Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/177

 

 

 

 

 

 

2022              2              15                                         2022/ДШМ/177

 

 

М.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1388 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор М.Б-т холбогдох 2106 00000 1780 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн М-ын Б, 1982 оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Толгойтын ... байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД: ............../;

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр гудамжны 225 тоот нийтийн байранд хохирогч Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “архины мөнгө өгсөнгүй” гэж маргалдаж, улмаар баруун хөлөөрөө хэвлий, давсаг тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд давсагны ханын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: М.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогтой М-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар М.Б-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Э-н мэдүүлэгт “2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 13 цагийн үед гэртээ байхад зүс таних Б согтуу орж ирсэн, тэгэхээр нь би суу л гэсэн, тэгсэн гэрт орж ирэнгүүтээ шүлсээ хаясан. Тэгэхээр нь би чи айлд шүлсээ хаялаа гэсэн, чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд мөнгө өг гэж гэдэс рүү баруун хөлөөрөө өшиглөсөн. Би шууд эвхрээд унасан. Тэгээд нөгөө Б гэх залуу миний мөнгийг өмдтэй хамт аваад гараад явчихсан. Би гэртээ хөдөлж чадахгүй шалан дээр орой 19 цаг хүртэл хэвтэж байсан. Тэгээд эхнэр орж ирээд 103 дуудсан. ...би өмнө нь ял эдэлж байхдаа осолд ороод давсагны хагалгаанд орж байсан. 2018 оноос хойш би одоог хүртэл гуурс зүүж байгаа. Тухайн үед эмч надад хэлэхдээ таны давсгийг татаж оёсон учир маш нимгэн, давсгаа сайн гамнаж анхааралтай байгаарай гэж анхааруулж байсан. ...” гэж мэдүүлсэн байдаг. Гэрч М.Т-н мэдүүлэгт “...сар өдрийг санахгүй байна жижүүр өвөө Ц, Э хоёртой Э-н өрөөнд 0.75 литр архи хувааж уучихаад өрөөндөө орж унтаж байгаад 14 цагийн үед сэрээд өвөө Цогоогийн гэрт ороход хуурай дүү Б ирчихсэн сууж байсан. Б архи аваад задлаад татаж эхэлж байхад Э орж ирээд мөнгө алга болоод, хэн хулгайлсан гээд орилоод байсан. Тэгээд Б-г шууд цохиж аваад тэр айлын шалны модыг аваад толгой руу нь хугартал цохисон. Өвөө бид 2 салгасан. ...дахиад дайраад эхэлсэн ба салгаад Э-г өрөөндөө ор гэхэд өөрөө гараад явсан. ...” гэж мэдүүлдэг. Гэрч Д.Э-н мэдүүлэгт “...тэр өдөр 2 давхарт амьдардаг Э манай гэрт орж ирээд манай нөхрийн дүү гэх залууг шалны модоор цохиж зодоод байсан. ...” гэж мэдүүлдэг. Гэрч Ш.Ц-н мэдүүлэгт  “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өглөө Т гэдэг залуу нэг шил архи авчихсан ба 2 давхрын Э-н өрөөнд гурвуулаа уусан. Э надад 20.000 төгрөг өгөөд дахиж архи авч хувааж ууж дуусгаад өрөөндөө орж унтацгаасан. Орой сэрэхэд ор цус болсон байсан ба манай хүн хэлэхдээ Э орж ирээд Б-г шалны модоор цохиж зодсон гэсэн. Манай шалны мод хугарчихсан байсан. Би унтаж байсан болохоор Б-г ирснийг мэдээгүй, зодоон болсныг ч мэдээгүй. ...” гэж мэдүүлдэг. Гэрч Г.А-н мэдүүлэгт “...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би цагдаа-жолооч Б.Лхашидын хамт үүрэг гүйцэтгэж байсан ба орой 18 цагийн үед Дарь-эхийн нийтийн байранд зодоон болоод байна гэсэн гэсэн дуудлага ирээд очиж шалгахад Б гэх эрэгтэй нийтийн байрны 1 давхарт нэг өрөөнд согтуу хэвтэж байсан. Тухайн өрөөнд өөр хүн байгаагүй. Б гэх хүн бусдад зодуулсан гэх бөгөөд түүний хамраас нь цус гарсан, нүүр ам нь хавдсан харагдаж байсан, 2 давхарт амьдардаг ахад зодуулсан гэж зааж байсан. Тэр эрэгтэй нь босч чадахгүй байна, хэвлийгээр өвдөөд байна, Б сая хэвлий рүү өшиглөчихлөө шээж чадахгүй байна гэсэн. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Ингээд би хэн нэгний гар утсаар түргэн тусламж 103 дуудаад ... Б гомдолтой гэж байсан учир хэлтэст хүргэж өгсөн. ...” гэж мэдүүлдэг. Гэрч Ц.Т-н мэдүүлэгт “...тэр өдөр ажил 16 цагийн үед тарсан ба автобусанд суугаад явж байхад Э утсаар яриад яаралтай өвчин намдаах эм хурдан аваад ир, өндөр доозтойг нь, би үхлээ гэсэн. Эм аваад иртэл 103 ирсэн байсан. ...” гэж мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Т мэдүүлэхдээ “...ер нь Э болсон явдлаас хойш надад хэлэхдээ би согтуу шатаар буухдаа ч гэлүү, шатаар гарахдаа ч гэлүү унаад давсгаа гэмтээчихсэн байхаа, Б намайг яг ч өшиглөөгүй юм гэсэн зүйл надад хэлж байсан. ...” гэж мэдүүлдэг. Шинжээч эмч М.Аригуунтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт  “...хохирогчид учирсан гэмтлийг хохирогч өөрөө унах, хүчтэй хөдлөх, юм мөргөх, цохигдох үед үүсэх боломжтой. ...” гэж мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл, хохирогч Б.Э нь 13 цагийн үед Б-т өшиглүүлээд 19 цаг хүртэл хэвтсэн гэдэг нь дуудлагаар очсон гэрч Г.А-н 18 цагийн үед зодоон болоод байна гэсэн мэдүүлэг, гэрч М.Т, Д.Э, Ш.Ц, Ц.Т нарын мэдүүлгээр үгүйсгэн няцаагдаж байна гэж үзэж байна. Учир нь, хохирогч Б.Э нь М.Б-т өшиглүүлээд босч чадахгүй хэвтэж байсан гэдэг боловч гэрчүүдийн мэдүүлж байгаагаар 1 давхарт амьдардаг жижүүр Ш.Ц-н гэрт нь орж М.Б-г шалны модоор зодсон гэсэн мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг няцаагдаж байна. Харин гэрч Ц.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хохирогч нь согтуу байх үедээ өөрөө гэмтэл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Тиймээс хэргийн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоосны эцэст гэмт хэрэг гарсан эсэх, гарсан бол санаатай эсвэл болгоомжгүй үйлдлээс гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг заавал шалгаж тогтоосон байх шаардлагатай гэж үзэж байна. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд болон өмгөөлөгчийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах санал, дүгнэлтэд үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийгээгүй, ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй, шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1388 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э-с “...М.Б нь намайг өшиглөсөн нь үнэн. Гэхдээ чанга өшиглөөгүй. ...” гэж мэдүүлэг өгсөн. Мөн шинжээч эмчийн өгсөн мэдүүлгүүд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн. Хохирогчид учирсан гэмтэл нь өшиглөснөөс болж үүснэ гэж байгаа. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1388 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр гудамжны 225 тоот нийтийн байранд хохирогч Б.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “архины мөнгө өгсөнгүй” гэж маргалдаж, улмаар баруун хөлөөрөө хэвлий, давсаг тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд давсагны ханын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э-н “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 44 дүгээр гудамж, 225 тоот нийтийн байранд гэртээ байхад зүс мэдэх М.Б манай гэрт согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би “суу” гэсэн. Тэгсэн гэрт орж ирэнгүүт шүлсээ хаясан. Тэгэхээр нь би “чи айлд шүлсээ хаясан” гэсэн. Тэгэхэд “чамд ямар хамаатай юм, мөнгө өг” гээд гэдэс рүү удаа дараа баруун хөлөөрөө өшиглөсөн. Би шууд эвхрээд унасан. Тэгээд нөгөө М.Б гэдэг залуу гараад явсан. Би гэртээ хөдөлж чадахгүй шалан дээр орой 19 цаг хүртэл хэвтэж байхад эхнэр орж ирээд 103 дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Тэр үед М.Б нэлээн согтолттой байсан. Тэр үед миний давсаг руу 1 удаа өшиглөсөн. Би эмнэлэгт ирээд яаралтай давсагны хагалгаанд орсон. Дотуур цус их алдсан, “давсаг 2 язралттай” гэж хэлсэн. ...” /хх 15-20/,

