Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 350

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч Я.Д, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД:0216/,

шүүгдэгч П.П, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /ҮД:0192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-н П-т холбогдох 201626012398 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 206 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт П-н П /РД: .../

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч П.П нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ар гүнт” гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан “Арц суврага” ХХК-ний байрлуулсан хоолны гэрт хохирогч Я.Д-н нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн гайморын ясны гадна ханын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Я.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд намайг Ар гүнт гэх газарт үдийн цайны цагаар хоолонд орохоор хоолны гэрт ороход П  хоолонд орох гээд зогсож таараад би, чи өөрөө эхэлж хэл ам таталчихаад намайг буруутан болгоод өөдгүй эр юм даа гээд зогсож байтал П гэнэт намайг нүүр рүү цохих шиг болоод миний нүүр халуун оргиод толгой манараад цаашаа юу болсныг мэдээгүй. Хүмүүс миний хацарнаас гоожиж байгаа цусыг даавуугаар дараад механик Д-н машинаар хотын төв рүү ирж “Мөнгөнгүүр” эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулж боолгуулсан. ...Би өмнө ажил дээрээ архи уусан асуудал гаргасан байсан болохоор дараа нь О, П-той маргалдаж дахин зөрчил гаргалаа гээд ажлаас халагдсан. …Миний нүүрний шархыг харуулсангэрэл зургийг эмч, сувилагч хоёр намайг анх эмнэлэгт очиход гар утсаараа дарж бэхжүүлж авсан байсан. Тэгээд дараа нь “Мөнгөнгүүр” эмнэлгийн эмчээс өөрөө очиж аваад угаалгасан юм. ...Би харааны ндний шилээ 2016 оны 05 дугаар сарын орчимд 60.000 төгрөгөөр авч зүүсэн байсан. П намайг будаатай аягаар цохих үед миний нүдний шил эвдэрсэн. Гэхдээ П надад нүдний шилээ хийлгэ, эмчилгээндээ зарцуул гээд 100.000 төгрөг бэлнээр өгсөн болохоор нүдний шилний үнийг нэхэмжлэхгүй. ...П миний хар руу шаазан аягаар цохисноос миний хацар зүсэгдэж гэмтэл учирсан. Одоо хэдийгээр оёдол тавиулж эдгэрч аньсан боловч задалж цөмөрсөн ясыг нөхүүлж, булчинг задалж косметик оёдол хийлгэх шаардалагтай байгаа. Энэ эмчилгээг хийлгэхэд 6.840.000 төгрөгийн шууд зардал хэрэгтэй. ...2016 оны 06 дүгээр сарын 25-ны өдөр би ажилчдын хоолны гэрт хоол идэхээр ороход П хоолоо авахаар зогсож байхаар нь би урд нь очиж зогсохоор хажуугаар нь гарахдаа чи өөдгүй эр юм даа, чи өөрөө хүнийг багалзуурдаж өдчихөөд, тэр чинь ажлаас халагдахад нөлөөллөө гэж хэоээд урдуур нь очиж зогсоод тогоочид аягаа өгтөл хоол нь дуусаад тогооч дараагийн савтай хоолыг татах хооронд нь би арагшаа ухраад зогстол гэнэт хацарт тасхийгээд, миний толгой манараад юу болсныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 129-130 х/

 

 Хохирогч Я.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ...ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр жолоочоор ажилд орсон. Ажилд орсоны дараа О гэдэг хүн хуучирхаж намайг дээрэлхэж нэг бус удаа гагнуур хийлгэж, мөн надад нэр хоч өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр намайг ажлаас халж байгааг мэдэгдсэн, үүнд шүүгдэгч буруутай, энэ хүн даргатай холбоо сүлбээтэй байдаг. Би яагаад ажлаас халагдах болсноо асуухад дарга та архи уусан, П, О нартай хэрүүл маргаан хийсэн гэж хэлсэн. Би хоолонд орох гээд гэр рүү ороход дүүрэн хүмүүс байсан, би хот явах  гээд яарч байгаагаа хэлээд урдуур нь орсон.  Тэгээд би шүүгдэгчид чи өөдгүй эр юм  даа гэж хэлчихээд хоолоо авах гээд аягаа өгтөл савтай хоол дууссан байсан учир тогооч дараагийнхаа хоолыг татах гээд намайг хойшоо ухарч бай гэсэн. Тэгээд намайг  ухартал гэнэт гал бутраад би савж унаад босч ирсэн, түүнээс хойш

