Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1953

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01418 дугаар шийдвэртэй, Г.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ш-т холбогдох, /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.У, Н.У нар оролцсон/ нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нацагдорж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.У  ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтамир, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар  оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б.У-ийн гуйлтаар түүнд өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцаа банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэл олгосон. Гэтэл Б.У нь итгэмжлэлээр олгосон эрхийг зөрчиж, надаас зөвшөөрөл авахгүйгээр, миний орон сууцыг нотариатч Б.Ш-тай хуйвалдаж, иргэн Н.У-ээс 66 000 000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний барьцаанд тавьсан байна. Миний бие итгэмжлэлд дурдсан орон сууцыг банкнаас авах зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн болохоос хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлэх, зээлийн барьцаанд тавих эрх олгоогүй.

Нотариатч Б.Ш нь банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэлийн агуулгаас илт зөрчилтэй, зөрүүтэй байхад өмчлөгчийг дуудаж тодруулахгүйгээр барьцааны гэрээг баталсан нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.2.1, 21.3.3, 21.2.5, 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт заасныг зөрчиж хууль бусаар нотариатын үйлдэл хийснээс болж орон сууц зээлийн барьцаанд бүртгэгдэж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирч байна. Банкны зээлийн барьцаанд тавих тусгайлан заасан зорилго нь банкны зээлийн болон хүүгийн хэмжээ нь хуучин байранд бага, банк зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн чадвар, орлого, боломжийг судалж зээл олгодог учраас зөвхөн банканд барьцаалах итгэмжлэл олгосон.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хэмжээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл хийх бөгөөд төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд эрх эдэлнэ гэж заасан учир төлөөлүүлэгчийн олгосон эрхээс гадуур хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, нотариатч итгэмжлэлд олгосон эрхийг шалгахгүй барьцааны гэрээг баталсан. Иймд 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Н.У, Б.У нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Ш ын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа:  Нэхэмжлэлд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасны дагуу шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх гэжээ. Энэхүү заалт нь эрх олгосон хэм хэмжээ ба нотариатчийг эрхээ эдлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй, эрхээ эдэлсэнгүй хэмээн бусдын үйлдэлд хариуцлага тооцох боломжгүй юм. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т зааснаар үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулж, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгөх үүргээ нотариатч биелүүлж Н.У, Б.У нарт эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгсөн тул түүнийг буруутгах үндэслэлгүй. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх гэж заасан байх бөгөөд уг хориглосон хэм хэмжээг хариуцагч зөрчөөгүй. Учир нь, ямар ч нөхцөлийг нуун дарагдуулаагүй ба нуун дарагдуулсан гэх нөхцөл нэхэмжлэлд бичигдээгүй тул тайлбар хийх боломжгүй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д зааснаар нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах үүргээ нотариатч биелүүлж, хянаж, нягталсан байна.

Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж хуульчилсан. Энэ зохицуулалт нь эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ байх бөгөөд нотариатч нь барьцааны гэрээг гэрчилсэн тул уг заалтыг зөрчөөгүй. Бичиг баримтын үнэн зөв байхыг шалгана гэж байдаг. Гэтэл хариуцагчийн баталсан барьцааны гэрээнд байгаа зүйлийн аль хэсэг нь худлаа гэдгийг нэхэмжлэгч тал тайлбарлахгүй байх тул үндэслэлгүй юм.

