Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүгдэгч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн малчин овогт Б.Б-д холбогдох 1726000500018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Сайн малчин овогт Б.Б.

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн автомашин дотор хууль сахиулагч буюу замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.А , эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Ц нарыг албан үүрэгтэй нь холбогдуулан Ц.А  толгойн тус газар нь нэг удаа цохиж, Ч.Ц толгойн тус газар нь нэг удаа мөргөж хүч хэрэглэн эсэргүүцсэн,

Мөн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын байранд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Ц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр гэрээсээ гарч явж байгаад найзтайгаа таарсан. Найз маань “Хуурай ах маань хоёр шил архи аваад ир” гэсэн юм гээд хоёр шил архи авчихсан явж байсан.  Тэгээд бид хоёр нэг шил архийг наадмын талбайд орж хувааж уусан. Тэгж байтал архи захьсан байсан ах нь найз руу яриад “Архиа аваад ир” гэхээр нь бид хоёр үлдсэн нэг шил архийг нь аймгийн төвөөс зүүн тийш хөдөө аваачиж өгсөн. Биднийг очиход хоёр ах жижиг машинтай байж байсан. Ах нь “Хоёр шил архи авчирна гэсэн байж нэг шил архийг нь яасан юм бэ” гэхэд манай найз “Бид хоёр уучихсан” гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын аваачиж өгсөн нэг шил  архийг 4-үүлээ хувааж уусан. Үүний дараа найзын ах машиныхаа ард талаас дахиад нэг шил архи гаргаж ирснийг бид дөрөв хувааж уусан. Тэгээд бид ноцолдоод, барилдаад байж байсан чинь цагдаагийн приус-20 маркийн автомашин ирсэн. Бусдыг нь улсын яллагч яллах дүгнэлтээ уншиж сонсгосон. Яллах дүгнэлтэнд уншиж сонсгосон зүйл бүгд үнэн зөв гэв.

Хохирогч Ч.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би цагдаагийн газрын жижүүрийн томилгоонд хэргийн газрын үзлэгийн багт эрүүгийн мөрдөгчөөр ажилласан ба тухайн өдрийн орой 16 цагийн үед “Онгийн голын пост”-ны цаана тээврийн хэрэгсэл осолдсон байна гэх дуудлагын дагуу замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.А , кримминалистикийн шинжээч, дэслэгч Д.Г, жолооч, ахлагч Ц нарын бүрэлдэхүүнтэй хэргийн газарт үзлэг хийгээд орой 19 цаг 25 минутын үед буцаад цагдаагийн газар руу явж байхад Арвайхээр сумын 6 дугаар баг Ягаан толгойн зүүн талын жалганд хоёр тээврийн хэрэгсэл зогсчихсон хажуу талд нь зогсож байгаа хүмүүс маргалдаад байгаа бололтой барилцаж аваад нэгнийгээ түлхээд байхаар нь энд хүмүүс зодолдож байгаа юм шиг байна гээд бид нар машинтайгаа дөхөж очиход нэг машин нь цагдаагийн машин хараад шууд зугтчихсан. Араас нь нэг цээж нүцгэн залуу алхаад явахаар нь очоод зогссон. Тэгээд ахмад А амрыг ирье, энд юу болоод байгаа юм бэ, ямар машинтай хүмүүс ийшээ явчихав гээд машинаас буухад би яаж мэдэх юм, та нарт ер нь ямар хамаатай юм бэ гэхээр нь би тухайн үед энгийн хувцастай явж байсан ба цагдаагийн бичиг баримтаа үзүүлээд та нар энд маргалдаад, хоорондоо барилцаж аваад байсан тэгээд бид нар ирлээ гэхэд юу яриад байгаа юм, тэр зугтсан машиныг би мэдэхгүй гээд муу цагдаа нар дандаа ингэж байдаг юм гээд цаашаа явсан. Тухайн үед уг этгээд согтуу байсан ба байгаа байдлаас нь элт