Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/229

 

 

 

 

 

 

2022               3              01                                       2022/ДШМ/229

                                                                                         

Ч.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Ч.Б-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Б-д холбогдох 2108000001634 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ч-ийн Б, 1988 оны .. дугаар сарын ....-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэг, гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо  ..... тоотод түр оршин суудаг гэх, /РД: ................/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 144 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т заасныг журамлан 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Тоёота Приус-20 загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Т+н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон тээврийн хэрэгслийнхээ хойд талын хаалгаар чирч буулган, цүнхтэй эд зүйлсийг нь авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Лхагвадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-н биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хохирогч Д.Т-н биед хүч хэрэглэсэн зүйл огт байхгүй. Д.Т нь машинд суухад цүнхтэй байсныг огт хараагүй. Хохирогч машинд суугаад Дарь-Эх рүү явна гэж хэлээд замдаа унтаад өгсөн. Би Дарь-Эх дээр ирээд “сэрээрэй, гэр чинь хаана юм” гэхэд унтаад сэрэхгүй, гэрээ зааж өгөөгүй. Би арга бараад ганц хоёр хүнд үйлчлэхийн тулд тэндээс хөдлөөд зам дээр гар өргөж байсан нэг хүнийг аваад Баянхошуу явсан. Баянхошуунд нөгөө хүнээ буулгаад хохирогч эмэгтэйг “сэрээрэй” гэхэд сэрээд “бууя” гэхэд нь хойд хаалгаа онгойлгоод гараас нь хөтөлж буулгаад шууд хөдөлсөн. Ингэж хөдлөхдөө цүнх үлдсэнийг мэдээгүй байсан. Маргааш нь намайг гэртээ унтаж байхад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс яриад дуудсан. Тэгээд цагдаа руу хөдлөх үедээ хойд суудал доор цүнх байгааг хараад онгойлгож үзэлгүйгээр шууд цагдаагийн газар руу явсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод уулзахад машинд чинь улаан өнгийн цүнх байна уу гэхэд нь байна гэхэд аваад ир гэсэн. Төд удалгүй Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөгч ирээд цүнхийг аваад миний машинаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс рүү явсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод машинд үзлэг хийгээд цүнхийг яг байсан газарт нь тавь гэж хэлэхэд нь тэнд нь тавьсан. Тэгээд машинд болон цүнхэнд  байсан эд зүйлийг арын суудал дээр дэлгэж тавиад зургийг дарсан. Үзлэг хийж дуусаад миний машиныг авч үлдээд намайг явуулсан. Дараа нь над руу яриад 1 ширхэг бөгж байсан гэж байна хаана байна гэхэд нь би мэдэхгүй гэсэн. Хоёр хоногийн дараа машинаа авахаар очиход мөрдөгч Энхманлай чи гэртээ очоод тэр бөгжийг нь машиндаа сайн хайж үзээрэй гэсэн. Тэгээд машиндаа хайж үзэхэд уг бөгжийг арын суудлын завсраар унасан байсныг олсон. Тэр дор нь мөрдөгч рүү утсаар яриад олчихлоо аваачаад өгөх үү гэхэд намайг дуудахаар аваад ирээрэй өөртөө байлгаж бай гэсэн. Ээмэг болон 90.000 төгрөгийг аваагүй гэж байхад 90.000 төгрөгийг төлүүлсэн. Үйл баримт ийм байхад хохирогч эмэгтэйг дээрэмдсэн гэж ял өгсөнд гомдолтой байна. Анх мөрдөгч нар болох Энхманлай, Батхолбоо нар чиний хэрэг гайгүй, торгоод өнгөрнө гэж хэлэхэд нь итгээд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн. Миний өгсөн мэдүүлгийг надад уншуулаагүй гарын үсэг зуруулсан. Би уншихыг хүсээгүй. Учир нь, мөрдөгч нарын хэлсэн үгэнд бат итгээд шууд гарын үсэг зурсан. Надад хавтас хэргийг дэлгэрэнгүй танилцуулаагүй. Шүүх хурал болохоос 1 хоногийн өмнө мөрдөгч Батхолбоо руу яриад би өмгөөлөгч авах уу гэхэд хэрэггүй ээ 450.000 төгрөгөөр торгоод гарна. Өмгөөлөгч авах мөнгө өө торгуульдаа өг өө, шүүх хуралд ороод олон юм ярихгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж хэлээрэй гэсэн. Шүүх хурал болохын өмнө миний ах Ч.Дарханбаатар над руу яриад шүүх хуралдаанд заавал өмгөөлөгчтэй ор, одоо шүүх хурлаа хойшлуул гэхэд нь мөрдөгч нарын үгэнд итгэсэн хэвээр торгуулийн ял авна гэж хэлээд шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Гэтэл 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүхийн тогтоолтой танилцахад миний хэлээгүй зүйлүүд бичигдсэн би маш их гомдолтой байна. Чирч буулгасан, цүнх байхыг анхнаасаа харсан, мөнгөний хэрэгцээ болоод цүнхийг нь авсан мэтээр бичсэнийг зөвшөөрөхгүй байна. Иймд би хэргээ дахин шалгуулж тогтоолгохыг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Б-н өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаан болон шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад ялтан Ч.Б нь “...Д.Т гэгчийг машинаас чирч буулгасан, цүнх нь арын суудал дээр байхыг харсан, мөнгөний хэрэгцээ болоод авч явсан ...” гэх зэргээр миний огт хэлээгүй зүйлүүдийг бичиж , тэр ч байтугай мөрдөгч нар байцаалт аваад бичсэн зүйлээ огт уншуулаагүй, торгуулийн ял авна гэхээр нь би уншихгүй шууд гарын үсгээ зурдаг...” байсан гэж хэлдэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “... Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ иргэний амь нас , эрүүл мэндэд аюултай, эсвэл тэдний нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус , хэрцгий харьцах, айлган сүрдүүлэх, мэдүүлэг, тайлбар, дүгнэлт гаргуулахаар тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно. ... “ гэсэн хуулийн заалтыг мөрдөгч, цагдаагийн дэслэгч н.