юу болсныг барагсанахгүй байна. Цохилтын улмаас яс цөмөрч,мэдрэлийн судас тасарсан, нүүрэнд 28 ширхэг шилний хагархай зоогдсон байсныг А эмнэлгийн эмч түүж авсан. Одоо миний хацрын булчин зангирсаны улмаас юм  хазаж идэхэд чих рүүгээ хатгаж өвддөг, хамар самсай мурийж, гамриттай болж амьсгалж ч чадахгүй зовж байна. Цаашид эмчилгээний зардал болох 4.750.000 төгрөгийг нэхэмжилж байна, үүнээс гадна нүдний шил, унаа, бариа гэх мэт  жижиг

зардал их гарсан боловч түүнийг би нэхэмжлээгүй. Мөн шүүгдэгч ажилчдын дунд намайг их мөнгө нэхэж байна гэж нэр хүнд унагааж байгаад гомдолтой байна ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            Шүүгдэгч П.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр намайг хоолны гэрт хоолоо авахаар зогсож байхад амандаа үглээд намайг дөхөж очиход гараа өргөөд тулаад ирэхэд нь би гарт нь ямар нэгэн зүйл байна гэж бодоод гартаа бариад зогсож байсан шаазан аягатай гараа сарвайтал Д-ын нүүр нь оногдчихсон юм. ...Я.Д-ын биед учирсан гайморын ясны гадна талын хугарал, зүүн  зовхи, шанаа, хацар, дээд уруулын хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны цус хуралт зэрэг гэмтэл нь миний түүнийг том будаатай шаазан аягаар цохисноос үүссэн гэмтэл юм. ...Намайг гагнуурчин О-н гэрт ороод байж байхад Я.Д гаднаас согтуу орж ирээд чи намайг өмнө нь боож моогоод өвчигнөөд байлуу гэхээр нь би, чи бид хоёр учраа олоод салаагүй билүү гэхэд гараад явсан. ...Хоолны гэрт орж ирээд намайг зогсож байхыг хараад энэнээс болж байгаа юм гээд гартаа юм барьж над руу дайрсан хүчээрээ аяганд цохигдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-50, 138-139 х/

 

Шүүгдэгч П.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хэрэг анх 2016 оны 9 дүгээр сарын 10-ний өдөр эхэлсэн. Хохирогч нь ажлын байран дээрээ танхайрч хоёр хүний эрх чөлөөнд халдсан. Дараа нь 9 дүгээр сарын 25- ны өдөр урьдах хэргээс улбаалан чи намайг матсан хэмээн над руу зодох гэж дайрснаас энэ хэрэг үүссэн. Би удаан бодсон, анхны буюу 9 дүгээр сарын 10-ны өдөр гарсан хэргийн талаар цагдаад мэдэгдээгүйгээс ийм зүйл боллоо гэж би дүгнэж байна.  2016 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө би зээтэйгээ гагнуурчин эмэгтэйн гэрт дулаацаад байж байтал хохирогч орж ирээд чи намайг матаж ажлаас халууллаа гэж хэлсэн, өдөр нь бид хоолонд орох гээд би 2 гартаа аяга барьчихсан зогсож байтал хохирогч ирээд чи өөдгүй эр, намайг матсанаас болж би ажлаас халагдаж байна гэсэн, нэг мэдэхэд миний өмнө ирчихсэн намайг цохих гэж байхаар нь би биеэ хамгаалах гээд аягатай гараа далайтал ийм хэцүү асуудал болсон. Би эмчилгээний зардал өгсөн. Хохирогч намайг ажлаас халуулчихсан гэх боловч одоог хүртэл ажилласаар байгаа... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Я.Д гэх хүн нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг “Мөнгөн гүүр” эмнэлгийн жижүүр эмчээр гарч үүрэг гүйцэтгэж байхад өдөр 15 цагийн орчим ирж үзүүлэхэд зүүн хацар, зүүн уруулын дээд хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн хөмсөгний гадна хэсэгт мөн зүсэгдсэн шархтай, зүүн хацарны шарх нь гүн шарх байсан. Ингээд шарханд анхны үзлэгээ хийж шарханд шаазан эдийн хагархай үйрмэгүүд байсныг түүн авч, шархыг ариун уусмалаар угааж цэвэрлэн оёдол тавьсан. ...Я.Д нь манай ажпын хүн маргаанаас болоод шаазан аягаар цохисон гэж ярьж байсан. ...Я.Д-д үзлэг хийж байхдаа би өөрийн гар утсыг тухайн үед надтай хамт ээлжинд гарч байсан асрагчид өгч шархны зургийг авсан юм. Тэгээд дараа нь миний утаснаас зургаа өөрсдөө авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х /,