харагдаж байсан. Цээж нүцгэн, мөн А ахмад тухайн этгээдийг машинд суулгах гэхэд өмнөөс нь эсэгүүцэж хоёр гарыг нь бариад авахаар нь бид нар машинаас буугаад машинд суулгах гэхэд мөн адил өмнөөс эсэргүүцэж зайл та нар, би машинд чинь суухгүй гэгчлэн машины хаалгыг гараараа дараад байхаар нь цагдаа дээр очиж байгаад учраа ол гээд машинд суулгасан. Ингэхдээ тухайн этгээдийг цагдаагийн машины арын голын суудалд суулгаад би өөрөө баруун талд нь, шинжээч Гүен зүүн талд нь суугаад явсан ба цагдаагийн байгууллага орох замд тухайн этгээд Гүен, бид хоёрыг гөлөгний үснүүд минь, пизда нар минь гээд машины урд талын суудал дээр сууж явсан ахмад А-г араас нь толгой руу цохиж аваад, цагдаагийн алба хаагчийг цохихоор яадаг юм, бяраа үзэх үү гээд дайраад байсан ба тухайн үед би утсан дээрээ бичлэг хийж авсан байгаа. Тэгээд цагдаагийн газрын үүдэнд ирээд жижүүрийн өрөө рүү оруулсан. Өрөөнд ороод над руу салаавч гаргаад байхаар нь чи зүгээр зогс, яагаад байгаа юм гэхэд зүгээр байгаарай, дэслэгч минь гээд байхаар нь чи цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байгаа юм уу гэхэд чи ер нь юу юм, дэслэгч минь, чам шиг цамц өмсөөд явж чадна гээд над руу алхаад хүрээд ирэхээр нь би чи цаашаа зогс, яах гээд байгаа юм гэхэд миний нүүр рүү зүүн гараараа шууд цохьчихсон. Тухайн үед би тэр залууг цохино гэж бодоогүй байсан. Тэгээд миний хамарнаас цус гойжоод, тэгэхээр нь би толинд хартал миний хамар зүүн тал руугаа муруйчихсан байсан. ...Би гомдолтой байна. Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон. Миний хамар зөрүүтэй, бяцарсан хугарал гэж онош гарсан. Хагалгаа хийлгэж байж засагдана гэсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Хохирогч Ц.А н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр цагдаагийн дэслэгч Ч.Ц, шинжээч, дэслэгч Д.Г, жолооч, ахлагч Р.Цэ нарын хамт “Онгийн голын гүүр”-ний орчимд авто ослын дуудлаганд очиж ажилчихаад 17-19 цагийн орчимд буцаад явсан юм. Арвайхээр сумын 6 дугаар багийн зүүн талын цохион дотор хоёр машинтай хэдэн хүмүүс маргалдаад зодолдоод байгаа юм шиг байхаар нь бид хэд тэр хүмүүс дээр очих гээд засмал замаас салаад явсан чинь нэг машин бидний машиныг хараад зугтаачихсан. Тэр зугтаасан машины араас цээж нүцгэн нэг залуу зам дагаад араас нь яваад байсан. Үлдсэн машинтай 3-4 залуу дээр очоод юу болсон талаар асуухад манай найз хүнд зодуулчихлаа гэхээр нь бид нар ирсэн. Ирсэн чинь биш байна гэсэн бөгөөд тэгээд тэд нарыг явуулчихаад зугтаасан машины араас яваад байсан залуу дээр очоод юу болоод байгаа юм бэ гэсэн чинь та нарт ямар хамаатай юм гээд шууд хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд цагдаагийн дэслэгч Ч.Цо, Г хоёр буугаад тэр залууг машины арын суудалд суулгаад хоёр талд тэр хоёр суугаад цагдаа руу явсан. Тэр үед нөгөө залуу Ц хандан чи энгийн хувцастай хэн юм бэ гэхэд би цагдаа байна гэж байгаа бололтой байсан. Тухайн үед би урд талд, жолоочийн эсрэг талд сууж явсан юм. Тэгээд тэр залуу бид нарт хандан би нэг ахмад, хоёр дэслэгчтэй харьцахгүй, бяраа үзэх үү гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд над руу дайраад миний зүүн талын мөрдөснөөс татаад миний мөрдөсийг хуулаад хаячихаар нь чи яаж байнаа гээд эргээд хартал зүүн талын шанаа руу цохиод авсан. Би толгойгоо бариад тонгойтол Ц, Г хоёрыг цохиод авч байгаа бололтой байсан. Тэгээд цагдаа дээр ирээд буулгаад жижүүрийн өрөөнд оруулсны дараа Ц-г нүүр рүү цохиод авсан чинь Ц-н хамарнаас цус гараад, хамар нь муруйчихсан. Тэгээд тэнд байсан цагдаа нар гарыг нь ард нь гавлаад аваад явсан. ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр А , Ц, Ц  нарын хамт үдээс хойш “Онгийн голын гүүр-ний хажууд машин унасан байна гэх дуудлаганд оччихоод буцаад явж байтал Ягаан толгойн зүүн талд хоёр машинтай хэдэн хүмүүс маргалдаад байгаа бололтой байхаар нь очиход нэг машинтай хүмүүс нь зугтаачихсан. Үлдсэн машинтай хүмүүс нь манай найз зодуулсан гэхээр нь ирсэн юм зүгээр гэж хэлсэн. Тэгээд цаашаа хөдлөөд явахад цээжээрээ нүцгэн, малгайгаа хойш нь харуулсан залуу явж байхаар нь очоод яасан, юу хийж байгаа юм бэ гэхэд юу ч хийгээгүй гэсэн. А одоо харьж амар гэхэд миний харьж амрах үгүйг заадаг хэн бэ, ахмадаа чадахгүй гэхээр нь Ц бид хоёр машинд суулгаад хоёр талд нь суугаад явж байхад муу гөлөгнүүд, пиздаанууд гэж хараагаад А , Ц бид гурвыг цохиж аваад үг, хэлээр доромжлоод байсан. Тэгээд цагдаа дээр авч ирээд жижүүрийн өрөөнд оруулахад тэр залуу Ц  ам руу салаавч хийгээд байсан ба жижүүрийн өрөөнд оруулахад туслах дээр очиж дуудлагын хаяг асуучихаад буцаад жижүүрийн өрөөнд ороход Ц  хамарнаас цус гоожоод сандал дээр суучихсан хамар нь муруйчихсан байсан. ...Машин дотор явж байхад баруун гараараа нүүр рүү нэг удаа цохиод, толгойгоороо миний толгой руу нэг удаа мөргөсөн. Надад гэмтэл бэртэл учраагүй, гомдол санал байхгүй, дүгнэлт гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны оройн эргүүлд гарах гээд ажил дээр байж байтал гаднаас А , Ц, Г, Ц дөрөв нэг цээж нүцгэн залуутай хамт орж ирээд үүдний коридорт зогсож байсан чинь нөгөө залуу нь Ц  шанаа руу баруун гараараа нэг цохиод авсан. Тэгээд наадахаа цаад жижүүрийн өрөө рүү оруул гээд жижүүрийн өрөөнд оруулсан. Жижүүрийн өрөөнд Ц, А , Б, Э, Ц, Гүен бид хэд нөгөө залууг дагуулаад орсон юм. Нөгөө залуу нь Цогтбаярыг түлхээд мөргөх гээд Ц бултаад мөргүүлээгүй юм. Дараа нь нөгөө залуу зүүн гараараа Ц  нүүр рүү цохиод авсан чинь Ц  хамраас цус гоожоод байхаар нь бид хэд тэр залууг гарыг нь гавлаад эрүүлжүүлэхэд хийсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаагийн тасагт дадлага хийж байсан юм. 2017 оны 08 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд цагдаагийн газрын үүдэнд зогсож байхад эргүүлийн машинаар дөрвөн цагдаа нэг хүнийг авч ирсэн юм. Нөгөө хүн нь согтуу, агсам тавиад байгаа бололтой орилж, хашхираад машинаас буулгаад ирсэн. Тэгээд цагдаа руу орохгүй гээд цагдаа нар өргөөд шууд жижүүрийн өрөөнд оруулсан юм. Би араас нь дагаж ороод жижүүрийн өрөөний үүдэнд зогсож байхад тэр согтуу залуу Ц ахыг би чам шиг цамц өмсчихөөд ингээд явж чадна гэсэн чинь Ц яасан гэнээ гээд урд нь очоод асуусан чинь баруун гараараа нүүр рүү нь түлхээд буцаад очсон чинь зүүн гараараа нүүр рүү нь цохьсон. Тэгтэл тэнд байсан цагдаа нар нөгөө залууг гавлаад аваад явсан. ...