Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2023/0795

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б /РД:/                                           

Хариуцагч: Т*******,*******

Хариуцагч: О******* газрын дарга

Гуравдагч этгээд: Л.У /РД: / нарын хооронд үүссэн О******* газрын Хяналт, шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэр, Нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоол болон О******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагч О******* газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч Т*******н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Т*******,*******ийн О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах;

1.2. Т*******н,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай "нэр дэвшүүлж, санал болгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах;

1.3. О******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Нэхэмжлэгч Д.Б нь 1997 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн төрийн албанд томилогдож, О******* газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар тус газрын Хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ.[2]

2.2 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Тушаалын хавсралтыг шинэчлэн батлах тухай А/185 дугаар тушаалаар О******* газрын орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, хоёрдугаар хавсралтын 31-д Хяналт шалгалтын газрын дарга, эрхэлсэн түшмэл, ТЗ-11 гэж заажээ.[3]

2.3. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 477 дугаар тогтоолоор О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийг Эрхэлсэн түшмэл, ТЗ-11 байхаар тусгажээ.[4]

2.4. Улмаар дээрх шийдвэрүүд болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн О******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Д.Б******* тус газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилжээ.[5]

2.5. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусахаас өмнө тусгай шалгалтыг зохион байгуулах тухай зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[6]

2.6. О******* газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/663 дугаар албан бичгээр О******* газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хяналт шалгалтын газрын дарга зэрэг 6 албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлах захиалгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргад хүргүүлжээ.[7]

2.7 Энэхүү захиалгын дагуу төрийн албаны шалгалтын цахим системд, шалгалтын зарыг байршуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор О******* газрын удирдах албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шалгалтын Комиссыг байгуулжээ.[8]

2.8. Салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад 3 иргэн оролцож өрсөлдсөнөөс Л.У 92 оноогоор, Д.Б нь 72 оноогоор дүгнэгдэж Төрийн албаны шалгалтын цахим системд нийтлэгдсэнийг нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.[9]

2.9. Т*******,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд Л.У******* томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар уг албан тушаалд томилохыг О******* газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.[10]

2.10. О******* газраас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Б******* албан тушаалаас чөлөөлөх талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сонсох ажиллагааны тайлбарт хариу өгөх тухай 2/122 дугаар албан бичгийг Д.Бд тус тус хүргүүлжээ.[11]

2.11. Улмаар тус газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар Д.Б******* албан тушаалаас чөлөөлжээ.[12]

2.12. Д.Б нь ажлаас чөлөөлсөн шийдвэр болон Хяналт шалгалтын газрын албан тушаалын сонгон шалгаруулалтыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/758 дугаар албан бичгээр холбогдох шийдвэр, үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй талаар хариу өгчээ.[13]

2.13. Маргаж буй албан тушаал буюу О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд тус газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Л.У******* томилжээ.[14]

2.14. Нэхэмжлэгчийн зүгээс ... миний ажиллаж байсан Хяналтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд хэвээр батлагдсан...,байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас томилох ёстой байсан...,чиг үүрэг хэвээр хадгалагдсан учраас үргэлжлүүлэн ажиллуулах байтал сонгох шалгаруулалт зарлаж, ажлаас чөлөөлсөн нь хууль бус..., шалгалтын бүртгэл хаагдахаас урд өдөр нь хүний нөөцийн ажилтан орж ирээд Та энд бүртгүүлээрэй, шалгалтад орохоор болсон шүү гэсэн. Тийм учраас би энэ шалгалтад тодорхой бэлтгэлгүй орсон. Ийм учраас үүнийг шударга бус гэж үзэж байна..., Сул орон тоо гараагүй гэдгийг миний хувьд нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэл болгож байгаа..., Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдөр энэ Д.Б гэдэг хүнийг ажлаас халах, чөлөөлөх, төрийн албанаас гаргах үр дагаврыг үүсгэхгүй гэж үзэж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.15. Хариуцагч О******* газрын даргын зүгээс татгалзлын үндэслэлээ ...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/185 дугаар тушаалаар О******* газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ангилал, зэрэглэлийг шинэчлэн батлагдсан тул Хяналт шалгалтын газрын дарга Д.Б******* түр томилсон..., тус албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийн дагуу тусгай шалгалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан иргэн Л.У******* томилсон..., хууль заасан сонсох ажиллагааг хийж тодорхой үндэслэлээр Д.Б******* ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