 

Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үдийн цайны цаг болоод би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ар Гүнт” гэх газарт байрлын үйл ажиллагаа явуулж байсан “Арц Суврага” ХХК-ний хоолны гэрт хоолонд орохоор 13 цагт ирсэн. Ингээд хоол авахаар зогсож байтал гаднаас Д гэх жолооч орж ирээд би явах гэж байгаа юм чинь урдуур чинь ороод хоолоо авчихъя гээд урдуур ороод П гэх жолоочийг хоолоо авах гээд зогсож байхад нь ойролцоо очиж зогссоод, энэнээс болж байгаа юм гээд гараа далайхад нь П арагшаа ухраад холдоход гараа буулгачихсан. Би тэр үед П жолоочийн ард ирээд зогсчихсон байсан болохоор хажууд байсан ширээн дээрээс хоол идэх сэрээгээ аваад арчиж байтал тасхийгээд дуугарах чимээ гараад аяга хагарах чимээ гарсан. Би тэгээд доошоо хартал газарт будаатай том аяга хагарсан, Д-н зүүн хацар хэсгээс нь цус гарч байсан. ...Д-н хацрыг П жолооч будаатай аягаар цохиод хацрыг нь зүсчихсэн. ...Д, П нар өмнө нь юунаас болсныг мэдэхгүй, хоорондоо муудалцаж байсан гэсэн. Би тэр үед байгаагүй, хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Би 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажилд ороод удаагүй байсан болохоор Д П нарын хувийн зан байдлынх нь талаар сайн мэдэхгүй. Надад ямар нэгэн муу зан ааш, авир гаргаж байгаа харагдаагүй. Д П нараас тухайн үед архи үнэртээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

 

Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П жолоочийг хоолны гэрт хоол авах гээд зогсож байхад Д гаднаас орж ирээд шууд урдуур явж очсоноо П-г чамаас болж халагдлаа гээд хэрүүл өдөх шиг болоод тэр зуурт л гэнэт хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгээд хартал Д-ын хацарнаас цус гарч байсан. ...П архи уугаагүй байсан. Харин Д гаднаас орж ирэхдээ миний хажуугаар гарахад архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134 х/,

 

Гэрч Ш.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гаднаас Д орж ирээд хүмүүсийн хажуугаар яваад урд очиж зогсоод П юм ярьснаа Д нь гараа далайх шиг болоод хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгээд хартал Д-ын хацарнаас цус гараад газарт аяга хагарсан байсан. ...Энэ өдрөөс нилээд хэд хоногийн өмнө Д гагнуурчин О-тай маргаад П зохицуулах гэж очоод цохиулсан гэж байсан. ...Энэ хэрэг болохын урьд өдөр нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр намайг хот руу оччихоод буцаж явахад Д архи уусан байдалтай Гүнтийн давааны ар доор машинтайгаа замын хажуу руу орчихсон байхаар нь би татаж гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 х/,

 

