Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/108

 

 

 

 

 

 

2022         1              25                                             2022/ДШМ/108

 

                                                                                         

Ц.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Г-д холбогдох 2102000000172 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Х саруул овгийн Ц-н Г, 1981 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ц” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Өнөр хороолол, .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух /РД:........./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 58 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 397 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 982.800 торгох ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан;

 

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны орчимд өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4849, 0.1608 граммаар тус тус савласан нийт цэвэр 0.6457 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Ц-н Г-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Г-н урьдчилан цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх  төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ; ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Г-н 2011 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн охин Г-н А, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Г-н А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийгээд үлдсэн бодис болох НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад  багтсан “1” гэж дугаарласан зип лок гялгар ууттай, цэвэр жин нь 0,4430 грамм, “2" гэж дугаарласан зип лок гялгар ууттай, цэвэр жин нь 0,1199 грамм “Мөс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодис, “Дирол” гэсэн бичиглэлтэй бохины цаас зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, мөрдөн шалгах нууц ажиллагаануудыг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг Си-Ди /Диск/ зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ц.Ган- Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолж Монгол улсын хилээр гарахын хязгаарласан хязгаарлалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Г давж заалдах гомдолдоо: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. Миний хүүхдүүд болох Г.А /10 настай/, Г.А /6 настай/ бөгөөд хүүхдүүдийг минь асран хамгаалагч байхгүй. Эхнэр маань 2016 онд гадагшаа хаяад явсан. Мөн түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүдийн сургалтын төлбөр бүгд миний нуруун дээр байдаг. Энэ бүх үүрэг хариуцлагаа алдаж, энэ хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж байна. Иймд ар гэр, үр хүүхдүүдийн минь ирээдүйг харгалзан үзэж надад оноогдсон 2 жил 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын зохицуулалтыг тухайн этгээдэд заавал хэрэглэхээр хуульчилсан заалт биш. Мансууруулах бодис нь... нийгмийн аюулын шинж чанар хор хөнөөл ихтэй бөгөөд олон нийтийн эрүүл мэндэд, нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил нь Монгол улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе нийгмийн ухамсар, хүн амын эрүүл аюулгүй байдалд хор хохирол үр дагавар үүсгэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөр хэлбэрээр авах өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээл авах, бэлэгт авах зэргээр хариу төлбөртэй эсвэл төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм. Дээрх хууль зүйн ойлголт зэргээс үзэхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт Шүүгдэгч Ц.Г нь насанд хүрээгүй бага насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг болохоо тодорхойлсон ба шүүгдэгч Ц.Г-н охин Г.А, хүү Г.А нарт асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй..” гээд 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь бодит байдалд Ц.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, насанд хүрээгүй хүүхдүүдийн нөхцөл байдалд тохироогүй гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Ц.Г нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, тус хэрэгт хамтран оролцсон оролцогчгүй, үргэлжилсэн үйлдэлгүй бөгөөд түүнийг анх мансууруулах бодис худалдан борлуулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан байдаг боловч тогтоогдоогүй билээ. Шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдаж байгаа мансууруулах бодис өгсөн гэх   Хангайг эрж олох ямар ч оролдлого хийгээгүй нь Ц.Г-д мансууруулах бодис өгсөн нөхцөл байдлыг зохиомлоор бий болгон хэрэгт татсан гэх хардлагыг төрүүлж байна. Хар тамхи мансууруулах бодистой холбогдох гэмт хэргийг илрүүлэх явдал чухал ач холбогдолтой бусдыг зохиомол байдалд оруулан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн хувьд болон шударга хүнлэг ёсонд нийцэхгүй билээ. Ц.Г нь насанд хүрээгүй хоёр хүүхдээ асран хамгаалдаг ганц бие эцэг бөгөөд хувиараа хоолны газар ажиллуулж амьдрал ахуйгаа залгуулдаг, түрээсийн байранд амьдардаг цаашдаа орон сууц авахаар урьдчилгаа төлбөрөө төлсөн хувь лизингийн гэрээ байгуулсан байгаа. Охин Г.А, Г.А нар нь “Монгол од” ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ба хүүхдүүддээ халамжтай сайн эцэг юм. Түүнд хорих ял оногдуулах нь дөнгөж нэгдүгээр ангид орсон 6 настай хүү, 10 настай бяцхан охины сурч боловсрох, эцэг эхтэйгээ байх, орон гэртэй байх, хайрлан хамгаалагдах эрхэд зөрчигдөн, сэтгэл зүйн гэмтэл авах, эрүүл мэнд хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байна. Шүүхийн шийдвэрийн дагуу асран хамгаалагчийг тогтоох нь хүүхдүүдийг асран, хамгаалах хүнийг олж өгөхөөс биш одоо байгаа амьдралын нөхцөлийг хэвийн үргэлжлэх, сургалтын төлбөр, орон байрны төлбөрийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэх юм. Ц.Г нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж зан байдал, дадал зуршлаа хянах, мансууруулах бодисын хор уршгийг танин мэдэх сургалтад сайн дураараа хамрагдаж цаашдаа энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хамтарсан бүлгийн ярилцлагад оролцож нийгэмд тустай сайн дурын ажил хийхээ ЕСРАТ Олон улсын байгууллагын Монгол дах салбарынханд илэрхийлсэн болно. Эрүүгийн хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх боловч нөгөө талдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжтой бөгөөд Ц.