2.16. Хариуцагч Т*******н*******ийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ ... О******* газраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/663 тоот албан бичгээр О******* газрын нэр бүхий удирдах албан тушаалтнууд дээр сул орон тоо гарсан тул сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэсэн захиалгыг холбогдох бичиг баримтад хавсарган ирүүлсний дагуу тусгай шалгалтыг зарласан. Тийм учраас тусгай шалгалт зарласан шийдвэр нь хүчингүй болох үндэслэлгүй юм. Т*******, дотоод хэргийн яамны салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоол буюу Л.У******* нэр дэвшүүлж байгаа тогтоол нь тухайн шалгалтын комисс нь шалгалтын холбогдох материалыг цахимаар хүлээн аваад ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянаад оролцогчийг бүртгэж, шалгалтыг авдаг. Тухайн шалгалтад зөвхөн Л.У, Д.Б гэсэн 2 хүн оролцсон биш. Иргэн Х бас оролцсон. Тухайн Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаал дээр 3 хүн өрсөлдөж сонгон шалгаруулалтад оролцсон. Гурвуулаа тэгш боломжоор хангагдсан. Гурвуулаа шалгалтдаа ороод зохих журмын дагуу үнэлгээгээ авсан. Тухайн салбар зөвлөлийн эрх хэмжээ нь тухайн шалгалтад оролцож нэгээр эрэмбэлэгдэн нэгт жагссан этгээдийг тухайн байгууллагад нэр дэвшүүлэхээр санал болгох үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд саяны нэр дурдсан журмын 7.2-т заасны дагуу хамгийн өндөр оноо авсан иргэн Л.У******* нэр дэвшүүлсэн. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