Энхманлай, н.Батхолбоо нар эрх зүйн мэдлэг, мэдлэг боловсролгүй Ч.Б гэгчид “...Чи торгуулаад гарна, өмгөөлөгч авах хэрэггүй, өмгөөлөгчид өгөх мөнгөө торгуульдаа өг...” гэж хэлснээр тэдгээрийн үгэнд гүн гүнзгий итгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх шатанд өмгөөлөгчийн туслалцаа аваагүйгээс түүний эрх ноцтой зөрчигдсөн байх тул доорх гомдлыг гаргаж байна. Үүнд, ялтан Ч.Б-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авах эрх эдлэх боломжоор хангаж өгөлгүй нь хуулийг ноцтой хөндөгдсөн. Хохирогч гэх Д.Т-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машинд суухдаа гартаа цүнхтэй байсныг жолооч огт ажиглаагүй хөдөлсөн машинд ормогцоо унтчихаад хэлсэн газарт нь очиход гэр орноо заах чадваргүй, дуудахад нь сэрэхгүй байсан учир Ч.Б таксины ажлаа үргэлжлүүлэхийн тулд гудамжинд сэрээж буулгахдаа гараас нь татаж буулгаад салахын түүс болж хөдөлж явсан гэж өөрөө хэлдэг юм. Хэрэв хавтас хэрэгт авагдсанаар Ч.Б түүний цүнхийг арын суудал дээр байхыг хараад мөнгөний хэрэгцээ байсан бол уг цүнхийг тэр даруйд нь уудалж хэрэгтэй зүйлсийг аваад хэрэггүй зүйлийг хаях нь тодорхой. Хохирогч Д.Т цүнх гар утас , баруун чихэнд байсан ээмгээ дээрэмдүүлсэн гэж мэдүүлдэг нь үндэслэлгүй болох нь үзлэгээр нотлогдож байгаа нь согтуу хүн сохор ухаантай гэгчээр гар утас , ээмэг гэх зүйлээ хамгаалж цүнхэндээ хийсэн ба бөгжөө машины шалан дээр унагаасан нь тогтоогдож байна. Хэрэг бүртгэлтийн явцад мөрдөгч жолооч Ч.Б-с хохирогчийн бөгж байхгүй байгаа талаар асуухад Ч.Б өрийн машинд үзлэг хийх явцдаа арын суудлын шалны завсар бөгж хавчуулагдсан байхыг харж олоод мөрдөгчид ломбардны лацтай нь хүлээлгэж өгснөөс харахад бөгж болон дээрх зүйлүүдийг авч ашиглах гэсэн шунахай санаатай үйлдэл байхгүй байна. Хэргийн газрын анхны үзлэгээр хохирогчийн цүнхэнд 110.000 төгрөг байхгүй 10000 дэвсгэрт 2 ширхэг, 5000 дэвсгэр 2 зэрэг төгрөг гарсан бөгөөд төгрөг байгаагүй тул цүнхэнд байгаа мөнгө тэр чигээрээ байгааг би төлж өгч чадахгүй гэхэд цагдаа нар төлүүлсэн байдаг. Хохирогч Д.Т төгрөгтэй байсныг нотлох нотолгоо байхгүй. Ялтан Ч.Б-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр иргэн Д.Т-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон автомашиныхаа хойд хаалгаар чирч буулган, цүнх эд зүйлсийг нь авсан гэм буруутайд тооцож ял халдаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрмийн гэмт хэргийн довтолсон гэдэг нь дээрэмдэх гэмт хэргийн заавал байх шинж бөгөөд энэ нь хохирогч илээр буюу гэнэдүүлэн хүч хэрэглэж халдсан/, эсхүл нэн даруй хэрэгжих бодитой заналхийллийг буй болгох замаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад чиглэгдсэн халдлагыг хэлдэг тул Ч.Б-г үйлдэлд ийм үйлдэл байхгүй байна. Иймд ялтан Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох эсхүл зайлшгүй гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахыг хүсэж байна. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэж зүйлчлэн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хохирогч Д.Т-н мэдүүлэг, шүүгдэгч Ч.Б-н мэдүүлгээр дээрх хэрэг хангалттай нотлогдон тогтоогддог. Хохирогч Д.Т мэдүүлэгтээ “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёр лаазтай пиво уусан. Машинд хэсэг зүүрмэглээд сэрэхэд гудамж руу эргэж байсан. Хаана явж байна вэ гэхэд ямар нэгэн үгийн зөрүүгүй машинаас чирч буулгаад шууд хөдлөөд явсан” гэсэн байдаг. Хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч дээрх үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан болох нь нотлох баримтаар тогтоогддог. Шүүгдэгч Ч.Б нь анхан шатны шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцсон. Шүүгдэгч Ч.Б-с “надад тухайн үед мөнгө хэрэг болоод уг дээрмийн гэмт хэргийг үйлдсэн. Хохирлыг нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсан. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд хохирогчийн эд зүйлс гарч ирсэн. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийснээс хойш 5 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогчийн нэг ширхэг бөгжийг шүүгдэгч Ч.Б-с гаргуулан хэрэгт хавсаргасан байдаг. Шүүгдэгч Ч.Б нь бүрэн дунд боловсролтой болох нь биеийн байцаалтаас нь тогтоогдож байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.Б-с “ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүсэн, дарамт шахалт үзүүлсэн асуудал байгаа юу” гэж асуухад “тийм зүйл болоогүй, би өөрийнхөө гэм буруутай талаар сайн дураараа мэдүүлэг өгч байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн ямар нэгэн ноцтой зөрчил байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Тоёота Приус-20 загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Т-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон тээврийн хэрэгслийнхээ хойд талын хаалгаар чирч буулган, цүнхтэй эд зүйлсийг нь авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Т-н “...Явж байх явцад би зүүрмэглээд хэсэг унтаад сэрэхэд нэг гудамж руу орж байсан. Тэгэхээр нь энэ хаана явж байгаа юм бэ гэсэн чинь машинаа зогсоогоод үгийн зөрүү байхгүй хойд галын хаалгаар чирч буулгаад “Самсунг” загварын М-12 гар утас, жижиг хүрэн цүнх, түрүүвч, бэлэн 110,000 төгрөг, гадаад паспорт 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, түрийвчин дотор байсан монетон бөгж 1 ширхэг, тасархай гинж, баруун талын чихэнд зүүсэн өрөөсөн ээмэг 1 ширхэг, ягаан өнгийн сам, түлхүүр, крем болон кремны порлон зэрэг эд зүйлсээ алдсан. ... /хх 24-25/,