Хойд талын ханад урагшаа хараад зогсож байсан. Хамраас нь цус гараад муруйчихсан байсан. Өөр зүйл ажиглагдаагүй. Ц, шинжээч Гүен нараас гадна 3, 4 хүн байсан. Би тэр хүмүүсийг сайн танихгүй. Жижүүрийн өрөөний шилэн хаалга нь онгорхой, би яг хаалганы хажууд зогсож байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч А.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Б  нь миний хамгийн том хүү юм. Эхээс 3-уулаа бөгөөд доороо хоёр эрэгтэй дүүтэй. Аав нь хувиараа гагнуур хийдэг бөгөөд би өөрөө ажилгүй. Хоёр дүүгийх нь нэг нь Монгол улсын их сургуулийн 1 дүгээр курсын оюутан. Нөгөө дүү нь Арвайхээр сумын ЕБ 2 дугаар сургуулийн 8 дугаар ангид суралцдаг. Гэр бүлгүй, амьдралын эх үүсвэр нь аав нь гагнуур хийж олсон мөнгөөр л амьдардаг юм. Б.Б  нь ажил хийдэггүй, гэртээ байдаг. Зундаа барилга дээр цагийн ажил хийдэг. 2005 онд Нарийнтээл сумын 2 дугаар баг, “Баянтээгийн уурхай”-н бага сургуульд элсэн орж 2 дугаар ангид орох үед нь манайх гэрээрээ Арвайхээр суманд шилжиж ирээд 2 дугаар сургуульд орсон. 2013 онд тус сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд МСҮТ-д 2.5 жилээр Уул, уурхайн хүнд машин, механизмын оператор мэргэжилээр сураад 2016 онд сургуулиа төгссөн. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн аймгийн аварга, бүс, улсын аваргаас медальтай юм. Турникээр бас медальтай, хөл бөмбөгөөр спортын зэрэгтэй болно. Архийг миний нүдэн дээр хэрэглээд байдаггүй, тамхи бол татдаг. Бага байхдаа их ажилсаг, хичээнгүй, эцэг эхдээ тустай сайн хүүхэд байсан. Сүүлийн үед янз бүрийн хүүхдүүдтэй нийлээд гадуур их тэнэдэг болсон. Гэртээ хааяа хонодоггүй байснаа сүүлийн үед цагдаад шалгагдаж эхэлснээс хойш байнга гэртээ хонож байгаа. Бас их PC тоглодог болсон. Намайг юм хэлэхэд өмнөөс нэг их дуугараад байдаггүй боловч ер нь их уур уцаартай болсон. Эхнэр болон найз охин байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч А.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Б.Б ын нагац эгч нь юм. Б нь эхээс 3-уулаа бөгөөд доороо хоёр дүүтэй. Аав нь гагнуур хийдэг бөгөөд ээж нь гоо сайхан ч мэргэжилтэй. Хоёр дүүгийн нэг нь МУИС-ын 1 дүгээр курсын оюутан. Нэг дүү нь ЕБ 2 дугаар сургуулийн 8 дугаар ангид сурдаг. Амьдралын эх үүсвэр нь аав нь гагнуур хийж олсон мөнгөөр л амьдардаг. Б нь ажил хийдэггүй бөгөөд хааяа барилга дээр ажилладаг. Мөн аавдаа тусладаг. 2005 онд Нарийнтээл сумын 2 дугаар баг, “Баянтээгийн уурхай”-н бага сургуульд элсэн орж 2 дугаар ангид орох үед нь манайх гэрээрээ Арвайхээр суманд шилжиж ирээд 2 дугаар сургуульд орсон. 2013 онд тус сургуульд 9 дүгээр ангиа төгсөөд МСҮТ-д 2.5 жилээр Уул, уурхайн хүнд машин, механизмын оператор мэргэжлээр сураад 2016 онд сургуулиа төгссөн. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн аймгийн аварга, бүс, улсын аваргаас медальтай юм. Архи ууж надтай тааралдаж байгаагүй, ер нь хэрэглээд байдаггүй байх. Тухайн үед яагаад архи уусан талаар сайн мэдэхгүй байна. Урьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Их ажилсаг, нямбай, цэвэрч хүүхэд юм. Гэртээ хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, үг дуу цөөтэй хүүхэд юм. Сүүлийн үед их бодлогошронгуй байдаг болсон. Ер нь дотогшоо дуугүй хүүхэд болохоор нэг их сайн мэддэггүй юм. Гэхдээ хэд хоногийн өмнө надад хэлэхдээ одоо ер нь больё, аав, ээжийгээ их зовоолоо гэж ярьж байсан. Эхнэр болон найз охин байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч Р.