Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/175

 

 

 

 

 

 

2022               2              15                                       2022/ДШМ/175

 

 

Т.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч Т.Ө, түүний  өмгөөлөгч Б.Дамба,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/1221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ө-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108000001446 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

С овогт Т-ийн Ө, 1986 оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их Нарангийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД................/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 245 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах яп шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 492 дугаар тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар, 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Т.Ө нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их Нарангийн ... тоот хашаанаас иргэн Б.Н-н эзэмшлийн Тоёота “Ланд Круйзер 80" маркийн автомашины чулак 1 ширхэг, “Пажеро" маркийн автомашины дээд гар 2 ширхэг, мөн доод гар 2 ширхэг, “Портер” маркийн автомашины 2 дугаар өнгийн нум 2 ширхэг, 20 литрийн багтаамжтай төмөр баллон 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Т.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Т-ийн Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.Ө-д Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаартай захирамжаар “Хоригдлыг хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох” тухай шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн есөн сар, долоо хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил, 9 сар, 7 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-н энэ хэрэгт цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасч, Эрүүгийн 2108000001446 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ө энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр анхан шатны шүүхээс 2 жил, 9 сар, 7 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Намайг хохирогч Б.Н-н “Тоёота Ланд 80” маркын автомашины чулак 1 ширхэг, “Пажеро” маркын автомашины дээд гар 2 ширхэг, мөн доод гар 2 ширхэг, “Портер” маркын автомашины 2 дугаар өнгийн нум 2 ширхэг, 20 литрийн багтаамжтай төмөр баллон 1 ширхэг гэх мэт зүйлсийг бүгдийг нь авсан мэтээр хэрэгт тусгасан. Би эдгээр зүйлсийг аваагүй, мөн миний өөрийн авсан 10.000 төгрөгийн үнэ бүхий хаягдал төмрийг огт тусгаагүй байна. Тэнсэнтэй хугацаандаа гэмт хэрэг үйлдэх шунахайн сэдэл байгаагүй бас эдгээр зүйлсийг ганцаараа даахгүй. Тухайн үедээ хөрш айл, танилууд гэдэг бодлоор хашаанаас нь хаягдал төмөр авсандаа харамсаж байна. Мөн эдгээр алга болсон гэх эд ангиудыг авсан хүмүүсийг би танина. Тэдгээр хүмүүс авсан гэдгийг нотлох гэрчүүд байгаа. Миний төрсөн дүү болох Ө нь надад хэлэлгүйгээр хохирлыг барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Т.Ө-н өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо дурдсан. Тухайн автомашины чулакыг энэ хүн даахгүй. Тэгэхээр энэ гэмт хэргийг хэрхэн үйлдсэн талаар нотолсон байх шаардлагатай. Энэ гэмт хэрэг үргэлжилсэн байдлаар хийгдсэн байх ёстой. Нэг дор бүх төмрүүдийг авч явсан байх боломжгүй. Гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн бэ гэдгийг хууль шаарддаг. “Тоёота Ланд 80” маркын автомашины чулак 1 ширхэг, “Пажеро” маркын автомашины дээд гар 2 ширхэг, мөн доод гар 2 ширхэг, “Портер” маркын автомашины 2 дугаар өнгийн нум 2 ширхэг, 20 литрийн багтаамжтай төмөр баллон 1 ширхэг гэх мэт зүйлсийг бүгдийг нь авсан гэж тогтоосон нь үндэслэлгүй. Энэ бүх төмрийг даахгүй. Мөрдөн байцаалтын шатанд яаж түүнийг даасан гэж тогтоогоод байгаа юм бэ. Прокуророос хэргийг хурдан цааш нь явуулсан байна. Энэ хүн хилсээр шийтгэгдэж байвал яах вэ. Шүүгдэгч мэдүүлэгтээ төмөр шуудайнд хийж хулгайлсан гэж, төмөр л гэж яриад байгаа.  Эдгээр 5 ширхэг юм чинь 1 шуудайнд багтахгүй. Энэ ажиллагааг нотолж чадаагүй гэж үзэж байна. 1 шуудай төмрөө тэр хавьд байх Их Нарангийн дунд буудлын арын гудамжинд байрлах түүхий эд цуглуулах газарт аваачиж 10.000 төгрөгөөр өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг огт шалгаж тогтоогоогүй байж прокуророос яллах дүгнэлтдээ тэнд аваачиж 10.000 төгрөгөөр өгсөн гэдэг нь тогтоогдож байна гэж дүгнэчихсэн. Хаана зарсан гэдгээ зааж өгөөд байхад мэдүүлэг аваагүй. Хэрэв мэдүүлэг авсан бол төмөр авсан уу, тээврийн хэрэгсэл авсан уу гэдэг нь тогтоогдоно. Шүүгдэгч Т.Ө нь бага боловсролтой хүн байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт хавтас хэрэгт авагдсан байгаа. Хулгайд алдагдаагүй эд зүйлийг үнэлээд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсон. Хохирогч “...литрийн багтаамжтай төмөр баллон хулгайд алдсан. ...” гэж мэдүүлдэг. Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн байгууллага нь труба хулгайд алдагдсан гэж үнэлсэн байдаг. Гэтэл труба хулгайд алдагдаагүй. Шүүх хийн баллоныг үнэлэх боломжгүй. 20.000 төгрөгийн хийн баллон гэж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Хохирлыг үндэслэлгүй тогтоосон гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Ө-н давж заалдах гомдолд “...би гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. ...” гэж бичсэн байгаа. Нэг болохоор “...би энэ гэмт хэргийг үйлдээгүй. ...” гэж хэлдэг. Давж заалдах гомдол нь өөрөө агуулгын хувьд тогтворгүй гэж үзэж байна. Өөр хүмүүс энэ гэмт хэргийг үйлдсэн гэж тайлбар хэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ асуудлаа ярих бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч Т.Ө өмнө нь хулгайн гэмт хэргээр 2 удаа ял шийтгүүлж байсан. Гэмт хэрэгт хилсээр шийтгэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээж явахгүй байхыг мэдэхийн дээдээр мэдэх хүн байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдэж, хууль мэдэхгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй. Энэ талаар анхан шатны шүүгч асууж байсан. Би ч асууж байсан. Энэ гэмт хэргийг дарамт шахалтаар хийсэн үү гэж асууж байсан. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд нь нөгөө талаараа хохирогчийн мэдүүлэгтээ таарч байдаг. Хашаа давж орсон талаар тохирч байсан. Хүн даахааргүй, төмрийг өргөх боломжгүй гэж тайлбар хэлдэг. Бид ямархуу хэмжээний төмөр гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Гэрч Т гэж хүн байгаа. Хохирогчийн найз гэх хүн мэдүүлэхдээ “...төмрийг гараараа өргөөд явж байсан. ...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр, шуудайнд хийгээд явж болохоор ямархуу хэмжээний төмрүүд байсан бэ гэдэг нь харагдаж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хэлсэн шиг автомашинаар авахаас өөр аргагүй, дааж давшгүй төмрүүд биш байгаа. Хохирогч өөрөө юу, юу алдсан талаараа тодорхой мэдүүлсэн. Яг алдсан эд зүйлийг нь үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Тэрнээс хохирогчийн мэдүүлэгт дурдагдаагүй зүйлийг илүү үнэлсэн зүйл байхгүй. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж шийдвэрлэсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Ө нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн . дүгээр хороо, Их Нарангийн ... тоот хашаанаас иргэн Б.Н-н эзэмшлийн Тоёота “Ланд Круйзер 80" маркийн автомашины чулак 1 ширхэг, “Пажеро" маркийн автомашины дээд гар 2 ширхэг, мөн доод гар 2 ширхэг, “Портер” маркийн автомашины 2 дугаар өнгийн нум 2 ширхэг, 20 литрийн багтаамжтай төмөр баллон 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н-н “...2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн .... тоот хашаа байшинд нохойдоо хоол өгөхөөр ирэхэд хашааны жижиг хаалга доогуураа онгорхой байсан. ...Хашаанаас Тоёота ланд 80 маркийн машины чулак, Пажеро машины дээд, доод гар 2 хос, “Портер” маркийн автомашины 2 дугаар өнгийн нум 2 ширхэг, 20-н төмөр баллон 1 ширхэг алдагдсан байсан. ...” /хх 9/,

