Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0788

 

 

 

 

  

     2023           10           30                                        128/ШШ2023/0788

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Комир Эм Жи Эл ХХК /РД:5357616 /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Мөнхболд,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.Алимаа, З.Цээсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Даваагэрэл нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25220000082 дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболд, хариуцагч З.Цээсүрэн, Д.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваагэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25220000082 дугаар нөхөн ногдуулалтын актаар Комир Эм Жи Эл ХХК-д 123,043,80309 төгрөгийн нөхөн татвар, 38,933,392,41 төгрөгийн торгууль, 1,360,543,86 төгрөгийн алданги, нийт 163,337,739.36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

2.Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, уг тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлж, тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/9349 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.  

             3.Нэхэмжлэгч Комир Эм Жи Эл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:

            “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25220000082 тоот нөхөн ногдуулалтын актын 1-р үндэслэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалт байдаг ба манай компанийн 2019-2021 онуудад дотоодоос худалдаж авахад төлсөн 981,071,486.64 төгрөгийн үнийн дүн бүхий бараа, ажил, үйлчилгээг хасч НӨАТ ногдуулах орлогоо бууруулж тайлагнасан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Комир Эм Жи Эл ХХК нь анх байгуулагдахдаа Миреко Эм Жи Эл ХХК гэсэн оноосон нэртэй байсан бөгөөд оноосон нэрээ Комир Эм Жи Эл ХХК болгон өөрчилсөн бүртгэлээ 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хийлгэсэн болно. Компани Миреко Эм Жи Эл ХХК гэсэн оноосон нэртэй байхдаа 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам БНСУ-ын Ойн Ерөнхий Газар хоорондын Монгол-Солонгосын хамтран хэрэгжүүлсэн "Ногоон хэрэм" төслөөр ойжуулсан талбай хүлээлгэн өгөх болон дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэх талаарх хамтран ажиллах 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу уг төслийн хүрээнд гүйцэтгэх "Монгол-Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах" ажлын гүйцэтгэгчээр шалгарч 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан уг төслийг хэрэгжүүлж 2021 оны 6 дугаар сард дуусгасан.

Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд ажлыг НӨАТ-аас чөлөөлөгдөж гүйцэтгэхээр заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт "Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилт /мөнгөн хөрөнгө/-ээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж заасан.

Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах журам" гаргасан. Уг журмын 2.1.4-д Сангийн сайдаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг батлахаар заасан байдаг.

Гэвч манай компани нь 2018, 2019 онуудад уг жагсаалтад багтаагүй, Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалын хавсралтад Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Ногоон хэрэм төслийн нэгж жагсаалтад орсон байдаг. Харин Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалын хавсралтаар манай компани нь уг жагсаалтад орж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газраас 9927255 дугаартай код авсан. Өөрөөр хэлбэл манай компани нь 2019 онд Сангийн сайдын жагсаалтад ороогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т "Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.6.3 дахь заалт хамаарахгүй” гэж зааснаар Ногоон хэрэм төслийн нэгжээс шилжүүлсэн 779,046,338.62 төгрөгийн орлогоос НӨАТ-ын хасалт хийсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

2.Харин 2020 онд манай компани нь Сангийн сайдын 2020 оны 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад орсон тул НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-т зааснаар хасалт хийх боломжгүй болсон. Гэхдээ манай компанийн жилийн бүх борлуулалтын орлого нь БНСУ-ын Ойн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлсэн Ногоон хэрэм төслийн санхүүжилтээс бүрддэггүй бөгөөд манай компанийн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрмэндээ тусгасан, үйл ажиллагааны хүрээнд орлого олж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөлт хийдэг.

Өөрөөр хэлбэл манай компанийн борлуулалт нь 100 хувь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлого байдаггүй ба энэ нь манай компанийн санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаас тодорхой харагдана. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дахь хэсэгт "Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно." гэж заасны дагуу зөв тайлагнасан байхад хуулийг харгалзан үзэлгүй манай компанийн хуулийн дагуу тайлагнаж, төлж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг НӨАТ хасалт хийхгүй байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

3.Мөн татварын улсын байцаагч нар нь манай компанийн тайлагнасан дотоодоос худалдан авсан 1,605,547,856.12 төгрөгийн худалдан авалтын аль нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалтын дагуу хасах ёсгүй байсан гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

4.Манай компани нь анх байгуулагдсан цагаас үйл ажиллагааны хүрээнд дотоодоос маш их худалдан авалт хийж 159,030,393.37 төгрөгийн НӨАТ-ын илүү төлөлт байсан. Татварын улсын байцаагч нарын дээрх зөрчил гэж үзээд байгаа худалдан авалтуудыг хассан ч манай компанийн улсаас буцааж авах НӨАТ-ын илүү төлөлт байгаа тул татвар нэмж төлөх шаардлагагүй юм. Энэ нь татварын улсын байцаагч нарын үндэслэсэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгүүдэд заасан торгууль, алданги төлөх үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна.