2.17. Гуравдагч этгээдийн зүгээс ... О******* газрын Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад миний бие оролцож, улмаар шалгалтын үр дүнгээр холбогдох хууль, журмын дагуу уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа болно ... гэх агуулгаар тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би Д******* овогтой Б. Төрийн албанд 26 жил ажилласан. О******* газарт 26 жил ажилласан. Ажлаа хийж явж байтал сая 2023 оны 01 дүгээр сард төрийн албаны шалгалтад орно гээд манай О******* газрын дарга Г.Э******* хэлсэн. Надтай хамт манай газрын 4, 5 хэлтсийн дарга бүгдээрээ шалгалтад орсон. Тухайн үед надад шалгалтын тухай хэлээгүй. Надад бэлдэх боломж ч өгөөгүй. Нэг мэдсэн манай хүний нөөцийн мэргэжилтэн орж ирээд Та маргааш энэ шалгалтад орж бүртгүүлнэ шүү гэсэн. Тэгэхээр нь би ороод үзэхэд шалгалт зарлагдсан байсан. Миний ажлын байранд Хууль зүй, дотоод хэргийн яамны салбар зөвлөлөөс шалгалт зарлагдсан байсан. Тэгээд бүртгүүлсэн бүртгэлийг нь харсан. Тэгэхэд манай газар ажилладаггүй, шилжиж ирсэн Л.У гэдэг хүн надтай цуг өрсөлдөхөөр болсон байсан. Ингээд бид шалгалтад орсон. Учир нь Г.Э******* дарга бүх газрын дарга нар шалгалтад ор гэдэг үүрэг чиглэл өгсөн. Тэгээд хэлтсийн дарга байж байгаад газрын дарга болсон гэсэн үндэслэлээр шалгалтад ор гэсэн. Шалгалтад ороод би 72 оноо авсан. Надтай өрсөлдсөн манай газарт ажиллаж байсан Л.У гэдэг эмэгтэй надаас өндөр оноо авсан гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөөд Л.У******* миний ажлын байранд томилсон. Би тухайн үндэслэлийг шударга бус гэж үзэж байгаа. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой байна гэсэн зарчимтай. Түүнчлэн мерит зарчмаар явагдана. Би шүүхэд гомдол гаргахдаа бичсэн. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1.3-ыг баримтлаад намайг газрын даргаар шууд томилох ёстой байсан. Хоёрдугаарт, 2022 оны 09 дүгээр сард биднийг газрын даргаар томилсон Г.Э******* даргын тушаал гарсан. Энэ тушаалыг тухайн үед Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу түр томилсон юм байна лээ. Тушаал дээр нь түр гэсэн үг, үсэг байхгүй. Тэрийг надад биечлэн танилцуулаагүй. Яаж танилцуулсан бэ гэвэл манай албан хаагчдыг бүгдийг нь хурлын зааланд суулгаж байгаад уншсан. Ийм учраас Д.Б******* Хяналт, шалгалтын газрын даргаар, өөр жишээ нь С.Уийг Аж үйлдвэрийн өмчийн газрын даргаар томиллоо гээд томилсон юм байна гэж би ойлгосон. Сүүлд шалгалт зарласантай холбоотойгоор тэр тушаалыг би олж үзсэн. Гэтэл Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн иар томилсон гэж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол төрийн алба шууд томилно гэсэн заалт байгаа. Тэгэхээр би Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Дараа нь Хяналт, шалгалтын газрын даргаар томилогдсон. Үүн дээр ажлын байрны тодорхойлолтод чиг үүрэг өөрчлөгдөөгүй, яг тэр хэвээр нь батлагдсан. Үүнтэй адил жишээлбэл, Үндэсний хөгжлийн газар Эдийн засаг, үндэсний хөгжлийн яам болж өөрчлөгдсөн. Тэгэхэд Үндэсний хөгжлийн яамныхан 62.1.3 гэдэг заалтыг барьж бүх албан хаагчдаа томилсон. Мэдээлэл технологийн газар Цахим хөгжил, харилцаа холбооны яам болж өөрчлөгдсөн. Тэгэхэд мөн яг энэ заалтаар ажилтнуудаа томилсон гэж би үзсэн. Мөн миний ажлыг хийж байгаа Л.У гэдэг хүний талаар ганц, хоёр зүйл хэлэх гэсэн юм. Л.У******* Улсын бүртгэлийн ерөнхий газар руу Хүний эрхийн комиссоос шилжүүлсэн байсан. Тэрийг О******* газарт шилжүүлэн авчиръя гэдэг хүсэлтийг 2022 оны 10 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт Г.Э******* дарга гаргаад шилжүүлж авчирсан байгаа юм. Төрийн албаны хуулийн 44 дүгээр зүйлийн 1-д заасан байдаг. Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож шилжүүлж ажиллуулна гэсэн заалт байгаа юм. Зайлшгүй шаардлага гэдгийг доор нь тайлбарласан. Албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх гэж байгаа юм. Би Л.У гэдэг эмэгтэйг О******* газрын миний ажиллаж байсан Хяналт, шалгалтын газарт миний доор шилжиж ирэх нь буруу гэж үзэж байгаа. Яагаад гэвэл мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар гээд энд заачихсан. Л.