Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1950

 

“М” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02589 дугаар шийдвэртэй, “М” СӨХ-ны нэхэмжлэлтэй,  хариуцагч Н.Г-т холбогдох,

дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардалд 1 064 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Чингэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “М” СӨХ  /цаашид СӨХ гэх/ нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 22а, 14 дүгээр байрны дундын эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлж, орон сууцны ашиглалтын хэвийг байдлыг ханган ажилладаг. Хариуцагч Н.Г нь 2015 оны 5 дугаар сараас хойш СӨХ-ны төлбөр төлөөгүй тул энэ талаар орон сууцны мэдээллийн самбарт байршуулж, 2017 оны 11 дүгээр сарын 26, 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд төлбөрөө төлөх мэдэгдэл тус тус хүргүүлж байсан. Оршин суугч нь сард засвар үйлчилгээ 4 880 төгрөг, лифт 2 000 төгрөг, жижүүр 10 500 төгрөг, орцны гэрэлд 1 500 төгрөг, баримтын 200 төгрөг, цэвэрлэгээ 2 000 төгрөг, нийт 21 280 төгрөг төлдөг, энэ үнийн дүн 2015 оноос хойш өөрчлөгдөөгүй нь “Төрийн банк” ХХК-ийн баримтаар нотлогдоно.

СӨХ-ны Удирдах зөвлөлөөс их хэмжээний төлбөртэй оршин суугчдаас төлбөр төлүүлэх тухай тогтоол гарч, гүйцэтгэх захирал тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд шүүхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.2, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Тухайн СӨХ 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа ба 2016 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс одоогийн удирдлагууд ажлыг хүлээн авсан. Өмнөх СӨХ нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулдаг байсан асуудлаар бид 2017 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж оршин суугчдын эрх ашгийг хамгаалж байна. Н.Г нь СӨХ-ны үйл ажиллагааны талаар санал, гомдол байвал эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой. 2014 оны төлбөрийн хэмжээг дурдаад төлбөр нэмэгдсэн мэтээр маргах боловч 2015 оноос хойших төлбөрийг нэхэмжилсэн. Хэрэгт шинээр өгсөн нотлох баримт нь 2015 оноос өмнөх, нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй баримт байна. Иймд 2015 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардалд нийт 1 064 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байрны төлбөр төлсөн бүх баримтуудаа хадгалдаг. 2014 онд засвар үйлчилгээний төлбөр 3 200 төгрөг, лифт жилийн 14 625 төгрөг, жижүүр жилд 36 000 төгрөг, баримтын мөнгө 80-110 төгрөг, засвар үйлчилгээ 2015 оны 10-11 дүгээр сарын 4 880 төгрөг, лифт 6 000 төгрөг, орцны гэрэлтүүлэг задгайгаар жилд 9 421 төгрөг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үнэ зөрүүтэй байна. Ямар үндэслэлээр СӨХ-ны төлбөрийг илүү тооцсон гэдгээ тайлбарлах хэрэгтэй. 2017 оны 7 дугаар сараас СӨХ нь газрын маргаантай байсан болохоор төлбөр төлөөгүй нь үнэн. Манай орон сууц ашиглалтад орсноос хойш 30 жил болж байна. 1992 онд сагсны талбай, хүүхдийн тоглоом байсан. 1992 оноос хойш огт засвар, үйлчилгээ хийгдээгүй, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр будаг хүргэсэн, үүнийхээ дараа шүүхэд хандсан байсан.

Мөн зоорийн давхарт хүмүүс амьдруулж, ашиг олох хэрэгсэл болгосноор өөрийн зориулалтаа алдсан. СӨХ-ны үйл ажиллагаа шаардлага хангадаггүй. 2015 оноос хойш Монголын цахилгаан холбооны антеныг орон сууцанд байршуулж, тодорхой хэмжээний мөнгө авч байгаа. Холбогдох хуулиар бол сургууль, цэцэрлэгийн орчинд өндөр хүчдэлийн цахилгааныг хориглодог. Орон сууцны гадаа байнга хулгай гардаг, би тээврийн хэрэгслийнхээ толийг алдсан. Саяхан камержуулсан, үүнийг нэхэмжлэгч өөрсдөө байршуулсан мэт ярьдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан хариуцагч Н.Г-аас дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 1 064 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” СӨХ нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-аас 30 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр 1 064 000 төгрөгийг надаас гаргуулсныг эс зөвшөөрч байна. Шүүгч нь нэхэмжлэгч талын гаргасан худал мэдүүлэгт үндэслэн, зөвхөн нэг өнцөгөөс харсан  шийдвэр гаргасан. Иймд уг шүүхэд урьд гаргаж байсан тайлбаруудыг дахин хянаж, үнэн бодитой баримтад тулгуурлан, мэтгэлцээн хэлбэрээр, өөр шүүгчээр хянуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “М” СӨХ нь хариуцагч Н.Г-т холбогдуулан, 2015 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой гарсан зардалд нийт 1 064 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 113 дугаартай “Гэрчилгээ”-ээр /хх5/ нэхэмжлэгч “М” СӨХ нь тус дүүргийн 18 дугаар хороонд байршилтай 14, 22А дугаар орон сууц тус бүрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг нь хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий холбоо болох нь тогтоогдсон байна.

Хариуцагч Н.Г нь дээрх СӨХ-нд хамаарах 14 дүгээр байрны 85 тоот орон сууцны өмчлөгч болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй тул түүнийг СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан орон сууцны өмчлөгч мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ нд төлөх үүрэгтэй. Хариуцагч Н.Г-ын хувьд хуулиар тогтоосон энэхүү үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.  

Нэхэмжлэгч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал гарах 1 сарын төлбөр нь нийт 21 280 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд уг үнийн дүнд хариуцагч маргаж, хэрэгт хамааралтай гэх баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангаагүй байна. /хх34-35, 51-53/ Анхан шатны шүүх тухайн баримтууд хуульд заасан шаардлага хангахгүй байгааг тайлбарлаж, үүнтэй холбогдуулан хүсэлт гаргах эсэх талаар тодруулсан байх боловч хариуцагч ямар нэгэн хүсэлт гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх59/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй атал энэхүү нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2015 оны 5 дугаар сараас хойш дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой гарсан төлвөл зохих төлбөрийг төлөөгүй, тухай бүрт нь уг үүргээ биелүүлэх талаар түүнд мэдэгдэж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2015 оны 5 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар хүртэл нийт 50 сарын хугацааны төлбөрийг сарын 21 280 төгрөгөөр тооцож, нийт 1 064 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хариуцагч Н.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2019/02589 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Г давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

                                                                                         Т.ТУЯА