Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 126

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.

                                     Шүүх хуралдаанд:      

      Прокурор                                                      Л.Энхтайван

Хохирогч                                                       Б.Дэнсээ

      Нарийн бичгийн дарга                 Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Долоон гөрөөчин овогт Содовын Даваадэмбэрэлд холбогдох 1731000720032 дугаартай хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймаг Шаамар суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Шаамар сум 2-р баг Охиндийд оршин суух хаягтай, урьд 2006 оны 05 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1-р шүүхийн 79 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06  сарын хорих ялаар шийтгэгдэж тэнсэж хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Долоон гөрөөчин овогт Содовын Даваадэмбэрэл /РД:МО73043039/

 

  Шүүгдэгч С.Даваадэмбэрэл нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 137 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Дэнсээгийн эрх чөлөөнд халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Хохирогч Б.Дэнсээгийн 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 29-ний өглөө 08 цагийн үед би хамтран амьдрагч С.Даваадэмбэрэлтэй хөдөөнөөс ирээд Даваадэмбэрэлийн төрсөн эгч Цомоогийн хамт 3-лаа 0.5 граммын “Ерөөл” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд Даваадэмбэрэлийг үлдээгээд Цолмон бид 2 манай гэр рүү явсан юм. Тэгээд манайд Цолмон бид хоёр байж байхад 10 жилд нэг ангид сурч байсан Эрдэнэбаяр, Ганбат хоёр ирээд тэгээд бид нар “монгол стандарт” нэртэй архийг уугаад юм яриад сууцгааж байтал хамтран амьдрагч Даваадэмбэрэл нь манай гэрт 14 цагийн үед орж ирээд ямар нэгэн шалтгаангүй уурлаад миний толгой руу гараараа 2 удаа цохьсон. Тэр үед түүний эгч Цолмон салгаад Даваадэмбэрэлийг Эрдэнэбаяр аваад гарсан. Тэр үед миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь би өөрийн төрсөн охин Билгүүнзаяаг залгаад дуудсан. Тэгээд манай охин удалгүй хүрээд ирсэн. Ингээд би эмнэлэг яваад толгойдоо хоёр оёдол тавиулсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/

             2.Гэрч Б.Эрдэнэбаярын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би өнөөдөр 12 цагийн үед намайг дүү Эрдэнэхүүгийнд байхад Дэнсээ над руу утсаар залгаад “Ганбат ирчихсэн байан чи манайд хүрээд ир” гэхээр нь би Дэнсээгийнд очсон. Намайг Дэнсээгийнд очиход Дэнсээ, Ганбат, Даваагийн эгч нэг хүүхэн байсан. Тэд нар нэг шил 0.75 граммын “Монголт стандарт” архи задлаад сууж байсан. Бид нар юм ярингаа тэр архийг хувааж уусан. Тэгээд сууж байхад гаднаас Даваа ганцаараа орж ирсэн намайг “сайн уу” Даваа гэхэд Даваа “муу гичий минь” гээд Дэнсээгийн улаан нүүр рүү хоёр удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэр хооронд эгч нь дундуур нь орж салгасан би Давааг аваад гадаа гараад “чи одоо болиочээ” гэсэн чинь “би одоо ахиад цохихгүй“ гээд үүднийхээ амбаараас цүнхтэй хувцасаа аваад гараад явсан. Тэгээд би Дэнсээгийн охин руу утсаар ярьж ээжийн чинь тархи толгойг Даваа хагалчихлаа гэсэн чинь “та эмнэлэг бараадуулаад өгөөч манай нөхөр очиж байгаа“гэхээр нь би аймгийн нэгдсэн эмнэлэг дээр аваачиж өгсөн......гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

3.Гэрч Э.Билгүүнзаяагийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 29-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад 14 цаг 25 минутын үед миний ээж гар утас руу залгахаар нь авсан чинь Даваадэмбэрэл орж ирээд миний толгойг хагалаад гараад явлаа гэхээр нь би такси бариад гэртээ хариад ээжийг аваад эмнэлэг ороод ээжийн гэмтсэн хэсэг дээр хоёр оёдол тавиулсан. ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргиийн 17-18 дугаар хуудас/

4.Гэрч С.Цолмонгийн 2017 оны 09 дүгээр  сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Миний төрсөн дүү болох С.Даваадэмбэрэл нь миний эрэгтэй дүү байгаа юм. Миний дүү Дэнсээтэй хамтран амьдраад 7 жил болж байна.Одоо энэ хоёр маань манай гэрийн хойхон талд байдаг юм.  ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ № 303 тоот:

       1.Б.Дэнсээгийн биед духанд язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

6.Шүүгдэгч С.Даваадэмбэрэлийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би өөрийн хамтран амьдрагч Дэнсээтэй Сүхбаатар сумын төвийн урд голын цаана айлд мал малладаг байсан. Тэгээд Дэнсээ бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 29-ний өглөө голын цаанаас Сүхбаатар сумын төв рүү ороод манай төрсөн эгч болох Цолмонгийн гэрт очоод бид 3 нэг шил 0.5 граммтай Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд манай эгч Цолмон хамтран амьдрагч Дэнсээ нар өглөөний 09 цагийн үед эмнэлэг рүү явлаа гээд явахаар нь би Цолмон эгчийн гэрт нь унтаад үлдсэн. Ингээд би өдөр 14 цагийн үед боссон чинь Дэнсээ байхгүй байхаар нь би Дэнсээг хайж гэр рүү нь очсон чинь манай хамтран амьдрагч Дэнсээ, эгч Цолмон нар нь Эрдэнэбаяр, Ганбат нартай архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Дэнсээг 2 удаа алгадсан юм. Тэр үед Дэнсээгийн духнаас нь цус гарч харагдсан. Тэгээд би Дэнсээд уурласан уурандаа гэрээс нь хувцасаа аваад гараад явсан. . ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

7.Шүүгдэгч С.Даваадэмбэрэлийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьж хэлсэн байгаа өөр нэмж ярих зүйлгүй .... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/

8.Шүүгдэгч С.Даваадэмбэрэлийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  /хх 47, 50-53-р ху/,

9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41-р ху/,

10. Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35-р ху/,

11.Шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас/хэргийн 42-46-р хуудас/,

12.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хэргийн 34-р хуудас/,

 

    Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Даваадэмбэрэлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 137 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Б.Дэнсээгийн эрх чөлөөнд нь халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийтвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасны дагуу хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Учир нь: Шүүгдэгч С.Даваадэмбэрэл  нь  2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 2 дугаар хэсэг 137 тоотод хамтран амьдрагч Б.Дэнсээг “Бусадтай нийлж архидлаа” гэсэн хардалтын шинжтэй нүүр, толгойн хэсэгт нь гараараа цохин, эрх чөлөөнд нь халдаж, духны баруун дээд хэсэгт 2 см урт 2 ширхэг оёдол тавигдсан язарсан шарх, цус хуралтын зөөлөн эдийн няцрал  зэрэг гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн,  гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танлцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг харгалзан 245 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүлийн 5 дахь хэсгүүдэд заасныг тус туудирдлага болгон ТОГТООХ нь:

1.Долоон гөрөөчин овгийн Содовын Даваадэмбэрэлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт   хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Содовын Даваадэмбэрэлийг 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Даваадэмбэрэлд оногдуулсан 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажиллуулахыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.   

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.С.Даваадэмбэрэл нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6.С.Даваадэмбэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыгуншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг дурьдсугай 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.НАЦАГДОРЖ