Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 119/ШШ2023/0035

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Б.Болормаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Э” ТӨХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч: М.В, С.Ү

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.О

Хариуцагч: ОА-ийн ХХУБ Д.Э, Ж.Б,

Гуравдагч этгээд: П.Б нарын хоорондын

“ХХҮГ-ын ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.В, С.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагч Д.Э, Ж.Б, гуравдагч этгээд П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь ОА-ийн ХХУБ Д.Э, Ж.Б нарт холбогдуулан “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. ОА-ийн ХХУБ Д.Э, Ж.Б нар нь “Э” ТӨХК-ийн ҮЭХ-оос ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/74 дугаартай албан бичгийн дагуу “Э” ТӨХК-ийн хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан шөнийн цагаар ажилласан ажиллагчдын нэмэгдэл хөлс  олгосон баримтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актаар 243 ажилтнуудын 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс 950.504.271 төгрөгийг нөхөн төлбөр төлүүлэхээр “Э” ТӨХК-д хариуцуулсан акт гаргасан байна. Дээрх маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, хүргүүлсэн.  

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэж заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ОА-ийн ХХҮГ-ын даргад гомдол гаргаж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 01/785 дугаартай албан бичгээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар авсан арга хэмжээ нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэлээ ирүүлсэн.

4. Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  

5. Нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.В нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “ОА-ийн ХХҮГ-ын УБ-ийн төлөвлөгөөт бус шалгалт явуулж 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 04 дугаартай актаар Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.2, Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын тарифын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн 950 504 271 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль хэм хэмжээний актыг буруу тайлбарлаж, буруу аргачлалаар тооцож үндэслэлгүйгээр гаргасан тул дараах үндэслэлээр хүчингүй болгуулахаар гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт шөнийн цагаар ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмж олгоно гэсэн заалт ердийн 8 цагаар ажилладаг нөхөн амрах боломжтой ажилтнуудыг шөнийн цагаар ажиллуулсан тохиолдолд нөхөн амраах, нөхөн амраагүй тохиолдолд 1.2 дахин болон түүнээс дээш хэмжээгээр дундаж цалин тодорхойлох журмаар зааснаар шөнийн цагийн хөлсийг заавал олгохоор заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсэгт ажилтан ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулахад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно. Ээлжээр ажилладаг ажилтан 7 хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4 дэх хэсэгт заасныг олгохгүйгээр заасан байдаг. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тооцож болно гэж тус тус заасан. Уг заалт манай компанийн буюу ээлжээр ажилладаг ажилтны хувьд хамаарах зохицуулалт байх бөгөөд хамруулаагүй бол ажилтантай болон ажилтны төлөөлөлтэй тохиролцон олгохоор хууль тогтоогч хуульчилсан. Гэтэл улсын байцаагч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар заавал олгохоор заасан шөнийн цагийн нэмэгдлийг мөн хуулийн 3 дахь заалтаар заавал олгохоор заасан нэмэгдлийг мөн хуулийн 109.8, 109.9 дэх заалтад заавал олгохоор заагаагүй заалтыг нэгтгэн хуулийг буруу тайлбарлаж 950 000 000 төгрөгийн акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн хувьд ээлжээр ажилладаг 234 ажилтантай. Цех 4 ээлжийн ажилтантай. 4 ээлжийн ажилтныг нэгэнт нөхөн амруулсан байхад амарчихсан ажилтанд заавал олгох ёстой мэтээр дүгнэсэн акт үндэслэлгүй байна. Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэн олгоно гэж заасан. Харин 109.8 дахь хэсэгт ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно. Ээлжээр ажилладаг ажилтныг 7 хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4 дэх хэсэгт заасан нэмэгдэл хөлс олгохгүй гэж заасан. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно гэж заасан. Гэтэл манай байгууллагад 8 цаг ажилладаг нийт 326 ажилтнаас 213 ажилтнуудыг нөхөн амраасан байтал нөхөн амраагаагүй гэж тооцон шөнийн цагийн нэмэгдэл хөлс олгуулахаар шийдвэрлэсэн байцаагчийн акт үндэслэлгүй. Манай компани ажилчдынхаа өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн, цаашид ч биелүүлнэ. Төрийн хяналт шалгалтын эрх бүхий улсын байцаагч нь хууль зөрчөөгүй байхад хуулийг буруу ойлгож 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 04 дугаартай акт гаргаж ирүүлээгүй байгаа уг актыг гаргахдаа хөдөлмөрийн хамтын хэлэлцээр зөрчсөн гэж буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулиар тусгайлан заасан байх ба тухайлбал 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга хэлбэрийг талууд харилцан тохиролцож хамтын гэрээ, хэлэлцээр тусгана гэж заасан. Тусгайлан заагаагүй бол аймаг, нийслэл, сум дүүргийн хэлэлцээрийн биелэлтэд Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо хяналт тавихаар заасан. Хөдөлмөрийн улсын байцаагчид хяналт тавих эрх олгоогүй байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зарчмыг хуульчилсан. Мөн хуулийн 4.1.6 дахь хэсэгт хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөн эрх зүйн актыг үндэслэн явуулахаар гагцхүү хуулиар эрх олгогдсон хяналт шалгалтыг хэрэгжүүлэх гэж заасан. Эрх бүхий байгууллагаас тавьсан акт бол хуулийг буруу хэрэглэж, тооцооллын алдаа гаргасан гэж үзэн нэхэмжлэл гаргасан.” гэв.

6. Нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хууль анх батлагдаж гарахдаа маш сайн боловсорч гарсан гэж боддог. Уг хуулийг дагалдан гарахдаа салбарын сайдын тушаал, журам жаахан учир дутагдалтай гарчихсан. Үүнээс болоод хөдөлмөрийн байцаагч, манай байгууллагын хооронд маргаан гарсан. Хөдөлмөрийн тухай хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхэд шөнийн цаг илүү цагтай холбоотой маргаан үүссэн. Дундаж цалин хөлс яаж тогтоогдохоос шалтгаалаад тухайн хүний авах ёстой шөнийн цаг, илүү цагийн нэмэгдэл гарч ирнэ. 2 талаас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тушаалыг ярьж байна. Үүнийг дагаад гарсан 2022 оны 03 сард гарсан 49 дүгээр тушаалыг ярьж байна. Өгөх ёстой гэдэг хуулийн заалтыг тал талаасаа ярьж байна. Нэмэгдэл хөлсийг ажилчдыг хохироохгүйгээр өгөх нь үнэн, өгөх ёстой. 2021 он гарснаас хойш Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг шууд дээшээ харьяалагддаг байгууллагадаа асуудлыг тавьсан. Эрчим хүчний яаманд албан бичиг хүргүүлсэн. Хуулийн өөрчлөлттэй холбоотой бодолт хийж үзэхэд их хэмжээний мөнгөний эх үүсвэр хэрэг болсон. Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлттэй холбоотой бид нар Эрчим хүчний яаманд 4 хувилбараар хүсэлт явуулж байсан. Яагаад гэвэл сайд ийм олон хэлбэрээр бодож болох тушаал гаргачихсан. Манайх ингэж бодож байна, гаргалгаа нь юу вэ гэсэн. Үүнтэй ижил албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлсэн. Манай жилийн бүх мөнгөн үүсвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо жилийн эцэст баталж өгдөг. Эрчим хүчний зохицуулах хорооноос шийдвэр гараагүй байхад мөнгийг хөдөлгөх шийд байхгүй. Эрчим хүчний зохицуулах хороо та нарын гаргасан аргачлал алдаатай байна та нарын тариф бодож өгөх сайдын тушаалыг судлаад үзэхээр цалингийн сан эх үүсвэрт чинь багтаад хангалттай хэмжээнд журмынхаа хэрэгжилтийг хангах боломжтой байна. Бодолтоо буруу хийгээд байна гэсэн. Ээлжийн 1 ажилтан сард дунджаар 188 цаг ажиллана. Шөнө ажилласан цаг 62 цаг, илүү цаг 12 цаг, энэ хоёрын зөрүүгээр үлдсэн нь ажилласан цаг гараад нийтдээ 188 цаг болж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо 188 цагаас 62 цаг, 12 цагийг хасаад ажилласан цаг гэдэг тоог гаргаад ирнэ. Энэ бол тухайн хүний ажилласан цаг гэдэг. Цаг зэргээр цалинждаг хүмүүстээ 6325 төгрөгөөр ажиллах ёстой гээд гарсан бол 8 цагийг ажиллах ёстой 5 өдрөөр үржүүлээд 40 цаг гараад ирнэ. Гэтэл зохицуулах хорооноос гаргаж өгсөн аргачлал дээр энэ цаг буурчихаж байгаа. Тэгэхээр тухайн хүний авах цалин буурна. Зөвхөн 62 цагт нь ногдох шөнийн цагийн нэмэгдлийг өгөөд явчихаар ажилтанд өгөх цалин өмнөхтэйгээ адилхан болчихож байгаа. Тэгэхээр нь бид нар жинхэнэ ажилчдыг хохироосон асуудал болох юм байна. Тухайн ажилтан сард 176 цаг ажилласан байна. 20 хувийн нэмэгдэл олгохоор цалинг 1.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний л болж байгаа. Хэллэгийн л зөрүү байгаа. Бид нар үндсэн ажлын хоногийн мөнгийг бүтнээр нь өгөөд шөнийн цагийн нэмэгдлийг 0.35, мөн илүү цагийг бодоод өгчихөж байгаа юм. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой дунджаар 5 дугаар зэрэглэлд ажиллаж байгаа ажилтны цалин 340.000 төгрөг орчим нэмэгдэж байсан. Тэгээд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөөд явахад ажилтныг хохироохгүйгээр компани уг эрсдэлийг даагаад гарах боломжтой юм байна гэж үзээд өнөөдрийн байдлаар олгоод явж байна. Улсын байцаагч болохоор 1.35 байх уу, 0.35 байх уу гэдэг хоёрын зөрүүг яриад байгаа. Энэ зөрүүг олгочих юм бол үндсэн 176 цаг ажилласан ажилтны 62 цагийг хасаад үндсэн цагаа 110 цагаар тооцож байж 0.85 хувийг өгөхгүй бол энэ ажилтнуудад шөнийн цаг, нэмэгдэл цалин 2 дахин нэмэгдэж орох гээд байна. Эрчим хүчний зохицуулах хороо тариф нэмж өгөхгүй болохоор зөвхөн манайхаас гаргасан аргачлалын дагуу бодох ёстой гэдэг зүйл албан бичгээр ирсэн. Бас нэг тавьдаг шаардлага нь тухайн жилийнхээ цалингийн санг танай байгууллага байнгын худлаа бодож гаргадаг гэсэн байна. Тэр бол үнэн. Яагаад гэвэл саяны нэмэгдлүүдийг авахын тулд тэгж гаргадаг. Тэрнийхээ хүчинд ажилтнууддаа үндсэн нэмэгдлийг олгож явдаг. Бусад компаниуд яг ижил зарчмаар бодоод явж байгаа. Ганц нэг газрынх өөр байдаг. Улсын байцаагчийн тавьсан актыг юун дээр үндэслэсэн гэхээр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 192 тушаалаар шөнийн цаг, илүү цагийн хөлс, цалин, нэмэгдэл гэж юуг хэлдэг вэ гэдгийг тайлбарласан байгаа. 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 49 дугаар тушаалаар ажил олгогч, ажилтан хоёр харилцан тохирсноор дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс байнгын бус нэг удаагийн шинж чанартай зардлуудыг оруулж болно гэж заасан. Улсын байцаагчийн тооцсон 975 000 000 төгрөгт манай ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэлийн хороотой дундаж цалин хөлсөө яаж тохирох вэ, ямар байдлаар явуулах ёстой вэ гэдэг дээр энэ 49 дүгээр тушаал хэрэгжээгүй явж байгаа. Манай байгууллага энэ заалтыг хэрэгжүүлээгүй учраас улсын байцаагчийн тооцоолол ч буруу, манайх ч буруу болно. Дутуу цалин хөлс өгч байна гэж үзэж байгаа бол дундаж цалин хөлсийг яаж тодорхойлох вэ гэдгийг ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон байх ёстой. Дан ганц хуульд ийм байна гээд хатуурхаад байх юм бол байгууллага өөрөө ашгийн төлөө бус өнөөдрийн байдлаар 12 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. 12 тэрбумын алдагдал дээр улсын байцаагчийн актыг нэмбэл 2 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Улсын байцаагчийн гаргасан тооцоолол ч алдаатай бол манайх ч алдаатай. Бид нар дундаж цалин хөлсөндөө 4 төрлийн зардлыг оруулж байгаа. Манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээгээр 1.2 дахин буюу түүнээс дээш хувиар ажилчиддаа шөнийн цаг, илүү цагийн нэмэгдлийг олгоно гэдэг хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлээд явж байгаа. Гол нь улсын байцаагч шалгалт хийж байхдаа нягталж үзээгүй учраас учраас улсын байцаагчийн акт хүчингүй гэж үзээд байна.” гэв.

7. Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 03 сарын 02-ны өдрийн А/76 дугаар албан бичгийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3.4 дэх хэсгийг үндэслэн ХХУБ нар хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийхийн тулд ХХҮГ-ын даргын 2501 дугаартай төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж гаргаж шалгалт хийсэн. Шалгалт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэг, 109.8 дахь хэсэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 А/192 тушаалыг баталсан дундаж цалин хөлс тогтоох журмын 2.2 дахь хэсэг тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгжийн ажлын байранд ээлжээр ажиллах ажилтнуудын шөнийн цагийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлж болно гэж заасан Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 3.5 дахь хэсэгт заасныг үндэслэн 0725-02122/04 дугаартай актыг 243 ажилтнуудын 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 сарыг дуусах хүртэл хугацааны шөнийн цагаар ажилласан нэмэгдлээс 950 504 271 төгрөгийн нөхөн төлбөрийн акт тогтоосон. Шөнийн цагийн нэмэгдэл хөлс гэдэг бол ажилтан албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил гүйцэтгэсэн эсхүл эзгүй байгаа ажилтныг түр орлон гүйцэтгэсэн өөр албан тушаал хавсран гүйцэтгэсэн тохиолдолд нэмэлтээр олгож байгаа хөлсийг хэлнэ. Нэмэгдэл хөлс нь нэмэлт цагаар, шөнийн цагаар, 7 хоногийн амралтын өдөр нийтээр амрах баярын өдөр ажилласан бол хууль тогтоомжид заасан хамтын гэрээ, хэлэлцээр хийнэ гэсэн байгаа. Ажлын ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгохоор заасан. Шөнийн цагийн хуваарийн дагуу 243 ажилтан ажилласан гэж үзээд акт тавигдсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэсэн заалтын дагуу хуульчилсан. Энэ хуулийн дагуу хяналт шалгалт хийж шөнийн цагийн нэмэгдэл олгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 109.9 дахь хэсэгт ээлжээр ажиллах ажилтан 7 хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол энэ хуулийн 109.2, 109.4 дэх хэсэгт заасан нэмэгдэл олгохгүй гэж хуульчилсан нь ээлжийн ажилтны ээлжит 7 хоногийн амралтын болон нийтээр амрах болон 1 цагийн хөлсийг 1.2-1.5 дахин тус өдөр шөнийн цагаар ажилласан бол шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг энэ хуулийн 109.8 дахь хэсэгт зааснаар олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт орон нутгийн цагаар 22 цагаас дараа өглөөний 6 цаг хүртэлх хугацааг шөнийн цагаар тооцно. Тэгэхээр тухайн байгууллагад шөнийн 22 цагаас 6 цаг хүртэл хугацаагаар ажилласан ажилчид шөнийн цагаар ажиллах үүрэг гүйцэтгэж байгаа. Графикийн дагуу гарч ирэх учраас энэ нэмэгдэл цалин хөлс хуулийн дагуу олгогдоно. ХУБ хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хэрэглэх ёстой юм уу гээд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийг хэрэгжүүлнэ. Бид нар улсын байцаагчийн тамга, тэмдэгтэй учраас хяналт шалгалт хэрэгжүүлэх эрхтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагад хяналт шалгалт хийх эрх хөдөлмөрийн улсын байцаагчид байгаа. Тэгэхээр хуулийн дагуу хяналт шалгалт хийсэн гэсэн үг. Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.3.1 дэх хэсэгт хөдөлмөрийн нөхцөл, ажилтны цаг цалин хөлсийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хөдөлмөрийн улсын байцаагчид байгаа. Энэ хуулийн дагуу хяналт шалгалтаа хийж улсын байцаагчийн актаа тавьж хэрэгжүүлсэн.” гэв.

8. Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсэгт зааснаар ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажиллуулсан бол шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно гэж заасан. Олгохдоо мөн хуулийн 109.3 дахь хэсэгт заасны дагуу 1.2 дахин нэмэгдүүлж олгоно. Нэхэмжлэгч өмнө гаргасан тайлбартаа тооцооллийг 20 хувь гэсэн нь 1 хувь нь тухайн ажилтны үндсэн цалинд нь багтсан учраас 20 хувийн нэмэгдэл олгож байгаа гэж шалгалтын явцад тайлбарлаж байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.4 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл хөлс гэдгийг тодорхойлохдоо тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн эсхүл хослон гүйцэтгэсэн, эзгүй байгаа ажилтны үүргийг түр гүйцэтгэсэн өөр албан тушаалыг хавсран гүйцэтгэсэн зэрэг тохиолдолд олгож байгаа хөлсийг хэлнэ. Нийтээр амрах баярын өдрөөр ажилласан нэмэгдэл хөлс хууль тогтоомжид заасан хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлсийг адил ойлгохоор заасан. Тухайн хүн шөнийн цагаар ажилласан бол өөрийнхөө авсан цалин дээр нэмэгдүүлж авч байгаа 1 хувь нь тухайн ажилтны үндсэн цалинд орох биш хавсран гүйцэтгэсэн, нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэнг тухайн хүний цалин дээр нэмэгдүүлж олгож байгаа мөн шөнийн цагийн нэмэгдлийг адил ойлгоно гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 тушаалын 1.4.3 дахь хэсэгт заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль эдгээр хуультай нийцүүлэн гарсан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан. ХХУБ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн хамтын гэрээ, хэлэлцээрт хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу хууль тогтоомж нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт стандартын биелэлтэд хяналт тавих Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1 дэх хэсэгт хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих эрхтэй гэдгийг хэлье.” гэв.

