Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2024/01533

 

 

 

2024 04 15

181/ШШ2024/01533

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт ******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон 123 тоот хаягт оршин байрлах, УИХ /Цаашид УИХ гэх/ дахь Ардчилсан намын бүлэгт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* миний бие сэтгүүлч мэргэжилтэй, 2020 оны аравдугаар сарын 1-нээс ******* ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэсгийн ахлах референтээр ажиллаж эхэлсэн. 2022 оны арван нэгдүгээр сард, ар гэрийн шалтгааны улмаас БНСУ-д түр хугацаагаар ажиллаад ирэх тухай хүсэлтээ УИХ дахь Ардчилсан намын булгийн дарга *******д тайлбарлаж чөлөө хүсэхэд Албаны дарга *******той ярь гэсэн. Тиймээс албаны дарга *******той ярилцаад 2022 оны арван нэгдүгээр сарын 20-ноос чөлөө авсан. Ингэхдээ амаар тохиролцсон бөгөөд нийгмийн даатгалаа таслахгүйн тулд цалингаа өөрийн дансанд авдгаараа аваад, миний оронд түр ажиллах хүнд шилжүүлж байхаар тохиролцсон. Мөн миний оронд түр ажиллуулах туршлагатай сэтгүүлч санал болгохыг надаас хүссэн. Би нэг хүн санал болгосон боловч ******* дарга "За, би өөрөө хүн олъя" гээд татгалзсан. Цалин буудаг өдөр би ******* Даргатай холбогдож хэн рүү мөнгөө шилжүүлэх талаар асуухад "За хүлээж байгаарай" гэсэн. Хэд хоногийн дараа надтай холбогдож ажлаас чөлөөлж байгаа тухай мэдэгдсэн. Би чөлөөлөгдөх тушаал гарахаас өмнө буцаж очиж ажилдаа орох хүсэлтэй байгаагаа хэлэхэд Бүлгийн дарга ******* дарга "Нэгэнт шийдвэр гарсан" гэсэн хариу өгсөн гэдгийг дамжуулж хэлсэн.

Би БНСУ-аас 2023 оны хоёрдугаар сарын 1-нд ирсэн боловч УИХ-ын намрын чуулган завсарласан байсан тул гуравдугаар сарын 15-нд Хаврын чуулган эхэлдэг өдөр дарга нарыг олж уулзсан. Ингэхэд намайг Ажил хаяж явсан. Таныг байхгүй араар нам нэгдэх бүх процесс болоод өнгөрсөн. Та гар бие оролцоогүй. Таны оронд авсан Энхмөнх Өмнөговь аймгийн намын дарга байсан. Намд гавьяатай хүн" гэдэг тайлбар өгөөд буцаасан. Хэрвээ би ажил хаяж явсан бол надад арван хоёрдугаар сард цалин олгохгүй ёстой. Надад чөлөө олгосныг арван хоёрдугаар сард бүтэн цалин дансанд орсноор нотлогдоно гэж үзэж байна.

Түүнчлэн надад өдий хүртэл ажлаас чөлөөлсөн тушаалаа өгөөгүй байгаа. Би яг ямар үндэслэлээр ажлаас халагдсан, хэдний өдөр тушаал гарсныг ч өнөөдрийн байдлаар хараагүй. Ажлаас чөлөөлсөн тушаалгүйн улмаас өөр ажилд орж чадахгүй хөдөлмөрлөх эрхээрээ хохирч байна. Тушаалыг минь илгээж өгнө үү" гэсэн захидлыг Бүлгийн дарга *******д хаяглан 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр Монгол шуудангаар илгээсэн боловч өнөөдрийг хүртэл надад илгээсэнгүй. Мөн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахад ажил олгогч талыг төлөөлж оролцсон ******* Ажлын албаны хуулийн референт оролцоод "Эвлэрэх боломжгүй" гэсэн.

