Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 393

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н С-д холбогдох 170805080049 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар ангид харуул, хамгаалалтын ажилтан, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н С  /РД: .../

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.С нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 12 цаг 35 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн ахын эхнэр Ж.О-тай тэдний хоорондын гэр бүлийн маргааны асуудлаас болж муудалцан улмаар үснээс нь зулгааж газарт унагаан өшиглөн зодох, гарыг нь мушгих, чирэх зэргээр “тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, зүүн шуу, зүүн өвдөгний зулгаралт, баруун шууны цус хуралт, зулгарал” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар. Үүнд:

 

Шүүгдэгч Э.С-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ 11 цаг өнгөрч байх үед очтол гэрт том ах Н, хоёр хүүхдийн хамт шөнө ирчихсэн гээд байж байсан. Би ах Н-с юу болсон талаар асуухад би эхнэртэйгээ маргалдаад, эхнэр хөөгөөд байхаар нь танайд ирчихсэн байна гэж яриад байж байтал ахын том хүү Д /5 настай/ хашаанаас гүйж гарсан. Удалгүй хашааны хойд талын хаалгыг хүн нүдэхээр нь би гарч тайлахад ахын том хүү Д аавыг ээж ална гээд байна гээд уйлаад байхаар нь би аав чинь гэрт байгаа гэж хэлтэл гэр рүү орсон, би хашааны хаалга хаачихаад гэртээ ороод байж байтал дахин хашааны хойд талын хаалгыг хүн нүдэхээр нь тайлтал манай бэр эгч Ж.О байсан. Надтай мэндлээд ахын байгаа гэр рүү орох гээд алхтал, ах урдаас нь хоёр хүүхдээ тэврээд гарч ирж таараад хоорондоо хэрэлдэн маргалдаж эхэлсэн. Би ах болон бэр эгч нарт хандан та нар гараад хэрэлд, ээжийн хажууд битгий хэрэлдээд бай гэхэд бэр эгч Ж.О чамд хамаагүй гэж хэлээд над руу дайраад аяга бетоны хагархай зэрэг зүйл шидэхээр нь би боль гээд тэврээд автал газраас юм авч шидээд байсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж байгаад Ж.О эгчийг биеэсээ зайлуулж угзарахад О эгч газар нүүрээрээ унасан, би босгохгүй гээд гарыг нь мушгихад босох гээд, би босгохгүй гээд хэсэг хугацаанд ноцолдсон. Тухайн үед би О эгчийн нүүрэнд 1 удаа өшиглөсөн. Ах ирээд бид хоёрыг салгасан. О эгч цагдаа дуудсан. ...Дээрх О эгчид учруулсан гэмтлүүдийг би учруулсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Ж.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 14-ний шөнө гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байгаад би зайл гэж хэлэхэд гэрээс гарч яваад гэртээ ирж хоноогүй. Би маргааш өглөө нь ажилдаа явчихаад 15-ны өдөр 12:30 минутын үед өөрийн гэртээ иртэл байхгүй байсан. Хадам ээж Б-н гэрт 12:35 минутын орчимд яваад очтол хадам ээж, хадам дүү С, манай нөхөр Н, хоёр хүүхдийн хамт байсан. Би хадам дүү С-д хандаж наад нэг юм чинь гэртээ хоносонгүй явуулаач гэхэд С “пизда минь болж бүтэхгүй бол сал, гар зайл” гэхээр нь би, чи авгай авч амжаагүй байж ахдаа амьдрал заахгүй шүү, чи бид хоёрын амьдралыг мэдэхгүй шүү гэснээс болж маргалдсан. С ална шүү зайл пизда минь гээд над руу гар далайгаад байхаар нь би маргалдаж байгаад барьцалдаж авахад миний үснээс зулгааж аваад доош нь газар унагаагаад, гар мушгиад, дээрээс өшиглөж зодсон. Намайг газар унасан байхад С үсдээд газар чирэхэд манай нөхөр С-г салгасан. Үүний дараа цагдаад дуудлага өгсөн. Ийм л асуудал болсон. С нь намайг газар унагаад үснээс чирж, толгой руу 2-3 удаа өшиглөсөн, мөн гараа атгаж байгаад цохиж байсан. Хэдэн удаа цохисныг санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 х/