5.Нөхөн ногдуулалтын актын хавсралт Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хэсгийн 2-т 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5.Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ 779,046,338.62 төгрөгийн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн заалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1 дэх хэсгийг үндэслэсэн байдаг. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.", тайлбар хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна." гэж заасан байна. Гэтэл 23,371,390.16 төгрөгийн торгууль ногдуулсан нь нөхөн татварын 10 хувиас хэтэрсэн.

6. НА-25220000082 тоот нөхөн ногдуулалтын актын 2-р үндэслэл нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг ба манай компани нь 2021 онд 774,795,570.82 төгрөгийн төслийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй нь хуулийн дээрх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байна. Манай компани нь өөрийн орон тооны нягтлан бодогч ажиллуулдаггүй бөгөөд санхүү, нягтлан бодох бүртгэлийн компаниар санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангаа гаргуулж ирсэн. 2021 оны 4-р улирлын тайланг тухайн нягтлан бодох бүртгэлийн компани татварын цахим системд илгээсэн боловч "буцаасан" төлөвтэй, баталгаажуулаагүй байсан байна. Үүнийг гэрээт нягтлан бодох бүртгэлийн компани бидэнд мэдэгдээгүй, уг компани он гарснаас хойш утсаа авахгүй, ор сураггүй алга болсон ба тайлан баталгаажаагүйг нөхөн ногдуулалтын акт гарахад бид мэдсэн болно. Бидний зүгээс нөхөн татвар болох 24,936,654.42 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хуульд заасан хугацаандаа уг татварыг төлөх гэсэн боловч татварын цахим системд нэхэмжлэх үүсээгүй байсан тул төлж чадаагүй болно. Энэ нь биднийг санаатайгаар орлогоо тайланд тусгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед торгууль, алдангийг хасч өгөхийг хүсэж байгаа болно. Үндэслэл нь Татварын Ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно." гэж заасан бөгөөд хуулийн уг заалтаар бид 2022 ондоо багтааж уг тайланг илгээх, засварлах, баталгаажуулах хууль зүйн боломжтой байхад татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тооцож, торгууль алданги тавьж байгаа нь үндэслэлгүй юм.

7. 2021 оны 4-р улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг буцаасан үндэслэлийг бид судалж үзэхэд БНСУ-ын Ойн газар болон Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлсэн "Ногоон хэрэм” төслийн НӨАТ-ийн чөлөөлөлттэй холбоотой Грийн стэйшн ХХК нь 2018, 2019 онуудад авсан 1,8 тэрбум төгрөгийн НӨАТ-аас чөлөөлөгдөхгүй борлуулалтаа 2020 онд нөхөж тайлагнаж, Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар батлагдсан “Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах, бараа, ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэлтийн жагсаалт"-ын хавсралтын дагуу тайлагнах 854,764.99 ам.доллар /ойролцоогоор 2,43 тэрбум төгрөг/ нь манай компанийн хууль ёсны дагуу тайлагнах ёстой орлогуудтай нийлж 3,8 тэрбум төгрөг болж хэтэрснээс үүссэн гэж ойлгосон. Бид Грийн стэйшн ХХК-ийн зөрчлийн талаар Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газар, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газруудад удаа дараа гомдол гаргаад явж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр НА-25220000082 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нөхөн ногдуулалтын актаас зөрчлийн дүнгийн хувьд яривал 2019 оны дотоодын үйлчилгээнээс суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 77.907.633 төгрөг, торгууль 23.371.390 төгрөг, нийт 101.276.024 төгрөгийн нөхөн татвар, торгуулийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Мөн 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 24.936.654 төгрөгийн нөхөн татварыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин торгууль 7.480.996 төгрөг, алданги 1.360.543 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хууль зүйн үндэслэлийн хувьд 2019 оны зөрчил дээр хариуцагч нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалтыг үндэслэж актаа тавьсан байдаг.

