Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 1949

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02311 дугаар шийдвэртэй, М.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, Д.О, Д.Б нарт холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 28 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Б-ны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2016 онд “С” ХХК-ийн ерөнхий захирал Д.Б, орлогч захирал Д.О нар манай хашаанд байсан “Атлас Копко-385” маркийн компрессорыг хэд хэдэн удаа ирж үзсэний дараа “манай компрессор эвдэрчихлээ, таны компрессор яг манайхтай ижил байгаа тул авая” гэсэн. Үнэ 25 000 000 төгрөгөөр зарна гэхэд хий хувиарлах хэсэг болох Бельги улсад үйлдвэрлэсэн, туслах хувиарлагч хуйлруулагчийг нь авна гэсэн тул өөрийн компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан Швед улсад үйлдвэрлэгдсэн дээрх компрессорын нэг хэсэг хуйлруулагчийг 15 000 000 төгрөгөөр буюу бэлэн 7 000 000 төгрөг, үлдсэн 8 000 000 төгрөгийг 2016 онд багтаан төлөх нөхцөл тохирч худалдахаар болсон юм.  2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д.Б “7 000 000 төгрөг яг одоо шилжүүлье, бид кран аваад ирлээ одоо ачаад явлаа” гэхэд нь “зөвхөн хэрэгтэй хэсгээ аваад яв” гэхэд Д.О, Д.Б нар “том крантай ирсэн эргээд бид өөрийнхөө жижиг кранаар буцаагаад авчирч өгнө” гээд хэсэг ажилчидтайгаа Д.О-ийг үлдээгээд одоо дансанд мөнгө шилжүүллээ гээд явсэн. Үлдсэн хүмүүс нь миний компрессорыг тэр чигээр нь аваад явсан ба тэрээр надад 7 000 000 төгрөг шилжүүлээгүй бөгөөд одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй.

Д.О, маш их ажилтай байгаа учир таны тусламж хэрэг болоод байна, төлбөрөө оны эцэст өгчихнө, боломжтой бүх талаараа танд туслана, илүү гарсан 9м урттай дутвар төмөр байгааг өгье, өөр танд хэрэгтэй байгаа зүйлийг боломжоороо өгнө гэх мэтээр олон зүйл амласан. Мөн миний 1 000 000 гаруй төгрөгийн үнэтэй 17 метр урттай шланкыг өөр хүн худалдаж авая гэж байна гээд авсан атлаа өөрсдөө хэрэглэж байсан тул түүнийг найдваргүй түнш гэдгийг мэдсэн. Компрессорыг бүтнээр авч яваад өөрсдөд хэрэгтэй зүйлсийг авч бусдыг хаясан байх тул бүтэн компрессорын үнэ 25 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Д.Б, Д.О нар нь өөрсдийгөө “С” ХХК-ийн захирал гэж танилцуулсан. Бидний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, хэрэг үүссэнээс хойш хариуцагч нар олдохгүй, нэхэмжлэлийг гардаж авахгүй, тайлбар өгөхгүй байсаар 2 жил гаруй хугацаа өнгөрсөн.