У гэдэг эмэгтэй өмнө нь о******* салбарт, О******* газарт ажиллаж байсан ямар нэгэн туршлага байхгүй. Ямар үндэслэлээр яагаад энд ирж байгааг би бас гайхаад байж байна. Оюуны өмч гэдэг нь өөрөө ажлынхаа хувьд хүнд ажил. Ялангуяа О******* газрын Хяналт, шалгалтын газрын дарга гэдэг бол о******* мэргэшсэн, тухайн салбартаа олон жил ажилласан хүн ажиллах шаардлагатай байдаг. Гэтэл энэ эмэгтэй ерөөсөө о******* салбарт ажиллаж байгаагүй. Ямар нэгэн о******* талаар туршлага байхгүй. Тийм хүнийг зайлшгүй шаардлагатай байна гээд авчраад миний доор томилчихсон. Юу гэж хэлсэн бэ гэвэл Энэ эмэгтэй доор чинь шилжиж ирж байгаа, манайд ирж байгаа. Наад хүндээ юм сайн зааж өгөөрэй. гэж Г.Э******* дарга маань ярьдаг. Тэгсэн нөгөө хүн нь надтай өрсөлдсөн. Энэ хүн 2022 оны 10 дугаар сард ирээд 2023 оны 01 сард шалгалт болтол ямар нэгэн ажил хийгээгүй. Шалгалтад бэлдээд сууж байсан. Одоо ч хүмүүс, сэтгүүлч нар ярьж байна. Энд тэнд хурал зөвлөгөөн болж байна, таны ажлыг авсан Л.У гээд эмэгтэй чинь яриа өгөөч гэхээр би ярьж чадахгүй, шинэ хүн гээд өрөөндөө ороод ороод хаалгаа түгжээд суудаг гэдэг. Ийм л хүн авчирсан. Жишээлбэл өнгөрсөн долоо хоногт Олон суваг дамжуулагчдын холбоо гээд зохиогчийн контенттой холбоотой семинар болсон. Нэхэмжлэгч Д.Б: Ахиад нэг зүйл хэлэхэд энэ Л.У, одоо энд сууж байгаа Д.А дарга, Г.Э******* дарга гурав Хууль зүйн яаманд цуг ажилладаг байсан, нэг газарт байсан хүмүүс. Тэгээд ийм шударга бус юм хийгээд, ямар нэг ашиг сонирхол байна гэж үзэж байна. Шалгалтын талаар би ерөөсөө мэдээгүй. Шалгалт зарлаад 14 хоногийн дараа шалгалт явагдсан. Бүртгэл хаагдахаас урд өдөр нь хүний нөөцийн ажилтан орж ирээд Та энд бүртгүүлээрэй, шалгалтад орохоор болсон шүү гэсэн. Тийм учраас би энэ шалгалтад тодорхой бэлтгэлгүй орсон. Ийм учраас үүнийг шударга бус гэж үзэж байна. Дээр дурдсан төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Миний гомдлыг хуулийн дагуу, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргах үед зарим эрх зүйн актууд огноо дугаар нь тодорхойгүй эсвэл тодорхойлох боломжгүй байсны улмаас эхний шаардлага ерөнхий агуулгаараа гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ тогтоол ирсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд тухайн тогтоолоос өөр тогтоол байхгүй, тэр тогтоолоор сонгон шалгаруулалт зарласан гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбараараа хэллээ. Хэргийн нөхцөл байдал ч гэсэн ийм дүгнэлт хийхэд хүргэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлоход 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаар тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоол бол Төрийн албаны салбар зөвлөлд холбогдсон гомдлын шаардлага гэж ойлгоно. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаад, гомдол гаргаснаасаа хойш шүүхэд хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаад өнөөдөр хэргээ анхан шатны журмаар шийдвэрлүүлж байна. Нэхэмжлэгчийн хувьд хамгийн эхэнд төрийн албан хаагч эсэхийг шүүх дүгнээсэй гэж хүсэж байна. Тухайлбал, төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо тухайд нэхэмжлэгч Д.Б хуульд заасан баталгаануудыг эдэлнэ. Төрийн албаны тухай хуулийн 61, 62 дугаар зүйлд төрийн албан хаагчийн баталгаа тодорхойлогдсон. 62 дугаар зүйлийн 62.1.1-д энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, 62.1.3-д төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах, 62.1.4-д төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох гэж зохицуулсан. Энэ зохицуулалтууд хуулиар баталгаа болгож хуульчлагдсан. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно., 49.2-т Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно. гэж хориглох үйл ажиллагааг 49.1, 49.2-оор зохицуулсан. Өнөөдөр Д.Б гэдэг иргэний хувьд доод шатнаас нь авхуулаад удирдах албан тушаал хүртлээ шатлан дэвшээд О******* газартай амьдралаа холбоод Хяналт, шалгалтын газрын дарга, хэлтсийн дарга болтлоо ажиллаад ирсэн. Энэ албан хаагчийн хувьд өнөөдөр ажилгүй, 26 жил ажилласан байгууллагаасаа халагдсан. Ямар нэгэн байдлаар төрийн албан хаагчийн баталгааг эдлээгүй, 2023 оны 02 дугаар сараас хойш хохироод явж байна. Сул орон тоо гараагүй гэдгийг миний хувьд нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэл болгож байгаа. Энэ нь үндсэн гурван нэхэмжлэлийн шаардлагатай бүгдтэй нь хамааралтай асуудал. Сул орон тоо гэж юуг ойлгох вэ гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 3.1.4-д заасан. Үүнийг төрийн албаны чөлөөлсөн гэдэг үндэслэлд хамаарна гэдгийг хариуцагч тайлбартаа хэлж байна. Төрийн албан тушаалаас нь чөлөөлөөд буцаагаад төрийн албанд томилсон шийдвэрийг 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/40 дүгээр тушаалаар гаргасан. Д.