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би 73-97 ӨВР улсын дугаартай автомашинаар жижүүрийн жолоочийн үүрэг гүйцэтгэх хугацаанд цагдаагийн ахмад Ц.А , дэслэгч Ч.Ц, шинжээч, дэслэгч Гүен нарын хамт Онгийн голын гүүр рүү авто осол дээр очиж ажиллачихаад буцаад аймгийн төв рүү явж байтал Ягаан толгойн зүүн талд хоёр машинтай нилээн хэдэн залуучууд маргалдаад байгаа бололтой байхаар нь яваад очтол нэг жижиг саарал өнгийн машин нь зугтаачихсан. Үлдсэн машинд байсан 3, 4 залууд та нар эндээс яв гэж хэлчихээд тэндээс хөдөлсөн ба Б зугтаад явсан машины араас гүйгээд байхаар нь очоод ахмад Ц.А  яагаад зодолдоод байгаа юм гэсэн чинь өмнөөс нь хэрэлдээд эхэлсэн. Тэгээд бид нар машинд суу гэсэн чинь би суухгүй яахаараа машинд чинь суудаг юм гээд шаардлага эсэргүүцээд байсан. Г, Ц хоёр тэр залууг машины арын суудал дээр суулгаад өөрсдөө хоёр талд нь суугаад А урд талын суудал дээр суугаад бид хэд аймгийн төв рүү явж байх үед нь энд нэг ахмад, хоёр дэслэгч байна, би та нартай харьцахгүй, муу сайн цагдаа нар, та нар ер нь юу юм бэ гээд урд талын суудал дээр сууж байсан А-н мөрдөснөөс нь татаад хуулаад хаячихсан. Тэгээд Гүен, Ц хоёрыг цохиод авч байгаа бололтой тэр хоёр намайг цохьчихлоо гээд байсан. А-г бас цохиод авч байгаа бололтой байсан. Тухайн үед би машин барьж явсан болохоор сайн анзаараагүй. Ямар ч байсан ард сууж явахдаа цагдаа цохихоор яадаг юм, бяраа үзэх үү гэж орилоод муу пиздаанууд гээд хэл амаар доромжлоод байгаа бололтой байсан. Тэгээд цагдаа дээр авч ирээд жижүүрийн өрөө рүү оруулж өгчихөөд гарч утсаа авчихаад буцаад ороод ирсэн чинь цагдаагийн дэслэгч Ч.Ц намайг энэ залуу цохьчихлоо гээд хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд би Ц-г аваад эмнэлэг рүү аваад явсан. Баянмөнхбат нь нилээн согтуу байсан, цээжээрээ нүцгэн, цэнхэр жинсэн өмдтэй байсан. Ц  хамар хугараад муруйчихсан байсан. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд хамар нь хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 32 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7960 дугаартай кримминалистикийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн Б /ЙЮ98030519/ гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 290 дугаартай шинжээчийн: “...Ч.Ц биед хамар ясны хугарал, муруйлт цус хуралт, баруун нүдний дотор буланд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөр алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,

Шүүгдэгч Б.Б ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, ял шалгуулах хуудас /хх-62/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Рашаант-8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-71/, гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа /хх-72/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-88/,

Хохирогч Ц.А н шүүхэд ирүүлсэн “Миний бие Б.Б ад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй”,