9. Гуравдагч этгээд П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. ХУБ нар тус актыг гаргахдаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлсийг тогтоох, хуваарилах журмын 1.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8 дахь хэсэгт зааснаар ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажиллах бол шөнийн цагийн цалинг нэмж олгоно гэж заасны дагуу ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амраагаагүй эсэхээс үл хамааран уг актыг гаргасан нь хуульд нийцэж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 109.4 дэх хэсэгт зааснаар шөнийн цагаар ажилласан ажилтныг амраагаагүй, ээлжийн хуваарийн дагуу 7 хоногийн амралт, нийтээр амрах баярын өдрөөр ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор заасан боловч энэ заалт нь ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажилласан тохиолдолд заагаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг мөн хуулийн 109.8 дахь хэсэгт зааснаар нэмж олгуулахаар заасан нь үндэслэлтэй байна. “Э” ТӨХК нэхэмжлэлтэй 2023 оны 04 сарын 28-ны өдрийн А/725 тоот нөхөн төлбөр ногдуулах тухай актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “Э” ТӨХК нь ОА-ийн ХХУБ Д.Э, Ж.Б нарт холбогдуулан “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

            2.  Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2.1. ОА-ийн ХХУБ Д.Э, Ж.Б нар нь ““Э” ТӨХК-ын захиргаа шөнийн цагаар болон илүү цагаар ажилладаг 222 ажилтны цалин хөлсийг дутуу тооцож олгож байна” гэх тус байгууллагын ҮЭХ-оос ирүүлсэн гомдлын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ” гэж зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 25/01 дугаартай “Хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу хийжээ.

            2.2. Энэхүү хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хуульд заасны дагуу хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартын  биелэлтэд хяналт тавих”, 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” гэж заасан хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хамаарч байна.

         2.3. Мөн улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг холбогдох хууль тогтоомжоор тогтооно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг энэ хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хуулийн дагуу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 162 дугаар зүйлийн 162.1-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих  хяналтыг хэрэгжүүлнэ”, 162.2.5-д “иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээ авах”,162.3.4-т “Ажилтан, үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх” гэж тус тус заасан эрх, үүргийн дагуу хөдөлмөрийн хууль тогтоомжийн биелэлтэнд тавих хяналтыг бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэнбайна гэж үзлээ.  

