Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/138

 

 

 

 

 

 

2022                2              8                                         2022/ДШМ/138

 

 

Л.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

шүүгдэгч Л.Э-н өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч С.Базарханд, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШТ/111 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Э-н өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдол болон прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцлээр Л.Э-т холбогдох 2110016010834 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овогт Л-н Э, 1975 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймагт, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, Шинэ хотхон ... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:......./;

Шүүгдэгч Л.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “К” банкны Буянт-Ухаа тооцооны төвд бэлэн байгаа орлогын мөнгийг авах зорилгоор теллер ажилтай Г.Т-д хүч хэрэглэж, зэвсэг буюу хутга хэрэглэн довтолсон гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Л.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэрэг анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг тогтооно гээд 1.1 дэх заалтад заасан “...эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж тус тус заасан. Гэтэл мөрдөгч, прокурорын зүгээс уг хэрэгт хохирогчоор тогтоогдвол зохих хүн, хуулийн этгээдийг тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцээгүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” хэмээн заасан. Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр уг хэрэг учрал нь Хан- Уул дүүргийн 21 дүгээр хороо, 1042-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг К банкинд болжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Э нь К банкнаас мөнгө дээрэмдэн авах санаа зорилготой нэвтэрсэн бөгөөд уг мөнгө нь К банкны өмчлөл, эзэмшилд байсан буюу гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын эрхийг зөрчсөн байна. Нөгөөтэйгүүр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэх заалтыг буруу хэрэглэсэн гэж шүүх дүгнэн хохирогчийг зөв тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай байх тул мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх нь зохимжтой гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Э-н өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг нь яллагдагч нь үйлдсэн гэмт хэргээ өөрийн сайн дурын үндсэн хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, цаашид гарах эрх зүйн үр дагаврыг ойлгож бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагч этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн хугацаанд явуулж шүүхээс прокурорын саналын хүрээнд ял оногдуулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэг заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэжээ. Гэвч анхан шатны шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнээд яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг хийсэн боловч хуульд заасан үндэслэлээр нөхцөл байдал үүсээгүй байхад хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зохицуулалттай, анхан шатны шүүхийн зүгээс дээрх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтын буруу хэрэглэсэн хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчсөн. “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээг найман жил дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” хэмээн шууд заасан атал илтэд дээрх заалтыг буруугаар тайлбарлаж хэргийг буцаах болсон нь ойлгомжгүй байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Т-г хохирогчоор тогтоож мэдүүлэг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан боловч анхан шатны шүүхээс хуульд заагаагүй үндэслэл буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заагаагүй үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тохиолдолд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан ба Л.Э-т холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нөхцөл байдал үүсээгүй болно. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж хориглосон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр хорих ялын доод хэмжээг таван жилээр тогтоосон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэгэн адил хэрэгжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ба Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухайд К банк нь байгууллагыг төлөөлөн оролцох эрхийг Г.Т-д олгосон. Энэ талаарх албан бичиг хэрэгт авагдсан бөгөөд К банкинд эд хөрөнгийн хохирол учраагүй тул Г.Т-г хохирогчоор тогтоосон ажиллагаа нь хуульд нийцсэн, Г.Т-г хохирогчоор тогтоосноор бусад оролцогчийн эрхийг хязгаарлаагүй болно. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Л.Э-г 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1042 дугаар байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “К” банкны Буянт-Ухаа тооцооны төвд бэлэн байгаа орлогын мөнгийг авах зорилгоор теллер ажилтай Г.Т-д хүч хэрэглэж, зэвсэг буюу хутга хэрэглэн довтолсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...хохирогчоор тогтоогдвол зохих хүн, хуулийн этгээдийг тогтоогоогүй. ...хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцээгүй. ...Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэх заалтыг буруу хэрэглэсэн. ...” гэсэн үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байх ба Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан прокурорын тогтоол хууль зөрчөөгүй байна.

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон түүнийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Л.Э-г гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 45 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Л.Э-н өмгөөлөгч О.Санчирбалын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШТ/111 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШТ/111 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл Л.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