Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч П.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт П-н Ө-д холбогдох 1708000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр  сарын 23-ны өдөр Говь-Алтай  аймгийн Дэлгэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хялгант” модны зах дээр хувиараа ачаа ачдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн … тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, А овогт П-н Ө,  /РД: …/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Ө нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Миний зах” хүнсний дэлгүүрийн агуулахад иргэн Г.Ц-г “эхнэртэй маргалдлаа” гэх шалтгаанаар түүнтэй муудалцан улмаар нүдэн тус газарт нь гараараа цохиж “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:

 

Шүүгдэгч П.Ө-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Хялгант” модны зах руу ачаа ачихаар ажилдаа явсан юм. Өдөр 15 цаг өнгөрч байхад эхнэр Т руу гар утсаараа залгаад ярьж байхад цаанаас нь зүс мэдэх Ц гэх хүүхэд манай эхнэрийг ална, тална гээд янхан гичийгээр нь дуудаад байхаар нь цаана чинь хэн чамайг доромжлоод байгаа юм бэ гэхэд хамт ажилладаг урьд нь намайг боож байсан Ц үгээр доромжлоод байна гэхээр нь би утсаа таслаад эхнэрийн ажил ойрхон байдаг тул шууд ажил руу нь явж очтол манай эхнэр Т нь Г.Ц-тай хэрэлдээд зогсож байхаар нь би очоод чи одоо яагаад манай эхнэрийг дээрэлхээд байгаа юм бэ гэхэд, танай эхнэрийг дээрэлхсэн хүнийг чи яадаг юм бэ гээд хэгжүүрхээд байхаар нь баруун гараараа хохирогчийн нүүр орчимд нэг удаа цохиход эхнэр хажуугаар орж ирээд одоо боль, ажил дээр зодоон хийж болохгүй гэхээр нь би ажлаас нь гараад явсан. ...урьд нь 2016 оны 12 дугаар сард шинэ жилээр манай эхнэрийг доромжлон хоолойг нь боож байсан удаатай, тэр үед эхнэр бид хоёр цагдаагийн байгууллага гэж яваагүй, би гар утсаар яриад битгий эхнэр дээрэлхээд бай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 30-32 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Г.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим өөрийн ажил болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Миний зах” сүлжээ хүнсний дэлгүүр дээрээ байж байгаад ахлах худалдагч Т-тай маргалдаад Т-г гичий, нохой минь, зайл гэж хэлсэн. Тэгээд би бараагаа буцаах гээд буцаалт хийж байхад Т-н нөхөр нь гэх үл таних залуу хүрч ирээд шууд миний баруун нүд рүү 1 удаа цохисон. ...Эхнэрийг нь доромжиллоо гэх шалтгаанаар цохисон. Миний нүд хавдсан, толгой ар дагз хэсгээрээ бондойсон. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 х/

   

Гэрч Р.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн 1123 дугаар салбарт жимс, хүнсний ногооны соргог тасагт ахлах худалдагчаар 2016 оны 08 дугаар сараас хойш тасралтгүй ажиллаж байна. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр амралттай байж байгаад 07 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчимд ажлын байран дээрээ ирэхэд манай тасгийн худалдагч Ц нь та өчигдрийн буцаалтаа бэлдсэнгүй гээд уурлаад, хэл амаар доромжлоод өдөөд байсан. Өдөр нь надаас төмсний тор нэхээд байхаар нь байдаг газраа байгаа ш дээ гэхэд уурлаад чи албаар хаялаа гээд хэрүүл өдсөн. Би ажлаа хийгээд сууж байхдаа П.Ө-тай утсаар ярьж байхад Ц ирээд лангууны араас намайг түлхэхэд би газарт унасан. Босож ирээд яагаад байгаа юм бэ, даварч байгаа юм биш үү гэхэд чам шиг юмыг яасан ч яадаг юм гээд байсан. ...Миний хажууд байсан худалдагч С нь Ц-д хандан чи эмэгтэй хүнд гар хүрч болж байгаа юм уу гэхэд дахин хэрүүл болоод маргалдаж байхад, удалгүй нөхөр болох Ө гаднаас орж ирээд шууд Ц дээр очоод чи миний эхнэрийг яагаад дээрэлхээд байгаа юм, өмнөх шинэ жилээр эхнэртэй маргалдан хоолойг нь бооход чинь би юм яриагүй, утсаар сануулаа биз дээ гэхэд өөдөөс танай авгайг яасан ч яадаг юм гэхэд манай нөхөр Ө уурандаа Ц-н баруун нүд орчимд нэг удаа гараараа цохихоор нь би босоод нөхрийгөө яаж байгаа юм бэ ажлын байран дээр ирж зодоон хийгээд гээд хөөгөөд гаргаад явуултал, Ц сууж байснаа босож ирээд ногооны том хутга аваад танай нөхрийг ална гээд агуулах дотор орилж хашгирч байхад нь камерийн хянагч М орж ирээд Ц-н гараас хутгыг нь салгаж тайвшруулан цааш аваад явсан. Ингээд нэг мэдэхэд цагдаад өргөдөл гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 х/