Хариуцагч нар эд хөрөнгийг 4-5 удаа шалгаж байж, өөрсдөө кранаар зөөж авч явсан үйлдлийг Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авсан ч, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг нь шаардаж байна. Эд хөрөнгө доголдолтой байсан бол Иргэний хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Гэтэл эд хөрөнгийг хүлээж авснаас хойш 2 жил, 2 сарын дараа ажиллахгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талын хашаанд компрессор байгааг шүүхийн журмаар үзлэг хийж тогтоосон ба компрессор, хуйлруулагч, мотор эд хөрөнгийн доголдолтой байсан гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй тул худалдах, худалдан авах гэрээний дагуу компрессорын анхны үнэ 25 000 000 төгрөг, краз моторын үнэд 2 000 000 төгрөг, 17 метр шланкны үнэ 1 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “С” ХХК тайлбартаа: “С” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ж.Чулуунцэцэг бөгөөд гүйцэтгэх захирал Д.Б нь 1997 оноос өнөөг хүртэл ажиллаж байна. Компани байгуулагдсан үеэс хойш нэхэмжлэлд дурдсан Д.Б, Д.О гэдэг хүмүүс захирал, орлогч захирлын албан тушаалд ажиллаагүй болно. “С” ХХК нь нэхэмжлэгч М.Баянтай ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх гэрээ хэлцэл хийж байгаагүй, хамтран ажиллаагүй, нэхэмжлэлд дурдсанаар “Атлас Копко-385” маркийн компрессор, түүний нэгэн хэсэг хуйлруулагчийг худалдан авах гэрээ хэлцэл хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй. Иймд “С” ХХК хариуцагч биш, нэхэмжлэгч М.Б нь өөрөө “С” ХХК-ийн төлөөлөгч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй компрессор, шланк, компрессорын мотор зэрэг асуудлаар гэрээ хэлцэл хийсэн, эрх зүйн харилцаанд орсон гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч дээрх байдлыг нотлоогүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт зааснаар “С” ХХК нь нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 28 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б тайлбартаа:  Би хувиараа өрөмдлөгийн ажил эрхэлдэг бөгөөд М.Б-г зүс мэднэ, бид ижил төрлийн ажил хийдэг. М.Б-гаас хуйлруулагчаа зарах талаар асуухад компрессороо бүтнээр нь 25 000 000 төгрөг, хуйлруулагчаа 15 000 000 төгрөгөөр зарна гэсэн. Хуйлруулагч нь хэвийн ажиллаж байвал урьдчилгаанд 7 000 000 төгрөг өгч, үлдэгдэл төлбөрийг тухайн онд багтааж төлөхөөр тохиролцсон. М.Б хуйлруулагч эвдрэлгүй, 7-8 жил ашиглаагүй гэхээр нь итгэсэн. Хуйлруулагчийг 15 000 000 төгрөгөөр худалдан авах болж өөрийн зардал, кранаар компрессорыг зөөсөн, нэхэмжлэгч нь хуйлруулагч хэвийн ажиллагаатай байсныг шалгаж, хүлээлгэж өгөөгүй. Ажилд хэрэглэхээр механик инженер мэргэжилтэй н.Мөнхбат, н.Цогоо нартай хамт шалгахад уг хуйлруулагч ажиллахгүй, эвдэрхий байсан. Энэ талаар М.Б-д мэдэгдэхэд “та нар эвдлээ, зүгээр ажиллаж байсан” гээд ор сураггүй алга болсон. Компрессорыг буцааж өгөх гэж гэрт нь удаа дараа очсон боловч байгаагүй.

Нэхэмжлэгч бодит байдлыг гуйвуулж эвдэрхий хуйлруулагчаа зүгээр ажиллаж байгаа гэж өгчихөөд буцааж авахгүйн тулд санаатай сураггүй алга болж, утсаар холбогдохоор шүүх дээр уулзая, би компрессороо буцааж авахгүй гэдэг байсан. Үүнээс хойш 1 жил гаруйн дараа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газраас намайг дуудаж компрессор хуйлруулагчийн талаар мэдүүлэг авсан, одоо иргэний хэргийн шүүхэд хандаж бүтэн компрессорын үнэ 25 000 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Надад худалдсан гэх ХРН53853 “Атлас Копко” маркийн компрессорын хуйлруулагчийг эвдэрхий ажиллагаагүй байсан учир нэг ч ашиглаж, хэрэглээгүй, компрессорыг буцаагаад өгье гэхээр зугтааж, олдохгүй, холбогдохгүй байсаар өдийг хүрсэн тул краз моторын үнэ 2 000 000 төгрөг, 17 м шланкны үнэ 1 000 000 төгрөг, компрессорын үнэ 25 000 000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би анхнаасаа компрессор авна гэж тохироогүй, зөвхөн хуйлруулагч эд анги авахаар хандсан, краз мотороо М.Б өөрөө аваагүй, 17 м хуучин шланк гадаа хашаанд нь олон жил байснаас ашиглах боломжгүй элэгдэлд орсон байсан, одоо ч бэлэн байгаа ба компрессор нь анх авсан байдлаараа харуул хамгаалалттай хашаанд хадгалагдаж байгаа болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй, 243.2 дах хэсэгт зааснаар М.Б нь худалдаж буй компрессорын хуйлруулагчийн талаарх үнэн зөв мэдээлэл өгөөгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй учраас маргаан үүссэн. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлд зааснаар хуйлруулагч хүлээн авахад ашиглагдах боломжгүй байсан, энэ талаар нэн даруй М.Б-д мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн хашаанд орон зайн хувьд компрессорыг шалгаж үзэх боломжгүй байсан. Иймд хажуугийн гудамжинд байх хашаанд компрессорыг зөөж шалгасан. Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.3 дах хэсэгт зааснаар хариуцагч эд хөрөнгийг биет байдлын доголдолтой гэдгийг мэдээд нэхэмжлэгчид буцааж өгье гэдгээ тэр даруй мэдэгдсэн боловч нэхэмжлэгч хүлээж аваагүй, авах боломж бүрэн байсан. Гэрч н.Баасанжав компрессорыг 4-5 удаа харсан, ажиллуулж үзээгүй гэж хэлсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж байгааг олон удаа илэрхийлсэн. Гэрч нар компрессорыг угсраад хуучин байсанд нь оруулж болно гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сард Д.Б “М.Б гэдэг хүнд өөр маркийн компрессор байна, хуйлруулагч нь манайд таарах эсэхийг очиж үзье” гээд хамт явж Баянхошууны Зүүн салаанд байдаг М.Б-ийн хашаанд очиж үзсэн. Д.Б зөвхөн хуйлруулагч хэрэгтэй гэхэд нэхэмжлэгч 15 000 000 төгрөгөөр ав, хуйлруулагч эвдрэлгүй, олон жил ашиглаагүй гэсэн. Тухайн газарт хуйлруулагчийг шалгах боломжгүй учир М.Б-ийн “Атлас Копко-385” маркийн компрессорыг крантай машин хөлслөөд Д.Б-ны дүүгийн хашаанд буулгасан. Маргааш нь Д.Б хуйлруулагчийг шалгуулсан, ажиллахгүй байна, буцааж өгөхөөс гэсэн. Хоёр хоноод Д.Б надтай уулзаад “хуйлруулагчийн жижиг араа хугарсан, ажиллахгүй М.Баянг буцааж ав гэхээр ирж авахгүй байна, аваачаад өгдөг юм бил үү” гэж байсан. Дараа нь “М.Баянг дуудсан, хуйлруулагч ажиллахгүй байгааг үзүүлээд буцааж өгөхөд чи байх хэрэгтэй” гэхээр нь очсон. М.Б, Д.Б, “Танан” ХХК-ийн механик н.Цогоо нар байсан, хуйлруулагчийг асаахад халаад ажиллахгүй байсан, механик н.Цогоо /М.Б-ийн танил/ одоо ингэж халж байгаа юм чинь ажиллахгүй юм байна гэсэн. М.Б дуугараагүй. Халаад байгааг мэдсэн атлаа итгэхгүй байгаа бол өөрийн таньж мэддэг хүнийг авч ирээд үзүүлж болно шүү дээ гэж хэлээд би явсан.