Комир эм жи эл ХХК-ийн хувьд анх байгуулагдахдаа Мерико эм жи эл ХХК гэж оноосон нэртэй байгуулагдаад, Комир эм жи эл ХХК нэрээр 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр оноосон нэрээ өөрчилсөн байгаа. Тус компани нь Мерико эм жи эл ХХК нэртэй байхдаа 2016 онд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНСУ-ын ойн газрын хооронд Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлсэн Ногоон хэрэм төслийн хүрээнд байгуулагдаж байгаа ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх болон дараагийн шатны ажлыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу уг төслийн хүрээнд гүйцэтгэх Монгол, Солонгосын нөхөрлөлийн ой байгуулах ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулан уг төслийг хэрэгжүүлж, 2021 оны 6 дугаар сард дуусгасан байдаг. Уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд анх ажлыг НӨАТ-аас чөлөөлж гүйцэтгэхээр заасан байдаг.

        Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжаар авсан бараа, буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхөд мөрдөгдөх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан байдаг.

        Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт, журам гэж батлагдсан байдаг. Уг журмын 2.1.4 дэх хэсэгт Сангийн сайдаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээг албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчийн жагсаалтыг хавсралтаар батлахаар заасан байдаг.

Комир эм жи эл ХХК-ийн хувьд хэдий 2016 онд Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх асуудал яригдаж байсан боловч 2018, 2019 онд Сангийн сайдын тушаалд Комир эм жи эл ХХК-ийн нэр байдаггүй харин сайдын 2019 оны 43 дугаар тушаалын хавсралтаар тухайн төслийг хэрэгжүүлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон “Ногоон хэрэм” төслийн нэгж жагсаалтад орсон боловч Комир эм жи эл ХХК-ийн нэр байдаггүй.

Харин 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Сангийн сайдын тушаалд Комир эм жи эл ХХК нь жагсаалтад орсон байдаг. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.11 дэх хэсэгт заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах жагсаалтад 2020 онд орсон, 2019 онд энэ жагсаалтад огт ороогүй учраас энэ заалт хамааралгүй асуудал байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх журмыг заасан байдаг. Хариуцагч нарын хувьд 14.6 буюу дараах ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдан авахад төлсөн албан татварын албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын дүнгээс хасахгүй гэдэг заалтыг баримталсан хэрнээ 14.6.3 дахь хэсэг нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ гэсэн заалт байгаа. Энэ заалт нь миний хэлээд байгаа Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалын хавсралттай уялдах ёстой. 2.1.4 дэх хэсэгт жагсаалтад багтсан тохиолдолд гээд 14.6.3 гэдэг заалт хамаарахгүй гэдэг асуудал яригдаж байгаа. Гэтэл Комир эм жи эл ХХК-ийн хувьд 2019 онд энэ жагсаалтад огт байгаагүй. 2020 онд бид нар маш удаан хөөцөлдөж, энэ төслийн нэгж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам руу бичиг өгч байж арай гэж энэ тушаал батлагдсан байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын зөрчил гэж үзэж байгаа 2020, 2021 оны дотоодын нэмэгдсэн өртгийн албан татварын асуудал дээр хуулийн хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.3 дахь хэсэгт заасны дагуу хасалт хийхгүй байсныг хүлээн зөвшөөрч байгаа. Зөвхөн 2019 онд бид нар энэ жагсаалтад багтаагүй учраас хамаарахгүй гэдэг асуудал ярьж байгаа. Яагаад гэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.10 дахь хэсэгт маш тодорхой заагаад өгсөн байгаа, албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3 дахь хэсэгт заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.6.3 дахь заалтад хамаарахгүй. Энэ нь хасалт хийж болно гэсэн заалт.

Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ногоон хэрэм төслийн нэгж нь Сангийн сайдын тушаалд хамрагджээ. Тэр этгээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.3 дахь хэсэгт заасан этгээдийн хувьд мөн болоод явчхаж байгаа. Сангийн сайдын 2016 оны 46 дугаар тушаалын 2.1.4-өөр гэсэн үг. Энэ этгээдүүдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн этгээд суутган төлөгч гэдэг нь Комир эм жи эл ХХК болоод явчхаж байгаа. Тийм учраас 14.10 дахь хэсэгт заасны дагуу хасалт хийх хамаарахгүй гэж байгаа юм чинь хуулийн дагуу хасалтаа хийх боломжтой учраас байцаагч нарын тавьсан нөхөн татвар 77.907.633 төгрөг, торгууль 23.371.390 төгрөг, нийт 101.276.024 төгрөг үндэслэлгүй байна.