Б******* тухайд албан тушаалаас чөлөөлөгдөөд албан тушаалд томилогдсон. Төрийн албанаас энэ хүн чөлөөлөгдөөгүй. Төрийн албан хаагч гэж тооцогдохгүй байх үр дагавар нэхэмжлэгчийн хувьд үүсээгүй. Б/40 гэдэг тушаал нэхэмжлэгчид эрх зүйн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулсан үр дагаврыг бий болгоогүй гэж нэхэмжлэгч үзэж байгаа. Хяналт, шалгалтын хэлтсийн даргаас чөлөөлөөд эргээд газрын даргад томилсон байгаа юм. Үүгээр цалин хөлсөө аваад, хийдэг байсан ажлаа хийгээд явж байсан. Энэ хугацаанаас хойш төрийн жинхэнэ албан хаагч байхаа больсон, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй. Энэ хүний хувьд Төрийн албаны тухай хуулийн 49-д заасан хориглох үйл ажиллагаа гэдэг хориглолтууд хамаарахгүй гэдэг агуулга байж болохгүй гэж үзэж байна. Ингээд сул орон тоо гараагүй байхад, хуульд заасан 3.1.4 гэдэг үндэслэл бүрдээгүй байхад тусгай шалгалт зарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 нь тусгай шалгалтын зохицуулалт. Төрийн албаны тухай хуулийн 18.1-т заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдол авна гэж байгаа юм. Тэгэхээр албан тушаалын ангилал хооронд шилжихэд энэ хүн тухайн шилжиж ажиллаж байгаа, дэвшиж ажиллаж байгаа албан тушаалынхаа ангилалд нийцэх төрийн албан хаагч мөн үү гэдгийг шалгах ёстой. Өөрөөр хэлбэл 72 оноо авсан гэдэг нь тухайн төрийн албан тушаалтан ТЗ-11-т тэнцэнэ гэдгийг илэрхийлж байна. Шугам татаад магадгүй 70-аас доош тэнцэхгүй, 70-аас дээш тэнцэнэ гэдэг зохицуулалт байхгүй. 72 оноогоор тэнцсэн, энэ хүн ажил албан тушаалаа хийж чадна. Чадахуйн мерит зарчим, мэргэшсэн тогтвортой байх зарчмуудын хүрээнд тухайн албан тушаалд ажиллах эрхтэй албан хаагч байсан гэж үзэж байна. Одоо журмаараа 60 онооны босготой, түүнийг давсан тохиолдолд жишээ нь 61-ээр тэнцсэн, 60.1-ээр тэнцсэн албан тушаалтан тэнцэнэ гэж үзэх юм. Энэ үндэслэлээр тусгай шалгалтад ороод тэнцээд ур чадвар нь байгаа албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөөд байгаа энэ тушаал үндэслэлгүй байна. ******* дугаар тушаал чөлөөлөх тухайд ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр энэ хүнийг чөлөөлөөд байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т хуульд үндэслэх зарчим, Үндсэн хуулийн 1.2-т хууль дээдлэх зарчим төрийн үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчим байна гээд хуульчлагдсан байдаг. Яагаад хуульд үндэслэхгүйгээр шийдвэр гаргаад байгаа юм бэ? Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2 гээд байгаа заалт нь бүгдийг цуглуулахгүй байх, нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх гэдэг зохицуулалт болохоос биш төрийн албан хаагчийг түр томилно, хална, чөлөөлнө гэдэг утга агуулгатай зохицуулалт биш. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдөр энэ Д.Б гэдэг хүнийг ажлаас халах, чөлөөлөх, төрийн албанаас гаргах үр дагаврыг үүсгэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч үргэлжлүүлээд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Б/12 гэдэг тушаалаар Л.У******* томилсон. Бид Б/12 дугаар тушаалтай маргаагүй. Хэрвээ энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-аар урьд эрхэлж байсан ажилдаа шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож байгаа бол одоо ажиллаж байгаа хүн чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байгаа. Тийм учраас бид Б/12 дугаар тушаалтай маргах шаардлагагүй гэж үзсэн. Хуулиар энэ харилцааг зохицуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-т зааснаар ажиллуулж эхлүүлэх хүртэлх хугацаанд ажиллах ёстой байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахаар хуульчилсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмаар ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх бүтэн авч байсан 3 сарын цалингийн дунджаар цалинг тодорхойлоод нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой гэж үзэж байна. Тийм учраас Төрийн албаны зөвлөлийн 2 тогтоолыг болон О******* газрын даргын тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