гэрч Б.Т-н “...Тоёота ланд 80 маркийн машины чулак, Пажеро машины дээд, доод гар 2 хос, портер машины 2-р өнгийн нум 2 ширхэг, 20-н төмөр баллон 1 ширхэгийг Б.Н-н хамт чингэлгээс гаргаж уг хашаанд байрлуулж тавьсан...” /хх 24-25/,

гэрч Т.Ө-н “...Т.Ө нь айлын хашаанаас эд зүйл хулгайлсан байсан...” /хх 28-29/,

шүүгдэгч Т.Ө-н яллагдагчаар өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн ... тоотод оршин суудаг. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байхдаа архи уумаар санагдаад байхаар нь өөрийн хашааны зүүн талд байрлах 9-26 тоот хашааг давж ороод хашаан дотор байсан тээврийн хэрэгслийн эд анги, сэлбэгийг хулгайлан авч ...түүхий эд авах газарт 10.000 төгрөгөөр зарж дэлгүүрээс 0.33 граммын “Хараа” архи аваад ганцаараа уугаад гэртээ хариад унтсан. ...” /хх 41-43/ гэх мэдүүлгүүд,

“Т” ХХКомпанийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1060 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 32-33/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Ө-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Т.Ө-д тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.12 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.Ө-д Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаартай захирамжаар “Хоригдлыг хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох’ тухай шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн есөн сар, долоо хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2  жил, 9 сар, 7 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Ө “...Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй. ...Үйлдсэн этгээдүүдийг танина. ...Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Т.Ө нь шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгөтэй болох зорилгоор 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, Их Нарангийн ... тоот хашаанаас иргэн Б.Н-н эзэмшлийн Тоёота “Ланд Круйзер 80" маркийн автомашины чулак 1 ширхэг, “Пажеро" маркийн автомашины дээд гар 2 ширхэг, мөн доод гар 2 ширхэг, “Портер” маркийн автомашины 2 дугаар өнгийн нум 2 ширхэг, 20 литрийн багтаамжтай төмөр баллон 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул шүүгдэгч Т.Ө-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/1221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/1221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Ө-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т.Ө нь энэ өдрийн байдлаар 89 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