 

Гэрч Э.Н-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би эхнэртэйгээ маргалдан ээж Б-д очсон байсан. Тэгтэл манай эхнэр О ээжийнд ганцаараа ирээд бид хоёр хоорондоо маргалдахад миний төрсөн дүү С нь та хоёр гадаа гарч маргалд гэж хэлэхэд, манай эхнэр чи дуугүй бай, бид хоёрын асуудал чамд хамаагүй гэж хэлэхэд дүү гарцгаа гэж хэлээд манай эхнэрийг хөөж, түлхэж гаргасан. Тэгээд дүү,  О хоёр маргалдан зодолдож О газарт унасан. Манай дүү дээрээс нь зууралдаж байхад нь би очиж салгасан. О газарт унаад, дүү дээр нь байхад би дүүг ар нуруунаас нь тэвэрч салгаад О-г харахад духных нь баруун хэсэгт шороо болж зулгарсан, мөн уруулын доод хэсэгт хавдаж улайгаад няцарч цус гарсан харагдсан. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 х/

 

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр үүрийн 04 цагийн үед манай том хүүхэд Э.Н хоёр хүүхдийнхээ хамт гэрт орж ирэхээр нь би яасан юу болсон бэ гэж асуухад, О намайг зайл гээд хөөгөөд байна гэж хэлж орж ирээд жижиг өрөөнд хоёр хүүхдийнхээ хамт унтсан. Өглөө босоод том хүүгээ гэр рүүгээ яваад ир гээд явуулсан чинь хүү нь буцаж орж ирээд ээж аавыг алах гэж байна гээд уйлаад ороод ирсэн. Гэтэл удалгүй араас нь О орж ирээд та хүүхдээ уруу татаад гэр орондоо хонуулаад байна, гэр орон руу нь явуулдаггүй юм уу гэж орилж байснаа, та нарыг ална гээд чулуу бариад нөхөр рүүгээ дайрахаар нь би хүүхэд аллаа гээд орилтол, та дуугүй байж бай, би өөрөө мэдэж байна гээд дайраад, орилоод чарлаад байхаар нь манай бага хүү С та яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд чамд хамаагүй дуугүй байж бай гээд нөхөр Н-тай маргалдаж, зууралдаад нэг нэгнийгээ түлхээд орилоод байхаар нь бага хүү С очоод та 2 гэртээ очиж хэрэлд гээд О-г гараас нь татаад хөөсөн чинь, чи муу яасан даварсан новш вэ гээд подвалькийг нь урахад С уурлаад түлхэхэд унаад босож ирэхдээ газар байсан модон иштэй хумбан хурз бариад чамайг ална гээд дайрахаар нь С хүрзийг нь булааж авсан. Тэр үед О-н зүүн хөлний шилбэ хэсэг нь жаахан улайж, уруулнаас нь жаахан цус гарсан харагдаж байсан. Манай хүү С болон Н нар гар хүрсэн зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 х/

 

Шинжээчийн 9023 тоот дүгнэлт:

1.Ж.О-ы биед тархи доргилт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, зүүн шуу, зүүн өвдөгний зулгаралт, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 22 х/ гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Хувийн байдлын болон бусад баримтууд:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 х/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25 х/

Э.С-н ажлын газрын тодорхойлолт, цалингийн карт, хувийн байдлын тодорхойлолтууд /хх-ийн 38-41 х/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 50, 51 х/ гэсэн нотлох баримтуудыг мөн шинжлэн судалсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Э.С-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ж.О хохирлын баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс түүнд эмчилгээний зардал гэж 250,000 төгрөг төлсөн, хохирогч өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь Хохирол төлсөн баримт /хх-ийн 50, 51 х/-аар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Э.С-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Э.С нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирлоо төлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хохирогчийн зүй бус ажиллагаа зохих хэмжээнд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, төрийн байгууллагад ажил эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 460 нэгжтэй тэнцэх 460,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Эрдэнэ-Очирын Сайнжаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.С-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.С-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.С-д танилцуулсугай.

 

5.Э.С-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