Хохиргч Ч.Ц шүүхэд ирүүлсэн “Миний бие Б.Б аас хохиролд 1000000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн автомашин дотор хууль сахиулагч буюу замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.А , эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Ц нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Ц.А  толгойн тус газар нь нэг удаа цохиж, Ч.Ц толгойн тус газар нь нэг удаа мөргөж хүч хэрэглэн эсэргүүцсэн,

 

Мөн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын байранд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Ц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Ц “...Өрөөнд ороод над руу салаавч гаргаад байхаар нь чи зүгээр зогс, яагаад байгаа юм гэхэд зүгээр байгаарай, дэслэгч минь гээд байхаар нь чи цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд байгаа юм уу гэхэд чи ер нь юу юм, дэслэгч минь, чам шиг цамц өмсөөд явж чадна гээд над руу алхаад хүрээд ирэхээр нь би чи цаашаа зогс, яах гээд байгаа юм гэхэд миний нүүр рүү зүүн гараараа шууд цохьчихсон. Тухайн үед би тэр залууг цохино гэж бодоогүй байсан. Тэгээд миний хамарнаас цус гоожоод, тэгэхээр нь би толинд хартал миний хамар зүүн тал руугаа муруйчихсан байсан.” /хх-ийн 15-16/, хохирогч Ц.А н “...Тэр үед нөгөө залуу Ц-т хандан чи энгийн хувцастай хэн юм бэ гэхэд би цагдаа байна гэж байгаа бололтой байсан. Тухайн үед би урд талд, жолоочийн эсрэг талд сууж явсан юм. Тэгээд тэр залуу бид нарт хандан би нэг ахмад, хоёр дэслэгчтэй харьцахгүй, бяраа үзэх үү гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд над руу дайраад миний зүүн талын мөрдөснөөс татаад миний мөрдөсийг хуулаад хаячихаар нь чи яаж байнаа гээд эргээд хартал зүүн талын шанаа руу цохиод авсан. Би толгойгоо бариад тонгойтол Ц, Г хоёрыг цохиод авч байгаа бололтой байсан...” /хх-ийн 18-19/, гэрч Д.Гүенгийн “...Ц бид хоёр машинд суулгаад хоёр талд нь суугаад явж байхад муу гөлөгнүүд, пиздаанууд гэж хараагаад А , Ц бид гурвыг цохиж аваад үг, хэлээр доромжлоод байсан. Тэгээд цагдаа дээр авч ирээд жижүүрийн өрөөнд оруулахад тэр залуу Ц  ам руу салаавч хийгээд байсан ба жижүүрийн өрөөнд оруулахад туслах дээр очиж дуудлагын хаяг асуучихаад буцаад жижүүрийн өрөөнд ороход Ц  хамарнаас цус гоожоод сандал дээр суучихсан хамар нь муруйчихсан байсан...” /хх-ийн 22-23/, гэрч Ч.Балжиннямын “...2017 оны 08 дугаар сарын 08-ны оройн эргүүлд гарах гээд ажил дээр байж байтал гаднаас А , Ц, Гүен, Ц  дөрөв нэг цээж нүцгэн залуутай хамт орж ирээд үүдний коридорт зогсож байсан чинь нөгөө залуу нь Ц  шанаа руу баруун гараараа нэг цохиод авсан. Жижүүрийн өрөөнд Ц, А , Б, Э, Ц, Г бид хэд нөгөө залууг дагуулаад орсон юм. Нөгөө залуу зүүн гараараа Ц  нүүр рүү цохиод авсан чинь Ц  хамраас цус гоожоод байхаар нь бид хэд тэр залууг гарыг нь гавлаад эрүүлжүүлэхэд хийсэн....” /хх-ийн 24-25/, гэрч Г.Э-н “...Ц ахыг би чам шиг цамц өмсчихөөд ингээд явж чадна гэсэн чинь Ц яасан гэнээ гээд урд нь очоод асуусан чинь баруун гараараа нүүр рүү нь түлхээд буцаад очсон чинь зүүн гараараа нүүр рүү нь цохьсон. Тэгтэл тэнд байсан цагдаа нар нөгөө залууг гавлаад аваад явсан...” /хх-ийн 26-27/, гэрч Р.Ц-н “...