Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/207

 

 

 

 

 

2022                2            22                                       2022/ДШМ/207                        

 

Ц.Н, Н.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал, С.Мөнхтулга,

шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/2704 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Н, Н.Х нарт холбогдох 2102 00311 0227 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. И-тай овгийн Ц-н Н, 1992 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал овоо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан;

 

2. Б овгийн Н-н Х, 1979 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг дүгээр баг, Ар тарвагатай гэх газар оршин суух бүртгэлтэй, /РД............./,

 Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 335 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1дэх хэсгийг журамлан мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Сум дундын 19 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Ц.Н нь Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах төсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ...Н.Х нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр болох О.А-г үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн” гэх эрүүгийн 2008021210090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэргийн яллагдагч Н.Х-с 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-ийн Хаан банк дахь 51................ тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Н.Х нь эрүүгийн 2008021210090 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ өөртөө давуу байдал бий болгох зорилгоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Н-д түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-н эзэмшлийн Хаан банк дахь 51........... тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Х-ийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан баримтаар насанд хүрээгүй гэрч Л.М нь 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “өөрийн найз залуу Б.Ж-ийн хамт явж байх үед энгийн болон цагдаа хувцастай 2 хүн банкны картаа ашиглуулахыг гуйсан, үүний дагуу Б.Ж-ийн данс руу мөнгө шилжүүлэн АТМ-аас 800.000 төгрөг авч өгсөн” тухай дэлгэрэнгүй мэдүүлсэн /1хх32/, улмаар гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад “тухайн цагдаа хувцастай хүнийг байна гээд “№2” дугаарласан хүнийг зааж, нүд, хөмсөгний байдлаар таньж байна” гэсэн байх ба /1хх34/ уг ажиллагааг дүрс бичлэгээр баталгаажуулан хэрэгт хавсаргажээ. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч Л.М-с мэдүүлэг авахдаа насанд хүрээгүй гэрчийн сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөөлөл бий болгохгүй байх зорилгоор шүүгдэгч нарыг танхимаас тусгаарлаж, мөн мэдүүлэг өгсөн нөхцөл байдлыг сэргээн санахад тусалж түүний урьд өгсөн гэрчийн мэдүүлгийг уншиж сонсгох болон таньж олуулах ажиллагаа явуулсан дүрс бичлэгийг үзүүлсэн болно. Насанд хүрээгүй гэрч Л.М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...болсон үйл явдлыг тухайн үед санаж байсан одоо бол санахгүй байна, таньж олуулах ажиллагаанд оролцсон нөхцөл байдлаа санахгүй байна, тухайн үед 5 хүний зураг харуулсан, 2 дугаартай хүнийг яаж таньснаа санахгүй байна, тухайн үед хөмсгөөр нь таньж байсан, одоо сайн санахгүй байна, хурлын танхим дахь хүмүүс байсан эсэх дээр эргэлзэж байна, наад талд сууж байгаа хүн жаахан төстэй харагдаж байна, гэхдээ тухайн үед махлагдуу хүн байсан...” гэсэн. Улмаар насанд хүрээгүй гэрч нь “багадаа тархины гэмтэл авч байсан, мартах өвчтэй, үүнтэй холбоотой эм уудаг, эмчилгээ хийлгэж байгаа” үүнээсээ болж санахгүй байна гэсэн бол, түүний төрсөн эх хууль ёсны төлөөлөгч Л.Наранчимэг нь мөн гэрчийг багадаа гэмтэл авч байсан, заримдаа эм уудаг талаар тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг өгсөн нөхцөл байдалтай холбоотойгоор түүнд сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаан нөхцөл байгаа эсэх, мөн сэтгэцийн байдалд өөрчлөлт орсон эсэхэд эргэлзээгүйгээр дүгнэлт өгөх, тодруулах шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “гэрч ...хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” шинжилгээг заавал хийлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй гэрч Л.М нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар урьд өсгөн мэдүүлгээ шүүх хуралдаанд “санахгүй байна”, улмаар “эрүүл мэндийн байдлаас шалтгаалан мартдаг болсон, эм уудаг, эмчилгээ хийлгэж байгаа” гэсэн нь бодитой эсэх. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн байдал гэсэн шалтгаанаар мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийх, бусдын нөлөөлөлд орсон шинж байдал байгаа эсэх, урьд мэдүүлээгүй зүйлийг хуралдаанд зөрүүтэй байдлаар мэдүүлж буй шалтгаан зэргийг нэг мөр шалган тогтоохгүйгээр тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Тиймээс насанд хүрээгүй гэрч Л.М-ийн одоогийн болон мэдүүлэг өгөх үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээг хийлгэх, шаардлагатай бусад ажиллагааг шалган тогтоох нь зүйтэй хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэн бичихдээ насанд хүрээгүй гэрч Л.М-ийн шүүх хуралдаан дээр өгсөн зарим зүйлийг хэсэгчлэн бичиж, сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэжээ. Насанд хүрээгүй гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...зураг харах, бодит байдлаар харах 2 өөр юм байна. Энэ хүнийг байсан гэж хэлж мэдэхгүй байна.” гэж шүүгч, прокурор, өмгөөлөгч нар асуухад маш тодорхой хариулсан, уг мэдүүлгийг авахдаа шүүгдэгч нарыг тусгаарлаж байгаад мэдүүлэг авсан, ямар нэгэн нөлөөнд орох нөхцөл байдлыг бүхэлд нь хязгаарласан. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй шүүгдэгчийн өгч буй мэдүүлэг нь маш тодорхой байсан бөгөөд түүний мэдүүлэг өгч буй байдалд сэтгэцийн ямар нэг өөрчлөлт байна гэж үзэх үндэслэл байгаагүй. Харин ч мөрдөн байцаалтын явцад биш, шүүх хуралдааны явцад биеэр таньж олуулах ажиллагаа явуулсан нь шударга ёсонд болоод үнэнд илүү нийцсэн, бодит байдлыг илүү тодорхой болгосон гэж үзэж байна. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааны нэг болох таньж олуулах ажиллагааг анхнаасаа биеэр, бодит байдлаар, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн бол хэргийн нөхцөл байдал өөр байсан гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Насанд хүрээгүй гэрчийн хувьд шүүх хуралдаан дээр асуусан асуултад хариулж буй байдал, биеэ авч яваа байдал зэргээс харахад сэтгэцийн өөрчлөлттэй гэх нөхцөл байдал ажиглагдаагүй тул шинжээч томилж, сэтгэцийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм. Харин ч шүүх хуралдаанд өгч буй мэдүүлэг нь шүүгдэгч нарт ашигтай нөхцөл байдлыг үүсгэсэн байхад сэтгэцийн хувьд насанд хүрээгүй гэрчийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж буй нь хэргийн бодит байдлын хувьд нийцээгүй, эргэлзээтэй нөхцөл байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой байсан гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Н-ийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Мөнхтулга өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүх насанд хүрээгүй гэрчийг эргэлзээтэй мэдүүлэг өгсөн байна гэж дүгнэсэн. Ц.Н нь гэм буруутай эсэх нь тогтоогддоггүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Ц.Н-д ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Х-ийн өмгөөлөгч Д.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Баасанжаргал өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Прокурорын ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг шинжлэн судалсан. Уг нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал нотлогдсон зүйл тогтоогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон учраас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэрч Н-ын мэдүүлэг нь энэ хэргийг үүсгэх үндэслэл болсон байдаг. Энэ хүн нь шүүгдэгч Н.Х-ийн эхнэр нь байсан, шүүхээр гэрлэлт нь цуцлагдсан. Хувийн өс хонзонгоо авах санаа, зорилгоор асуудал үүсгэсэн. Үүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэх боломжтой. ...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байх үед шүүгчийн захирамжид дурдагдсан насанд хүрээгүй гэрч болох М нь Өмнөговь аймагт байсан. Хуульд заасан шаардлагыг хангаж, сурган хүмүүжүүлэгчийг оролцуулан таньж олуулах ажиллагаа хийлгэсэн. Уг ажиллагааг видео бичлэгээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй гэрч нь хууль ёсны төлөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцохдоо “таньж олуулах үйл ажиллагааг одоо бол тодорхой санахгүй байна” гэж мэдүүлсэн. 2021 оны 2 дугаар сард энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Таньж олуулах үйл ажиллагааг 2021 оны 8, 9 дүгээр сард хийсэн. Анхан шатны шүүх хуралдаанд “таньж олуулах ажиллагааг санахгүй байна” гэж мэдүүлэг өгсөн. Мөн толгойдоо гэмтэл авч байсан гэх асуудал яригдсан учраас энэ талаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ талаар прокурор эсэргүүцэл бичээгүй. Учир нь насанд хүрээгүй гэрч нь болсон үйл явдлыг санахгүй байгаа эсэх, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болсон эсэх, мэдүүлэг өгөх чадвартай эсэх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн эсэх талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн. Зөвхөн насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан нотлох баримтаар энэ хэргийг нотолж шүүхэд шилжүүлээгүй. Бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтыг үгүйсгэж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёсгүй. Насанд хүрээгүй гэрч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо худлаа мэдүүлэг өгсөн эсэх, сэтгэцийн байдал нь өөрчлөлттэй, толгойдоо гэмтэл авч байсан нь үнэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ц.Н, Н.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Н-ийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах төсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа ...Н.Х нь “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бэр болох О.А-г үргэлжилсэн үйлдлээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн” гэх эрүүгийн 2008021210090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус хэргийн яллагдагч Н.Х-с 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-ийн Хаан банк дахь 51............ тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Х-г эрүүгийн 2008021210090 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ өөртөө давуу байдал бий болгох зорилгоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Н-д түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ж-ийн эзэмшлийн Хаан банк дахь 51........... тоот дансыг ашиглан бэлнээр 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “...Насанд хүрээгүй гэрч Л.М-ийн одоогийн болон мэдүүлэг өгөх үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээг хийлгэх. ...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон түүнийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.  

 

Иймд шүүгдэгч Ц.Н-н өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах годлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/2704 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.Н, Н.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/2704 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ц.Н, Н.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцтэл шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Н.Х-д урьд авсан Улаанбаатар хотоос гарахгүй байх, гэрч Д.Н-тай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                М.АЛДАР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