3.3. Хариуцагч Т*******н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нэхэмжлэлдээ О******* газрын дарга, Т*******,*******д холбогдуулан 3 гомдол гаргасан байсан. Тухайн 3 гомдлын нэгдүгээр шаардлага нь Т*******, дотоод хэргийн дэргэдэх салбар зөвлөлийн О******* газрын Хяналт, шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах буюу тус яамны Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол буюу шалгалтын комисс байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, хоёрт нь Т*******,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр Нэр дэвшүүлж санал болгох тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагууд нь тус салбар зөвлөлд хамааруулсан шаардлага байгаа юм. Эхний шаардлагын тухайд тус яамны салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоол буюу Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам, загвар батлах тухай тогтоолыг үндэслэн төрийн албаны тусгай шалгалтыг явуулдаг. Тус журмын 2.5 дээр нь Эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарснаас 21-ээс илүүгүй хоногийн дотор сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Зөвлөл, Салбар зөвлөлд харьяаллын дагуу ирүүлэх бөгөөд дор дурдсан бичиг баримтыг хавсаргана гээд 2.5.1 дээр албан тушаалын тодорхойлолт, 2.5.2 дээр тухайн албан тушаалын сул орон тоо гарсныг нотлох шийдвэр-ийг ирүүлнэ гэсэн байна. Тус заалтын дагуу О******* газраас 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/663 тоот албан бичгээр О******* газрын нэр бүхий удирдах албан тушаалтнууд дээр сул орон тоо гарсан тул сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэсэн захиалгыг холбогдох бичиг баримтад хавсарган ирүүлсний дагуу тусгай шалгалтыг зарласан. Тийм учраас тусгай шалгалт зарласан шийдвэр нь хүчингүй болох үндэслэлгүй юм. Т*******, дотоод хэргийн яамны салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоол буюу Л.У******* нэр дэвшүүлж байгаа тогтоол нь тухайн шалгалтын комисс нь шалгалтын холбогдох материалыг цахимаар хүлээн аваад ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянаад оролцогчийг бүртгэж, шалгалтыг авдаг. Тухайн шалгалтад зөвхөн Л.У, Д.Б гэсэн 2 хүн оролцсон биш. Иргэн Х бас оролцсон. Тухайн Хяналт, шалгалтын газрын даргын албан тушаал дээр 3 хүн өрсөлдөж сонгон шалгаруулалтад оролцсон. Гурвуулаа тэгш боломжоор хангагдсан. Гурвуулаа шалгалтдаа ороод зохих журмын дагуу үнэлгээгээ авсан. Тухайн салбар зөвлөлийн эрх хэмжээ нь тухайн шалгалтад оролцож нэгээр эрэмбэлэгдэн нэгт жагссан этгээдийг тухайн байгууллагад нэр дэвшүүлэхээр санал болгох үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд саяны нэр дурдсан журмын 7.2-т заасны дагуу хамгийн өндөр оноо авсан иргэн Л.У******* нэр дэвшүүлсэн. Энэ нь ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй. Тийм учраас тухайн нэхэмжлэлийн 2 шаардлагыг хоёуланг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.4. Хариуцагч О******* газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О******* газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо чөлөөлөгдсөнөөр тухайн ажлын байрны ангилал, зэрэглэл өөрчлөгдсөн. Албан тушаалын зорилго, чиг үүрэг, тавигдах мэргэжлийн ур чадварын шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой бид хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон хүнийг томилох ёстой байсан. Ийм учраас бид Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтийг үндэслээд Д.Б******* хяналтын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ингэхдээ бид ямар нэгэн байдлаар төрийн албаны нөөцөд болон удирдах албан тушаалтны нөөцөд аваагүй. Энэ хүн иргэний хувьд төрд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу түр томилогдон ажиллаж байсан. Ингээд маргаан бүхий захиргааны акт гарах болсон үндэслэл мэдээж хэрэг Төрийн албаны тухай хуулийн 27.3-т заасны дагуу хамгийн өндөр оноо авсан иргэнийг сонгон шалгаруулж томилохыг санал болгож ирүүлсэн. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулаад Д.Б******* тухайн албан тушаал дээр үргэлжлүүлэн ажиллуулах хууль эрх зүйн үндэслэл дуусгавар болсон тул албан тушаалаас чөлөөлсөн. Ямар нэгэн байдлаар зохион байгуулалттайгаар гэдэг юм уу, өөрт нь мэдэгдээгүйгээр хийсэн гэдэг үйл баримт нотлогдохгүй. 2022 оны 09 дүгээр сард албан тушаалаас нь чөлөөлөөд 09 дүгээр сарын 19-өөс бид нар төлбөрийг нь төлөөд сургалаа, шалгалтад орно шүү, бэлдэж байна уу гээд бүх дарга нар, жишээ нь Аж үйлдвэрийн газрын дарга 32 жил ажилласан хүн бэлдээд ороод явсан. Өөрөө шалгалтаа өгөөд ирэхээрээ байгууллагаа ингэж муухайгаар харагдуулж, худлаа ярьж болохгүй. Бүх албан хаагч нар шалгалтыг өгч байгаа хэн нь хэдэн оноо авч байна гэдгийг систем дээр ил явж байсан болохоор хараад байж байсан. Манай байгууллага бүгд л хүлээж байсан. Энэ сайхан хамтран ажиллаж байсан зүйлийг худлаа үгээр битгий ингэж тайлбарлаач ээ. Энэ шүүх шүү дээ. Б/40 дүгээр тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн. Энэ чөлөөлсөнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй. Энэ тушаалыг нь бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. 01 дүгээр сарын 09-нд өөрөө мэдлээ гэхэд түүнээс хойш үүнтэй холбоотой намайг хууль бусаар чөлөөлчихлөө, төрийн албанаас чөлөөлсөн байна гэдэг асуудлаар маргаан гаргаагүй. Одоо ч гаргаагүй. Тиймээс бид нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

