| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/03969/И |
| Дугаар | 181/ШШ2024/01579 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2024/01579
2024 04 17 181/ШШ2024/01579
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, С.М /РД:-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин байх, ** ХХК /РД:/,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Ц.Б /РД:/,
Хариуцагч: тоот хаягт оршин байх, *** ХХК /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ** УЕЕ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota kluger маркийн автомашин, *** УБТ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota prius маркийн автомашин гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч ** ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч: Ц.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.М хариуцагч ** ХХК, Ц.Б, *** ХХК нарт холбогдуулан *** УЕЕ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota kluger маркийн автомашин, ** УБТ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota prius маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Миний бие хувиараа том тэрэг барьж барилгын компаниудад элс, хайрга зөөж өгч ажил гүйцэтгэдэг ажил эрхэлдэг. 2022 оны сүүлээр миний бие хэсэг хүмүүстэй хамтран блокны үйлдвэр ажиллуулж байсан. Гэвч хоорондын тохиролцоо, хамтын ажиллагаа бүтэлгүйтсэнээс шалтгаалан тухайн үйлдвэрийн ажлаа зогсоосон. Тухайн үед миний нэр дээр байсан Toyota, Kluger, V-XU70 /2018-2022/, улсын ***-УЕЕ дугаар бүхий тээврийн хэрэгслийг банк бусад барьцаалан 30 сая төгрөгийг зээлж үйлдвэрийн ажилдаа зарцуулсан. Үйлдвэрийн ажилд иргэн Ц.Бтай хамтран ажиллахаар болж хоорондоо тохиролцсон. Өөрөөр хэлбэл миний бие Ц.Б болон түүний үйл ажиллагаагаа явуулдаг *** нэртэй байгууллагатай хамтран ажиллах болсон. Чухамдаа миний нэр дээр байсан тээврийн хэрэгслийг банк бусад барьцаалж зээл авсан бөгөөд тус зээлийг үйлдвэрийн үйл ажиллагаанд зарцуулах болсон.
Ц.Б эргүүлж төлнө, удахгүй хөрөнгө мөнгөтэй болоод миний өр зээлийг төлж барагдуулна гэдэг байсан боловч огтоос тийм үйлдэл гаргаагүй, харин ч би өөрийнхөө хөрөнгөөр ажилчдын цалин хөлс, хоол унаа болон бусад бүх зардал, үйлдвэрт ашиглагдах тоног төхөөрөмжийг худалдаж авах, цаашлаад түүхий эдийг үйлдвэр рүү тээвэрлэх, худалдан авах зэрэг бүхий л хөрөнгийг би өөрөөсөө гаргасан, Улмаар үйлдвэрээ явуулахын гулд өөрийн хөрөнгөө ч банк бусад барьцаалсан байдаг. Банк бусынхаа төлбөрийг төлөөд явж байтал ** ХХК-ийн захирал лизингийн төлбөрийг төлөөд авчихъ гэх агуулгаар хамтарч байсан хүнтэй яриа хийсэн байдаг. Улмаар тээврийн хэрэгслийг өөрөө унаж хэрэглэж банк бус дахь төлбөрийг төлж дуусгахаар болж тохиролцон 2022 оны 11 сарын үед үйлдвэр дээрээс ирээд аваад явсан. Тухайн үед миний хувьд ойлгохдоо тээврийн хэрэгслийг Банк бусад тавьсан төлбөрийн үлдэгдлийг төлөөд авна гэж ойлгосон боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөөгүй, би өөрөө банк бусынхаа төлбөрийг төлөөд явж байгаа. Тус байгууллагаас өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авах, эсхүл төлбөрийг төлж дуусгаад авахыг шаардсан шаардлагыг 2023 оны 3 дугаар сарын 13-нд өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд хариу өгүүлээгүй тул миний бие эвлэрүүлэн зуучлагчид хандсан.
Тэгтэл тухайн миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг ** ХХК аваагүй, буцаагаад *** ХХК болон Ц.Бт өгсөн гэх тайлбарыг өгсөн. Чухамдаа үнэхээр буцаагаад өгчихсөн гэж ойлгосон боловч 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ** ХХК-ийн ажлын байрны гадаа тус тээврийн хэрэгсэл байхыг харсан. Тухайн үед өөрийн тээврийн хэрэгслээ авах боломж байгаагүй.