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хүүхдийн эрхийн үүднээс түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой юм. Мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт болон 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах боломжтой. Ц.Г нь урьд хорих ял шийтгүүлж байгаагүй энэ талаар яллах дүгнэлтэд дурдагдсан биеийн байцаалтын хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1246 дугаар шийтгэх тогтоол хүчингүй болж 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 тоот тогтоолоор ял шийтгэгдсэн болохыг тодруулж урьд ял шийтгүүлсэн бүртгэлийг засварлахыг хүссэн боловч шийтгэл тогтоолоор тэр хэсгийг засварлаагүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянаж Ц.Г-д зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г-н өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Ц.Г нь үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгдөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Урьд нь хорих ял эдэлж байгаагүй нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хоёр санкц байдаг. Нэгд, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нөгөө нь 1-5 жил хүртэлх хугацаагаар нийгмээс тусгаарлах буюу хорих ял оногдуулах зохицуулалттай. Хэрвээ хувийн байдалтай нь холбогдуулж эрүүгийн хариуцлагын дүгнэлт хийх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхой нэр бүхий, тодорхой байршил бүхий нөхцөл байдлуудаар хязгаарлалт тогтоох эрүүгийн хариуцлага байгаа. Энэ нь өөрөө ялын төрөлд орж явдаг. Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Ц.Г-н хоёр хүүхэд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байх хугацаанд ямар ч хараа хяналтгүй байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоод Засаг даргаас асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох эсэх асуудал нь цаг хугацааны асуудал болчхоод байна. Хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Иймд шүүгдэгч Ц.Г-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г нь урьд олон төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Хорих ял эдлээгүй учраас урьд ял шийтгүүлсэн байдал нь хамаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэлж байна. Хуульд ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдлыг харгалзана гэж заасан. Энэ нь гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон нөхцөл байдлыг дүгнэж үзэх байгаа. Анхан шатны шүүхээс энэ байдлыг дүгнэсэн. Иймд өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шүүгдэгч Ц.Г-н бага насны хоёр хүүхэд байдаг болох нь тогтоогдсон. Уг хоёр бага насны хүүхдийн насан хүрсэн төрсөн эгч нь байдаг. Шүүхээс шүүгдэгч Ц.Г-н бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох бүрэн үндэслэлтэй. Иймд хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөх асуудал байхгүй. Насанд хүрсэн эгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг байгаа. Ял шийтгэл оногдуулахад урьд ял шийтгэгдэж байсан байдлыг үндэслэж ял халдаасан асуудал биш хувийн байдлыг нь харгалзан үзсэн асуудал байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, өөрөө мансууруулах бодис хэрэглэсэн нөхцөл байдлуудыг харгалзаад ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны орчимд өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 0.4849, 0.1608 граммаар тус тус савласан нийт цэвэр 0.6457 грамм жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ц.Г-н яллагдагчаар өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Дахиж би ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдохгүй. ...” гэх мэдүүлэг /2хх 7-8/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан, “2” гэж дугаарласан зиплок гялгар ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “Dirol” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаас мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зип лок ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан зип лок ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. “Dirol” гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаас мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэхгүй байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок гялгар ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0.6722 грамм, цэвэр жин нь 0.4849 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.4430 грамм болов. “2” гэж дугаарласан зиплок гялгар ууттай талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0.5386 грамм, цэвэр жин нь 0.1608 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0.1199 грамм болов. ...” гэх 3361 дугаартай /1хх 76-78/,

мөн хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Г ............. 2021.7.24” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Г ........... 2021.7.24” гэж хаягласан шээснээс метамфетамин илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно. ...” гэх 3360 дугаартай /1хх 84-85/ дүгнэлтүүд,

2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хүннү 2222” хотхон руу орох явган хүний шаттай хэсэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22-24/, 2021 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Ц.Г-н биед үзлэг хийж, түүний биеэс биологийн дээж болох шээс авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-28/, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлст үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 42-23/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1хх 44/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Г-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Мөн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Г-н 2011 оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн охин Г-н А, 2015 оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн хүү Г-н А нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргад даалгасан нь хууль зүйн үндэслэлтэй, Гэр бүлийн тухай хуульд нийцсэн байна гэж үзэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан “...Ц.Г-н хүүхдүүдийг асран халамжлах боломжгүй, эрх нь зөрчигдөж байгаа учраас оногдуулсан хорих ялаас өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/649 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.Г нь энэ өдрийн байдлаар 122 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