             

         2.4. Хяналт шалгалтын явцад “Э” ТӨХК-д 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд нийт 243 ажилтны шөнийн цагаар ажилласан шөнийн цагийн нэмэгдэл хөлс 950504271 төгрөгийг дутуу олгосон” гэх зөрчилд ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актаар төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

         2.5. ХХУБ нарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/121/04 дугаар актаар Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дугаар зүйлийг буруу тайлбарлан, шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгохооор акт тогтоосон гэж нэхэмжлэгч тал маргасан.

2.6. “Э” ТӨХК хэрэглэгчийг дулаан, цахилгааны эрчим хүчээр тасралгүй найдвартай хангах үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй ба үйл ажиллагаагаа тасралгүй явуулдаг учраас  ажилтнуудаа  ээлжийн хуваарийн дагуу  шөнийн цагт ажиллуулдаг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна.

            2.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ”,109 дүгээр зүйлийн 109.3-д “Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.”, 109.8-д “Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.” гэж тус тус заасан.

            2.8. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-г баталж, уг тушаалын хавсралтын 1.4.3-д “... нэмэгдэл хөлсөд илүү цагаар, шөнийн цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа тэдгээртэй адилтгах бусад нэмэгдэл хөлс” гэж, 2.2-д “илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. ...”,  “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн 3.5-д “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлэж олгоно.” гэж журамласан байна.   

            2.9. Дээрхи хуулийн заалт болон журмын дагуу  ХУБ нар нь 07/25-02/122/04 дугаар төлбөр төлүүлэх актаар актын хавсралтанд заагдсан шөнийн цагаар ажилласан нэр бүхий 243 ажилтанд дутуу олгосон  шөнийн цагийн нэмэгдэл болох 950504271 /есөн зуун тавин сая таван зуун дөрвөн мянга хоёр зуун далан нэг/ төгрөгийг  нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлтэй байна.

2.10. Өөрөөр хэлбэл “Э” ТӨХК-ийн ажилтнууд нь ээлжийн хувиарийн дагуу ажиллахдаа шөнийн цагаар ажилладаг, шөний цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлснээр олгодоггүй буюу дутуу олгодог болох нь хяналт шалгалтын явцад ажилчдын цалин хөлсний мэдээллийг цахимаар авч шалгасан баримт, нэхэмжлэгч нарын  “... шөнийн цагийн нэмэгдлийг цалинг 20 хувиар нэмж олгоход ойролцоогоор 1.2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэж байгаа ...” тайлбараар  тус тус тогтоогдож  байна.

2.11. Нэгэнт “Эрчим хүчний салбарын 2023-2024 оны хамт /тариф/-ын хэлэлцээр”-ийн 3.5-д “Тасралтгүй ажиллагаатай аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын байранд ээлжээр ажилладаг ажилтнуудад шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлснөөс 1.35 дахин нэмэгдүүлэж олгоно.” гэж тогтоосон байхад байгууллагын эдийн засагт ноцтой нөлөөлнө гэдэг шалтгаанаар ажилтны авбал зохих шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг хасч тооцох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.  

2.12. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ...” гэж Монгол улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг  баталгаажуулсан, ба “Э” ТӨХК-д ээлжийн хувиараар шөнийн цагаар ажилладаг ажилчид  шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг журамд заасны дагуу бүрэн авах  эрхтэй.

2.13. Дээрхи хуулийн заалтууд болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг зөрчсөн зөрчилд актаар улсын байцаагч нар төлбөр  ногдуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах”, Хөдөлмөрийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.5-д “Иргэн болон хуулийн этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах талаар арга хэмжээг авах”, 162.3.1-д “Хөдөлмөрийн нөхцөл, ажилтны эрх, ажлын цаг, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, насанд хүрээгүй хүний хөдөлмөр зэрэг асуудлаар хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангах” гэж  тус тус заасны дагуу улсын байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлсэн гэж үзлээ. 

2.14. Иймээс нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн ОА-ийн ХХУБ Д.Э, Ж.Б нарт холбогдуулан “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 -т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.8, 10.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлийн 162.1, 162.2.5, 162.3.1, 162.3.4, 109 дүгээр зүйлийн 109.3, 109.8 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ТӨХК-ийн ОА-ийн ХХУБ Д.Э, Ж.Б нарт холбогдуулан гаргасан “ХХУБ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/25-02/122/04 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.БОЛОРМАА