Төслийн гүйцэтгэгч гэдэг нь зөвхөн тэр төсөлтэй холбоотойгоор бараа, ажил үйлчилгээ дангаараа үйлдвэрлэхгүй. Энэ этгээд нь доороо маш олон туслан гүйцэтгэгч авч ажиллуулж байгаа. Дамбадаржаад ойжуулалтын 10 газарт төсөл хэрэгжүүлсэн. Зам талбай, ой мод, мод суулгах, зүлэг ногоо тарих, дэд бүтэц гээд маш олон ажил хийсэн. Үүн дээр бараа, материалууд хэрэг болсон, ажил үйлчилгээнүүд зөндөө хийсэн. Энэ бүрт Комир эм жи эл ХХК-ийн хувьд туслан гүйцэтгэгч нараа авч ажиллуулсан, бэлтгэн нийлүүлэгч нартай гэрээ хийж ажилласан. Санхүүгийн эх үүсвэр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ногоон хэрэм төслөөсөө санхүүжилт орж ирсэн нь үнэн.

Гэхдээ тэр байгууллагууд нь мөн энэ жагсаалтад багтаагүй учраас энэ асуудал дээр туслан гүйцэтгэгч компаниудаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн падаанууд авч байгаа. Тэд нарыг ч гэсэн тайлан дээрээ тусгасан. Татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын актын хавсралтаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг баталгаажуулсан байгаа. Тэр компаниуд туслан гүйцэтгэгч болон бэлтгэн нийлүүлэгч компаниуд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөөгүй бараа, үйлчилгээ Комир эм жи эл ХХК-д өгч байгаа учраас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн баримтуудаараа бид нар хасалтаа хийгээд явсан нь хууль зөрчөөгүй.

 Хуульд ингээд заасан байхад үүний дагуу тайлагнасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэсэн үндэслэл байгаа. Ийм учраас 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчлийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн асуудал байгаа. Бид нар нотлох баримтаар өгсөн, 2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг тухайн үедээ илгээсэн байдаг. Гэхдээ тухайн дүн нь зөрсөн юм уу, яасан юм буцаасан төлөвтэй байсан.

Тухайн үед Комир эм жи эл ХХК-ийн хувьд санхүү, татварын тайлангаа яг өөрсдөө гаргаагүй, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс байгаагүй. Гэрээт нягтлан бодогч тухайн тайлангуудыг гаргаад явдаг байсан. Гэтэл тухайн гэрээт компани нь энэ асуудалтай холбоотой буцаасан талаар бид нарт мэдэгдээгүй байдаг. Сүүлд нь нөхөн ногдуулалтын акт тавихад энэ асуудал яригдсан. Ийм учраас үүн дээр илгээгүй биш, илгээгээд тайлан буцсан байгаа учраас үүн дээр торгууль, алдангийн асуудал нэгдүгээрт байх шаардлагагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт тухайн үе ковидын хүнд нөхцөл байдалд байсан. Монгол Улс 2020, 2021 онд бүрэн хөл хорионы байдалд карантинтай байсан үе байгаа юм. Энэ үед ч гэсэн татварын торгууль, алдангиас чөлөөлөх тухай хоёр хууль гарч байсан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Тийм учраас торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. 2022 оны 01 дүгээр сараас 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны өршөөлийн асуудал яригддаг. Энэ зөрчил гэж үзсэн дүн нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорон дахь тайлангийн асуудал яригдаж байгаа.” гэв.

          5.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Комир Эм Жи Эл ХХК-ийн 2018-2021 оныг дуустал татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгдэж 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр НА- 25220000082 тоот нөхөн ногдуулалтын акт бичигдсэн. Тус компани нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс 2018 онд Өмнөговь аймгийн Гурван тэс суманд уул уурхай сөрөг нөлөөллийн менежмент, байгаль орчны менежментийн зөвлөгөө өгөх гэрээний дагуу ажил гүйцэтгэж орлого тайлагнасан. 2019-2021 онд Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар "Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл"-ийн төсөл хэрэгжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байна.