Гүен, Ц хоёр тэр залууг машины арын суудал дээр суулгаад өөрсдөө хоёр талд нь суугаад А урд талын суудал дээр суугаад бид хэд аймгийн төв рүү явж байх үед нь энд нэг ахмад, хоёр дэслэгч байна, би та нартай харьцахгүй, муу сайн цагдаа нар, та нар ер нь юу юм бэ гээд урд талын суудал дээр сууж байсан А мөрдөснөөс нь татаад хуулаад хаячихсан. Тэгээд Гүен, Ц хоёрыг цохиод авч байгаа бололтой тэр хоёр намайг цохьчихлоо гээд байсан. Алтан-Эрдэнийг бас цохиод авч байгаа бололтой байсан. Тухайн үед би машин барьж явсан болохоор сайн анзаараагүй. Ямар ч байсан ард сууж явахдаа цагдаа цохихоор яадаг юм, бяраа үзэх үү гэж орилоод муу пиздаанууд гээд хэл амаар доромжлоод байгаа бололтой байсан. Тэгээд цагдаа дээр авч ирээд жижүүрийн өрөө рүү оруулж өгчихөөд гарч утсаа авчихаад буцаад ороод ирсэн чинь цагдаагийн дэслэгч Ч.Ц намайг энэ залуу цохьчихлоо гээд хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд би Ц-г аваад эмнэлэг рүү аваад явсан...” /хх-ийн 32/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7960 дугаартай кримминалистикийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35/, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 290 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Хохирогч Ц.А  нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад болох нь “А-0006721 дугаартай үнэмлэх /хх-75/, Ажлын байр, /албан тушаал/-ын тодорхойлолт /хх-78-80/” зэргээр,

Хохирогч Ч.Ц нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч болох нь “А-0011017 дугаартай үнэмлэх /хх-76/, Ажлын байр, /албан тушаал/-ын тодорхойлолт /хх-81-83/, Цагдаагийн ерөнхий газрын, хүний нөөц, сургалтын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №2856 дугаартай мэдэгдэл /хх-86/” зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б  нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос шүүгдэгч Б.Б ад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр тус тус торгох ялыг шүүгдэгч зөвшөөрч байгаа болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 290 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ц.А  хохирол нэхэмжлээгүй, хохирогч Ч.Ц 1000000 төгрөг төлсөн, хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.А , Ч.Ц нарын хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Сайн малчин овогт Б.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,  прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Ц т 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ч.Ц 30х25см хэмжээтэй, толгойн хэсгийг харуулсан 2 ширхэг зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, томографийн зураг 1 ширхгийг хохирогч Ч.Ц-т буцаан олгож,

Шүүгдэгч Б.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Сайн малчин овогт Б.Б-г хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Сайн малчин овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ад оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг, хүнд ял болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Б ын торгох ялыг 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3150000 төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь шүүхээс оногдуулсан 3150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3150000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографийн зураг 1 ширхгийг хохирогч Ч.Цбуцаан олгосугай.

            7. Шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Ц 1100000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Д.ЦЭЦЭГЭЭ