гэрч Д.Жавзандуламын “...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Нэг орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн гадна түргэн тусламжийн машин зогсож байсан. Машины дэргэд Цогоогийн эхнэр зогсож байсан. Тэгээд би “юу болсон юм бэ” гэхэд эхнэр нь “Цогоо л” гэсэн. Би тэгэхээр нь жижүүр өвөөг бас Цогоо гэдэг болохоор “яана аа өвөө” гэсэн чинь “бишээ манай нөхөр” гэсэн. ...” /хх 24-25/,

гэрч М.Тодбаатарын “...Б.Э миний амьдарч байгаа нийтийн байрны 2 давхарт эхнэртэйгээ хамт амьдарч байгаад өөр нийтийн байр руу нүүсэн сурагтай байсан. Цаг хугацааг нь сайн санахгүй байна. Намайг гэрт ирэхэд гадаа түргэн тусламжийн машин ирчихсэн, насилк дээр Б.Э-г өргөөд гаргаж байсан. Э-н хажууд түүний эхнэр Тунгаа байж байсан. Тэгээд би туслах гээд машинд нь суугаад Гэмтлийн эмнэлэг рүү цуг явсан. Түргэн тусламжийн машинд Э надад хандаж хэлэхдээ “нөгөө дүү чинь орж ирээд намайг өшиглөсөн, би 3-4 цаг шээс гарахгүй хэвтлээ” гэж хэлсэн. Нөгөө дүү гэж М.Б-г хэлж байгаа юм. ...” /хх 27-28/,

гэрч Г.А-н “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би цагдаа-жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Лхашидын хамт Сүлд- 116 машинтай эргүүлийн чиглэлд 24 цаг үүрэг гүйцэтгэсэн. Тус өдөр 18 цагийн үед “Дарь-Эхийн нийтийн байранд зодоон болоод байна” гэж дуудлага мэдээлэл хүлээн авч, дуудлагад очиж шалгахад М.Б гэх эрэгтэй хүн бусдад зодуулсан гэх бөгөөд түүний хамраас цус гарсан, нүүр ам нь хавдсан харагдаж байсан. М.Б-с ямар хүнд зодуулсан тухай асуухад “хамт архи уусан нийтийн байрны ахад зодуулсан” гээд нэг эрэгтэй хүнийг зааж байсан. Тэр эрэгтэй нь тус байрны 2 дугаар давхарт өөрийнхөө амьдардаг өрөөндөө “босож чадахгүй байна, хэвлийгээр өвдөөд байна” гээд хэвтэж байсан. Яагаад өвдөөд байгаа талаар асуухад “М.Б сая миний хэвлий рүү өшиглөчихлөө, би шээж чадахгүй байна” гэсэн. Ингээд би тухайн нийтийн байранд байсан хэн нэгэн хүний утсаар 103 руу залгаад түргэн тусламж дуудсан юм...” /хх 70-71/,

