| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/01090/И |
| Дугаар | 181/ШШ2024/01444 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2024/01444
2024 04 09 181/ШШ2024/01444
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух, Т.Ч /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Ч.Б /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,794,960 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Бидний зүгээс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулж, **тоот хаягт орших тус бүр 22 м.кв 2 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай сарын 1,550,000 төгрөгөөр хариуцагчид түрээсэлсэн болно. Гэвч хариуцагч нь 2023 оны 9, 10, 11, 12, 2024 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийг cap бүрийн 10-ны өдөр төлөх ёстой боловч олон төрлийн шалтаг хэлсээр өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Нийт 5 сарын түрээсийн төлбөр 7,750,000 төгрөг байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6 дахь хэсэгт хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд 0.2 хувийн алданги төлнө хэмээн заасны дагуу хоногийн 15,500 төгрөг хугацаа хэтэрсэн нийт 150 хоногийн нийт алданги 2,325,000 төгрөг болно.
Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөр 7,750,000 төгрөг, алданги 2,325,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын хоорондох ус, дулаан болон СӨХ-ны мөнгө 719,960 төгрөг, нийт 10,794,960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Т.Ч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Т.Ч би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40,50 мянгат Төмөрчин гудамж 6/4 тоотын түрээс, алдангийн хамт 10,794,900 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Ч.Бтай 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул 6,546,000 төгрөгөөс татгалзаж, 4,248,900 төгрөг авахаар тохиролцсон тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Т.Ч, хариуцагч Ч.Б нар харилцан тохиролцож, Т.Ч нь талуудын гэрээгээр тохиролцсон түрээсийн төлбөрт төлөгдөөгүй 2023 оны 11 дүгээр сарын үлдэгдэл 200,000 төгрөгийн төлбөр, 2023 оны 12 дугаар сap болон 2024 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр 3,100,000 төгрөг, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас 90 хоногийн алданги 229,000 төгрөг, ашиглалтын зардал 719,960 төгрөг, нийт 4,248,960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Ч.Б нь энэхүү гэрээний дагуу төлөх 4,248,960 төгрөгийн төлбөрийг Т.Чын эзэмшлийн Голомт банкин дахь 2709138354 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 23-ны дотор тухайн түрээсийн байранд байгаа өөрийн тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, шилжүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ч нь хариуцагч Ч.Бд холбогдуулан 10,794,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,794,960 төгрөгийн 6,546,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,248,960 төгрөгийг хариуцагч Ч.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Т.Чын нэхэмжлэлтэй, Ч.Бд холбогдох 10,794,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,794,960 төгрөгийн 6,546,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 4,248,960 төгрөгийг хариуцагч Ч.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Ч.Бд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197,980 төгрөгөөс 98,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 98,990 төгрөгийг, хариуцагч Ч.Бас 98,990 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Чт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