Компрессор 2 жил гаруй хугацаанд Д.Б-ны дүү Д.Жаргалсайханы хашаанд байгаа бөгөөд Д.Б, М.Б нарын хооронд компрессорын хуйлруулагчийг худалдах, худалдан авах талаар хэлцэл хийсэн эсэх нь надад хамааралгүй тул компроссерын үнэ 25 000 000 төгрөг, краз моторын үнэ 2 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч биш гэж үзэж байна. М.Б шланк зараад өг гэсэн, миний таньдаг хүн 500 000 төгрөгөөр авая гэхэд тэрээр 700 000 төгрөг гэсэн. Тухайн хүн доторх нь муудсан байна гээд аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас шланкны үнэ 1 000 000 төгрөгийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.О, Д.Б нараас 15 000 000 төгрөг, хариуцагч Д.О-ээс 1 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-д олгож, 12 000 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг, хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 2 050 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шйдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй. Шүүх гэрээ байгуулагдсан эсэх асуудлаар талууд маргаагүй тул М.Б, Д.Б, Д.О нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдагчийн гол үүрэг нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дах хэсэгт худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх, нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэж  заасан байдаг.

Нэхэмжлэгч М.Б нэхэмжлэлдээ “...өөрийн компаний үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байсан Швед улсын “Атлас копко-385” маркийн хийн компрессорын нэг хэсэг болох хуйлруулагчийг..” гэж бичсэн. Хэрэгт компрессорын баримт бичиг авагдаагүйн гадна 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Итгэлт-бээс” ХХК-иар хийлгэсэн үнэлгээг хэрэгт хавсаргасан боловч үнэлгээнд бичигдсэн хийн компрессорын нэр, марк зөрсөн. Гэтэл М.Б өөрийн хашаанд олон жил болсон, ажиллагаатай эсэх нь эргэлзээтэй компрессорын хуйлруулагчийг ажилладаг гэж хуурч худалдсан байхад шүүх энэ талаар үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Хариуцагч нарыг шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, худалдагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн эсэх, худалдан авагч доголдлыг хэзээ илрүүлсэн, доголдолтой холбогдуулан шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлсэн эсэх, шаардлага гаргах эрхээ алдсан эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг болон доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой атлаа эд хөрөнгийг хүлээн авсан бол түүнээс гарах үр дагаврыг худалдан авагч өөрөө хариуцна гэж ойлгоно хэмээн тайлбарласан.  

