Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 395

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Ж-н Б-д холбогдох 1708000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” хүнсний зах дээр мах бэлтгэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, З овогт Ж-н Б  /РД: .../

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... тоот хашаанд хамтран амьдрагч Б.Г-тэй хүүхэд харах асуудлаас болж муудалцан улмаар нүд, уруул, хацар орчимд нь 2-3 удаа, мөн гэрт орсон хойно нь уруул хэсэгт нь гараараа цохиж түүний биед 1 шүдний хугарал, дээд, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн зовхи, зүүн нүдний гадна талд зулгарал, хоёр хөмсөгний голд, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр намайг гэртээ ганцаараа байхад найз Дэлгэрдалай залгаад хөдөөнөөс хот руу орж байна гэхээр нь Нарантуул зах дээр очиж найзыгаа тосож аваад гэртээ ирээд замаасаа авсан архиа ууж эхэлж байхад хамтран амьдрагч Г над руу залгаад хүүхдээ маргааш өглөө 7 цагт аваарай би ажилд орно гэхээр нь за гээд утсаа салгасан. Тэгтэл Г гэрийн гадаа байна гэхээр нь хашааны гадаа гарахад над руу уурлаад хүүхдээ ав гэхээр нь авах гэхэд өгөхгүй зууралдаад байхаар нь татаж байсан тамхины ишээ шидсэн. Гэтэл намайг алгадахаар нь би нүүр лүү нь 1 удаа гараараа цохиод хүүхдээ аваад гэр рүүгээ орсон. Г араас дагаад манай гэрт орж ирээд орилж, хашгираад цагдаа дуудсан тэгээд над руу дайраад байхаар нь би тайван байлгах гээд ойртож зууралдсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би Г-г 1 удаа цохиход шүд нь хугарсан байх. Дараа нь гэрт ноцолдож байхад зүүн зовхи, зүүн нүдний гадна талын зулгарал, хөмсөг болон хүзүүний цус хуралт үүсэн байх. ... гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36, 55-56 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед хамтран амьдрагч Б руу утсаар яриад хүүхдээ хараад өгөөч би ажил хиймээр байна гэхэд миний урдаас би завгүй байна гээд байсан. Тэгээд би гэрийнх нь гадаа очоод Ж.Б-г гараад ир гэхэд гарч ирээд бид хоёр хоорондоо хүүхдээ харах асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б уурлаад гартаа бариад татаж байсан тамхины ишийг миний нүүр лүү шидэхэд нь би уурлаад гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл миний хөл рүү Б өшиглөөд тэвэрч байсан хүүхдийг булааж аваад миний нүүр рүү баруун гараараа 2-3 удаа цохиод хүүхдээ аваад гэр рүүгээ орсон. Би цагдаа дуудаад араас нь ороход найз Д нь байсан. Тэгээд танай найз намайг цохисон гэж хэлэхэд Б дахин надтай маргалдаж нүүрэнд болон, шүд рүү 1 удаа гараараа цохиход миний дээд талын урд шүд хугарсан. ... хохиролд 750,000 төгрөг авсан, цаашид шүд хийлгэх хохирлоо нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-19 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотод ирээд найз Б-ын хамт гэрт нь очоод 0,5 литрийн экс нэртэй архи хувааж уугаад сууж байхад Б гар утсаараа яриад намайг сууж байгаарай гээд гараад явсан. Б 1 цаг  гарны дараа гаднаас хүүхдээ тэврээд ганцаараа орж ирсэн. Араас нь эхнэр Г нь ууртай байдалтай нөхрийгөө хараагаад орж ирээд би цагдаа дуудсан, чамайг цагдаад өгнө гэхэд Б орон дээр хүүхдээ тэврээд сууж байснаа босож ирээд Г рүү дөхөж очоод, хүүхдээ газар тавиад Г-н цамцнаас барьж авахад нь би боль гээд салгаад, газар байсан хүүхдийг нь аваад орон дээр суулгах гэтэл тэр хоёр дахин барьцалдаад бие биенийгээ үг хэлээр доромжилж байхад гаднаас цагдаа орж ирээд аваад явсан. ...Г танай найз цохичихлоо харсан уу гэж байсан. Би тухайн үед хүүхдийг нь саатуулаад өөр тийшээ харсан байхад цохисон байж магадгүй, хоёулаа л өөд өөдөөсөө босож ирээд зууралдаад байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 х/

 

            Шинжээчийн 10657 тоот дүгнэлт:

            1.Г.Г-н биед 1 шүдний хугарал, дээд доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн зовхи, зүүн нүдний гадна талд зулгарал, 2 хөмсөгний голд, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 28 х/ гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

            Хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

 

            Гэрч Ж.Ш-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Ж.Б-н төрсөн  эгч нь юм. Миний дүү 1984 оны 05 дугаар сарын 19-нд ... аймгийн Идэр суманд Ж гэх айлын 5 дахь хүүхэд буюу отгон хүү нь болж мэндэлсэн. Бага насаа ... аймагт эцэг, эхийн гар дээр өссөн. Аймгийн ... сургуульд 8 дугаар ангийг төгсөөд үргэлжлүүлэн суралцаагүй. Мал маллаж байгаад 2003 оноос манайх гэр бүлээрээ Улаанбаатар хотод суурьшихаар орж ирсэн. Улаанбаатар хотод тодорхой удаан хугацааны ажил төрөл хийгээгүй. Одоо “...” зах дээр мах шулдаг ажилтай. 2015 оноос эхнэртэй боллоо гээд тусдаа гарч эхнэр Г-н хамт амьдарч эхэлсэн бөгөөд албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй. Одоо 1 ойтой эрэгтэй хүүхэдтэй. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 х/

 

            Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48 х/

            Ж.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 х/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 х/

            Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 40 х/

            Хохирол төлсөн болон зардлын баримтууд /хх-ийн 49 х/

            Хаан банкны гүйлгээний баримт /хх-ийн 77 х/ зэрэг нотлох баримтуудыг мөн шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томъёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан Хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.Энэ хуулийн зохицуулалтад ... хамтран амьдарч байсан, ... дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбодь, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч Ж.Б, хохирогч Б.Г нар гэр бүлийн баталгаагүй ч гэсэн хамтран амьдарч байсан, тэдний дундаас 1 хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг /хх-ийн 15-19, 34-36, 55-56 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48 х/ зэргээр нотлогдож байгаа тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

            Хохирол төлсөн болон зардлын баримтууд /хх-ийн 49 х/

            Хаан банкны гүйлгээний баримт /хх-ийн 77 х/ зэргээр хохирогч Б.Г-т 13,000 төгрөгийн зардал гарсан харин шүүгдэгч нийт 750,000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн Хаан банкны гүйлгээний баримт /хх-ийн 49 х/, Хаан банкны гүйлгээний баримт /хх-ийн 77 х/-аар тус тус тогтоогдож байгаа бөгөөд,  хохирогч Б.Г цаашид шүд хийлгэхтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Хохирогч цаашид шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учраас Б.Б-г бусдын эрүүл мэндэд учруулсан хор уршгийг бүрэн арилгаагүй гэж үзэх тул шүүгдэгчийн зүгээс хохиролд 750,000 төгрөг төлснийг хохирлоо бүрэн төлсөн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг гэх нөхцөл байдлыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.З овогт Ж-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ж.Б-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Б-д танилцуулсугай.

 

5.Ж.Б-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хохирогч нь хохирлын төлбөрт баримтаар 13,000 төгрөг, баримтгүйгээр 737,000 төгрөг нийт 750,000 төгрөг авсан, цаашид шүдний эмчилгээтэй холбоотой зардлын зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