Мөн хариуцагч *** ХХК болон иргэн Ц.Б нар нь миний өмчлөлийн арлын ***, улсын ** УБТ дугаартай toyota prius 30 маркийн автомашиныг ** ХХК-д бартерт өгсөн. Гэвч бидний дундын бизнесийн үйл ажиллагаа үргэлжлэхээ больсон. Улмаар бидний дунд эд хөрөнгөө буцаан авах, хөрөнгө оруулалтаа болиулах зэрэг маргаанууд үүсэж би өөрийн тээврийн хэрэгслүүдээ буцаан авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл огтоос тээврийн хэрэгслийг минь эзэмшилд минь өгөхгүй байна.
Миний бие өөрийн өмчлөлийн автомашиныг авах гэтэл ** ХХК нь өгөхгүй байгаа тул миний өмчлөлийн арлын ***, улсын ** УБТ дугаартай toyota prius 30 маркийн автомашиныг гаргуулж өгнө үү.
Мөн хариуцагч нараас Toyota Kluger маркийн, арлын *** дугаартай, *** УЕЕ улсын дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *** ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Манай компани нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Манай компани нь Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хөнгөн бетон блокны үйлдвэрийг ажиллуулдаг юм. 2022 оны 9 дүгээр сарын дундуур Налайх дүүргийн иргэн Сайнбаяр овогтой Мөнхтөр гэгч залуу өөрийн дүү Я.З гэдэг залуугийн хамт манай үйлдвэр дээр ирж уулзан анх танилцсан бөгөөд манай үйлдвэрт элс хайрга нийлүүлэн ажлын хөлсөндөө хөнгөн бетон блок авахаар аман хэлцэл хийж тохиролцсон.
Гэтэл С.М нь элс хайргаа тээвэрлэх ачааны автомашингүй, өөрөө хөл дүүжлэх унах унаа ч үгүй хүн болох нь тодорхой болсон. Тиймээс элс, хайрга нийлүүлэхээсээ илүү манай үйлдвэр дээгүүр байнга ирж сайн дураараа надад туслан гар хөлийн үзүүрт зарагдаад нааш цаашаа гүйгээд идэвх, сэтгэл үзүүлээд яваад байсан болохоор итгээд cap гаруй хугацаанд өөрийн машинаа бариулсан. Одоо бодоход үйлдвэр ажиллуулах гэж чадан ядан зүтгэж яваа эмэгтэй хүнийг зориудаар төөрөгдүүлж, тодорхой санаа зорилготойгоор хуурамч идэвх зүтгэл харуулан миний итгэлийг олж авсан юм байна гэж ойлгож байгаа.
Өөрөөр хэлбэл нэг cap орчмын хугацаанд миний итгэлийг бүрэн олж авсан бөгөөд хэдийгээр албан ёсоор ажилтнаар аваагүй ч мөнгө төгрөг өгдөг байсан.
Би эмэгтэй хүн болохоор үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох, материал тасалдах, үйлчлүүлэгчтэй гэрээ хэлцэл байгуулах, ачилт хийлгэх гээд өдөр тутмын ажлаасаа илүү гарч үйлдвэрээс холдож чаддаггүй болохоор цаг үеийн янз бүрийн зарим ажлуудыг итгэлтэй хүмүүстээ даалгаж компанийн харилцагч нараас бүтээгдэхүүнийхээ төлбөрт хэд хэдэн автомашин бартераар авч байсан. Тухайлбал: *** ХХК-иас ** дугаартай приус-30 автомашиныг, *** ХХК-иас ** УНР дугаартай Тоёота Вангуард зэрэг автомашинуудыг С.М, түүний дүү Я.З нарт итгэмжлэл хийж өгч явуулан нэр дээр нь бичиг баримтуудыг гаргуулаад манай нярав ** ХХК-д өр төлбөртөө тооцон шилжүүлж өгч байсан. Тийм болохоор дараа нь 2022 оны 10 дугаар сард ** ХХК-иас 2022 оны 7 сард гааль дээр буугаад байсан, 2018 онд үйлдвэрлэгдсэн гаалийн бичигтэй хар өнгийн Тоёота Клугер автомашиныг авхуулахаар С.Мийг явуулсан.
Тухайн үед манай нярав ар гэрийн гачигдалтай байсан тул С.Мийг явуулсан. Тэгэхдээ тухайн машиныг аваад шууд ** ХХК-ийн жолоочид хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд явуулсан юм. Тэгээд машиныг өгчихсөн гэж ойлгоод явж байтал гэнэт ** ХХК надаас машинаа нэхэхээр нь гайхаад С.М, Я.З нараас Яагаад машиныг хүлээлгэж өгөөгүй байгаа юм бэ гэж асуухад тэд нар ** ХХК-ийнхан өөрсдөө завгүй гээд аваагүй, тэгээд ч номер авахгүй бол хотод явж чадахгүй гээд байсан гэхээр нь тэгвэл номер аваад шилжүүлээд өг гээд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр харилцагч ** компанийн захирал Б /утасны дугаар **/ болон М руу ярьж С.М-ийн нэр дээр итгэмжлэл өгч явуулан ** УБЕ улсын дугаар авхуулсан.