          Татвар төлөгч актыг эс зөвшөөрч гомдол гаргаснаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 39 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн акт хэвээр батлагдсан.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2019-2021 оны худалдан авалтын хасалт хийсэн дүнгээс залруулгыг хасч 2019 онд 779,046,338.62 төгрөгийн, 2020 онд 142,485,281.06 төгрөгийн, 2021 онд 59,539,866.96 төгрөгийн нийт 981,071,486.64 төгрөгийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: 14.6.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ" гэж заасныг үндэслэн 2019 онд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дах заалт, 2020- 2021 онд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1 дэх заалт, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгээр тус тус хариуцлага ногдуулсан. Төслийн санхүүжилт нь Монгол Солонгосын Ногоон хэрэм төслийн нэгжээс Комир Эм жи эл ХХК-ийн харилцах дансаар орж ирсэн.

          Тус компанийн 1,605,547,856.12 төгрөгийн худалдан авалт нь 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт бөгөөд сар бүр татварын албанд илгээж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг үндэслэн хасалт хийсэн.

          Комир Эм Жи Эл ХХК-ийн 2019-2021 оны зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл Албан татварт хасалт хийх. 14.6.3. "энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;" гэж заасныг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1. дэх хэсэг "Дараах үйлдэл эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно гэсэн заалтыг хэрэгжүүлсэн.

          Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалт нь хугацаандаа төлөөгүй татварт хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Тухайн компанид Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх заалтаар хариуцлага хүлээлгээгүй болно.

          Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйл. Татварын тайланд залруулга хийх 31.1 "Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно.", 31.4. "Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй." гэснийг үндэслэж шийдвэрлэсэн.

          Комир Эм Жи Эл ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Грийн стэйшн ХХК нь Баянгол дүүргийн татварын хэлтэст шалгагдсан бөгөөд тус компанид холбогдох асуудал нь нэхэмжлэгч компанийн маргаанд хамааралгүй болно.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх, татварын торгууль, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэв.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хувьд Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлсэн. 2019-2021 онд Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаал, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2019-2021 оны худалдан авалтын хасалт хийсэн дүнгээс залруулгыг хасаж, 2019, 2020, 2021 он дээр нийт 981.1 сая төгрөгийн зөрчил, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэсэн. 2019 онд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг баримталсан. Төслийн санхүүжилт Монгол, Солонгосын Ногоон хэрэм төслийн нэгжээс Комир эм жи эл ХХК-ийн харилцах дансаар орж ирсэн ба нотлох баримтаар хэрэгт авагдсан.

          Тус компани нь 2019 онд Ногоон хэрэм төслөөс нийт 3.5 тэрбум төгрөг харилцах дансаар орж ирсэн, дансны хуулга хэрэгт авагдсан. Үүнээс 1.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалт тайлагнасан ба үүнд ногдох 811 сая төгрөгийн худалдан авалтад хасалт хийсэн. Үлдсэн 1.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалт тайлагнаагүй ба үүнд ногдох 779 сая төгрөгийн худалдан авалтын хасалт хийгээгүй.

          Байцаагчид дээрх тайлагнаагүй чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 779 сая төгрөгийн худалдан авалтын хасалтыг тооцож нөхөн ногдуулалтын акт тавьсан. Худалдан авалтын зөрүү дүн нь нэхэмжлэгчийг хуулийн дагуу хасалт хийсэн маргаанд хамааралгүй дүн байгаа. Татварын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт шүүхээс нотлох баримтаар татахад мэдээлэл байхгүй гэсэн лавлагаа гаргасан байна. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн нэрээр биш, Ногоон хэрэм төслийн нэгжийн харилцах дансаар мөнгө хүлээж авсан нотлох баримтыг үгүйсгэхгүй гэж үзэж байна.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.10 дахь хэсгийг баримтлаад тайлбарлаад байна. Түүн дээр 14.6.3 дахь заалт хамаарахгүй гээд байгаа. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн энэ заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөөд дахиад тэр хэмжээгээр нь хасалт хийнэ гэж байхгүй.