Тухайн үед хариуцагч нар хуйлруулагчийг худалдан авахаар тохирч нэхэмжлэгчийг байхад түүний хашаанд шалгаж үзэх гэтэл “...Моторт ус орчихсон одоо асахгүй авч яваад шалгаад үз” гэж хэлсэн талаар М.Б өөрөө шүүх хуралдааны явцад тайлбарласан. Хариуцагч нар компрессорыг авч явснаас 2 хоногийн дараа мэргэжлийн хүнээр шалгуулахад ажиллахгүй байгаа нь тогтоогдож энэ талаар М.Баянд хэлсэн бөгөөд дахин нэхэмжлэгчийг байлцуулж Д.Цоггэрэл гэх хүнээр шалгуулж үзэхэд мөн л ажиллаагүй. Гэрч М.Мөнхбат, Д.Цоггэрэл нар энэ тухай тодорхой мэдүүлдэг. Хуйлруулагч ажиллахгүй байгаа тул буцаан авахыг М.Б-д удаа дараа мэдэгдсэн ч тэрээр Иргэний хуулийн 253 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн. Шүүх эд хөрөнгийн доголдлын талаар гэрч Д.Цоггэрэл, гэрч М.Мөнхбат нарын мэдүүлгээр нотлогдоно гэж байгаа боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгчийн эсрэг гомдлын шаардлага гаргаж байснаа баримтаар нотлоогүй буюу худалдан авагч нар эд хөрөнгийг 2016 оны 9 дүгээр сард хүлээж авсан атал 2017 оны 3 сард багтааж худалдагчид гомдлын шаардлага гаргах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь баримтуудаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, нэхэмжлэгчийнх хариуцагч Д.Б-ны дүү Д.Жаргалсайханы урд талын хашаа бөгөөд таарах бүртээ буцааж авахыг шаарддаг байсан.

Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.3 дах хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч эрхийнхээ дагуу буцааж өгөх хүсэлтэй бол түүнийг хадгалж, бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй бөгөөд худалдагч зохих зардлыг төлөх хүртэл худалдан авагч уг эд хөрөнгийг өөртөө үлдээх эрхтэй гэсэн байхад шүүх хуульд заасан хугацаа хэтэрсэн үндэслэлээр хариуцагч нараас 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзнэ. Шүүх компрессор, моторын үнэ шаардсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй үндэслэлээр тус хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа хариуцагч Д.Батсайхан, Д.О  нараас 15 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “С” ХХК, Д.Б, Д.О нарт холбогдуулан, Швед улсад үйлдвэрлэгдсэн “Атлас Копко-385” маркийн компрессорын үнэ 25 000 000 төгрөг, краз моторын үнэ 2 000 000 төгрөг, 17 м шланкны үнэ 1 000 000 төгрөг нийт 28 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч “С” ХХК, Д.Б нар бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Д.О шланкны үнэ 1 000 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө гээд бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Талуудын тайлбараас үзвэл, 2016 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч М.Б, хариуцагч Д.Б, Д.О  нар нь “Атлас копко-385” маркийн компрессорын хуйлруулагчийг 15 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон, улмаар нэхэмжлэгч нь хуйлруулагчийг компрессорын хамт бүхэлд нь Д.Б, Д.О нарт шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх1-2, 120-121, 123-124/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа компрессорын үнэ 25 000 000 төгрөг гэж тодорхойлсон, тухайн эд хөрөнгийг хариуцагч нар 2016 онд өөрсдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авснаас хойш уг компрессор нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 15 дугаар гудамж 8 тоотод байрлах хариуцагч Д.Б-ны дүү Д.Жаргалсайханы өмчлөлийн хашаанд байгаа нь шүүхээс томилогдсон Шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх70-88,152-154/

Шинжээч нь тухайн компрессор болон хуйлруулагчийн техникийн шинж байдал, хэвийн ажиллах боломжтой эсэхэд дүгнэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд компрессорыг хуйлруулагчийн хамт анхны үнэ 25 000 000 төгрөг гэж нэхэмжилж байгаа тохиолдолд шүүх үнэлгээний талаар дүгнэлт гаргуулаагүй нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгө нь хариуцагч талын эзэмшил, ашиглалтад тодорхой хугацаанд байсан нөхцөл байдлыг харгалзан маргааны зүйл тус бүрийн үнэлгээг тогтоох нь хэргийг зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, зайлшгүй шаардлагатай гэж үзэв.

Хариуцагч давж заалдах гомдолдоо, нэхэмжлэлд дурдсан компрессор нь хэрэгт хавсаргасан 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Итгэлт бээс” ХХК-ийн үнэлгээнд бичигдсэн хийн компрессорын нэр, марктай зөрүүтэй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэжээ. Нэхэмжлэгч тухайн үнэлгээний баримтыг нэхэмжилж буй эд хөрөнгийн үнийг тодорхойлох зорилгоор ижил нэр, төрлийн техникийн үнэлгээг жишиг болгох байдлаар хавсаргасан гэх агуулгаар тайлбарласан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг /хх20-23/ хэргийн нотлох баримтаас хасах эрхийг шүүх эдлэх талаар зохицуулжээ. Гэвч шүүх хуулиар тогтоосон өөрийн эрх хэмжээнд хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх, анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулж үнэлгээг тодорхойлох ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02311 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                                                                           Т.ТУЯА