Гэтэл С.М өөрийнхөө нэр дээр бичиг баримтыг гаргуулсныхаа дараа машиныг зохих газарт нь хүлээлгэж өгөөгүй. Бизнесийн харилцагч ** ХХК-ийн жолооч удаа, дараа машиныг авах гэж очиход нь өөдөөс нь янз бүрийн шалтаг хэлж машин тэргийг бултуулаад өгөхгүй байсан тул тал талаас нь шахаж байж машиныг ** ХХК-д арай гэж өгүүлсэн. Үүний дараа ** компанийн захирал Н 2022 оны 12 дугаар сард Танай машиныг С.М гэдэг хүн чинь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн төвд байрлах ** авто гэдэг банк бус санхүүгийн байгууллагад 30,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байна гэж надад мэдэгдсэн.
Ингэж С.М нь өөрт нь өгсөн итгэлийг далимдуулан манай компанийн бартераар авсан автомашиныг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан болохыг олж мэдсэн. Тийм учраас машиныг хүлээлгэн өгөхөөс зайлсхийж байсан юм байна гэж ойлгосон. Тэгээд С.Мийг дуудаж уулзаад банк бусаас зээлсэн мөнгөө яаралтай төлж автомашиныг зээлийн барьцаанаас гаргах шаардлагыг тавьсан. Хэрэв мөнгөө хурдан төлөхгүй бол бусдыг залилан мэхэлсэн хэргээр хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ гэдгээ албан ёсоор өөрт нь мэдэгдсэн болно.
Гэвч өнгөрсөн хугацаанд С.М нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар зөвшөөрөлгүй банк бусд барьцаалж зээлсэн мөнгөө огт төлөхгүй байгааг ** ББСБ-ын зүгээс удаа дараа С.Мд сануулахад тэдний ажилтанд Тэр машиныг танайх хурааж ав гэсэн хариулт өгсөн байсан. Улмаар төлөлт хийгдээгүйн улмаас ** ХХК-иас гэрээний төлбөрт шилжүүлэн авсан иргэн нь хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэтэл **ынхан автомашиныг нь ачиж явж манай компанийн харилцагчийг болон тухайн иргэнийг эвгүй байдалд оруулсан.
Дээрх автомашиныг С.Мөөс барьцаалагч ** ББСБ-ын Гэгээнтэн салбарын захирал Ө.Б-тэй удаа дараа очиж уулзан учир байдлыг тайлбарлан С.Мд залилуулснаа хэлж, манай компанийн машин болохыг нотолсон бүх бичиг баримтаа гарган өгсөөр байтал автомашиныг зогсоолоос ачиж авч яваад бидэнтэй холбоо барьж мэдэгдэлгүйгээр автомашиныг чөлөөлөн С.М-д хүлээлгэн өгч улсын бүртгэлийн дугаарыг хүчингүй болгуулсан байна. Үүнээс шалтгаалан харилцагч компани, эзэмшиж байсан иргэн, манай компани гурвын дунд үл ойлголцол төрүүлж бизнесийн харилцаанд ан цав үүсгэсэн. Мөн өмнө итгэмжлэл хийж ** ХХК руу хүргүүлсэн Тоёота приус автомашиныг бас тухайн компанийн удирдлагуудаас нэхэж оффис дээр нь элдэв хараал хэлэн ёс зүйгүй загнасан байсан.
Мөн дүү Я.З нь миний ** УАР улсын дугаартай Ланд круйзер 200 автомашины 3,800,000 төгрөгийн үнэ бүхий өвлийн цоо шинэ 4 ширхэг дугуйг өөр дугуйгаар сольж өгнө гэж авч яваад хувьдаа завшсан бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа болохыг дурдахыг хүсэж байна. Залуу хүмүүс байж эмэгтэй хүнийг дээрэлхсэн, ах дүүгээрээ луйварчин, ийм хүмүүсийг амьдралдаа үзсэнгүй. Эдгээр хүмүүсийг ийм цагаандаа гарсан луйварчид гэж мэдэлгүй итгэл үзүүлэн өмч хөрөнгөө даатгаж явсандаа маш их харамсаж байна. Мөн миний ** УБЛ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг хот руу түр унаж явчхаад ирье гэж гуйж авч явчхаад рулийн аппарат, пиланз, цаф зэргийг эвдчихээд авчирч өгсөн ба нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрөө их хэмжээний мөнгөөр засуулж байсан.
Энэ бүх асуудал болсны дараа 2022 оны 12 дугаар сарын 18-ны шөнө С.М нь манай үйлдвэр дээр согтуу ирж, хаалга үүд, үйлдвэрийн өмч хөрөнгийг эвдэн сүйтгэж ажилчдын бие эрх чөлөөнд халдан танхайрсан, 2023 он гарснаас хойш үйлдвэрийн дарга н.Ц бид хоёрыг Баян суман дахь шохойны үйлдвэрт ажиллаж байх хооронд үйлдвэр дээр манаа хийж байсан н.Б, н.Д нарын ажилчдыг уруу татан архидуулж байгаад хашаан дотор байсан хураалттай төмрөөс хоёр портер ачуулан хулгай хийж ковшийн дугуйг хутгаар зүсэн хагалж бүх утсыг нь шатаан ком багаж, өөрт хэрэгтэй материалыг авч улмаар н.Б, н.Д нарыг үйлдвэрээс дагуулан явж үйлдвэрийг эзэнгүй орхиулж санаатай хорлон сүйтгэх ажиллагаа хийснийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэж бүртгүүлсэн ч арга хэмжээ аваагүй өнгөрөөсөн. Манай байгууллагын хийсэн ажлын ашиг орлогыг С.М нь итгэл эвдэх аргаар аваад явсанд гомдолтой байна. Бид өдөр шөнөгүй ажиллаж олсон орлого юм.
Иргэн С.М нь гадуур өөрийгөө манай үйлдвэрийн хувь эзэмшдэг, хөрөнгө оруулалт хийсэн гэх мэтээр худал мэдээллийг тарааж мөн харилцагч ** группийн удирдлагууд руу утсаар ярин манай компаниас гэрээний дагуу 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгт тооцон шилжүүлсэн Тоёота клугер, Приус 30 хоёр автомашиныг надад буцааж өг гэж дарамталсан нь эмэгтэй хүнийг элэг барьж, тэвчээр барсан үйлдэл гаргаж байна.
Энэ дагуу бид Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргахад Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын тогтоолоор холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн С.Мийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээх эрхтэйг мэдэгдсэн шийдвэр гарсан.
Мөн цагдаа дээр манай компаниас авлагатай байсан, банк бусаас зээлсэн мөнгөө манай компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэх мэтээр улайм цайм, ичих ч үгүй худал мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд ичих булчирхайгүй, цагаандаа гарсан луйварчид гэдэг нь тодорхой байна.
Иймээс иргэн С.Мөөс ажил төрлийн харилцааны явцад бидний хооронд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хувьдаа завшсан Тоёота приус, Тоёото клугер автомашины үнэд 150,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч С.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Нэхэмжлэгч С.М миний бие хариуцагч ** ХХК болон иргэн Ц.Б, *** ХХК нарт холбогдуулан өөрийн өмчлөлийн автомашинуудыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн нөхцөл байдлаар нэхэмжлэлийн тодорхой зүйлс биелчихсэн учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.
4. Хариуцагч *** ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.М миний итгэл үнэмшлийг далимдуулан надад маш их хэмжээний хохирол учруулсан. Энэ 2 машинаас гадна бас мөнгөн төгрөгийн хохирол учруулсан байгаа. *** ХХК хариуцагч С.Мд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан боловч С.М нь нэхэмжлэлээ татаж авч байгаа тухай хүсэлт ирүүлсэн байна. Иймд хариуцагч С.Мд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч ** ХХК, Ц.Б, *** ХХК нарт холбогдуулан *** УЕЕ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota kluger маркийн автомашин, ** УБТ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota prius маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч *** ХХК нь нэхэмжлэгч С.Мөөс 150,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. гэж, мөн хуулийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа татан авах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ** ХХК, Ц.Б, *** ХХК нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэгч С.Мийн хариуцагч ** ХХК, Ц.Б, *** ХХК нарт холбогдуулан гаргасан *** УЕЕ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota kluger маркийн автомашин, ** УБТ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota prius маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталсан тул хариуцагч *** ХХК-ийн гаргасан 150,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч ** ХХК, Ц.Б, *** ХХК нарт холбогдуулан гаргасан *** УЕЕ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota kluger маркийн автомашин, ** УБТ улсын дугаартай, *** арлын дугаартай, Toyota prius маркийн автомашин гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, ** ХХК, Ц.Б, *** ХХК нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул С.Мөөс 150,000,000 төгрөг гаргуулах тухай *** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөг, нийт 545,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1907,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