          Хоёр дахь зөрчлийн тухайд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021 оны 4 дүгээр улирлын тайланг татварын албанд илгээгээгүй, илгээх үйлдэл хийгээгүй, тайлангаа хадгалсан төлөвтэй байсан нь маргааны явцад татварын нэгдсэн удирдлагын систем дээр харагдаж нотлогдсон байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26.2, татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан хаагч нь тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 26.4 дэх хэсэгт албан татвар төлөгч холбогдох татварын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргана гэж заасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт албан татвар төлөгч нь дараах орлогод албан татвар ногдоно, 7.4.1 үйл ажиллагааны орлого гэж заасан. Иймд дээрх зөрчил дээр татварын улсын байцаагчаас 2021 оны татвар ногдох орлогоо тайлагнаагүй, 774.9 сая төгрөгийн нөхөн татвар болох 24.9, 7.480.000 төгрөгийн торгууль, 1.360.000 төгрөгийн алдангийг ногдуулсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тайлагнаагүй татвар дээр нь алданги, торгууль ногдуулсан байгаа. Татварын хяналт шалгалт хийгдэж байх явцад татварын албанаас татвар төлөгчид мэдэгдсэн тохиолдолд татварын тайланд залруулга хийхийг зогсоодог. Үүнийг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Комир Эм Жи Эл ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25220000082 дугаар нөхөн ногдуулалтын актаар 2019 оны дотоодын бараа, үйлчилгээнээс суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 77.907.633 төгрөгийн нөхөн татвар, 23.371.390 төгрөгийн торгууль, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд 7.480.996 төгрөгийн торгууль, 1.360.543 төгрөгийг алданги ногдуулсныг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч Комир Эм Жи Эл ХХК нь дараах үндэслэлээр маргасан.

          2.1.Манай компани нь 2019 онд Сангийн сайдын жагсаалтад ороогүй тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т "Албан татвар суутган төлөгч нь энэ хуулийн 13.1.3-т заасан этгээдэд бараа борлуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд энэ хуулийн 14.6.3 дахь заалт хамаарахгүй” гэж зааснаар Ногоон хэрэм төслийн нэгжээс шилжүүлсэн 779,046,338.62 төгрөгийн орлогоос НӨАТ-ын хасалт хийсэн нь хууль зөрчөөгүй.

          2.2. Хуулийн дагуу тайлагнаж, төлж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг НӨАТ хасалт хийх ёсгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

          2.3.Манай компанийн тайлагнасан дотоодоос худалдан авсан 1,605,547,856.12 төгрөгийн худалдан авалтаас аль худалдан авалтыг хасах ёсгүй байсан гэж үзсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй.

          2.4. 23,371,390.16 төгрөгийн торгууль ногдуулсан нь нөхөн татварын 10 хувиас хэтрүүлж хууль зөрчсөн.

          2.5. 2022 ондоо багтааж уг тайланг илгээх, засварлах, баталгаажуулах хууль зүйн боломжтой байхад татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тооцож, торгууль алданги тавьж байгаа нь үндэслэлгүй.

          3.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25220000082 тоот нөхөн ногдуулалтын актаар Комир Эм Жи Эл ХХК-ийн 2019 оны дотоодын бараа, үйлчилгээнээс суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 77.907.633 төгрөгийн нөхөн татвар, 23.371.390 төгрөгийн торгууль, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд 7.480.996 төгрөгийн торгууль, 1.360.543 төгрөгийг алданги ногдуулсныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үлдэх хэсэгтэй маргаагүй.

          4.Миреко Эм Жи Эл ХХК-ийн нэрийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Комир Эм Жи Эл ХХК болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн.       

          Сангийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.1.4-д Сангийн сайдаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг батлахаар заасан.

          5.Комир Эм Жи Эл ХХК нь БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Ногоон хэрэм төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Сангийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар Ногоон хэрэм төсөл, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар Миреко Эм Жи Эл ХХК нь /хуучин нэрээр/ Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байна.

Сангийн сайдын 2019 оны 43 дугаар тушаалаар /2 х.х-ийн 46/  Ногоон хэрэм төслийн нэгж 857,587.95 ам.доллар, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 79 дүгээр тушаалаар /2 х.х-ийн 52-53/ Комир Эм Жи Эл ХХК /Мерико эм жи эл ХХК/ 854,764.99 ам.долларын дотоодын худалдан авалтын дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн.

