Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/01443

 

 

 

 

 

 

 

 

2024 04 08 181/ШШ2024/01443

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байх, *** ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух,  Ж.Х /РД/,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух,  Ч.Ж /РД:/,

 

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух,  Ж.Э /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 29,604,510 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Х нь тус банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 21,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдөл гаргасан байдаг.

Ийнхүү Ж.Х-д нийт 21,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр олгож, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр З/110419/01 дугаартай зээлийн гэрээг нэг сарын 3.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулж, түүний өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 62.4 м.кв орон сууцыг барьцаалсан билээ.

Тэрээр зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн хүү хуримтлагдан, өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ хуваарийн дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Манай байгууллага зээлдэгч Ж.З-н **, *** дугаарт залгаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр удахгүй нөхрийн ажлаас мөнгө орж ирэхээр төлнө, одоо удахгүй мөнгө орж ирнэ, тэгээд шууд зээлээ хаана гэх мэт тайлбар өгдөг байсан. Бид гэрт нь удаа дараа очин лавлахад удахгүй зээлээ шахаж хуваарьтаа орно гэж явсаар бидэнтэй холбогдож байсан ** гэсэн дугаар нь холбогдох боломжгүй болж нөхөр болох ** дугаар луу залган Ж.Х-г асуухад бид удахгүй зээлээ төлнө гэж хэлсэн. Тухайн үед бид зээлдэгч Ж.З-н гэрч очиход нөхөртэйгөө гарч ирэн бага багаар мөнгө хийж хурдан зээлээ шахаж дуусгана санаа зоволтгүй, жаахан хугацаа өгөөч гэсэн тайлбар хэлсэн. Үүнээс хойш бага хэмжээгээр манай дансанд мөнгө хийсэн ч хүү нь хуримтлагдсан байсан тул хүүнээс хасагдсан. Зээлээ хаахыг бид удаа дараа шаардсан боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй билээ. Манай зээлийн эдийн засагч болон нягтлан бодогч нар зээлдэгч Ж.З-тэй ***, нөхөр болох Э-тэй ** дугаар луу байнга залган зээлээ төлөхийг шаардсан. Манай байгууллага Ж.Х-г шүүхэд өгөх гэтэл Түр хүлээгээч, зээлээ хурдан шахаад хаана гэсэн хариу хэлсэн. Ж.Х 2022 оны 5 дугаар сард зээлийн хүүгээ хийсэн болохоор бид нөхцөл байдлыг нь харгалзан үзэж өөрийнх нь хүсэлтийн дагуу шүүхэд өгөөгүй. Түүнээс хойш төлөлтөө тохиролцсоны дагуу хийгээгүй.

Зээлийн төлөлтөө хурдан хийхийг удаа, дараа залган сануулж аль болох эвийн журмаар асуудлыг шийдэх гэсэн боловч зөвшилцөлд хүрч чадаагүй юм.

Зээлдэгч Ж.Х нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 18,938,400 төгрөг, зээлийн хүү 8,484,407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,181,703 төгрөг нийт 29,604,510 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Ж.З-н зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 18,938,400 төгрөг, зээлийн хүү болох 8,484,407 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 2,181,703 төгрөг, нийт 29,604,510 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулан өгч манай байгууллагад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь иргэн Ж.Хаас 29,604,510 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 6,423,910 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 23,180,600 төгрөгийг Ж.Х нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцов. Тохиролцсон хугацаанд 23,180,600 төгрөгийг төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох *** тоот хаягт орших *** тоот улсын бүртгэлийн дугаартай, 62.4 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *** ББСБ ХХК нь хариуцагч Ж.Х, Ч.Ж, Ж.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,604,510 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,604,510 төгрөгийн 6,423,910 төгрөгөөс татгалзаж, үлдэх 23,180,600 төгрөгийг хариуцагч Ж.Х, Ч.Ж, Ж.Э нар нь 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор *** ББСБ ХХК-д төлөхөөр, хариуцагч нар дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ч.Ж, Ж.Х, Ж.Э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байршилтай, 62.14 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Х, Ч.Ж, Ж.Э нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. *** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Х, Ч.Ж, Ж.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 29,604,510 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 29,604,510 төгрөгийн 6,423,910 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Х, Ч.Ж, Ж.Э нар нь үлдэх 23,180,600 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор *** ББСБ ХХК-д төлөхөөр, хариуцагч нар дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Ч.Ж, Ж.Х, Ж.Э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн *** дугаартай, *** тоот хаягт байршилтай, 62.14 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ж.Х, Ч.Ж, Ж.Э нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,173 төгрөгөөс 188,086.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 188,086.5 төгрөгийг, хариуцагч Ж.Х, Ч.Ж, Ж.Э нараас 188,086.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