Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0835

 

 

 

 

 

 

 

 

     2023         11           13                                     128/ШШ2023/0835

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л******* ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ш.Б*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б*******, түүний өмгөөлөгч В.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч Л******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байна.

          2. Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04-08/3810 дугаартай албан бичгээр газрын эрх хүчингүй болгосныг мэдэж шүүхэд, 2023 оны 8 дугаар  сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх нь 2013 онд үүсээд 2016 онд нэг сунгаад, дахиад 2018 онд сунгасан энэ хооронд захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлээд явж байтал гэнэт газар эзэмших эрхийг цуцалсан нь хууль бус,

3.2 Техникийн нөхцөл хүрэлцэхгүй, Улаанбаатар хотод дулааны шугам өгөхгүй гээд мэргэжлийн байгууллага мэдэгдээд байхад яаж газраа зориулалтын дагуу ашиглах вэ, эдгээр техникийн нөхцөлүүд олгогдоогүй тохиолдолд барилга барих зөвшөөрөл гаргахгүй учраас нэхэмжлэгч компаниас шалтгаалах зүйл байхгүй,

3.3 Ковидын нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой,

3.4 Тус компани газар эзэмших эрхтэй холбогдуулаад их төлбөр тооцоо тушаасан. Нэгэнт олгогдсон тусгайлсан эрхэд хөрөнгө зардлаа хийгээрэй гэдэг эрхийг олгочхоод удаа дараа итгэл үзүүлсэн тул тус газрын дуудлага худалдааны үнийг хүртэл төлчихсөн байсан,

3.5 Газраа ашиглахын тулд хянан магадалгааны дүгнэлт хийлгэж үүргээ  биелүүлээд хохирч байгаа юм. Захиргааны байгууллага энэ байдлыг харгалзаж үзээд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн нотлох баримтуудыг хараад шийдвэр гаргах боломжтой байсан. Хариуцагч хээрийн судалгаа хийсэн гэж тайлбарлаж байгаа ч яг газар дээр очиж үзээгүй, Хэрэв бүтээлчээр ажилласан бол энэ компанийн эрхэд халдах үндэслэл байхгүй байх байсан гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ”2010 оноос хойш зөвшөөрөл хүсээд тодорхой хэмжээний хөрөнгө, зарлага гаргасан. Энэ газрыг дуудлага худалдаагаар худалдан авсан, хохирох гээд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанийн эрх нь 2013 онд үүсээд 2016 онд нэг сунгаад, дахиад 2018 онд сунгасан. 2018 онд дахиад үйл ажиллагаа явсан байгаа юм. Энэ хооронд захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлээд явж байтал гэнэт газар эзэмших эрхийг цуцалсан. Яагаад гэвэл Д.С******* Нийслэлийн Засаг дарга болсон үндэслэлээр захирамж гаргаад цуцалсан гэж тайлбарласан. Яагаад газар дээр үйл ажиллагаа явуулж болсонгүй вэ гэхээр нэгэнт техникийн нөхцөл хүрэлцэхгүй, Улаанбаатар хотод дулааны шугам өгөхгүй гээд мэргэжлийн байгууллага мэдэгдээд байхад энэ хүн яах ёстой байсан бэ. Аргаа барж ковидын нөхцөл байдал барьсан. Энэ хүн газрын эрхтэй холбогдуулаад их төлбөр тооцоо тушаасан. Газрын хэрэгт нэгэнт олгогдсон тусгайлсан эрхэд хөрөнгө зардлаа хийгээрээ гэдэг эрхийг олгочхоод удаа дараа итгэл үзүүлчхээд 2022 оны 7 сард газрыг нь цуцалсан байна.

Газар дээр нь бүтээн байгуулалт хийгдээгүй байгаа гэдэг дээр бол маргахгүй. Гэхдээ хянан магадалгааны дүгнэлт явж байна гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар 5 жил тутамд 1 удаа хянан магадалгааны дүгнэлт хийлгэж байх ёстой. Энэ үүргээ бид биелүүлээд хохирч байгаа юм. Энэ байдлыг харгалзаж үзээд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн нотлох баримтуудыг хараад шийдвэр гаргах боломжтой байсан. Хариуцагч хээрийн судалгаа хийсэн гэж тайлбарлаж байгаа ч яг газар дээр очиж үзсэн үү. Та бүхэн бүтээлчээр ажилласан бол энэ компанийн эрхэд халдах үндэслэл байхгүй байх байсан. Газрын тухай хуулийн зарчмын заалт бариад захирамж гаргасан байна. Эх баримтаар авч үзэхэд газрын төлбөрт хэчнээн сая төгрөг төлөөд байгааг анхаарах хэрэгтэй. Дуудлага худалдааны үнэ гэхэд 11 гаруй сая төгрөг төлсөн. Захиргаа итгэл хүлээлгэснээс ийм үйл ажиллагаа хийсэн. Захиргаа нэхэмжлэгч компанид холбогдох нөхцөл байдлыг бодитой тогтоогоогүй байгаа учраас хүндэтгэн үзэх шалтгаан байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/330 дугаар захирамжаар Л******* ХХК-д Х******* дүүргийн 00 дүгээр хороонд анх 2500 м.кв газрыг конторын зориулалтаар олгож байсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” газрын талбайны байршил өөрчлөгдөх А/582 дугаар захирамжаар 2500 м.кв талбай бүхий газрыг зориулалт өөрчилж үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг сунгах тухай” А/446 дугаар захирамжаар Л******* ХХК-ийн эзэмшлийн газрыг 2 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн байдаг. Нийслэлийн Засаг дарга 2018 оны А/745 дугаар захирамжаар Л******* ХХК-ийн эзэмшлийн газрыг эрхийн гэрчилгээг 4 дэх удаагаа дахин сунгаж 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Үүний дараагаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох тухай А/604 дүгээр захирамж гарсан. Тус захирамжийг үндэслэж Л******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 39.1.4, 40.1.6-д заасан заалтуудыг үндэслэж тус тус эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг Улсын дээд шүүхийн тайлбарласнаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс, байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт мэдэгдэхүйц гэм болсон, бусад хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчийн хамаарах шалтгаангүйг ойлгоно.” гэж тайлбарласан. Газраас хоёр жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ хуульд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй байгаа, барилга байгууламждаа зам талбай бариагүй, эрхлээгүй байхыг олгоно гэж заасан байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/604 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгч Л******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

2. Анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 330 дугаартай захирамжаар Л******* ХХК-д Х******* дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2500 м.кв газрыг конторын зориулалтаар олгож, 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 582 дугаартай захирамжаар тус газрын зориулалтыг өөрчлөн “үйлчилгээ, орон сууц” болгож таван жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/446 дугаар захирамжаар хоёр жилийн хугацаагаар сунгаж, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/745 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай дахин сунгасан байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/604 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Л******* ХХК-ийн дээрх газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасныг үндэслэн хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

4. Ингэхдээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 02-08/2778 дугаартай, мөн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 01-09/4500 дугаартай албан бичгээр Л******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнийг, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тайлбар, нотлох баримт, саналаа ирүүлэхийг мэдэгдэж, нэхэмжлэгч компани 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4/22 тоот албан бичиг болон 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5/22 дугаартай албан бичгээр тайлбар гаргаж, хариуг шаардсан боловч түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/604 дугаартай захирамжаар хүчингүй болгож, 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04-08/3810 дугаартай албан бичгээр маргаан бүхий захирамжийг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

5. Захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлээ Х******* дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2000 м.кв газрын эзэмшигч нь эзэмшил газраа хоёр жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж  үзэж, Л******* ХХК-ийн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

6. Нэхэмжлэгч Л******* ХХК-ийн хувьд 2013 онд 201/814 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, барилгажих талбайн схем зураг хийлгэж, 2014 оны 8 сарын 8-ны өдрийн 2/14 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/18 дугаартай 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1/21 дугаартай албан бичгүүдээр Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-д, 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 4/14 дугаартай, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2/21 дугаартай албан бичгүүдээр Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газруудаас дулаан, цахилгаан эрчим хүч, хэрэглээний усны техникийн нөхцөлүүдийг хүссэн боловч,

Улаанбаатар ус сувгийн удирдах газраас 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2/1730 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2/158 дугаартай албан бичгүүдээр ус дулаан дамжуулах төв ашиглалтад орсны дараа техникийн нөхцөл олгох боломжтой,

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10/2029 дугаартай албан бичгээр техникийн нөхцөл олгох боломжгүй гэсэн хариуг тус тус өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд газрын төлбөрт 6,746,174 төгрөг, 2013 онд газрын дуудлага худалдааны үнэ 11,400,000 төгрөг төлж, 2013 онд үйлчилгээтэй, орон сууцны барилгын эскиз зургийн боловсруулан Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулж, 2016 онд барилгажих талбайн газрын төлөв байдалд чанарын улсын хянан баталгаа хийлгэж, 2019 онд үйлчилгээний орон сууцны зориулалттай 2000 м.кв газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайлан, 2020 онд барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан зэргээс үзэхэд, газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан, хариуцагчийн хоёр буюу түүнээс дээш жил дараалан ашиглаагүй гэх тайлбар няцаагдаж байна.                                                                         

8. Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эдгээр үйл баримтыг шинжлэн судлаагүй, 2023 онд шийдвэр гаргахаас өмнө 2020 онд өөрсдөө хянаж баталгаажуулсан баримтаа харьцуулан үзээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ.

 9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч компани барилга барих урьдчилсан нөхцөлүүдийг хангаж холбогдох ажиллагаа хийж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд  “Ковид-19 цар тахлын улмаас газар дээрээ үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрэн бүрдээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, бүтэн 2 жил дараалан ашиглаагүй гэж шууд буруутгах боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу.

10. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,  бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн ажиллаж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь газраа хоёр буюу түүнээс дээш жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэх үндэслэл баттай тогтоогдохгүй, хариуцагч хуульд зааснаар нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийн оролцоог бүрэн хангаагүй, зөрчлийг бүрэн нотолсон гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

11. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн тусгай зарчмуудыг баримтлаагүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/604 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