Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/139

 

 

 

 

 

 

2022              2                8                                        2022/ДШМ/139

 

 

Г.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Очмандах, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2105018371452 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Г-н О, 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ш” ХХК-д туслах ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Бага Нарангийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Рашаантын .. дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:..../,

 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил, 6 сар хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар 14 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар, 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил, 3 сар, 14 хоногоор тогтоож, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

 Шүүгдэгч Г.О нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 6 дугаар давхарт хохирогч И.С-н эзэмшлийн чаннэл /chanel/ брэндийн түрийвч, 2.000 иен 10 ам.доллар бэлэн 6.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэн авч нийт 218.306 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214в байрны цахилгаан шатанд хохирогч Б.Н-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Г.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хатиган овогт Г-н О-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.О-г 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.О-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт 1 хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Н-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-с 872.306 төгрөг гаргуулж хохирогч И.С-д олгож, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдах гомдолдоо: “Миний бие 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/787 дугаар тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Миний хэргийг тодорхойлбол 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны орцонд хохирогч С.С-н чанел брендийн түрийвч 2.000 иен, 10 ам.доллар, бэлэн 6.000 төгрөг зэргийг авч 218.306 төгрөгийн хохирол учруулсан. Би 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст баригдаж батлан даалтад байх хугацаандаа 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бичиг хэргийн дэлгүүрээс бэлнээр 5.200.000 төгрөг авсан үйлдэл гэх энэхүү 2 хэргийг нэгтгэн нэмж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул мөрдөн байцаах шатанд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Дахин гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэн ял оногдуулах боломжтой. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.О нь 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны 6 дугаар давхарт хохирогч И.С-н эзэмшлийн чаннэл /chanel/ брэндийн түрийвч, 2.000 иен 10 ам.доллар бэлэн 6.000 төгрөг зэргийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэн авч нийт 218.306 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 214в байрны цахилгаан шатанд хохирогч Б.Н-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.С-н “...Тэгээд тэр залуу над руу хараад зогсоод байхаар нь би доошоо гүйлгээд харахад гартаа чулуу барьсан байсан. Тэгээд шууд намайг “мөнгөө гаргаад ир” гэж сүрдүүлэх үед түрүүвчээ уудалж байгаа дүр үзүүлэх үед лифт зургаан давхарт зогсоод тэр залуу намайг буулгахгүй байсан. Би түлхэж гараад орцонд хоорондоо ноцолдох үед намайг ёс бус үгээр хэлж, намайг цохих гэж оролдох үед гарыг нь бариад ноцолдож гарт нь байсан чулуу хаягдсан. Дараа нь миний хоолойг боогоод, нөгөө залууг түлхэж өөрөөсөө холдуулаад “туслаарай” гэж орилох үед нөгөө залуу буланд байсан миний түрийвчийг аваад зургаан давхрын шатаар буугаад зугтаасан. ...” /хх 22-23/,

хохирогч Б.Н-н “...Тэгээд лифтэнд суухад араас нэг үл таних эрэгтэй хамт суугаад би 4 давхарт дараад буух дөхөж байхад хажуугаас “мөнгө байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “байхгүй” гэж хэлээд лифтний хаалга онгойлгоод намайг яг лифтнээс буухад араас өшиглөхөөр нь орилоод манай гэрийнхэн гарч ирэхэд тэр залуу аль хэдийн лифтээр буусан байсан. ...” /хх 81/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №БГ1-21-323 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 44-45/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 48-56/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 57-58, 98-99/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Г.О-т тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.О “...Би 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бичиг хэргийн дэлгүүрээс бэлнээр 5.200.00 төгрөг авсан үйлдэл гэх хэргийг энэ хэрэгт нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хавтас хэргийг судлахад, шүүгдэгч Г.О-н гаргасан давж заалдах гомдолд дурдсан үйлдэл байгаа эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байна.

Иймд шүүгдэгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/787 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.О нь энэ өдрийн байдлаар 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                 Д.ОЧМАНДАХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