Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 392

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Дэлгэрдалай,

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-н Ч-д холбогдох 1708003660072 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, армоторчин мэргэжилтэй, ” ...” ХХК-д армоторчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Д Ч,  /РД: .../,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... тоотод Д.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн бугалга болон зүүн ташаан толгойн хэсэгт хутгаар зүсэж Д.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:

 

Шүүгдэгч Д.Ч-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 24 цагийн орчимд дүү С-н гэрт нь эхнэр Л-н хамт очиж баяр тэмдэглээд, архи ууж юм яриад сууцгаасан. Нэлээд согтоцгоосон. Миний санаж байгаагаар манай эхнэр Л, дүү С хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан. Энэ үед би эхнэр Л аваад дүү Ч гэр рүү ороод хоёулаа унтсан. Тэгтэл гэрийн гадна С-н хүргэн Г намайг гараад ир зодолдьё гээд орилоод байхаар нь би гэрээс цагаан өнгийн төмөр хутга аваад гартал, Г гартаа мод барьчихсан миний толгой руу модоороо цохисон. Тэгэхээр нь би барьж байсан хутгаараа түүний хэвлийн хэсэг рүү хатгачихсан юм. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан...”гэх мэдүүлэг  /хх-ийн 49-50 х, шүүх хуралдаан тэмдэглэл/

 

Хохирогч Д.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр 23 цагийн орчимд манай хадам ээж болон түүний ах нар хоорондоо маргалдаад байхаар нь би та нар боль гэж хэлэхэд намайг “ чи муу хүүхдээ тэжээж чадахгүй байж зайл” гэсэн. Ингээд би гараад явтал миний хойноос хадам ээжийн ах Ч гэгч гартаа хутга барьчихсан байдалтай ирэхээр нь би гаран дахь хутгыг нь тавиулах гээд мод барьж байгаад гар руу нь цохих гэсэн боловч  гар руу нь цохиж чадалгүй, толгой хэсэг рүү нь цохичихсон, тэгсэн чинь Ч ах миний цамцнаас зуурч байгаад миний зүүн гарын булчин болон хэвлийн зүүн доод хэсэгт хоёр удаа хутгалсан. ...Надад эмчилгээний баримт гэх зүйл огт байхгүй. Надад нэхэмжлэх зүйл. ...ямар нэг гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 х/

  

Гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ өдөр манай гэрт миний төрсөн ах, эхнэр Л-н хамт ирсэн байсан. Ингээд бид нар хоорондоо юм яриад архи ууж сууцгаасан. Энэ үед манай ах Ч согтчихоод надад агсан тавиад байхаар нь би төрсөн охин С-г утсаар дуудсан юм. Энэ хооронд ах Ч эхнэртэйгээ хамт  манай дээд талд байдаг, төрсөн ах Ч-н гэрт ороод унтсан байсан. Манай охин С нөхөр Г-н хамт ирсэн, тэгээд Г Ч ах дээр очоод намайг өмөөрөөд, яагаад ээжид агсан тавиад байгаа юм гэж хэлээд хоорондоо маргалдсан байсан. Г гэнэт Ч ах намайг хутгалчихлаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

Гэрч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Ч ахад хандаж ээжид яагаад агсан тавиад байгаа юм гэж хэлсэн чинь, өөдөөс нь согтуурхаад чамд ямар хамаатай юм гэж хэлээд дайраад байхаар нь би нөхөр Г-г аваад гэрээс нь гараад өөрийнхөө гэрийн гадаа очоод байж байтал, Ч ах эхнэрийнхээ хамтаар Ч ахын гэрээс гарч ирсэн. Гарч ирэхдээ Ч ах гартаа төмөр цагаан өнгийн хутга барьж гарч ирээд Г руу дайраад байсан. Г та наад хутгаа хаячих гэж хэлтэл хаяхгүй Г руу дайраад байхаар нь Г нөгөө хутгыг нь хаяулахаар газраас мод аваад гар руу нь цохих гэтэл Ч ахын толгойн хэсэгт цохьсон. Тэгтэл Ч ах Г-г хувцаснаас нь татах шиг л болсон, тэгтэл манай нөхрийг 2 удаа хутгалсан байсан. ...Ч ах нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Гэрч Ц.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би нөхөр Ч-н хамт түүний төрсөн дүү С-н гэрт нь очиж архи ууж сууцгаасан юм. Архи ууж суухад С-тэй манай нөхөр маргалдсан юм шиг байгаа юм. Нэг сэрсэн чинь Ч-н дүү Ч-н гэрт нь сэрсэн. Тэгтэл С нөхөрийг чинь цагдаа аваад явчихсан Г-г хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22  х/

 

Шинжээчийн 9057 тоот дүгнэлт

1.Д.Г-н биед зүүн бугалга, зүүн ташаан толгойд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Хувийн байдлын талаарх баримт:

Д.Ч-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 х/

Оршин суугаа хаягын тодорхойлолт /хх-ийн 34 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 х/

 

Хохирлын баримт:

Хохирогч Д.Г-н “хохиролд 150,000 төгрөг хүлээн авсан, гомдол, саналгүй тухай” тодорхойлолт /хх-ийн 68 х/ зэрэг баримтуудыг мөн шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Д.Ч гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

Хохирогч Д.Г-н “хохиролд 150,000 төгрөг хүлээн авсан, гомдол, саналгүй тухай” тодорхойлолт /хх-ийн 68 х/-р бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Д.Ч-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Д.Ч нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувийн байгууллагад ажил эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урттай хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ш овогт Д-н Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Д.Ч-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Ч-д танилцуулсугай.

 

5.Д.Ч-ий иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ир хэсэг нь 5 см, бариул хэсэг нь  7 см-ийн урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