          6.2019 онд Ногоон хэрэм төслөөс нийт 3.5 тэрбум төгрөг санхүүжилт Комир эм жи эл ХХК-ийн харилцах дансаар орж ирсэн, дансны хуулга хэрэгт авагдсан. /1 х.х-ийн 64-229/           Үүнээс 1.7 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалт тайлагнасан ба үүнд ногдох 811 сая төгрөгийн худалдан авалтад хасалт хийсэн. Үлдсэн 1.8 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалт тайлагнаагүй ба үүнд ногдох 779,046,338,62 төгрөгийн худалдан авалтын хасалт хийгээгүй.

            7.Төслийн санхүүжилт нь Ногоон хэрэм төслийн нэгжээс  /2х/х-99/ Комир Эм жи эл ХХК-ийн харилцах дансаар орж ирсэн бөгөөд тус компанийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 2019-2021 оны худалдан авалтын хасалт хийсэн дүнгээс залруулгыг хасч, Нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөгдөх борлуулалтад ногдох 2019 оны 779,046,338,62 төгрөгийн зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй. 

             8.Нэхэмжлэгч  компанийн 1,605,547,856.12 төгрөгийн худалдан авалт нь 2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт болох нь Аж ахуйн нэгжийн албан татварын тайланд нийт орлого 3,890, 714,232.24 төгрөг үүнээс хүүгийн орлого 362,300,439.04 төгрөг, нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлого 3,527,884,433.52 төгрөг, ханшийн зөрүүгийн орлого 3,719.83 төгрөг, бусад орлого 526,639.85 төгрөг гэж тайлагнасан, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлангаар /2х.х-ийн 98-123/ 1,734,865,613.83 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлоготой, нийт нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалт 1,605,547,856.12 төгрөг үүнээс чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалт       826,501,517.50 төгрөг гэсэн тайлангаар нотлогдож байна.

          9.Комир Эм Жи Эл ХХК-ийн зөрчилд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.”Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:” 14.6.3. "энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;",

          Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т "Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн" бол татварын нөхөн төлүүлж, ... нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасанд нийцсэн.

          10.Дээрх зохицуулалт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.”Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж 2019 оны 03 дугаар сарын 22 өдөр өөрчлөн найруулагдсан боловч энэ заалтыг Татварын ерөнхий хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс үйлчлэхээр заасан тул хариуцагч нар өмнөх хуулийн зохицуулалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй.

             11.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 “... татварын албанд бүртгүүлээгүй албан хаагч нь тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ.”, 26.4 “албан татвар төлөгч холбогдох татварын тайланг жилийн эхнээс өссөн дүнгээр гаргана”, 7 дугаар зүйлийн 7.4 “албан татвар төлөгч нь дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1 “үйл ажиллагааны орлого” гэж заасан.

          Нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2021 оны 4 дүгээр улирлын тайланг татварын албанд илгээгээгүй, илгээх үйлдэл хийгээгүй, тайлангаа хадгалсан төлөвтэй байсан нь маргааны явцад татварын нэгдсэн удирдлагын систем дээрх мэдээллээр нотлогдсон.

         12.Иймд Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.”Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно" гэж заасны дагуу торгууль ногдуулсан нь үндэслэлтэй байна.

13.Харин нэхэмжлэгч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.”Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана.” гэж заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй, тайлан илгээх үүргээ биелүүлээгүй 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 4 дүгээр улирлын тайланг татварын албанд илгээгээгүй, илгээх үйлдэл хийгээгүй, тайлангаа хадгалсан төлөвтэй байгаа нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайлангийн мэдээллээр нотлогддог бөгөөд “...2021 оны 4 дүгээр улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг буцаасан хуульд заасан хугацаандаа уг татварыг төлөх гэсэн боловч татварын цахим системд нэхэмжлэх үүсээгүй байсан тул төлж чадаагүй” гэх тайлбар үндэслэлгүй.

          14.Дээр дурдсан үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, бичгийн нотлох баримтаар нотлогдсон үйл баримтад тулгуурлан Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн  2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25220000082 дугаар нөхөн ногдуулалтын актын 2019 оны дотоодын бараа, үйлчилгээнээс суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 77.907.633 төгрөгийн нөхөн татвар, 23.371.390 төгрөгийн торгууль, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд 7.480.996 төгрөгийн торгууль, 1.360.543 төгрөгийг алданги ногдуулсныг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.          

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.1, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан Комир Эм Жи Эл ХХК-иас Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн НА-25220000082 дугаар нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН