Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/227

 

 

 

2022                3              01                                      2022/ДШМ/227

                                                                                         

Д.Ч-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Э.Н,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2111 01154 0952 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Ч, 1986 оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, Далайхүүгийн нийтийн байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.........../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 404 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих  ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Д.Ч нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Д-н нийтийн байрны 12-15 тоот гэртээ эхнэр Э.Н-тэй хардалтын улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Э.Нандин-Эрдэнийн нүүр тус газарт нь гараараа, зүүн дал хэсэгт нь сандлаар тус тус цохиж, мөн цээж тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ч-с нийт 236.300 төгрөг гаргуулж хохирогч Э.Н-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2012 оны 9 дүгээр сараас барилгын ажил хийж 2 хүүхдээ өсгөж эцгийн үүргээ биелүүлж амь зуулгаа залгаж явсан. 2016 онд Э.Нандин-Эрдэнэтэй танилцаж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд хүүхдүүдийн минь хамт нэг гэрт орж хамтран амьдарсан. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш насанд хүрээгүй 5 болон 7 дугаар ангийн 2 хүүхэд маань Улаанбаатар хотод харгалзах хүнгүй болж, хамаатныхаа ах, эгчийнхээрээ хоног төөрүүлэн хичээл нь ном нь завсардаж, сэтгэл санаа нь хямран мөн бага хүүхэд болох охин Ч.Э маань орондоо шээх, өөрийн ах болон бусад хүмүүстэй юм ярихгүй гэх зэргээр бие сэтгэл нь өөрчлөгдсөн гэх зарим дурдагдаагүй нөхцөл байдалд байна. Биеэ барилгүй уг хэргийг үйлдэж хохирогчийн биед халдан хүндэвтэр гэмтэл учруулсандаа маш ихээр харамсаж байна. Өөрт болон хүүхдүүддээ, хөгшин эцэг, эхдээ мөн бусад хүмүүст хүндрэл учруулж байгаадаа гэмшиж байна. Эрхэм шүүгч та бүхэн миний амьдралын нөхцөлийг харгалзан үзэж эдлээгүй үлдсэн хорих ялыг бусад ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Ч-ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч Д.Ч нь гэм буруугаа ухаарч, маш их гэмшиж байгаа. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хохирогчтой эвлэрээд хамт амьдарч байсан. 5 болон 7 дугаар ангийн 2 хүүхэдтэй. Хүүхдүүд харгалзах хүнгүй, хичээл сургууль нь завсардаад байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед сургууль, цэцэрлэг амарсан байсан. Одоо сургууль, цэцэрлэг ороод хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт нь зөөх асуудал бий болсон. Шүүгдэгч Д.Ч нь ар гэрээ тэжээн тэтгэдэг болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Н тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдолдоо “гэм буруу дээрээ маргахгүй, гэмшиж байна” гэсэн байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Ч нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Далайхүүгийн нийтийн байрны 12-15 тоот гэртээ эхнэр Э.Нандин-Эрдэнэтэй хардалтын улмаас маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Э.Нандин-Эрдэнийн нүүр тус газарт нь гараараа, зүүн дал хэсэгт нь сандлаар тус тус цохиж, мөн цээж тус газарт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Н-н “...Чи их өөр болжээ гээд над руу агсраад сууж байсан газраасаа босож ирээд миний үснээс зулгаагаад миний нүүрний зүүн талын хэсэг болох нүд, хамар, нүүр рүү гараараа олон удаа цохиод намайг дуугараач чи муу гээд орилоод байсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо суусан чинь миний баруун талын мөр рүү гараараа цохиод гэрт байсан модон сандлыг аваад миний зүүн талын далны хэсэг рүү нэг удаа цохисон. ...” /хх 23-25/,

гэрч Ц.Н-н “...Н гэртээ ирэхдээ нүд, ам, хамар нь хөхөрсөн, зүүн талын гар нь даагдахгүй хавдсан, хамаг бие нь хөх няц юм ирсэн. ...Тэгэхээр нь би юу болсон бэ, хэнд зодуулсан юм гэхэд Н өчигдөр шөнө Ч намайг зодсон гэж хэлсэн. ...” /хх 27-28х/,

насанд хүрээгүй гэрч Ч.Т “...Унтаж байтал шөнө аав, ээж, хоёр хоорондоо хэрэлдээд орилолдоод ээж уйлаад байсан. Тэгэхээр нь сэрээд хартал Хонгорзул эгч ирсэн аав Ч-ийг болиоч гэж орилоод байсан ба аав ээжийн нүүр рүү гараараа цохиж байсан ба гэрт байсан сандлыг аваад ээж Н-г цохичихсон. ...” /хх 32-33х/,

Шинжээч эмч Т.Сэлэнгийн “...Дээрх гэмтлүүдээс зүүн дал ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Бусад гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 47х/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “...Э.Н-н биед зүүн дал яс, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, хамрын нуруу, зүүн чихний ар, хүзүү, цээжний баруун тал, зүүн дал, зүүн бугалга, шуу, баруун бугалга, сарвуу, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 9013 дугаартай дүгнэлт /хх 38-40/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч Д.Ч-т тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн өмнө гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдал буюу түүний хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул шүүгдэгч Д.Ч-ийн гаргасан “...5 болон 7 дугаар ангийн 2 хүүхэдтэйгээ амьдардаг байсан бөгөөд асран хамгаалагчгүй тул оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хавтас хэргийн 35 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараас үзэхэд, шүүгдэгч Д.Ч нь 2009 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн Ч.Т, 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн Ч.Э гэх 2 хүүхэдтэй болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.” гэж хуульчилсан байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргад дээрх асуудлыг шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ийн хүүхдүүд болох Ч.Т, Ч.Э нарын асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэсэн нэмэлт заалт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ч-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Ч нь энэ өдрийн байдлаар 69 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.МЯГМАРЖАВ