3.5. Гуравдагч этгээд Л.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Д.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан өөрийн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн бөгөөд уг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гуравдагч этгээд намайг биечлэн оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.[15]

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Т*******,*******ийн О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Маргаж буй Т*******,*******ийн О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэрийн эрх зүйн үндэслэл нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2 дахь хэсэг байна.

1.2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Төрийн захиргааны албан тушаалыг доор дурдсанаар ангилна: гээд, мөн зүйлийн 18.1.2 дахь заалтад эрхэлсэн түшмэл; гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: гээд, мөн зүйлийн 27.1.1 дэх заалтад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; гэж, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ гэж, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна: гээд, 33.2.2 дахь заалтад тусгай шалгалт гэж, мөн зүйлийн 33.3 дахь хэсэгт ... тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна гэж тус тус заажээ.

1.3.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 2.6-д Зөвлөл, Салбар зөвлөл сул орон тоо гарсныг нотлох шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзвэл энэ журмын 2.2, 2.3-т заасан дарааллын дагуу сул орон тоог нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн цахим хуудсаар зарлана гэж нарийвчлан зохицуулжээ.

1.4.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Тушаалын хавсралтыг шинэчлэн батлах тухай А/185 дугаар тушаалаар О******* газрын орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, хоёрдугаар хавсралтын 31-д Хяналт шалгалтын газрын дарга, эрхэлсэн түшмэл, ТЗ-11 гэж заажээ.[16]

1.5. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 477 дугаар тогтоолоор О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийг Эрхэлсэн түшмэл, ТЗ-11 байхаар тусгажээ.[17]

1.6. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал болон албан тушаалын тодорхойлолтод нийцүүлэх замаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн О******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Д.Б******* тус газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилсон байна.[18]

1.7. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл дуусахаас өмнө тусгай шалгалтыг зохион байгуулах тухай зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.[19]

1.8. О******* газрын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/663 дугаар албан бичгээр О******* газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл шинэчлэн батлагдсантай холбогдуулан Хяналт шалгалтын газрын дарга зэрэг 6 албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлах захиалгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн даргад хүргүүлжээ.[20]

1.9. Дээр дурдсан эрх зүйн хэм хэмжээ болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Тушаалын хавсралтыг шинэчлэн батлах тухай А/185 дугаар тушаалаар тус газрын Хяналтын хэлтсийн даргын орон тоо хасагдаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 477 дугаар тогтоолоор О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг эрхэлсэн түшмэлийн ангилал, ТЗ-11 зэрэглэл-д хамааруулан баталснаар шинээр бий болсон уг албан тушаалд тусгай шалгалт зарлах урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзнэ.

1.10.Нэхэмжлэгч Д.Б******* тухайд Хяналтын хэлтсийн дарга буюу ахлах түшмэлийн ангилал, ТЗ-10 зэрэглэлд ажиллаж байсан бөгөөд төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд буюу эрхэлсэн түшмэлийн ангилал, ТЗ-11 зэрэглэлд тусгай шалгалт өгснөөр томилогдох зохицуулалттай байх тул ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй тул тусгай шалгалт зарлах үндэслэлгүй, шууд дэвшүүлэн томилох үндэслэлтэй... гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

1.11. Тодруулбал, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс дурдсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтын төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах ... гэх хэсгийг хэрэглэх нөхцөл үүссэн гэж үзэхээргүй байна.

1.12. Түүнчлэн сул орон тоонд тусгай шалгалт зарлах захиалгыг үндэслэн Төрийн албаны шалгалтын цахим системд https://hh.csc.gov.mn/?sector_id=02001006&offset=1&limit=10 холбоосоор шалгалтын зарыг нийтэлсэн үйлдлийг бодит захиргааны акт гэж үзэх бөгөөд энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцсэн төдийгүй Д.Б******* түр томилогдсон ажиллаж байсан Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд тусгай шалгалт зарлаж, ангилал, зэрэглэл дэвшин ажиллах боломжийг бүрдүүлсэн нь Д.Бд эерэг үйлчлэлтэй захиргааны акт гэж дүгнэх үндэслэлтэй.

1.13. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбарлаж буй 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Шалгалтын комиссын бүрэлдэхүүн батлах тухай Т*******,*******ийн 01 дүгээр тогтоол нь захиргааны байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй шийдвэр байх тул захиргааны акт гэж үзэхгүй буюу тусгай шалгалт зарласан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.14. Иймд дээр дурдсан үндэслэлээр Т*******,*******ийн О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд Төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн бөгөөд Д.Б******* эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Т*******н,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1. Т*******,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд Л.У******* томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар уг албан тушаалд томилохыг О******* газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.[21]

2.2. Дээрх шийдвэрийн хууль зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, Салбар зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулах комиссын санал байна.

2.3. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг;, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: гээд, 27.1.1 дэх заалтад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; гэж тус тус заажээ.

2.4. Салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан сонгон шалгаруулалтад 3 иргэн оролцож өрсөлдсөнөөс Л.У 92 оноогоор, Д.Б нь 72 оноогоор дүгнэгдэж Төрийн албаны шалгалтын цахим системд https://hh.csc.gov.mn/attandanceWithScore/8c13b4b2-f5fa-4104-a6c4-570c7715533a холбоост нийтлэгдсэнийг нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.[22]

2.5. Дээр дурдсан үйл баримт болон хуулийн зохицуулалтаас үзвэл, Салбар зөвлөл тусгай шалгалтын журмаар сул орон тоог нөхөж байгаа тохиолдолд хамгийн эхэнд дүгнэгдсэн иргэнийг нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй бөгөөд тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авсан Л.У******* Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь чадахуйн зарчмыг шалгуур болгож, хамгийн сайн хангасан хүнийг томилох зохицуулалтад нийцсэн байна.