Барьцааны гэрээ нь зээлийн гэрээг дагаж гарсан бөгөөд зээлийн гэрээ нь 1 сарын хугацаатай буюу 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусах гэрээ байдаг. Өөрөөр хэлбэл, 2012 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хойш шаардах эрх үүссэн. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн хууль хэрэглээ нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь уг нотариатын үйлдлийг хууль бус гэж байгаа боловч яг ямар үйлдэл нь юуг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маш олон заалт хэлж байгаа боловч яг зөрчигдсөн зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.У тайлбартаа: Н.У-ийн обьектыг банкны зээлээр худалдаж авахын тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй болсон бөгөөд банканд мөнгө байршуулдаг хүмүүсээс зээл авах гэхээр өдрийн хүүгийн хэмжээ өндөр байсан. Энэ талаар Н.У-т хэлэхэд, барьцаа хөрөнгө байгаа бол мөнгө зээлье гэсэн. Ингээд би Г.Б-д уг зээл болон хамтран ажиллах талаар санал гаргахад өөрийн орон сууцыг зөвхөн банкны зээлийн барьцаанд тавина шүү гээд итгэмжлэл хийж өгсөн. Үүний дараа Н.У-тэй уулзахад “энд манай нотариатч байгаа ороод гэрээгээ гэрчлүүлчих” гэсэн. Гэтэл Б.Ш нотариатч “энэ чинь банкны барьцаанд тавина гэж байна” гээд гэрчилж өгөөгүй. Гэрчилж өгөхгүй байгааг Н.У-т хэлэхэд өөрийн биеэр ирээд хамт байж байгаад гэрчлүүлсэн гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.У тайлбартаа: Г.Б нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж уг хэлцлийг хийсэн бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт заасны дагуу итгэмжлэл олгож, түүний үндсэн дээр Б.У зээл авсан. Нэхэмжлэгч нь өөрийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байрны 46 тоот орон сууцыг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл олгосноо нэхэмжлэлдээ дурдсан байна. Иймд нэхэмжлэл нь хууль бус, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч Г.Б нь Б.У-ээс урамшуулал болон мөнгө авч итгэмжлэл хийж өгснөө эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд мэдүүлж байсан гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б.У, Н.У нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүх хариуцагч тайлбартаа иш татсан хуулийн заалт, хөөн хэлэлцэх хугацааны талаарх тайлбарт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны 6 дугааар сарын 22-ны өдөр гэрээний талаар нэхэмжлэгч нь тухайн ондоо мэдсэн талаар шүүхэд тайлбар өгсөн ба гуравдагч этгээдийн зүгээс түүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Иймд нотариатын үйлдэлд холбогдуулан шүүхэд хандах хугацаа 2015 онд дууссан байна. Хэрэв банкнаас зээл авсан бол өдийг хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү зогсохгүй байх байсан. Нэхэмжлэгч дээрх хаягт байрлах орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба эрх зүйн байдлын хувьд харин ч дээр нөхцөлд байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.Ш-т холбогдуулан, 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Н.У, Б.У нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг баталсан нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Б.У зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргасан бол хариуцагч Б.Ш болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.У нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ /74-75/, зохигчдын тайлбараас үзвэл, Б.У   нь 66 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, Н.У-ээс зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.Б-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 46 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2201007833 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсныг нотариатч Б.Ш уг гэрээний үнэн зөвийг гэрчилж, бүртгэлийн 708 дугаарт бүртгэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх72-73/

Гэрээний талууд барьцааны гэрээг байгуулахдаа болон нотариатч тухайн гэрээний үнэн зөвийг гэрчилж нотариатын баталгааг үйлдэхдээ нэхэмжлэгч Г.Б-аас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг “банкны зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, УБЕГ-аас лавлагаа авах, уг гэрээг бүртгүүлэх, хүлээн авах” эрхийг Б.У-т олгосон 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлд үндэслэжээ. /хх66/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг, нотариатч Б.Ш нь дээрх барьцааны гэрээг гэрчлэхдээ итгэмжлэлээр төлөөлөгчид олгосон бүрэн эрхийг шалгахгүйгээр гэрээг баталсан тул түүний үйлдэл хууль бус гэж тайлбарлажээ.

Хариуцагч дээрх шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ, нотариатын эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.2.1, 21.3.3, 21.2.5, 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч Г.Б  нь уг гэрээний оролцогч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн хариуцагчийн баталсан барьцааны гэрээний аль хэсэг нь хууль бус болохыг нэхэмжлэгч тайлбарлаагүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн тайлбарт дурдсан хууль зүйн үндэслэл, хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй гэх агуулгаар тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч Г.Б-аас Б.У-т итгэмжлэлээр олгосон бүрэн эрх зөрчигдсөн буюу хэлцэл хийх нөгөө талыг нь “банк” байхаар тодорхойлсон атал иргэн Н.У-тэй барьцааны гэрээ байгуулсан, нотариатчийн хувьд уг гэрээний үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, нотариатч нь үйлчлүүлэгчдийн тэгш эрхийг хангаж, тэдгээрийн хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлэлцээр байгуулахдаа илэрхийлсэн хүсэл зориг хэрхэн зөв гэрээнд тусгагдсаныг нягтлан шалгах, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож буй бүрэн эрх нь түүний жинхэнэ хүсэл зориг мөн эсэх, итгэмжлэл дэх бичвэрт нийцэж байгааг тус тус тодруулах үүрэгтэй. Энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.2.1, 21.3.3, 21.2.5, 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй гэх хариуцагчийн татгалзал болон уг тайлбарт үнэлэлт өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүх 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б.У, Н.У нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой шаардлага гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд талуудын хооронд үүссэн маргаан нь гэрээний зөрчлөөс үүссэн харилцаа биш. Нэхэмжлэгч нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргаж буй тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий хугацаа буюу 10 жилд хамаарах юм.

Дээрхээс дүгнэвэл хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/01418 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ш давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                       ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

                                                                                          Т.ТУЯА