Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 412

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н Э-д холбогдох 201726010606 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1973 оны 01 дүгээр  сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ... тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай, одоо Баянзүрх дүүргийн ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-н Э,  /РД: .../

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... тоот байранд иргэн Б.П-тэй “тус байрнаас нүүх эсэх асуудлаас болж” маргалдан түүний толгойн тус газарт гараараа цохих, толгойгоороо мөргөх зэргээр түүнийг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, хамрын нурууны шарх, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:

 

Хохирогч Б.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э эхнэр, хүүхдийнхээ хамт манай ах Н-н гэрт нь өвөлжсөн юм. Тэр өдөр Н ах Э, Ө нарыг өөрсдийнхөө ах дүүгийндээ оч гэж хэлнээс болж намайг Н ахад энэ хоёрыг хөөж явуул гэж хэллээ гэж буруу ойлгоод Э нь гараараа баруун нүд, хамар руу цохиж гэмтээсэн. ...Э миний баруун нүд рүү гараараа цохиж учруулсан гэмтэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,

 

Шүүгдэгч Б.Э-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Н ах надад гаднаас хүүхдүүд маань ирэх гэж байгаа, та 2 орох орон юу болж байна гэхээр нь би харин тиймээ, бид 2 орох орон олноо гээд ярилцаж байтал хажуунаас П намайг “Энэ дандаа худлаа хэлээд яваад байдаг. Ажил ч хийхгүй байна” гэхээр нь би “юу гэж худлаа хэлээд байгаа юм, өөрөө адилхан рчих газаргүй байж, намайг хөөчихөөд өөрөө энд байх гээд байгаа юм уу?” гэж хэлээд маргаан эхэлсэн. Тэгтэл П ах миний нүүр рүү 1 удаа гараараа цохихоор нь би зөрүүлээд П ахын нүүр рүү мөн нэг удаа цохиж, бид 2 барилцаж аваад П ах намайг бооход хажуунаас манай эхнэр Ө, Н ах 2 хүрч ирээд "Больцгоо та нар” гээд эхнэр Ө салгах гээд ойртоход П ах манай эхнэрийн нүүр рүү цохисон.Тэгэхээр нь би П-н баруун нүд орчим руу нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. ...Би П ахыг 1 удаа нүүр рүү нь шанаадаж, нэг удаа баруун нүд рүү нь толгойгоороо мөргөсөн ...”гэх мэдүүлэг  /хх-ийн 54-55 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

  

Гэрч М.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай гэрт П, Н хоёр хоорондоо муудалцаад байсан. ...Намайг харж байхад Э-г П заамдаад дарчихсан байсан. Тэгтэл  Э босч ирээд П-г цохиж баруун нүд нь дов болтол хавдчихсан байсан тул би болиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 х/

 

Гэрч Б.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би П ах, Э хоёрын дундуур орж салгасан. ...Гараараа нүүр рүү нь хальт 1 удаа цохиод дараа нь намайг өмөөрч 1 удаа нүүр рүүнь  толгойгоороо мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 х/

 

Шинжээчийн 3758 тоот дүгнэлт:

1.Б.П-н биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, хамрын нурууны шарх, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох үед үүснэ, унах үед үүсэхгүй болно.

3.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй учрах үедээ амь насанд аюулгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Э гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хувийн байдлын талаарх баримтууд:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 х/

Б.Э-ы иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 х/ зэргийн мөн шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар:

            Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гараагүй боловч хохирогч Б.П-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул эрүүл мэндийн зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг гэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

            Б.Э нь шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2017 оны 10 сарын 12-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлж түүнд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялаас хасч тооцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Х овогт Б Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.Э-д үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Э-д танилцуулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Э-ы урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож 6 /хоног/ х 15,000 т =90,000 төгрөгийг түүнд оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ялаас хасч, төлөх торгуулийн ялын хэмжээг 410,000 төгрөгөөр тогтоосугай.

 

6.Б.Э-ы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Б.П нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