 

Гэрч С.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлын байран дээрээ байж байхад өглөөний 08 цагийн үед хохирогч болох Ц нь хамт ажилладаг ахлах худалдагч ажилтай Т-тай хэрэлдээд гичий минь лангуунд дүүргэлт хийсэнгүй гээд хэрүүл гуйгаад хэрэлдээд байсан. Би тухайн үед хажууд нь буюу агуулахад хүнсний нарийн ногоонуудаа янзалж байсан юм. Өдөр цайны цагийн өмнө дахин ахлах худалдагч Т-г хохирогч Ц хөгшин авгай минь ногооныхоо буцаалтыг хийхгүй яасан юм гээд хэрүүл өдөөд хэрэлдээд байхаар нь Т чи одоо дуугүй болчихооч гэхэд чамаар дуугаа хориулахгүй гээд байсан. Тухайн үед би дундуур нь ороод Ц-д хандан чи эмэгтэй хүнээс гараагүй юм шиг яасан муухай үг хэлдэг юм бэ гэсэн. Тэр хооронд Т-н гар утас дуугараад утсаар ярьж байхад нь Ц Т-н гар руу нь цохиод лангууны араас унагасан. Т босч ирээд чи яагаад байгаа юм гэсэн, удалгүй Т-н нөхөр манай ажил дээр орж ирээд Ц-д би утсаараа сонсоод байхад чи хүний эхнэрийг яагаад элдэв янзаар хэлдэг юм, өмнө нь чи бас манай эхнэртэй шинэ жилээр маргалдаж хоолойг нь боосон гээ биз дээ, би сонсоод байгаа шүү гээд баруун гараараа Ц-н нүүр рүү нэг удаа цохиход Т чи яаж байгаа юм гэхэд Т-н нөхөр гараад явсан. Ц босож ирээд ногооны том хутга бариад ална гээд тэр хавиар орилж хашгичаад байхад нь манай ажлын камер хянагч залуу орж ирээд Ц-г барьж аваад хутгыг нь нь гараас нь салгасан. Ц би энэ ажилд чинь ажииллахгүй гээд хувцсаа өмсөөд гараад явсан. ...Ц-г ногооны сэткен дээр сууж байхад Т-н нөхөр орж ирээд нэг л удаа нүүрэнд нь цохиход газар унаагүй, сууж байснаа босож ирээд яаж байгаа юм бэ гээд байсан. Ц нь газарт унаж, хана мөргөж ухаан алдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-17 х/,

Шинжээчийн 9697 тоот дүгнэлт:

1.Г.Ц-н биед баруун нүдний ухархай дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмэнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 22 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч П.Ө гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Хувийн байдлын талаар болон бусад баримтууд:

 

Гэрч М.Ё-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би П.Ө-н хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгнө. П.Өл нь 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр П гэх айлын том хүүхэд нь болж мэндэлсэн, бага байхад нь эцэг, эх нь аваарт орж нас бараад манай ахынд буюу Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд мал маллаж өссөн. Аймгийн 10 жилийн сургуульд суралцаж 8 дугаар ангийг төгсөөд үргэлжлүүлэн Улаанбаатар хотод ирж барилгын техник технологийн коллежид суралцан, зам гүүрийн механик мэргэжилтэй болсон. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод ирэхдээ нутгынхаа Т гэх охинтой хамт ирсэн ба манай хашаанд гэр барин тусдаа амьдардаг байсан. Сургуулиа төгсөхөд нь би Ө-д ачааны Бонго маркын автомашин авч өгснөөр өдийг хүртэл ажил төрөл хийж, ачаа бараа зөөж амьдралаа залгуулж байгаа. П.Ө нь зан байдлын хувьд даруу төлөв, наргианч зантай, гаж муу зуршилгүй, архи, тамхи хэрэглэдэггүй залуу юм. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй, ял шийтгэл эдэлж байгаагүй. ...” гэх мэдүүлэг 18-19 х/\

Хохирлын баримтууд /хх-ийн 25 х/

П.Ө-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34, 40 х/

Ял шйитгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 х/

П.Ө-н оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 41 х/ гэсэн нотлох баримтуудыг мөн шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар:

Хохирлын баримтууд /хх-ийн 25 х/-аар хохирогч Г.Ц-д 155,110 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байгаа тул дээрх төлбөрийг П.Ө-с гаргуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, харин “Титэм” ресторанд хооллосны төлбөр 12,010 төгрөг нь хэрэгт хамааралгүй баримт гэж шүүх үзсэн тул хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Ц цаашид гарах нүдний эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч П.Ө нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн, хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.А овогт П-н Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Өлзийбатыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан П.Ө-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Ө-д танилцуулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан П.Ө-с 155,110 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Ц овогт Г-н Ц-д олгож, уг төлбөрийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Ө-д үүрэг болгож, нэхэмжлэлээс 12,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.П.Ө-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан П.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