байхад Т.Б араас ирээд талийгаачийн нуруунд хүрсэн. Талийгаач эргээд харахад Т.Б гараараа 1 удаа эрүү хавьд нь цохиход талийгаач хойшоогоо савж унасан. Талийгаач унаад ямар ч хөдөлгөөнгүй байхад Т.Б нүүр дээр нь 2-3 удаа дэвссэн. Тэр үед Т.С дэлгүүрээс гарч ирээд болиулсан. ...” /1хх 48-49/,

гэрч Т.С-ын “...Намайг эргээд харахад надтай зөрөөд өнгөрдөг залуу манай дүү Ж.М-ыг газар унагаагаад хөлөөрөө нүүр рүү нь дэвсэлж байсан. Би гүйж очоод салгаад “яаж байгаа юм бэ” гэж асуухад “сайн уу ахаа, би танай дүү гэж мэдээгүй шүү дээ” гэж хэлсэн. ...Манай дүү газар унаад ухаангүй байдалтай байсан. ...” /1хх 84-86/,

гэрч Л.Б-н “...Ж.М-ын ирэх үеийн байдал маш хүнд, ухаангүй, цочрол ямар ч хариу урвалгүй, комын байдалтай байсан. Тархины гэмтлийн тасгийн эмчид үзүүлэхэд мэс заслын заалтгүй байсан. Тиймээс эмчилгээг эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалын аппаратын тусламжтай үргэлжлэн хийгдэж байсан. ...” /1хх 77-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “...Талийгаач Ж.М-ын цогцост тархины битүү гэмтэл, тархины хажуугийн ховдлууд дахь цус харвалт, цусан хураа, тархины 3, 4 дүгээр ховдлуудын бөглөрөл, бага тархи, гүүр, уртавтар тархи орчмын цусан хураа, дагзны хуйханд цус хуралт, дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний булгарал, эрүүний ооч хэсэгт цус хуралт, цээжний баруун, зүүн хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Ж.М нь элэгний хатуурал, архаг үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг хууч өвчтэй байна. Талийгаач Ж.М нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас тархины хажуугийн ховдолд цус харваж, цусан хураа үүсэн, 3, 4 дүгээр ховдлууд бөглөрч, тархи дарагдсаны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 35 минутад ГССҮТ-д нас баржээ. ...” гэх шинжээчийн 1491 дугаартай дүгнэлт /1хх 120-124/,

Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн өвчний түүх /1хх 196-223/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-17/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 2-5/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цог-Арвижих хүнсний дэлгүүрийн гадна иргэн Ж.М-тай маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр цохиж, улмаар талийгаач Ж.М нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаад 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Т.Б-т тухайн зүйл, хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогчид учруулсан гэмтэл, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байдал зэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Б-ийн гаргасан “...оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-д 1.000.000 төгрөг төлсөн баримтыг тус шүүх хуралдаанд гаргаж өгснийг тус магадлалд дурдах нь зүйтэй.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/610  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/610 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-ийн хохиролд 1.000.000 төгрөгийг төлснийг дурдсугай.

3. Шүүгдэгч Т.Б нь энэ өдрийн байдлаар 180 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