Гэрч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “... Би 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт “Ар гүнт” гэх газарт “Ар суврага” ХХК-ний зам тавих үйл ажиллагаа явуулж байсан газарт ажилласан. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчим би жолооч П-ын машинд гагнуур хийгээд дээд талд нь дэгээ гагнах болоход П би өөрөө гагначихая гээд дээшээ гараад би доод талд нь зогсож байтал жолооч Д ирээд миний машинд яаралтай гагнуур хийгээд өгөөдөх гэхээр нь би ажилтай байна дараа болъё, хүлээж бай гэтэл Д миний машиныг яаралтай гагнаж өг гэж шавдуулаад байхаар нь чи намайг завгүй байгааг харж байгаа биз дээ гэхэд тэрээр чи ер нь яахаараа надад юм хийж өгөх болохоор ажилтай болчихдог юм бэ? гээд над руу үгээр давшлаад бид хоёр маргалдаад Д тэр уурандаа миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед П хүрч ирээд чи эмэгтэй хүнийг яагаад байгаа юм болиоч гэхэд чамд ямар хамаатай юм гээд П луу дайраад барьцалдаад П-г машин руу шахаж мөргүүлсэн. Тэгэхэд тэнд байсан хүмүүс салгаад болиулахад газарт байсан лантууг авч шидсэн, гэхдээ тэр лантуу хэнийг ч оноогүй газарт унасан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

 

Гэрч Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би Баянмонгол дүүргийн ... тоотод эхнэр Э болон хүүхдүүдийн хамт амьдардаг. Би “...” ХХК-нд автын механикийн инженер ажилтай бөгөөд манай эхнэр ...-н Их сургуульд сургалтын менежер ажилтай. Би 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн үед цайны цаг болоод ажилчид цайндаа орж байсан.Тэгээд би байрлаж байгаа гэртээ ороод цайгаа уугаад сууж байтал арматурын туслах З гэдэг охин орж ирээд хөвөн бент хэрэгтэй байна гэхээр нь юу болсон бэ гэж асуусан чинь гал тогооны гэрт зодоон болоод байна гэж хэлсэн. Тэгээд хөвөн бент өгөөд гал тогооны гэр рүү хамт ортол Д сандал дээр суучихсан доошоо хараад даавуугаар нүүрээ дараад сууж байсан.Тэгээд юу болсон талаар асуухад Д надад П миний нүүрлүү цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд Хөдөлмөр хамгааллын инженер Б-тай хамт эмнэлэг явхаар болоод Д-г аваад хот руу орж ирээд “Мөнгөнгүүр” эмнэлэгт үзүүлсэн ба Д-ын нүүрэнд оёдол тавьсан. Тэгээд Д-н найзууд нь ирчихсэн байсан ба Д-г гэр рүү нь авч явна гэхээр нь Б бид 2 гэр, гэртээ очиж хоноод маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр буцаад ажил руугаа явсан.Тэгээд ажил дээрээ очиход П ажлаа хийж байсан ба цайны цагаар Д-той уулзахаар хот руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 х/

 

Гэрч Н.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болон 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын төв рүү явчихсан байсан болохоор тухайн өдрүүдэд болсон хэрэг үйлдлүүдийн талаар мэдэхгүй. Би дараа нь ажилдаа ирээд хүмүүсийн ам дамжсан ярианаас сонсоход жолооч Д гагнуурчин О-тай маргалдаад тэр байдлыг нь П хэлснээс болоод мөн хоорондоо маргалдсан гэж байсан. Түүнээс хойш дараа нь хоолны гэрт Д П нар нь тааралдаад тэгээд П нь Д-ын нүүр рүү аягаар цохисон сураг байсан. Би тухайн үед байгаагүй болохоор тэр үйлдлүүдийн талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 х/

 