гэрч Ц.Т-н “...2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 07 цаг өнгөрөөд би ажилдаа явсан. Тэр өдөр ажил бага байсан учир би 16 цагийн үед ажлаа тарсан. Тэгээд би гэртээ харих гээд автобусанд суугаад явж байсан чинь Б.Э утсаар яриад “яаралтай өвчин намдаах эм хурдан аваад ирээч би үхлээ” гээд байсан. Тэгэхээр нь би гайхаад "яасан бэ юу болов” гэхэд “хүн намайг өшиглөөд гарлаа” гэсэн. Тэгээд би утсаа салгаад автобус дамжиж явсаар байгаад эмийн сан орж эмийг нь аваад гэртээ ирсэн. Нийтийн байрны гадаа иртэл 103 түргэн тусламжийн машин зогсож байсан. Түүнийг үзсэн 103-ын эмч “яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явна” гэсэн. Тэгээд би Т-г гуйгаад бид хоёр машинтай нь хамт явсан. Тэгээд машин дотор явж байхдаа Б.Э-с “юу болсон юм бэ” гэж асуухад Б.Э нь Т-д хандаад “Яагаа вэ, танайд ирээд байдаг М.Б бацаан намайг өшиглөсөн” гэж ярьж байсан..." /хх 72- 73/,

шинжээч эмч М.Аригуунтөгсийн “...Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 7083 тоот өвчний түүх болон 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн мэс заслын тэмдэглэлийг авч үзэхэд, давсагны ёроол хэсэгт 2 см урагдалтай, давсагны хөндийд цусан бүлзэнтэй байжээ. Ингээд мэс заслын дараах онош нь хэвлийн битүү гэмтэл, давсагны урагдал гэсэн байна. Иймд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл юм. Давсагны хананы урагдал гэмтэл авсан хүний хэвлийн доод хэсгээр өвдөх, улмаар хэвлийн хөндийд шээс орж, хэвлийн гялтангийн үрэвсэл үүсгэж, зовиур бүр нэмэгдэнэ. Зовиур нэмэгдэхийн хэрээр атиралдаж унах, мөн явж чадахаа больж өвдөх зовиур илэрнэ. ...” гэх мэдүүлгүүд /хх 78/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “... Б.Э-н биед давсагны ханын урагдал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 7199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 34-36/,

Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүх, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас /хх 79-92/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч М.Б-т тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Тамир “...Хохирогч Б.Э, гэрч М.Т, Ш.Ц, Г.А, Ц.Т, шинжээч эмч М.Аригуунтөгс нарын мэдүүлгүүдээс дүгнэвэл, хохирогч Б.Э нь 13 цагийн үед Б-т өшиглүүлээд 19 цаг хүртэл хэвтсэн гэдэг нь дуудлагаар очсон гэрч Г.А-н 18 цагийн үед зодоон болоод байна гэсэн мэдүүлэг, гэрч М.Т, Д.Э, Ш.Ц, Ц.Т нарын мэдүүлгээр үгүйсгэн няцаагдаж байна гэж үзэж байна. ...Хэргийн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоосны эцэст гэмт хэрэг гарсан эсэх, гарсан бол санаатай эсвэл болгоомжгүй үйлдлээс гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг заавал шалгаж тогтоосон байх шаардлагатай тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1388 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч, шинжээч эмч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, 44 дүгээр гудамжны 225 тоот нийтийн байранд хохирогч Б.Э-той хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “архины мөнгө өгсөнгүй” гэж маргалдаж, улмаар баруун хөлөөрөө хэвлий, давсаг тус газар нь өшиглөж, түүний эрүүл мэндэд давсагны ханын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байх тул шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1388 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1388 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-н өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч М.Б нь энэ өдрийн байдлаар 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