Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1929

 

Д.Р-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02388 дугаар шийдвэртэй, Д.Р-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ШС” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохиролд  24 876 128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 171001/006 дугаартай “Амины орон сууц захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь 77.5 м.кв талбай орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор барьж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагчийн зүгээс хэлэлцэн тохирсон хөлсийг тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэсэн. Тодруулбал, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийт үнийн дүнгийн 50 хувь 39 250 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 6 400 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 13 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 11 668 000 төгрөг тус тус шилжүүлж гэрээнд заасан 78 500 000 төгрөгийг бүрэн төлсөн.

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу гэрээ дуусах үед орон сууцаа хүлээн авах төлөвлөгөөтэй байсан ч ажлын явц удааширч гэрээний хугацааг хэтрүүлсэн, улмаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “ШС” ХХК-ийн зүгээс Д.Р-д “барилгын ажил хийгдэж байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгнө” гэсэн хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтээрээ гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн алданги 9 176 128 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр талууд харилцан тохиролцож “Амины орон сууц захиалгын гэрээ”-г дүгнэсэн акт байгуулсан. Уг актаар алданги болон ажил гүйцэтгэх гэрээний хугацааг тогтоосон боловч хариуцагч тал үүргээ биелүүлээгүй. Гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль төлөхөөр актын 7А хэсэгт дурдсан.

Гэтэл хариуцагч тал одоог хүртэл ажлаа бүрэн дуусгаагүй бөгөөд захиалагчид амины орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Гэрээний 5.2-т гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон. Түүнчлэн, талуудын хооронд үйлдсэн актын хүрээнд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 20 хувьтай дүйцэхүйц торгуулийг төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заагдсан торгуулийн шинжтэй нийцэж байна. Мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх зарчмыг тусгасан бөгөөд үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэх ёстой байдаг. Хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгээгүй юм.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т болон актын 5, 6-т заасныг зөрчсөн байна. Дээрх алдангийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж хохиролд нэхэмжлэх эрх үүссэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор орон сууцыг ашиглалтанд орохуйц хэмжээнд бэлэн болгохгүй бол нэмэлтээр торгууль төлнө гэсэн тохиролцоо хийсэн. Торгуулийн хэмжээг гэрээний нийт үнэ 78 500 000 төгрөгөөс 20 хувиар тохирч 2018 оны 5 дугаар сарын 15-ны дотор ажлыг хүлээлгэн өгөх байсан ч одоо болтол гэрээ дүгнэсэн актгүй, ажлын гүйцэтгэл дутуу, хаалга, цонх онгорхой, барилга бүрэн болоогүй байна. Торгуулийн 20 хувийг Иргэний хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй тул торгуульд 15 700 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. Харин, шүүх алданги тооцсон хоногийг буруу гэж үзвэл багасгахад нэхэмжлэгч татгалзахгүй, иймд алданги 9 176 128 төгрөг, торгууль 15 700 000 төгрөг, нийт 24 876 128 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч алданги тооцохдоо гэрээний 5.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох байсан боловч гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон. Захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлт ажил, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тодорхой хэмжээний зардал нэмэлтээр гарсан. Мөн нэхэмжлэлд гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн гэсэн боловч 19 850 000 төгрөгийн тооцоо хийгээгүй болно. Талууд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, ажлын үр дүнг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон нь үнэн. Тухайн орон сууц барих газар нь цахилгаангүй байсан тул ажил тодорхой хугацаагаар хойшилсон. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр талууд гэрээний хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэсэн талаар дүгнэхэд, байшин болон гараашийн суурь, гаднах бохирын нүх зэргийг хийж гүйцэтгэсэн байсан.