Гэрч П.Ц-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П  миний аав юм. Зан байдлын хувьд даруу зантай, элдэв янзын муу санаа бодолгүй, хүнтэй эвтэй, хүнлэг сэтгэлтэй, ажилсаг, ямар ч ажлыг үнэн сэтгэлээсээ өөрийн зүтгэлээр хийдэг, уран нямбай, ахуй амьдралынхаа төлөө зүтгэдэг, үр хүүхэд гэр бүлдээ халамжтай, архи согтууруулах ундаа хэрэглээд агсан согтуу тавиад байдаггүй, гэр бүл, төрөл садан, найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн гэж би аавыгаа бодож явдаг. Хэрэг болсон үйлдлийнх нь талаар мэдэхгүй ч аавын хэлж байснаар ажлынхаа нэг хүнтэй маргалдаад тэгээд тухайн үедээ гартаа барьж байсан аягаараа цохичихсон юм байна л гэж ойлгосон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 х/

 

Гэрч Ө.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би П Д гэх хүмүүсийг танина. Эдгээр хүмүүс нь манай байгууллагын ажилчид юм. Ах дүү, төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. П нь манай байгууллагад ачааны машины жолоочоор ажилладаг юм. Би энэ төсөл дээр 2016 оны 04 дүгээр сараас хойш удирдаж ажилласан. Энэ компанид П.П-г хэдий хугацаанд ажиллаж байгааг мэдэхгүй байна. П.П нь өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь гүйцэтгэл сайтай хийдэг, сайн жолооч нарын нэг юм. Ажил тасалдаггүй, ажлын цагаар архи уудаггүй төлөв томоотой хүн. П.П нь далан дүүргэх ажилд кариараас шороо зөөдөг ажил хийж байсан. Я.Д нь манай байгууллагад усны машины жолоочын ажил хийдэг. Би Я.Д гэж хүнтэй 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хүний талаар сайн мэдэхгүй байна. Энэ хүн кариартай ойрхон байрлалтай гүний худгаас далангийн шороог норгох усалгааны ажил хийдэг байсан. Я.Д нь 1 удаа ажил таслаад согтуу машинаа бариад ажлын талбайгаас гараад явж байгаад асуудал гарч миний зүгээс байгууллагын удирдлагад ажлаас халах санал явуулж байсан. Би хэргийн газар дээр байгаагүй, хэрэг болохоос өмнө баримжаалбал 10 гаруй хоногийн өмнө П ахын нүүр хөхөрчихсөн явж байхаар нь би юу болсон юм гэж асуухад санамсаргүй юм мөргөсөн гэж хэлсэн, тэгээд би тухайн үедээ тоогоогүй, тэгтэл байгууллагын ажилчид дундын ярианаас сонсоход Д П-г цохиж нүдийг нь хөхрүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би Д-той ажлаа хийж байхад нь уулзаж П-г цохисон асуудал гаргасан байна, дахиж ажил дээр ийм асуудал гаргаж болохгүй шүү гэж анхааруулга өгч байсан, тэгэхэд Д ойлголоо гэж хэлж байсан. Надад нэмж хэлэхэд хэрэг гарахын өмнөх өдөр Д согтуугаар ажлын талбай дээр автомашинаа унаж байгаад жалга руу машинаа оруулаад орхичихсон байсан асуудлаас болж Д-г ажлаас халах саналыг би байгууллагын даргад зөрчлийн хуудас бөглөж халах санал гаргасан. Маргааш өглөө нь буюу хэрэг болдог өдөр Д-н оронд өөр жолооч томилсон юм. Тэгэхэд Д-н усны машин ажилд гараагүй байхаар нь шинээр томилсон жолоочтой уулзахад Д машины түлхүүр өгөөгүй гэж хэлсэн, тэгээд машин дээр нь очиход Д машин дотроо унтаж байхаар нь би машиныг нь шинэ томилсон жолоочид хүлээлгэж өгөөд Д-г ажлын талбай дээрээс яв гэж хэлсэн, тэгэхэд Д захиралтай уулзана гээд талбай дээр үлдсэн. Миний ярьсан зүйл үнэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 154 х/

 

