Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 122

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулав.

                                          Шүүх хуралдаанд: 

      Прокурор                                                      Л.Энхтайван

      Нарийн бичгийн дарга                 С.Энхтайван нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Цэцэн сартуул овгийн Төмөрийн Төрбатад холбогдох 1731000310023 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:1970 оны 05  дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн  47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот хан-Уул дүүрэг 7-р хороо Жаргалантын 3-78 тоотод оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Цэцэн сартуул овогт Төмөрийн Төрбат /РД:МУ70053177/

 

  Шүүгдэгч Т.Төрбат нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутаг дэвсгэрт С.Батбаярын далан тус газарт хутгалж, “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Т.Төрбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн...... 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Жавхлант сумын 40 жилийн ой болсон. Тэр өдөр ангийнхантайгаа уулзалдаж архи ууцгаасан. Ангийнхантайгаа уулзаад дурсамжтай сайхан байсан. Гэтэл С.Батбаяр бид хоёрын яриа таарч тохирохгүй ам мурийх болсон. Тэгээд удалгүй бид хоёр улам их хэрэлдэж би С.Батбаярыг чамайг болгоод өгнө гэж хэлээд барилцаж яваад хугархай хутгаар далан тус газарт нь хутгалсан гэв.

2.Хохирогч С.Батбаярын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Жавхлант сумын 40 жилийн ойн байр наадмаар манай 10 жилийн ангийнхан нийлж салхинд гарсан юм . Тэгээд бид нар архи согтуурулах ундааны зүйл хэрэглээд хоол унд хийж идээд ярьж сууж байтал манай ангийн Төрбат бид хоёр маргалдаж байгаад би салаад машин дотор ороод хэвтэж байтал Батцэнгэлтэй хамт тамхи байна уу гээд ороод ирэхээр нь би хаалгаа онгойлготол  Төрбат шууд миний зүүн далан тус газарт нэг зүйлээр хатгачихаад гэнэт алга болчихсон. Тэгээд л би эмнэлэг рүү оёдол тавиулахаар ирсэн юм. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 9-10 дугаар  хуудас/

3.Хохирогч С.Батбаярын 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Тухайн үед согтуу байсан учраас сайн санахгүй байна. Тэр хоёр цуг гарч ирсэн болов уу гэж бодоод тэгээд мэдүүлэг өгчихсөн юм. Дараа нь бодоход би согтуу машинаа барих гээд тэгээд Төрбат намайг согтуу машин бариулахгүй гээд байх шиг байсан. Тэгээд л би машинаа барина гээд муудалцаад байснаа бүдэг бадаг санаж байна  ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

            4.Гэрч Д.Батцэнгэлийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Тухайн өдөр Жавхлант сумын 40 жилийн ой баяр гээд манай 10 жилийн ангийнхан салхинд гарсан юм. Тэгээд сүүлд манай хашаан дотор ирж суусан бөгөөд тарах дөхөөд би гэртээ ороод унтаж байхад хашааны гадаа хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь гараад хартал Батбаяр, Төрбат хоёр маргалдаж байсан. Яваад очиход Төрбөт миний дал руу юмаар хатгачихлаа гэсэн бөгөөд хартал цус гоожиж байхаар нь эмч дуудсан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

5.Гэрч Д.Батболдын 2017 оны 09 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн өдөр Жавхлант сумын 40 жилийн ойгоор манай ангийнхан уулзалдаад хоорондоо юм ярьж сууцгаасан юм. Тэгээд юм яриад сууцгааж байтал Батбаярын багын хөгжилтэй явдлыг наргиа маягаар яриад бид инээж хөгжилдсөн. Батбаяр гэнэт намайг доромжиллоо гэх өнгө аястай юм яриад Төрбат руу агсараад байсан. Тэгж байгаад намжсан юм. Тэгээд орой намайг гэрт унтаж байтал Төрбат Батбаярыг хутгаар хатгачихлаа гэхээр нь би яваад очтол ийм зүйл болчихсон байсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 16 дугаар хуудас/

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ № 297 тоот:

       1.С.Батбаярын биед далны орчим хатгагдаж зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

      7.Шинжээч С.Бүрэнжаргалын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Тус дүгнэлтээр С.Батбаярын биед гэмтлийн зэрэг тогтоосон. Ба иргэн С.Батбаяр нь өөрийн биеэр ирээгүй бөгөөд эмнэлгийн байгууллагын үзлэгийн акт цээжний хөндийг авахуулсан ЭХО аппаратны зураг зэргээр дүгнэлт гаргасан. Уг хүний шарх нь цээжний хөндийд хутга нэвтрээгүй байх тул хөнгөн зэрэг тогтоогдсон. Эмчийн үзлэгийн тэмдэглэл оёдол тавьсан байдал, шархны гүн зэргээс үзэхэд таны үзүүлсэн хутгаар уг хүний биед гэмтэл учруулах боломжтой гэж үзэж байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

8.Шүүгдэгч Т.Төрбатын 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Жавхлант сумын 40 жилийн баяр наадмаар очсон юм. Тэгээд хуучин сурч байсан сургуулийн нэг ангийнхантайгаа уулзаад сургуулиас зохион байгуулж байгаа хүлээн авалтанд оролцчихоод ангираа нийлээд манай ангийн Батцэнгэлийнд очоод бид нар уугаад юм ярьж сууцгаасан. Тэгээд сууж байтал Батбаяр архи уугаад нилээд согтсон бөгөөд над руу “чи намайг доош нь хийлээ хүүхдээр төсөөлөөд байна” гэх мэтээр над руу агсараад байсан бөгөөд өглөө үүр цайхын үед бүгд явцгаая гээд явсан. Тэгтэл Батбаяр согтуу машинаа барьж явах гээд байхаар нь би хэрэггүй гэж хэлсэн. Чи намайг доромжиллоо “чи намайг каш Батаагаар нь бодоод байна намайг одоо шар Батаа гэдэг болсон” гээд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би уурлаад гарыг нь татаж тавиулаад “чамайг хашраагаад өгье” гээд цаашаа явсан бөгөөд юмаар цохиод авъя гэж бодоод юм хайгаад олоогүй. Уг айлын хашаан доторо болокон дээр хутга байхаар нь аваад далан тус газар нь нэг удаа чигээр нь хатгачихсан ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/

9.Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /08-09 дүгээр хуудас/

10. Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 37 дугаар  хуудас/

11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

      12.Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

13.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 39, 41 дүгээр хуудас/

14.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно. 

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Төмөрийн Төрбатыг 2017 оны 7 дугаар сарын 21-ний орой Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 1 дүгээр багийн 4-15 тоотод оршин суух иргэн Дашдондогийн Батцэнгэлийн хашаанд “Багын дурсамж ярихдаа намайг доромжлолоо” гэж С.Батбаяр, Төрбатад хэлсэн ба Батбаярын зүй бус харьцааны улмаас Төрбат нь хутгаар түүний далны тус газар хатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг  хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасны дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.

      Учир нь: Шүүгдэгч Т.Төрбат нь Жавхлант сумын 40 жилийн ойн баяраар 10 жилийн ангийн найз нөхөдтэйгээ уулзаж, багын дурсамжаа ярьж хөөрч байхдаа Батбаяр нь өөрийнхөө хүүхэд насны “хочоор доромжлолоо” гэж Төрбаттай муудалцаж, улмаар Төрбат нь Батбаярын далны тус газар хутгаар хатгаж,  зүүн далны дээд хэсэгт 5-6 см урт, 2 см орчим гүн зүсэгдсэн шарханд 3 оёдол тавьж, цус тогтоох тариа хийсэн зэрэг гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 550 нэгжээр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танлцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1.Цэцэн сартуул овгийн Төмөрийн Төрбатыг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Төмөрийн Төрбатыг 550 /таван зуун тавин/ нэгжээр торгох  ял шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Төрбатын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

      4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Т.Төрбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хуванцар иштэй үзүүр нь хугарсан хутга 1 ширхэгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Т.Төрбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт заасан хугацаанд гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсан байсугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