Хугацаандаа гүйцэтгэл нь хүрээгүй учраас нэхэмжлэгч алданги тооцно гээд актаар алдангийг 9 176 128 төгрөг байхаар тохирч, энэ үнийн дүнд нь ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгч өмгөөлөгчтэй байсан, бидний хувьд хуулийн мэдлэггүйгээс алдангийн хэмжээг зөвшөөрсөн боловч хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 28 хувьтай байсан байж болно. Харин 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлын гүйцэтгэл 28 хувьтай байх боломжгүй. Иймд алдангийг урьдчилан тооцсон байна. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл алдангийг тооцохоор тухайн алданги нь 90 хоног буюу нийт 5 035 000 төгрөг болж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алдангийг 0.1 хувиар, зөвхөн 1 сарын хугацаанд тооцно. Үндсэн гэрээнд торгууль төлнө гэсэн заалт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Д.Р-ын хүсэлтээр тухайн орон сууцны шал, таазанд нэмэлт ажил хийж, зоорийн шороог гаргасан бөгөөд эдгээр ажлуудын хөлс болон үлдэгдэл төлбөр 8 100 000 төгрөгийг аваагүй байгаа. Түлхүүрийг хүлээлгэж өгсөн, алдангид тооцуулах ажлаа хийгээгүй учир нь түүний өгөөгүй хөлсөнд тооцсон. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд төлбөрийг хэрхэн төлөх, алдангийг яаж тооцох талаарх зохицуулалтууд байх боловч торгуулийн талаар заагаагүй. Актад гэрээний хугацааг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгахдаа алданги болон торгууль тооцохоор тохиролцсон нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Учир нь, актад алдангийн хэмжээг 9 176 128 төгрөг гэж тогтоосон боловч гэрээнд алдангийг нэг сарын хугацаанд тооцно гэж заасан. Талууд ажлын гүйцэтгэлийг 28 хувь гэж тогтоосон, гүйцэтгээгүй үүрэг нь 72 хувь бол 1 хоногийн алданги 55 952 төгрөг, үүнийг 30 хоногт тооцохоор 1 678 560 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь торгуулийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дах хэсэгт заасантай нийцнэ гэх боловч анз болох торгууль, алдангийг хамт тооцсон нь буруу. Алдангийг ирээдүйд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үүнийг 1 сараар тооцдоггүй юмаа гэхэд 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Хуульд нийцээгүй алданги болон торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ШС” ХХК-иас 5 091 632 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-д олгож, нэхэмжлэлээс 19 784 496 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 330.64 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ШС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 96 416 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Р-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн  шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул талууд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцож “Амины орон сууц захиалгын гэрээг дүгнэсэн акт” байгуулсан бөгөөд уг актын 8-д гэрээний хугацааг сунгасантай холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэж заасан. Ийнхүү тохиролцсоны дагуу гэрээний нийт үнийн дүн 78 500 000 төгрөгийн 20 хувь тооцоход 15 700 000 төгрөгийн торгуулийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан,... хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэжээ. Талууд харилцан тохиролцож гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд анз төлүүлэхээр гэрээнд тохиролцсон. “Амины орон сууц захиалгын гэрээг дүгнэсэн акт” нь “Амины орон сууц захиалгын гэрээ”-ний салшгүй хэсэг бөгөөд талууд тохиролцон хугацаа сунгасан боловч 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нь гэрээнд заасан ажлыг бүрэн хийж дуусган түлхүүр хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэвч энэхүү үүргээ гүйцэтгээгүй, энэ тухай хариуцагчид 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор дутуу ажлуудыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх талаар албан бичгээр мэдэгдэж байсан ч мөн л биелүүлээгүй байдаг.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, хариуцагч тохиролцооны дагуу ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч тохирсон хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлсэн байх тул ... гэжээ. Талууд торгуулийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиар бус, тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувиар тооцон гаргуулахаар тохиролцсон атал шүүх шийдвэртээ “хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн тогтоогдоогүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагчид ажлын гүйцэтгэл дутуу талаар ажлаа дуусган хүлээлгэж өгөхийг шаардсан бичгийг хариуцагч хүлээж аваагүй” гэсэн үндэслэл заасан байна. Энэхүү нотлох баримт нь анх нэхэмжлэл гаргахдаа шүүхэд гаргасан баримт бөгөөд хариуцагч тус албан бичгийг хүлээн авч гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх ёстой талаар тусгасан.

 Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1, актын 5, 6-д заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас торгуулийн 15 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч “ШС” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас алданги 9 176 128 төгрөг, торгууль 15 700 000 төгрөг, нийт 24 876 128 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Амины орон сууц захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр “ШС” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дотор 77.5 м.кв талбай бүхий амины орон сууц, 16 м.кв гадна сүүдрэвч, 21 м.кв энгийн хаалгатай гарааш, суурь нэмэгдэл зэрэг ажлыг хийж гүйцэтгэн захиалагч Д.Р-д хүлээлгэн өгөх, захиалагч тал гэрээний нийт үнэ 78 500 000 төгрөгийн 50 хувь 39 250 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, ажлын гүйцэтгэл 50 хувь болох үед 15 700 000 төгрөг, түлхүүр хүлээн авах үед үлдэгдэл 23 550 000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх7-10/

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

Хэргийн баримтаас үзвэл, талууд гэрээний хэрэгжилтийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дүгнэж, ажлын гүйцэтгэл 28 хувь, төлбөр төлөлт 39 250 000 төгрөг байгааг тодорхойлж, гүйцэтгэгч тал гэрээгээр тохирсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул гэрээний 5.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 164 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангид 9 176 128 төгрөг төлөх, гүйцэтгэгчийн хүсэлт, захиалагчийн зөвшөөрлийн дагуу уг алдангид дүйцүүлж хавсралт 1-д заасан ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөрийн үлдэгдэл 15 700 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 23 550 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлөх, гүйцэтгэгч дээрх хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг захиалагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх21/

Нэхэмжлэгч Д.Р нь хариуцагч “ШС” ХХК-ийг гэрээнд заасан ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги 9 176 128 төгрөг, ажлын үр дүнг гэрээ дүгнэсэн актаар тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул тухайн актаар тохирсон ёсоор торгууль 15 700 000 төгрөг, нийт 24 876 128 төгрөгийг хариуцагчаас шаардсан, хариуцагчийн хувьд ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгсөн, нэмэлтээр хийсэн ажлын хөлс болон нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн төлбөрийн үлдэгдэл зэргийг хоорондын тооцооны зөрүүд дүйцүүлсэн тул алданги болон торгууль төлөх үндэслэлгүй гэж татгалзсан байна.   

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэжээ. Зохигчдын тайлбараас үзвэл, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгэгч талын хийсэн ажлын хэмжээ болон нэмэлтээр хийж гүйцэтгэсэн гэх ажил тодорхой бус, талуудын биелүүлээгүй үүрэг эцсийн байдлаар нэг мөр тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь ажлын үр дүнг нэхэмжлэгчид хэдэн хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, алданги 9 176 128 төгрөгт дүйцүүлэн хийхээр тохиролцсон Хавсралт 1-д заасан ажлыг гүйцэтгээгүй, харин өөр бусад байдлаар хийсэн нэмэлт ажлын хөлс, гэрээний үндсэн төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгч төлөөгүй гэх хариуцагчийн тайлбартай холбогдуулан талууд бүрэн мэтгэлцээгүй, шүүх тодруулах ажиллагаа хийгээгүй, гэрээний үүргээ талууд хэрхэн биелүүлсэн нь тодорхой бус байна.

Дээрх тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс хамаарч тооцогдох алданги, торгуулийн талаар болон маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх, тухайн ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/02388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Р давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 236 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                       ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

                                                                                       Т.ТУЯА