Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0739/З |
Дугаар | 128/ШШ2023/0809 |
Огноо | 2023-11-03 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2023/0809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* ХХК /РД:/
Хариуцагч: Б*******, *******ад холбогдох газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. А******* ХХК-аас тус шүүхэд хандан Б*******, *******ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалын А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч А******* ХХК-д Б*******, *******ын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/528 дугаартай тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Ө нэртэй байршилд 20451 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.[2]
2.2. Улмаар тус яамны Т******* газрын даргаас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаар бүхий Газар ашиглах гэрчилгээ олгожээ.[3]
2.3. Дээрх гэрчилгээг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлж,[4] хүлээн авсан тухай тайлбарлаж гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгчээ.[5]
2.4. Нэхэмжлэгчийн зүгээс Г*******нд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...мэдээллийн санд гэрчилгээнд заасан огтлолын цэгийг бүртгүүлэх болон гэрээ байгуулах тухай хүсэлтийг гаргасныг шүүхийн үзлэгийн явцад бэхжүүлж, хэрэгт хавсаргажээ.[6]
2.5. Харин Г*******наас 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 22/793 тоот албан бичгээр Б*******, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад зааснаар газар ашиглах эрхийг цуцлах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг хүргүүлсний дотор тус жагсаалтын 41-д нэхэмжлэгч багтсан.[7]
2.6. Мөн Хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох аж ахуйн нэгжийн жагсаалтыг хүргүүлсний 20-д нэхэмжлэгч компани багтсан.[8]
2.7. Ингээд Б*******, *******ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаал гарч, тус тушаалын хавсралтын 18-д нэхэмжлэгч А******* ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.[9]
2.8. Энэхүү захиргааны актыг тус яамны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08/3727 дугаар албан бичгээр А******* ХХК-д мэдэгджээ.[10]
2.7. Нэхэмжлэгч А******* ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Аялал жуулчлалын бааз төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Ш ХХК-аар гүйцэтгүүлснийг нотлох баримтаар гарган өгсөн.
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс ... цар тахлын үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан..., хамгаалалтын захиргаанд гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг явуулсан бөгөөд гэрээ байгуулагдсанаар газрын төлбөр төлнө гэж ойлгож байсан..., биднээс үл хамаарах шалтгааны улмаас газраа ашиглаж чадаагүй.., захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.10. Хариуцагч Б*******, *******ын зүгээс ... нэхэмжлэгч нь шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болох нь Хамгаалалтын захиргааны албан бичиг, саналаар тогтоогдсон..., газрыг 2020 онд анх олгосон. Гэтэл бүтэн 2 жилийн дараа гэрчилгээгээ авсан байдаг. Мөн гэрчилгээгээ авсан даруйдаа газар ашиглах гуравласан гэрээ байгуулах үүрэгтэй. Эдний компанийн зүгээс хүсэлтүүдийг өгч Н*******, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай гэрээ байгуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, гэрээг өөрсдөө байгуулаагүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч А******* ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Б*******, *******ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаартай тушаалын А******* ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь, манай компани нь Б*******, *******ын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/528 дугаар тушаалын үндсэн дээр Улаанбаатар хот, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ө нэртэй 2 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаагаар ашиглах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээгээр авсан бөгөөд ийнхүү авахдаа 2022 оны 02 дугаар сарын 15-ны үед хүлээн авсан байдаг. Тухайн үед ковид-19 цар тахлын хүнд үе байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор компани төлөвлөсний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүйн зэрэгцээ, бусад компанийн адил чамгүй алдагдал хүлээсэн. Тухайлбал 2020, 2021 онуудад Нийслэл хотод нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Ийнхүү бүрэн болон хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэмд манай компани газраа зориулалтын дагуу ашиглан, төлөвлөсөн төслийн ажлаа хэрэгжүүлэх боломжгүй байсан. Ийнхүү бид цар тахлын хүндхэн үеийг даван туулж санхүүгийн боломж бололцоогоо бүрдүүлээд хууль тогтоомжид заасны дагуу ашиглаж буй газартаа байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан боловсруулж, ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсны дараа байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 5 жилээр боловсруулах зэрэг ажлуудыг "Ш" ХХК-аар гүйцэтгүүлэн, амралт, аялал жуулчлалын газар байгуулахаар төлөвлөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг дарга нартай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гуравласан гэрээ байгуулах хүсэлтийг явуулсан бөгөөд гэрээ байгуулагдсанаар газрын төлбөрийг төлнө гэж ойлгож ирсэн. Улмаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас гэрээг байгуулахаас татгалзаж Б*******, аялал жуулчлалын яаманд хандаж шийдүүлэх талаар утсаар мэдэгдсэн байдаг. Мэдэгдсэн даруй бид гуравласан гэрээ байгуулах зөвшөөрлийг яамнаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд олгодог гэж ойлгоод 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б*******, аялал жуулчлалын яаманд дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой талаар тайлбарлан гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулах хүсэлтийг хүргүүлсэн. Гэтэл Б*******, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08/3727 дугаар албан бичгээр Б*******, аялал жуулчлалын яамны 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн Өт "А" ХХК-д 2 га талбайд аялал жуулчлал зориулалтаар олгосон газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэх хариуг хүргүүлсэн. Манай компани тухайн албан бичгийг Б*******, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гардан авч мэдсэн. Хүчингүй болгосон үндэслэлийн тухайд нэхэмжлэл гаргаснаас хойш сайдын 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаал ирсэн. Тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.5 буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 буюу "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр манай газрыг цуцалсан байдаг. Уг үндэслэлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл өмнө нь дурдсанчлан Улаанбаатар хотод нийтдээ 2020-2022 оны хугацаанд 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдийн жагсаалтад "А" ХХК ороогүй тул биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас тухайн газраа ашиглах боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Мөн гуравласан гэрээ байгуулснаар газрын төлбөрийг төлнө гэж ойлгож байсан. Гуравласан гэрээ байгуулагдаагүй, мөн Н*******наас ямар нэгэн нэхэмжлэх манай байгууллага дээр үүсгэж байгаагүй учраас энэ төлбөрийг төлөх боломжгүй байсан. Түүнчлэн Б*******, аялал жуулчлалын яамнаас уг тушаалыг гаргахдаа сонсох ажиллагааг хийж тайлбар мэдүүлэг аваагүй. Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсанд гомдолтой байгаа бөгөөд цуцалсан үйлдэл нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
3.2. Хариуцагч Б*******, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Нэхэмжлэлийн шаардлагад нэгдүгээрт коронавирусын халдварын улмаас газраа ашиглаагүй юм гэдэг тайлбарыг гаргаж байна. Хоёрдугаарт, газрын төлбөр төлөөгүй үндэслэлийг гэрээгээ байгуулаагүй учраас газрын төлбөр төлөхгүй байсан гэж тайлбарлалаа гэж ойлголоо. Хэргийн нөхцөл байдлын хувьд анх газар олголтыг 2020 оны 07 дугаар сарын дугаар тушаалаар газар ашиглах эрхийг олгосон. 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаартай тушаалаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэл нь 40.1.3-д заасан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж гэрээ байгуулаагүй, 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан. Нөхцөл байдлын хувьд газрын төлбөрөө төлөөгүйн тухайд гэрээ байгуулагдаагүй. Гэрээг яагаад байгуулаагүй вэ гэвэл А******* ХХК-ийн зүгээс гэрээгээ улсын тэмдэгтийн хураамж төлж авах үүрэгтэй. Гэтэл улсын тэмдэгтийн хураамжийг бүтэн 2 жилийн хугацаанд төлөөгүй байж байгаад 2022 онд төлөөд гэрчилгээгээ авсан юм байна гэж ойлгож байна. Гэтэл газрыг 2020 онд анх олгосон. Гэтэл бүтэн 2 жилийн дараа гэрчилгээгээ авсан байдаг. Мөн гэрчилгээгээ авсан даруйдаа газар ашиглах гуравласан гэрээ байгуулах үүрэгтэй. Эдний компанийн зүгээс хүсэлтүүдийг өгч Н*******, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай гэрээ байгуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, гэрээг өөрсдөө байгуулаагүй. Ийм байж гэрээ байгуулаагүй учраас газрын төлбөрөө төлөөгүй юм гэдэг тайлбарыг хэлэх боломжгүй. 40.1.6-ын хувьд коронавирусын халдвар газрын төлбөр төлөхөд хамаарахгүй. Учир нь Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийг тайлбарласан тайлбараар хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтийн улмаас тухайн газар дээр эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэргээс газар эзэмшигч, ашиглагчаас хамаарах шалтгаан байхгүй болсныг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Гэтэл коронавируст халдвар тухайн газарт цөлжилт үүсгэсэн, эвдрэл гаргасан асуудал байхгүй. Тийм учраас үүнийг газраа зохих журмын дагуу ашиглаагүй гэж үзэх боломж байхгүй гэж ойлгож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
А. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Шүүх нэхэмжлэгчээс тодорхойлон маргаж буй захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
1. Маргаж буй Б*******, *******ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалын хавсралтын 18-д нэхэмжлэгч А******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан зөрчлийг гаргасан гэж хариуцагч үзжээ.
2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь ... Газрын тухай хууль ... энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан үеийн зохицуулалтаар/ Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: гэж, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гээд, мөн хэсгийн 1 дэх заалтад Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр; гэжээ.
3. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гээд, мөн зүйлийн 39.1.4 дэх заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: гээд, мөн зүйлийн 40.1.3 дахь заалтад шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; гэж тус тус зохицуулжээ.
4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй аливаа этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс хэрэглэх бөгөөд харин тухайн тохиолдолд маргаж буй актад үндэслэсэн зөрчил нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон байх учиртай байна.
5. Эрхийн гэрчилгээ эзэмшигч шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хүчинтэй хугацаанд үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, улмаар газар ашиглах гэрээ байгуулах үүрэг нь эрхийн гэрчилгээ гарснаар буюу гэрчилгээний хураамж төлж гэрчилгээг хүлээн авснаар үүснэ.
6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлахад, нэхэмжлэгч А******* ХХК-д Б*******, *******ын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/528 дугаартай тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Ө нэртэй байршилд 20451 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.[11]
7. Улмаар тус яамны Т******* газрын даргаас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 02011721 дугаар бүхий Газар ашиглах гэрчилгээ олгосныг[12] нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлж,[13] хүлээн авсан тухай тайлбарлаж гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гарган өгчээ.[14]
8. Харин эрхийн гэрчилгээг гарсан өдрөөс 2 жил 9 сар, хүлээн авсан гэх өдрөөс 1 жил 2 сарын дараа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...мэдээллийн санд гэрчилгээнд заасан огтлолын цэгийг бүртгүүлэх болон гэрээ байгуулах тухай хүсэлт гаргажээ.[15]
9. Өөрөөр хэлбэл, Б*******, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газраас газар ашиглах гэрчилгээ олгох чиг үүргээ хэрэгжүүлж, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгосноос хойш захиргааны байгууллагаас хүлээн авч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.
10. Хэдийгээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ байгуулах нь гурван талын хүсэл зоригийн илэрхийлэл байх боловч энэ талаарх гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэх анхдагч үүрэг нь газар ашиглагчид буюу нэхэмжлэгчид байхад гэрээ байгуулах тухай хүсэлтээ гаргаагүй /газар ашиглах гэрчилгээг хүлээн авснаас хойш газар ашиглах талаар санаачилга, идэвхтэй үйлдэл гаргаагүй/, түүнчлэн энэ талаарх хүсэлтээ гаргах боломжгүйд хүрсэн бол хүндэтгэх шалтгааныг нотолсон баримтыг захиргааны байгууллага болон шүүхэд гаргаж өгөөгүй болно.
11.Энэ талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад Хамгаалалтын захиргааны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 208 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох аж ахуйн нэгжийн жагсаалтыг хүргүүлсний 20-д Газрын тухай хуулийн 40.1.3-д заасныг зөрчсөн гэх санал гаргасныг тушаалын үндэслэл болгосон нь үндэслэлтэй байна.[16]
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б******* аялал, жуулчлалын яамны бичиг хэргийн бүртгэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газарт байрлах хувийн хэрэг, мэдээллийн сан болон Хамгаалалтын захиргаан дахь хувийн хэрэгт үзлэг хийхэд 2023 оны 4 сараас өмнө гэрчилгээ бүртгүүлж, газар ашиглах гэрээ байгуулах тухай хүсэл зориг илэрхийлсэн хүсэлт, баримт авагдаагүй.
13. Дээр дурдсан үндэслэлээр А******* ХХК нь газар ашиглах эрхийг захиргааны байгууллагаас олгож, гэрчилгээ гарсан атал шинээр газар ашиглах гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн тул Б*******, *******ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалын хавсралтын 18-д нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй, харин мөн хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн үндэслэлийг зөвтгөх боломжгүй байна.
14. Учир нь, газрын төлбөр төлөх үүрэг нь газар ашиглаж эхэлсэн өдрөөс үүсэх хариу үүрэг бөгөөд Газар ашиглах тухай гуравласан гэрээ байгуулагдаагүй байхад энэ үүрэг үүсэхгүй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
15. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд, Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
16. Мөн зүйл, хэсэгт заасан "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар ашиглах гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
17. Дээрх тайлбараас авч үзвэл аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар ашиглах гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.
18. Шинээр газар ашиглах гэрээ байгуулаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд хууль хэрэглээний логикийн хувьд зөрчилтэй төдийгүй газар ашиглах гэрээ байгуулаагүй нь илэрхий тодорхой байхад ийнхүү буруутгасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Б. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудаас гаргасан зарим үндэслэлийн тухайд:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад тусгаагүй тул хариуцагчийн татгалзлын үндэслэл болохгүй талаар тайлбарлан мэтгэлцсэн.
2. Б*******, *******ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаал нь 20 хуулийн этгээдэд хандаж гарсан, хавсралтаар жагсааж газар ашиглагч бүрээр хууль зүйн үндэслэлийг ялгамжтай заасан бөгөөд А ХХК-д холбогдох хэсгийг хавсралтын 18 дугаар мөрний 8 дахь баганад хүчингүй болгох гурван бие даасан үндэслэлийг нэрлэн заажээ.
3. Захиргааны акт хэд хэдэн этгээдэд чиглэж гарсан, тухай бүрт үндэслэл өөр байгаа тохиолдолд хавсралт нь тухайн актын салшгүй хэсэг гэж үзэх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дэх заалтыг хууль зүйн үндэслэлд тооцож, дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно.
4. Мөн нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас газар ашиглах гэрээ байгуулж чадаагүй гэх үндэслэлээр тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн дээр газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзсан гэх баримт гаргаж, энэ талаарх захиргааны үйл ажиллагаанд холбогдуулж маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
5. Түүнчлэн нэхэмжлэгч талаас захиргааны актад сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар санал гаргах боломжоор хангаагүй гэж маргасныг дараах үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй байна.
6. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан бөгөөд нарийвчилсан хуульд захиргааны актыг гаргасны дараа мэдэгдэхээр хуульчилсан байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хуульчилсан зарчим, агуулгаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар нэхэмжлэгчид 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 08/3727 дугаар албан бичгээр А******* ХХК-д мэдэгдсэн байх тул энэ үндэслэлээр захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй.[17]
8. Иймд дээрх үндэслэлүүдээр А******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.3 дахь заалт, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХХК-ийн гаргасан Б*******, *******ын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/******* дугаар тушаалын А******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 1 дэх тал
[2] Хх 62 дахь тал
[3] Хх 58 дахь тал
[4] Хх 82-85 дахь тал
[5] Хх 8 дахь тал
[6] Хх 56 дахь тал
[7] Хх 31-32 дахь тал
[8] Хх 35-39 дэх тал
[9] Хх 28-30 дахь тал
[10] Хх 10 дахь тал