Би 3 хүүхэдтэй, ганц бие ээж. Гэртээ ганцаараа орлого олдог. Өмнө нь 2021 оны 10 сарын 19-ны өдрийн тушаал гаргаж хууль бусаар ажлаас халж байсан. Би шүүхэд хандаж гомдол гаргаснаар эвлэрлийн гэрээ байгуулан ажилд буцааж авсан боловч ажилгүй байсан хугацааны 13 сая төгрөгийг одоо хүртэл олгоогүй байгаа. Өөрсдөө хуулиа хэлэлцэн баталдаг энэ хүмүүс хууль зөрчиж үр хүүхдээ тэжээх гэж яваа жирийн нэгэн ажилтан миний ажиллаж хөдөлмөрлөх, шударгаар орлого олж ар гэрээ тэжээх эрхийг минь удаа дараа зөрчиж байгаад гомдолтой байна. Ажлаас халсан тушаал гардуулж өгөөгүйн улмаас хөдөлмөрлөх эрхээрээ дахин дахин хохирсоор өдий хүрлээ.

Иймд өөрийгөө ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзээд урьд эрхэлж байсан ******* Ажлын албаны Ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч хариу тайлбартаа:

А/ ******* нь нэхэмжлэлдээ 2022 оны арван нэгдүгээр сард, ар гэрийн шалтгааны улмаас БНСУ-д түр хугацаагаар ажиллаад ирэх тухай хүсэлтээ ******* дарга *******д тайлбарлаж чөлөө хүссэн гэх тайлбар:

2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 09 дүгээр "журам батлах тухай" бүлгийн шийдвэр гарч ******* үйл ажиллагааны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг үндэслэн хөдөлмөрийн дотоод журмыг нэгдүгээр хавсралтаар, ажилтанд чөлөө олгох хуудасны маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус батлахаар шийдвэрлэсэн.

Уг дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3.ажилтан гурван өдөр ба түүнээс дээш хугацаагаар чөлөө авахыг хүсвэл шалтгаанаа дурдаж, холбогдох баримтыг хавсарган, чөлөө олгохыг хүссэн өргөдлийг бүлгийн дарга, ажлын албаны даргад гаргах ба доорх хүндэтгэн үзэх шалтгаантай ажилтанд цалинтай чөлөө олгоно гэж заасан.

2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн дугаар 17 "Хөдөлмөрийн гэрээ-г *******тэй байгуулсан. Уг Хөдөлмөрийн гэрээний 6.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэрээг цуцална гэж заасан.

******* нь дээрх холбогдох заалтуудыг тус тус зөрчин 2022 оны 11 сарын 21-ний өдөр эрхэлж байсан ажлаа хаяж Солонгос Улс руу ажил хийхээр явсан буюу буцаад Монголд 2023 оны 02 дугаар сарын 01-нд ирсэн буюу албан ёсны чөлөө олгох хуудас бөглөж чөлөө хүсээгүй буюу чөлөөний хуудас бөглөж батлуулсан зүйл байхгүй, цалинтай чөлөө олгох үндэслэл байхгүй, ажлаа хаяж Солонгос Улсад ажиллахаар явсан нь тогтоогдож байна.

Б/ Ажлын албаны дарга *******той ярилцаад чөлөө авсан гэх тайлбар:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4. Ажилтны хүсэлтийг үндэслэн ажлын 1-5 хүртэл өдрийн чөлөөг ажлын албаны дарга, таваас дээш өдрийн чөлөөг Бүлгийн даргын шийдвэрээр цалинтай чөлөө олгож болно гэж заасан буюу ******* ажлын албаны дарга асан *******т 3 сарын чөлөө олгох эрхтэй хүн биш.

В/ ******* нь нэхэмжлэлдээ ар гэрийн шалтгааны улмаас БНСУ-д түр хугацаагаар ажиллаад ирэх тухай хүсэлтээ өгсөн гэх тайлбар:

******* нь дураараа ажлаа хаяж өөр улсад очиж ажиллах эрх байхгүй буюу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажилтан д аав хагалгаанд орно хэзээ ирэхээ сайн мэдэхгүй байна гэсэн фейсбүүкийн чат үлдээсэн байсан үүнээс үзэхэд ******* нь худал ярьдаг нь нотлогдож байгаа буюу ийм хүсэлт өгсөн зүйл байхгүй болно.

