Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/228

 

 

 

 

2022           3              01                                            2022/ДШМ/228

 

                                                                                         

А.Л-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор У.Анхжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/1281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч Г.Э-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Л-д холбогдох 2108023731524 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн А-ийн Л, 1968 оны ... дүгээр сарын ....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, группт байдаг гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн... дугаар хороо, Баганарангийн ... дүгээр гудамжны, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./

Шүүгдэгч А.Л нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 24 дүгээр гудамжны 11 тоот хашааны гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй Г.Э-г хазаж, улмаар биед “баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-ийг 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээтэй холбоотой хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ажилгүй байсан 3 сарын цалин баримт, албан бичиг байхад үгүйсгэж хүчингүй болгосон 3 сарын цалин болох 1.330.034 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүгдэгч А.Л-д оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Г.Э хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. 3 сарын цалин 1.330.034 төгрөг болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байдаг. Хуулийн этгээдийн тамга, тэмдэг мөн эсэх нь эргэлзээтэй байсан. Энэ байдлыг шүүхээс тодорхой тайлбарлаж өгсөн. Хуулийн этгээдийн гэрчилгээ болон нийгмийн даатгал төлж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Л нь 53 настай, хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан тул нийтэд тустай ажил хийх ял оногдуулах боломжгүй харагддаг. Тухайн гэмт хэргийг өөрийн санаатай үйлдлээр үйлдээгүй болох нь тогтоогддог. Шүүхээс шүүгдэгчийн хорт хавдар өвчтэй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Л нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Баганарангийн 24 дүгээр гудамжны 11 тоот хашааны гадна орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй Г.Э-г хазаж, улмаар биед “баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт” гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Г.Э-н “...гэнэт банхар нохой гарч ирээд миний цамцнаас хазаад, дээр гараад унагачихаад баруун гуяны дотор талд хазахаар нь би цохиод тавиулсан. Баруун хөлөөс хазаж зуураад тавихгүй, сэгсрээд байсан. Тэгээд миний хөлийг зуучихсан болохоор хөлөө тавиулж чадахгүй орилсон. ...” (хх 9-10),

шүүгдэгч А.Л-ийн яллагдагчаар өгсөн “...гэнэт машины ард нэг хүүхэд “нохойгоо аваач ээ” гээд орилохоор нь харахад нэг хүний баруун талын хөл хэсгээс зуучихсан байхаар нь очоод салгаад буцаагаад хашаандаа оруулаад уячихсан. ...” (хх 66-67) гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “...Г.Э-н биед баруун тавхайн чигчий хурууны тавхайн шивнүүрийн хугарал, баруун тавхайн шарх, баруун гуяны шарх, цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 9576 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-17-18) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч А.Л-д тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул хохирогч Г.Э-н гаргасан “...шүүгдэгч А.Л-д оногдуулсан ялыг хүндрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн хохирогч Г.Э нь “...Ажилгүй байсан 3 сарын цалин болох 1.330.034 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх “...насанд хүрээгүй хохирогч Г.Э нь “Саммит компьютер технологи” ХХК-ийн агуулахын албаны хүргэлтийн ажилтан, сарын үндсэн цалинг 500,000 төгрөгөөр тогтоосон талаар уг компанийн ерөнхий захирлын 2021 оны 21/229, 21/231 а дугаартай тушаалуудыг хэрэгт гарган өгч, ажилгүй байсан хугацааны буюу 3 сарын цалин 1,330,034 нэхэмжилсэн бөгөөд ажилтнуудын цагийн тооцоо, цалингийн тооцоолол гаргасан гэх 2 хуудас баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй байна. ...” гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Г.Э-н гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/1281 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/1281 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Э-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