Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 183/шш2024/01467

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 04 өдөр  Дугаар 183/ШШ2024/01467 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д,

Хариуцагч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч П.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь төрд учирсан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т " Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана " гэж заасан. Б.Б******* нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.А*******ийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн Б.А******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/MA2019/0126 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны Б/09 дүгээр тушаал хүчингүй болгож, Б.А*******ийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 8,975,919 төгрөгийг Б.А*******т ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгожээ. Б.Б*******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 8,975,919 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.Б*******гээс гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсен, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж заасан. Үүний үндэслэлээр Б.Б******* нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.А*******ийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Б.А******* нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2018 оны 12 дугааp сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэр, улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/MA2019/0126 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн  дугаар тогтоол гарч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаал хүчингүй болгож, Б.А*******ийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 8,975,919 төгрөгийг Б.А*******т ажилгүй байсан хугацааны цалинд тооцож олгосон. Б.Б*******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 8,975,919 төгрөгийг буруутай албан тушаалтан Б.Б*******гээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны Зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан төрд учруулсан хохирол болох нийт 8,975,919 төгрөгийг гаргуулах үндсэн ихэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 1984 оноос хойш 37 жил 6 сар төрийн албанд нэг салбарт, нэг дүүрэгт тасралтгүй ажилласны 30 жил 6 сард нь удирдах албан тушаалд ажилласан. Энэ хугацаанд хариуцсан ажлаа хууль дүрэм, журмын дагуу гүйцэтгэж удирдан ажиллаж байсан байгууллага маань салбартаа болон дүүрэгтээ ажлаараа тогтмол "Бүрэн хангалттай" үнэлэгдэн удаа дараа шилдэг байгууллагаар шалгарч манлайлан ажилласны зэрэгцээ би өөрийн удирдлагад ажиллаж байсан ажилтнуудаас ажлаас нь хууль бусаар халж чөлөөлөх үйлдэл нэг ч гаргаж байгаагүй. Миний бие Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өмнө нь төрийн албанаас чөлөөлөгдөж шүүхийн тогтоолоор Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар томилогдсон Б.А*******ийг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн мөн төрийн өмчийг хувьдаа завшсан, төрийн байгууллагын албан бичиг баримтыг урж устгасан үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 тоот тушаал гарган төрийн албанаас чөлөөлсөн боловч Б.А******* нь шүүхэд маргаан үүсгэж шүүхийн тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар эргэн томилогдсон. Б.А*******т шүүхийн тогтоолд заасан төлбөрийг төлж барагдуулсан. Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар ажиллаж байсан Б.А*******ийг төрийн албанаас чөлөөлөгдөөд эргэн томилогдох хүртэлх 1 жил 4 сарын хугацааны 9 сар гаруй хугацаанд нь тус албан тушаалд хүн томилолгүй Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын хийж гүйцэтгэх ажил үүргийг Хэлтсийн даргын ачаалал өндөртэй ажлынхаа зэрэгцээ гүйцэтгэн илүү олон цагаар ажиллаж байсан. Байгууллагаас Б.А*******т олгосон 8,975,919 төгрөг нь төрд учирсан хохирол биш гэж би үзэж байгаа юм. Учир нь 1 жил 4 сарын хугацааны 9 сар гаруй хугацаанд нь тус албан тушаалд хүн томилон цалинжуулж ажиллуулаагүй, үлдсэн 6 сар гаруй хугацаанд нь Д.А******* гэдэг хүнийг томилж Б.А*******ийн авч байсан цалин хөлснөөс 1 дахин бага цалин хөлс олгож ажиллуулсан. Б.А*******ийг шүүхийн тогтоолоор эргэн томилогдоход нь өөр хэн нэгэнд цалин давхардуулан олгоогүй, ажиллаад авбал зохих байсан цалинг өөрт нь олгосон. Дээрх нөхцөл байдлаас Б.А*******т олгосон нөхөн төлбөрийн 8,975,919 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол төрд учруулаагүй гэдэг нь харагдаж байгаа юм. Үүнээс гадна Б.А******* ажиллаагүй 1 жил 4 сар гаруй хугацаанд байгууллага доторх уур амьсгал эерэг, төрийн албан хаагчдад нөлөөлж байсан сөрөг, ёс зүйгүй нөлөөлөл байхгүй, ажлын үр дүнд сайнаар нөлөөлж байсныг энд тэмдэглэх нь зөв гэж үзэж байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 2022 оны 01 дүгээр сард өндөр насны тэтгэвэртээ гарсан иргэн надаас хохирол төлөхийг шаардах эрхийн үндэслэл байхгүй. Уг нь 2019 оноос хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтад "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсен, түр чөлөөлсөн, халсныг төрийн албан төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж заасан байна. Б.А*******ийг Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалаас 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/09 тоот тушаал гарган чөлөөлснөөс хойш Төрийн албаны зөвлөл хохирол төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тооцож үзэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Намайг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд төрийн албаны хууль тогтоомжийн дагуу Хэлтсийн даргыг томилох эрх бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд дүүргийн Хэлтсийн дарга эд хөрөнгийн ямар нэг хариуцлага (бүрэн, хагас) хүлээх заалт огт тусгагдаагүй учраас би нэхэмжилж буй төрд учруулсан хохирол гэх 8,975,919 төгрөгийг төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй болно. Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана." гэж заасан. Төр хариуцаад төлбөрийг нь төлж барагдуулсан гэж үзэж байна. Миний бие нөхрийн хамт ам бүл хоёулаа амьдардаг. Бид 2 насаараа төрийн албанд ажилласаар өндөр насны тэтгэвэртээ гарсан. Өөрсдийн орон байр, аж ахуй, бизнес байхгүй. Нөхөр маань зүрхний хүнд өвчний улмаас эмчийн хяналтад байж байнга эм тариа хэрэглэдэг. Тэтгэврийн мөнгөө байр, хоол хүнс, эм тарианд зарцуулж амьдарч байгаа өндөр настан иргэнд хандсан Төрийн албан зөвлөлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжилсэн төлбөрөөс чөлөөлж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие төрд 37 сар 6 сар ажиллаад өндөр насны тэтгэвэрт 2021 онд гарсан. Ажил хийж байх хугацаандаа Б.А*******ийг төрийн албаны ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа, төрийн албанд муу нөлөө үзүүлж байгаа, ажил төрлөө хийхгүй байгаа, төрийн эд хөрөнгийг хувьдаа ашигладаг гэх мэт олон шалтгаанаас болж байгууллагынхаа дотоод журмыг үндэслээд Б.А*******ийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Энэ хүн үнэхээр төрийн албанд нийцэхгүй, ёс зүйгүй байсан. Гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байгаа. Миний гаргасан шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөл мөн адил үндэслэлтэй гэж үзсэн. Төрийн албаны тухай хууль нь төрийн албан хаагчдын эрх зүйг зохицуулдаг хууль. Миний бие өнөөдөр төрийн албан тушаалтан биш. Би ямар нэгэн байдлаар Б.А*******ийг хувийн асуудлаар болон Улс төрийн асуудлаар ажлаас чөлөөлөөгүй. Энэ хүний гаргасан үйлдэл үнэхээр төрийн албанд байж болохгүй байсан учраас тухайн үед шийдвэрээ гаргасан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс ч үүнийг нотлоно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан төрд учирсан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Б*******гийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар Б.А*******ийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалаас чөлөөлжээ. /х.х 7 тал/

 

Дээрх тушаалыг Б.А*******ээс эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.А*******ийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын тушаалд эгүүлэн тогтоож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийж, ажилгүй байсан хугацааны цалин 9,021,025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна. / х.х 12-23 тал/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрт хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаас давах болон хяналтын шатны журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор тус тус хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. /х.х 24-34 тал/

 

Дээрх шийдвэрүүдийн дагуу 2018 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар дуусталхи хугацааны цалинд 8,118,922.50 төгрөгийг Б.А*******т олгосон, 856,997.38 төгрөгийн ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлийг төлсөн баримт хэрэгт авагдсан байна. /х.х 8-10 тал/

 

Улсын дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 122 дугаар тогтоолд ...Төрийн албаны тухай хуулийн /2002 оны 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар "тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан" хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар заасан байдаг, харин нэхэмжлэгч Б.А*******ийн байгууллагын гадуур ажлын бүртгэлийн дэвтрийн хуудсыг урж, нөхөж бичсэн үйлдэл нь тухайн байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл мөн боловч /зөрчил гаргасан нь тогтоогдсон байна/ энэ нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан "төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн хамгийн хүнд сахилгын шийтгэлийг хүлээлгэхүйц ноцтой зөрчил гэж үзэхээргүй...

Мөн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын /тус хэлтсийн даргын 2016 оны А/05 дугаар Тушаалаар батлагдсан/ 5.8.6-д байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа цаг бүртгэлийн... дэвтэр... -ийг устгах, засварлах, өөрчлөх" нь 5.8-д зааснаар Схеделмерийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах"-аар...,

 

Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 44 тоот албан бичигт Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр томилсон Маргаан хянан шийдвэрлэх ажлын хэсэг таны өргөдлийг хянан үзээд, яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн болно. Маргаан хянан шийдвэрлэх ажлын хэсгээс таны гомдлыг холбогдох хууль журмын хүрээнд судалж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б.А*******ийг ажлаас чөлөөлөх тухай №Б/09 дүгээр тушаал нь үндэслэлтэй байх тул тушаалыг хэвээр үлдээх саналтай байна гэж дүгнэснийг салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд Дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ гэжээ.

 

Улсын дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 122 дугаар тогтоолд ... аливаа төрийн захиргааны байгууллагын дотоод журам нь Төрийн албаны тухай хуулиараа хамгаалагдсан төрийн албан хаагчийн баталгаа, түүнчлэн төрийн албанаас халах болон чөлөөлөх зохицуулалтын зорилго, зарчимд нийцсэн байх учиртай. Харин хариуцагч байгууллагын дотоод журмын дээрх заалт нь хүчин чадлын хувьд дээд эрэмбийн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг хэрэглэх үндэслэл болохгүй... гэж шүүх дүгнэжээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Б.А******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын /2016 оны А/05 дугаар Тушаалаар батлагдсан/ 5.8.6-д байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа цаг бүртгэлийн... дэвтэр... -ийг устгах, засварлах, өөрчлөх" нь 5.8-д зааснаар Схеделмерийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарах зөрчлийг гаргасан болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн албан бичгүүдээр тус тус тогтоогдож байгаа боловч хөдөлмөрийн дотоод журмын заалт нь хүчин чадлын хувьд дээд эрэмбийн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг хэрэглэх үндэслэл болохгүй үндэслэлээр Б.А*******ийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байгаа ажилд томилж, ажилгүй байсан хугацааны олговор олгосон нь дан ганц хариуцагчийн гэм буруутай үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг бие даан хянаж, гүйцэтгэж байгаагийн хувьд Төрийн байгууллагад мөрдөгдөж буй Хөдөлмөрийн дотоод журам хуульд нийцэж байгааг хянах, дээрх зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, мөн Б.А******* нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан байдал тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг шүүх бүрэлдэхүүн явуулсан болно.

 

Шүүх хэргийн оролцогчдоос шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагчийн өмгөөлөгч П.С******* татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан.

 

Ийнхүү хэргийг агуулгаар нь хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэг дуусаж буй нэмэлт тайлбарын үе шатанд шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах тайлбар нь татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол" гэх үндэслэлд хамаарахгүй болно.

 

Учир нь тус хэргийг өмнө Ц.Оюунбилэг, Б.Гончигсумлаа, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй хянаж байсан болно. Шүүгч Н.Гэрэлтуяа нь Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс тус шүүхэд томилолтоор ажиллаж, томилтын хугацаа дууссан. Шүүгч Б.Гочигсумлаагаас хариуцагчийн өмгөөлөгч татгалзсан татгалзлыг бүрэлдэхүүн хүлээн авсан. Иймээс тус өдрийн шүүгчдийн зөвлөгөөний сугалаагаар Б.Мөнхжаргал, Д.Энхцэцэг нар сонгогдон, бүрэлдэхүүн хуульд зааснаар маргааныг хянан шийдвэрлэсэн. Тус шүүх нь долоо хоног бүрийн Пүрэв гаригт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан үндэслэлээр гомдлын хуралдааныг явуулдаг бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгч бүх гомдлын хурлыг даргалдаг учраас бүрэлдэхүүн албажуулсан захирамжид гарын үсэг зураагүй, шүүхийн нэгдсэн сүлжээнд бүрэлдэхүүн албажуулсан дугаар, захирамжийг оруулж, хуралдааныг хийсэн болно.

 

Иймээс дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь шүүхийн хууль ёсны ажиллагааг хүсэлтийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна. Нөгөөтээгүүр өмгөөлөгчөөс шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эсэх үндэслэлийг дэгийн дагуу тодруулахад, татгалзаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, эсхүл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, эсхүл хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал шүүх хуралдааны үед бий болсон бол шүүгч болон шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлтэй байна.

 

Харин дээрх үндэслэлээр хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий байдал эргэлзээ гэж үзэж болохгүй юм. Учир нь тухайн үйл ажиллагаа нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүний хууль ёсны үйл ажиллагаа бөгөөд үндэслэл бүхий эргэлзээ-г бий болгосон гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин хэргийн оролцогч өөрийн хүсэлт, үйл баримтыг шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

 

Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д зохицуулсныг шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үөдээ шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж ойлгох нь учир дутагдалтай. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад хамааралтай болно.

 

Шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно. Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн ажиллагааг шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулах эсэхийг шийдвэрлэх, шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах шүүгчийн ажиллагаанаас зааглах хэрэгтэй. Иймд дэгийн дагуу шүүх бүрэлдэхүүнээс татгалзах татгалзан гаргах үе шат дуусаж хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарсан хүсэлтийг шүүх дэгийн дагуу хүлээн авалгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б*******д холбогдох төрд учирсан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

Д.ЭНХЦЭЦЭГ