Г/ Хэрвээ би ажил хаяж явсан бол надад арван хоёрдугаар сард цалин олгохгүй байх ёстой гэсэн тайлбар:

Цалин өгсөн нь чөлөө авсан гэсэн үг биш, хувийн байдлыг тогтоох гээд цалин өгсөн, цалин олгосон нь чөлөө авсан гэдгийг нотлохгүй, дотоод журам чөлөө авах процессыг хэрхэн зохицуулсан тухайн заалтыг бид баримталж ажиллана. ******* нь хоёр өөр байдлаар тайлбар хэлсэн байсан болохоор *******ийг бодоод албан ёсны тайлбарыг сонсоод ажлаас чөлөөлөх асуудлыг ярих зөв гэж үзээд 1 сарын цалинг нь олгосон. Хэрвээ цалин олгосон нь буруу гэж үзвэл олгосон цалинг буцаан нэхэмжлээд авч болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.12 өвчтэй чөлөөтэй, томилолтоор явах болон зайлшгүй шаардлагаар эзгүй байх үедээ төрийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс шууд удирдах албан тушаалтандаа цаг тухайд нь мэдэгдэх, өөрийн ажлыг түр орлох болон хавсран гүйцэтгэх ажилтанд холбогдох бичиг баримт, компьютер, бусад тоног төхөөрөмж, албаны болон тусгай зориулалтын программ хангамжийн нэвтрэх нэр, нууц үг, албан тасалгаа, ширээ шүүгээний түлхүүр, лац бусад шаардлагатай зүйлийг хүлээлгэн өгөх гэж заасан буюу ******* нь одоог хүртэл хариуцаж буй эд хөрөнгө, ажлаа хүлээлгэж өгөлгүй төрийн ажилд санаатайгаар саад учруулж байна.

Д/ 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тушаал гаргаж хууль бусаар ажлаас

халж байсан гэх тайлбар:

Уг асуудал энэ хэрэгт хамааралгүй буюу гишүүн бүлгийн дарга байх үеийн явдал, тухайн үед ******* нь гишүүний нэр төрд халдсан асуудал шүүхэд үүсч, ******* нь түүнийгээ хүлээн зөвшөөрч дахин тийм зүйл гаргахгүй тухайн үеийн цалинтай холбоотой асуудлыг дуусгаж өгөх талаар гарын үсэг зураад ажилдаа орж байсан баримт нь байгаа, одоогийн бүлгийн дарга ******* болон энэ маргаанд хамааралгүй асуудал байна. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг өөрт нь гардуулах гэсэн боловч гадаадад байсан учир гардуулж чадаагүй учраас *******тэй холбогдож хөдөлмөрийн гэрээ, бүлгийн дотоод журмыг зөрчин ажлаа хүлээлцэхгүйгээр хаяж гадаадад ажиллахаар явсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлж байгаа талаар тухайн үеийн ажлын албаны дарга ******* мэдэгдсэн энэ талаар өөрөө нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөл үүсээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.    Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: Иргэний үнэмлэхний хуулбар/Хх3/, дансны дэлгэрэнгүй хуулга/Хх4/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /Хх5-7/, ажлын үнэмлэхний хуулбар/Хх8/, СБД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ Хх9-10/, НДШТТ лавлагаа/Хх12/-г шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч талаас: Ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр /Хх26/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /Хх27-31/, ажлын байрны тодорхойлолт /Хх32-34/, нууц хадгалах гэрээ /Хх35-36/, хөдөлмөрийн дотоод журам /Хх37-48/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэгч ******* нь хариуцагч УИХ дахь Ардчилсан намын бүлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Албаны дарга *******той амаар ярилцаж, тохиролцоод 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс миний бие чөлөө авсан. Ингэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг таслахгүйн тулд цалингаа өөрийн дансанд авч, миний оронд түр ажиллах хүнд шилжүүлж байхаар тохиролцсон. Гэтэл надад цалин буудаг өдрөөс хэдэн өдрийн дараа ажлаас чөлөөлж байгааг мэдэгдсэн. Миний бие 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дарга нартай биеэр уулзахад ажил хаяж явсан шалтгаанаар халсан талаар мэдэгдсэн боловч надад өдийг хүртэл ажлаас чөлөөлсөн тушаал өгөөгүй. Би ямар үндэслэлээр ажлаас халагдсан, хэдний өдөр тушаал гарсныг өнөөдрийн байдлаар мэдээгүй байна. Тушаалгүйн улмаас өөр ажилд орж чадахгүй, хөдөлмөрлөх эрхээрээ хохирч байна. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа тул ******* Ажлын албаны Ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* үйл ажиллагааны дүрмээр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай шийдвэрээр баталсан хөдөлмөрийн дотоод журам, ажилтанд чөлөө олгох хуудасны маягтыг нэхэмжлэгч нь зөрчсөн буюу албан ёсны чөлөө олгох хуудас бөглөж чөлөө хүсээгүй, чөлөөний хуудас бөглөж батлуулаагүй, цалинтай чөлөө олгох үндэслэлгүй байхад ажлаа хаяж, Солонгос Улсад ажиллахаар явсан нь тогтоогдсон. Ингэхдээ албан ажил хэвийн үргэлжлэх нөхцөл байдлыг хангаж, орлон ажиллах ажилтанд ажлаа хүлээлгэн өгөөгүй. Журамд зааснаар чөлөө олгох эрх бүхий этгээдээс чөлөө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.    Талууд тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэдэгт, 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэдэгт, 2022 оны 12 дугаар сард нэхэмжлэгчид цалин олгосон гэдэгт, ажлаас халагдсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулаагүй гэдэгт маргадаггүй боловч зохих журмын дагуу чөлөө аваагүй, ажлын байраа орхиж явсан гэж маргаж байна.

 

5.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       ******* дарга болон нэхэмжлэгч ******* нар нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, ******* ажлын албаны ахлах референтийн албан тушаалд хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн байна.

-       Нэхэмжлэгч *******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2022 оны 12 дугаар сарыг хүртэл цалин олгосон болох нь тогтоогдож байна.

-       ******* даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээр ******* ажлын албаны ахлах референт *******ийг хүндэтгэн үзэх шалтгаан болон өөрийнх нь хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

-       ******* даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9 дугаартай Журам батлах тухай шийдвэрээр ******* ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байх бөгөөд үйл баримт болох цаг хугацаанд энэ журмыг мөрдөж байсантай талууд маргаагүй.

-       Дээрх Хөдөлмөрийн дотоод журмын 4.4-т Ажилтны хүсэлтийг үндэслэн ажлын 1-5 хүртэл өдрийн чөлөөг ажлын албаны дарга, таваас дээш өдрийн чөлөөг бүлгийн даргын шийдвэрээр цалинтай олгож болно гэж заасан байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг зохих удирдлагаас журамд заасны дагуу чөлөө хүсээгүй гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгч нь албаны дарга *******той ярилцаж, чөлөөгөө авсан гэж тайлбарлаж байгаа нь түүнийг хөдөлмөрийн журамд заасны дагуу чөлөө авах хүсэлтийг зохих удирдлагад гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч ******* нь 5 өдрөөс дээш хугацаагаар чөлөө хүсэхдээ бүлгийн дарга *******ээс чөлөө авахаар журамд тусгасныг хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч тайлбартаа бүлгийн дарга *******ээс чөлөө авахаар хүссэн боловч албаны даргатай ярь гэсэн гэж тайлбарладаг боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй байна.

-       Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.12-т Өвчтэй, чөлөөтэй, томилолтоор явах болон зайлшгүй шаардлагаар эзгүй байх үедээ төрийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах үүднээс шууд удирдах албан тушаалтандаа цаг тухайд нь мэдэгдэх, өөрийн ажлыг түр орлох болон хавсран гүйцэтгэх ажилтанд холбогдох бичиг баримт, компьютер, бусад тоног төхөөрөмж, албаны болон тусгай зориулалтын програм хангамжийн нэвтрэх нэр, нууц үг, албан тасалгаа, ширээ, шүүгээний түлхүүр, лац бусад шаардлагатай зүйлийг хүлээлгэн өгөх гэж заасныг нэхэмжлэгч *******ийг зөрчиж, чөлөөг журмын дагуу авалгүйгээр ажлаа орхиж явсан гэж хариуцагч нь маргадаг бөгөөд нэхэмжлэгч зохих чөлөөг авч, мэдэгдэж явсан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журамд заасан чөлөө авах зохицуулалтыг мөрдөөгүй, чөлөө олгох эрх бүхий этгээдээс чөлөөг аваагүй, мөн өөрийн орлох ажилтанд ажлаа хүлээлгэн өгч, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасан гэх баримтгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

-       Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар гурван талт хорооны шийдвэр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр гарч, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаандаа шүүхэд гомдлоо гаргасанд тооцно. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар заасан бөгөөд энэ хугацаа нь шийдвэрийг хүлээн авснаас хойш тоологдох хугацаа байна. Гэтэл нэхэмжлэгч *******т түүнийг ажлаас халсан талаарх тушаалыг хариуцагч байгууллагаас гардуулаагүй болох нь тогтоогдсон тул гардуулаагүй шийдвэрийг хүлээн авах боломжгүй. Байгууллага нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтанд гардуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн гомдлоо гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үзэхгүй, түүнийг хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаснаар тооцох нь зүйтэй байна.

 

6.    Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд ажилтанд хувийн чөлөө олгох асуудлыг зохицуулсан. Хуулийн 100.1-т Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэж заасан байх тул ажил олгогч нь ажилтанд тухайн нөхцөл байдал, хүсэлтийг нь үндэслэн чөлөөг олгож болох тухай ойлголт байх бөгөөд хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж хуульд заасан. Үүний хүрээнд нэхэмжлэгч *******т чөлөө олгох эсэх, чөлөөний хугацаа, чөлөөтэй байх үед цалин олговор олгох эсэх асуудлыг УИХ дахь ардчилсан намын бүлэг нь өөрсдийн дотооддоо баталсан Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулахаар хуульчилсан байна. Иймд энэ харилцаанд ******* даргын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9 дугаартай Журам батлах тухай шийдвэрээр баталсан хөдөлмөрийн дотоод журмыг баримтлах нь зүйтэй тул нэхэмжлэгч нь энэ журамд заасан процессын дагуу, зохих этгээдээс нь чөлөө авалгүйгээр, өөрийн ажлыг орлон ажиллах ажилтанд хүлээлгэн өгөлгүйгээр явсан буюу ажлын байраа орхиж явсан буруутай болох нь тогтоогдож байна.

 

7.    ******* даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай шийдвэрээр ******* ажлын албаны ахлах референт *******ийг хүндэтгэн үзэх шалтгаан болон өөрийнх нь хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэж чөлөөлөхдөө Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.9, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 5 дугаар зүйлийн 14 дэх заалт, Ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 3 дахь хэсгийн 3.3, 3.5. 3.6-д заасныг тус тус үндэслэсэн байх боловч энэ харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, мөн хэргийн үйл баримтын тухайд ажилтныг чөлөөлөх болсон шалтгаан болон тушаалд бичигдсэн өөрийнх нь хүсэлтээр, хүндэтгэн үзэх шалтгаанаар халсан гэх үндэслэл хоёрын хооронд зөрүүтэй байна.

 

8.    Хэдийгээр нэхэмжлэгч *******ийн буруутай үйл ажиллагаа байх боловч талууд хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа хуульд нийцсэн, үндэслэл бүхий тушаал гаргах шаардлагатай. Гэтэл хэргийн үйл баримт, түүнийг нотолсон баримтаар *******ийг ажлаас нь чөлөөлөх хүндэтгэн үзэх шалтгаан, өөрийнх нь хүсэлт байсан болох нь тогтоогдохгүй байх тул *******ийг ажлаас чөлөөлсөн ******* даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай шийдвэр нь энэ шаардлагыг хангаагүй байна.

 

9.    Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

10. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцоход 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарыг дуустал нийт 15 сарын хугагцаанд ажилгүй байсан байна.

 

11. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1-т зааснаар нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэсний дагуу 2022 оны 10 дугаар сараас 12 дугаар сард олгосон цалингууд 4,741,371+3,869,910+3,869,910 төгрөг нийт 12,481,191 төгрөг болсныг 12,481,191/3 сард хувааж, нэг сарын цалингийн дундаж гаргахад 4,160,397 төгрөг байх тул ажилгүй байсан 15 сарын хугацаанд үржүүлэхэд нийт олговор 62,405,955 төгрөг болж байна.

 

12. Иймд хариуцагч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 62,405,955 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт гаргуулж, нэхэмжлэгч *******т олгох үндэслэлтэй байна.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийг урьд эрхэлж байсан ******* ажлын албаны Ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч УИХ дахь ардчилсан намын бүлгээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 62,405,955 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.

 

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УИХ дахь ардчилсан намын бүлгээс улсын тэмдэгтийн хураамжид 469,979 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