2.6. Түүнчлэн Д.Б нь эрх бүхий байгууллагаас зарласан тусгай шалгалтад оролцож, төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдсан байх тул Т*******н,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

Гурав. О******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагын тухайд:

3.1. О******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар Д.Б******* албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 27.3 дахь хэсэг байна.

3.2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно гэж тус тус заажээ.

3.3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Тушаалын хавсралтыг шинэчлэн батлах тухай А/185 дугаар тушаалаар О******* газрын орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн баталж, хоёрдугаар хавсралтын 31-д Хяналт шалгалтын газрын дарга, эрхэлсэн түшмэл, ТЗ-11 гэжээ.[23]

3.4. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 477 дугаар тогтоолоор О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан бөгөөд албан тушаалын ангилал, зэрэглэлийг Эрхэлсэн түшмэл, ТЗ-11 байхаар тусгажээ.[24]

3.5. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн О******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Д.Б******* тус газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд томилсон[25] тул мөн хуулийн үндэслэл дуусгавар болсон үндэслэлээр Д.Б******* ажлаас чөлөөлсөн шийдвэр нь үндэслэл бүхий болжээ.

3.6. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ. гэж заасан тул уг хугацааны дотор төрийн албаны тусгай шалгалтын захиалга өгсөн, нэхэмжлэгчийг тусгай шалгалтад оролцох бололцоог нь хангасан хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

3.7. Түүнчлэн энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.1-2.6-д заасан үндэслэлээр Т*******,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд Л.У******* томилуулахаар нэр дэвшүүлсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн тул энэхүү тогтоолыг үндэслэн гарсан О******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

3.8. Харин нэхэмжлэгчийн хувьд төрийн албаны тусгай шалгалтын сонгон шалгаруулалтад оролцохоос өмнө буюу тусгай шалгалтыг зарлах цаг хугацаанд тухайн асуудлаар маргах эрх нь нээлттэй байсан боловч маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

3.9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дөрөв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан бусад асуудлын тухайд:

4.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч байсан гэж, хариуцагч О******* газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгч нь О******* газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/40 дүгээр тушаал гарах хүртэл төрийн жинхэнэ албан хаагч байсан гэж маргадаг.

4.2. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад "төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад "сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг; гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Төрийн албыг доор дурдсанаар ангилна: гээд, мөн зүйлийн 6.1.2 дахь заалтад төрийн захиргааны алба;, 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ. гэж тус тус заажээ.

4.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, аливаа этгээд нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж, төрийн захиргааны албыг хашиж байгаа бол түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзнэ.

4.4. Өөрөөр хэлбэл, дээрх ойлголтод тухайн этгээд тодорхой албан тушаалын орон тоон дээр түр хугацаагаар ажиллаж байсан тохиолдолд ч хамаарах юм.

4.5. Тиймээс нэхэмжлэгч Д.Б******* маргаж буй О******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаал гарах хүртэл төрийн жинхэнэ албан хаагч байсан гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 6.1.2 дахь заалт, 6.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.1.2 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 27.1.1 дэх заалт, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Бэс О******* газрын дарга болон Т*******,*******д холбогдуулан гаргасан Т*******,*******ийн О******* газрын Хяналт шалгалтын газрын даргын сул орон тоонд Төрийн албаны тусгай шалгалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Т*******н,*******ийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай "Нэр дэвшүүлж, санал болгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах, О******* газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 1 дүгээр тал

[2] 1Хх 108 дугаар тал

[3] 1Хх 144-147 дугаар

[4] 1Хх 99 дүгээр тал

[5] 1Хх 148 дугаар тал

[6] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 4 дүгээр тал

[7] 1Хх 88-89 дүгээр тал

[8] 1Хх 90 дүгээр тал

[9] 1Хх 30 дугаар тал

[10] 1Хх 162 дугаар тал

[11] 1Хх 110-112 дугаар тал

[12] 1Хх 16 дугаар тал

[13] 1Хх 19 дүгээр тал

[14] 2Хх 30 дугаар тал

[15] 1Хх 183 дахь тал

[16] 1Хх 144-147 дугаар тал

[17] 1Хх 99 дэх тал

[18] 1Хх 148 дугаар тал

[19] 2Хх 4 дүгээр тал

[20] 1Хх 88-89 дүгээр тал

[21] 1Хх 162 дахь тал

[22] 1Хх 30 дахь тал

[23] 1Хх 144-147 дугаар тал

[24] 1Хх 99 дүгээр тал

[25] 1Хх 148 дугаар тал