шүүгдэгч Ч.Б-н яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн Тоёота приүс 20 маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан. Шөнө 00 цагийн үед 10 дугаар хороололд явж байхад автобусны буудал дээр хоёр эмэгтэй гар өргөхөд нь очоод авсан. Нэг эмэгтэй нь суугаад нөгөө эмэгтэй суугаагүй үлдсэн. Машинд суусан эмэгтэйгээс хаашаа явах талаар асуухад Дарь-эх орно гэхээр нь тэндээс явсаар байгаад Дарь эх ороод буулгах гэсэн чинь буухгүй унтаад байхаар нь би Дарь эхээс хөдлөөд Баянхошууны эцэс Жанцан дээр ирээд тэр эмэгтэйг гараас нь татаад, чирч буулгасан. Тэгээд хойд талын сандал дээр байсан цүнх байхыг хараад тэр чигээрээ яваад өгсөн . Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 57/ гэх мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/066 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 40-41/,

тухай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ч.Б-с 1 ширхэг шар өнгийн бөгж хураан авсан тэмдэглэл /хх 11-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 13-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нар “...машинд цүнх үлдсэнийг мэдээгүй. ...хохирогчийг хүч хэрэглэж буулгасан асуудал байхгүй. ...хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй. ...бусдын эд зүйлийг авах шунахай санаатай үйлдэл байхгүй. ...хохирлыг буруу тооцсон. ...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж гомдлуудыг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүгдэгч Ч.Б-с мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 16.3, 25.1, 28.1-д тус тус зааснаар эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн байх ба өмгөөлөгч оролцуулах эсэх талаар тодорхой мэдүүлжээ. /хх 56-57, 122/.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ч.Б нь энэ өдрийн байдлаар 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.МЯГМАРЖАВ