Шинжээч эмч Т.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Я.Д-н биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. ...Я.Д-н биед учирсан гэмтлүүдийн зүүн гайморын ясны гадна ханын хугарал нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Гэхдээ доорх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, нэг зүйлээр үүсгэгдсэн болохоор хүндэвтэр зэрэгт хамааруулж ойлгоно. Ир ирмэгтэй зүйл гэдэгт үзүүртэй, ир ирмэгтэй зүйлүүдийг ойлгох ба түүнээс бусад зүйлүүд нь хатуу мохоо зүйлд хамаарагдана. ...Энэ дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шаазан аягаар цохих үед үүсэж болох гэмтлүүд юм. Нүдний шил хүч нөлөөгүй, шаазан аяганы хүч нөлөөлсөн байж болох гэмтэл юм. ...Я.Д-н нүүрэнд учирсан гэмтэл нь ердийн явцаараа бүдгэрч сорви тогтох бөгөөд бүрэн арилж эдгэрэхгүй. Гэхдээ нүүр засрашгүй гэмтэх гэсэн ойлголтод хамаарахгүй. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах гэмтэл учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 35-37 х/,

 

Шинжээчийн 13517 дугаар дүгнэлт

 

1.Я.Д-н биед зүүн гайморын ясны гадна ханын хугарал, зүүн зовхи, шанаа, хацар, дээд уруулын зүүн хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

 

         Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 х/

П.П-н оршин суугаа хаягын тодорхойлолт/хх-ийн 54 х/

Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 57 х/

Хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-ийн 77 х/ эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-ийн 83 х/

Хохирогчийн үзлэг хийлгэсэн төлбөрийн баримт /хх-ийн 172/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Гэм буруугийн талаар:

 

   П.П нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ар гүнт” гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан “Арц суврага” ХХК-ний хоолны гэрт хохирогч Я.Д хажуугаар нь гарахдаа “чи өөдгүй эр юм даа, өөрөө хүнийг багалзуурдаж өдчихөөд тэр чинь ажлаас халагдахад нөлөөллөө” гэж хэлснээс болон урьдны таарамжгүй харилцаанаас болж түүний нүүрэн тус газар нь шаазан аягаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, зуүн уруулын дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн хөмсөгний гадна хэсэгт мөн зүсэгдсэн шарх, зүүн хацарны шарх нь гүн шарх, зүүн гайморовын ясны гадна ханын хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч П.П “... 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө би зээтэйгээ гагнуурчин эмэгтэйн гэрт дулаацаад байж байтал хохирогч орж ирээд чи намайг матаж ажлаас халууллаа гэж хэлсэн, өдөр нь бид хоолонд орох гээд би 2 гартаа аяга барьчихсан зогсож байтал хохирогч ирээд “чи өөдгүй эр, намайг матсанаас болж би ажлаас халагдаж байна” гэсэн, нэг мэдэхэд миний өмнө ирчихсэн намайг цохих гэж байхаар нь би биеэ хамгаалах гээд аягатай гараа далайтал ийм хэцүү асуудал болсон. ...” /хх-ийн 45-50, 138-139 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Я.Д-н “...2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд намайг “Ар гүнт” гэх газарт үдийн цайны цагаар хоолонд орохоор хоолны гэрт ороход П хоолонд орох гээд зогсож таараад би, чи өөрөө эхэлж хэл ам таталчихаад намайг буруутан болгоод өөдгүй эр юм даа гээд зогсож байтал П гэнэт намайг нуүрлүү цохих шиг болоод миний нүүр халуун оргиод толгой манараад цаашаа юу болсныг мэдээгүй. ...” / хх-ийн 13-16, 129-130 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

 

Гэрч А.А-н “...Я.Д гэх хүн нь 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр намайг “Мөнгөн гүүр” эмнэлгийн жижүүр эмчээр гарч үүрэг гүйцэтгэж байхад өдөр 15 цагийн орчим ирж үзүүлэхэд зүүн хацар, зүүн уруулын дээд хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн хөмсөгний гадна хэсэгт мөн зүсэгдсэн шархтай, зүүн хацарны шарх нь гүн шарх байсан. Ингээд шарханд анхны үзлэгээ хийж шарханд шаазан эдийн хагархай үйрмэгүүд байсныг түүн авч, шархыг ариун уусмалаар угааж цэвэрлэн оёдол тавьсан. ...Я.Д нь манай ажпын хүн маргаанаас болоод шаазан аягаар цохисон гэж ярьж байсан. ...Я.Д-д үзлэг хийж байхдаа би өөрийн гар утсыг тухайн үед надтай хамт ээлжинд гарч байсан асрагчид өгч шархны зургийг авсан юм. Тэгээд дараа нь миний утаснаас зургаа өөрсдөө авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 х /,

 

Гэрч Д.М-н “... Би тэр үед П жолоочийн ард ирээд зогсчихсон байсан болохоор хажууд байсан ширээн дээрээс хоол идэх сэрээгээ аваад арчиж байтал тасхийгээд дуугарах чимээ гараад аяга хагарах чимээ гарсан. Би тэгээд доошоо хартал газарт будаатай том аяга хагарсан, Д-н зүүн хацар хэсгээс нь цус гарч байсан. ...Д-н хацрыг П жолооч будаатай аягаар цохиод хацрыг нь зүсчихсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 х/,

 

Гэрч Ж.С-н “...П жолоочийг хоолны гэрт хоол авах гээд зогсож байхад Д гаднаас орж ирээд шууд урдуур явж очсоноо П-г чамаас болж халагдлаа гээд хэрүүл өдөх шиг болоод тэр зуурт л гэнэт хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгээд хартал Д-н хацарнаас цус гарч байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 133-134 х/,

 

Гэрч Ш.Г-н “...Гаднаас Д орж ирээд хүмүүсийн хажуугаар яваад урд очиж зогсоод П-той юм ярьснаа Д нь гараа далайх шиг болоод хүмүүс шуугилдаад явчихсан. Тэгээд хартал Д-н хацарнаас цус гараад газарт аяга хагарсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136 х/,

 

Гэрч Д-н “.... хөвөн бент өгөөд гал тогооны гэр рүү хамт ортол Д сандал дээр суучихсан доошоо хараад даавуугаар нүүрээ дараад сууж байсан.Тэгээд юу болсон талаар асуухад Д надад П миний нүүрлүү цохичихлоо гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 х/

 

Шинжээч эмч Т.А-н “...Я.Д-н биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. ...Я.Д-н биед учирсан гэмтлүүдийн зүүн гайморын ясны гадна ханын хугарал нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Гэхдээ доорх гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, нэг зүйлээр үүсгэгдсэн болохоор хүндэвтэр зэрэгт хамааруулж ойлгоно. Ир ирмэгтэй зүйл гэдэгт үзүүртэй, ир ирмэгтэй зүйлүүдийг ойлгох ба түүнээс бусад зүйлүүд нь хатуу мохоо зүйлд хамаарагдана. ...Энэ дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шаазан аягаар цохих үед үүсэж болох гэмтлүүд юм. Нүдний шил хүч нөлөөгүй, шаазан аяганы хүч нөлөөлсөн байж болох гэмтэл юм. ...Я.Д-н нүүрэнд учирсан гэмтэл нь ердийн явцаараа бүдгэрч сорви тогтох бөгөөд бүрэн арилж эдгэрэхгүй. Гэхдээ нүүр засрашгүй гэмтэх гэсэн ойлголтод хамаарахгүй. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах гэмтэл учраас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 35-37 х/,

 

Шинжээчийн 13517 дугаар дүгнэлт:

 

1.Я.Д-н биед зүүн гайморын ясны гадна ханын хугарал, зүүн зовхи, шанаа, хацар, дээд уруулын зүүн хэсгийн шарх, зүүн нүдний зовхи, алимны цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл хатуу мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

 

“Мөнгөнгүүр” эмнэлгийн 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Компьютерт томографийн шинжилгээний “...Хамрын таславч зүүн тийш муруй, салст зузаан. Зүүн гайморын хөндийн хажуу хана 0.5x0.5 см хэмжээтэй дотогшоо цөмөрсөн хугаралтай. ...” гэсэн дүгнэлт / хх-ийн 51 х/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

П.П-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй.

 

            Хохирлын талаар:

Хохирогч Я.Д-н бие махбодид “...зүүн хацар, зуүн уруулын дээд хэсэгт зүсэгдсэн шархтай, зүүн хөмсөгний гадна хэсэгт мөн зүсэгдсэн шархтай, зүүн хацарны шарх нь гүн шарх байсан.Зүүн гайморын хөндийн хажуу хана 0.5x0.5 см хэмжээтэй дотогшоо цөмөрсөн хугаралтай” гэмтлүүд учирсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт /хх-ийн 39 х/, “Мөнгөнгүүр” эмнэлгийн дүгнэлт / хх-ийн 51 х/, шинжээч эмч Т.А-н тайлбар /хх-ийн 35-37 х/ зэргээр тус тус нотлогдсон.Уг гэмтлийг шүүгдэгч П.П учруулсан гэм буруутай гэж шүүх үзсэн.

Хохирогч нь санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас эмчилгээ бүрэн хийлгэж чадаагүй, харин нийт 370,000 төгрөгийг нүдний шил хийлгэхэд болон шинжилгээний төлбөр, бусад жижиг зардлуудад авсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/-ээр тогтоогдож байгаа, Хохирогч Я.Д “Перфект” эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхэд ямар хэмжээний зардал гарах талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн, уг баримт нь хуульд заасан нотлох баримт /эх хувь/-ын шаардлага хангаж байгаа.

Хохирогч Я.Д-н “Зүүн гайморын хөндийн хажуу хана 0.5x0.5 см хэмжээтэй дотогшоо цөмөрсөн хугарал тогтоогдсон, уг хугарал нь шүүгдэгчийн зүгээс шаазан аягаар цохисон үйлдлийн улмаас үүссэн болох нь нотлогдсон мөн шинжээч эмч Т.А-н: “...Энэ дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь шаазан аягаар цохих үед үүсэж болох гэмтлүүд юм. Нүдний шилний хүч нөлөөгүй, шаазан аяганы хүч нөлөөлсөн байж болох гэмтэл юм. ...Я.Д-н нүүрэнд учирсан гэмтэл нь ердийн явцаараа бүдгэрч сорви тогтох бөгөөд бүрэн арилж эдгэрэхгүй....”  /хх-ийн 35-37 х/ гэснээс үзэхэд гэмтэл сорви нь ердийн явцаараа бүрэн эдгэхгүй бүдгэрч сорви тогтоно гэсэн хохирогчид мэс заслын эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдож байгаа, түүнийг сэргээн засахад ямар хэмжээний зардал гарахыг мэргэжлийн эмнэлгийн байгууллагад үзүүлж урьдчилан гарах зардлын тооцооны баримт /хх-ийн 209 х/-ыг шүүхэд ирүүлсэн.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.”Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. 228.4.Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.”  гэх заалтуудаар хохирогч нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирлоо урьдчилан төлүүлэх эрхтэй, уг зардал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдсон тул уг гэм хорын хохирлыг баримтаар нотлогдож байгаа хэмжээгээр буюу нийт 4,750,000 төгрөгийг шүүгдэгч П.П-с гаргуулах хуульзүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн. Энэ тогтоолоор гаргуулсан хохирлыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгчид үүрэг болгож, хохирогч цаашид нэмэлтээр гарах эмчилгээний зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            П.П-н үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар: 

            П.П-н гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

            Иймд П.П-г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хоорондын таарамжгүй харилцаа нөлөөлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил, хөдөлмөр хийх бүрэн боломжтой зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд түүнд шүүхээс 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б овогт П-н П-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.П-г 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.П-т танилцуулсугай.

 

4.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.П-с 4,750,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух Х овогт Я-н Д /РД.../-д олгож, уг хохирлыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг ялтан П.П-т үүрэг болгож, хохирогч цаашид нэмэлтээр гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Ялтан П.П иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан П.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