Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

 улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Г , түүний өмгөөлөгч Н.Одонтуяа хохирогч Г.Халиугоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705000010005 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мон Лайт” паб-д менежер ажилтай гэх, ам бүл 3; эхнэр, охины хамт  түр оршин суух, ялгүй, Г  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч Г  2017 оны 7 дугаар сарын 1-ний орой 23 цагийн үед гэртээ өөрийн дагавар охин Г.Халиугоог зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бүх зүйл хавтаст хэрэгт үнэн зөв бичигдсэн байгаа. Би охиныгоо алгадаж зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Цаашид ийм байдал гаргахгүй гэв. Хохирогч Г.Халиугоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Аав намайг улавч аваад өг гэхээр нь би чадахгүй гэж хэлснээс болж зодуулсан. Ер нь би айлын ганц хүүхэд болохоор жаахан ааштай, дураараа юм. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Г ийн Халиугоо “... 2017 оны 7 дугаар сарын 1-ний 23 цагийн орчим гэртээ аав, ээж, ээжийн найз Энхмаа нарын хамт байж байтал ээж гадагш дэлгүүр орох гээд явах хойгуур аав нөгөө өрөөнөөс “таавчиг хаана байна” гэж асуусан, би хаана байгаа газрыг нь хэлж өгөхөд намайг аваад өгчих гэж хэлсэн. Би тухайн үед юм хийж байсан болохоор авч өгч чадаагүй, та өөрөө очоод авчих гэж хэлэхэд чи миний өөдөөс энгэж болохгүй шүү гээд намайг үстээд газарт суулгаад шал 2-3 удаа мөргүүлсэн, би уйлаад ааваа гэж хэлэхэд дуугүй бай гэж хэлээд гараа зангидаад миний хамар руу цохисон. Тэгээд дахиад намайг модон сандалаар толгой руу цохьсон. Тэгээд намайг босч ирэхэд шалны модоор хоёр удаа нуруунд цохиод шалны мод хугарсан. Тэгээд байж байтал ээж гаднаас орж ирсэн. Тэгээд би гэмтэл орж үзүүлээд 2 цагийн орчим гэртээ ирэхэд аав намайг уучлаарай гээд аав нь дахиад зодохгүй гэж хэлсэн. Тэгээд би уучлаад цагдаад хандаагүй, засрах байх гэж бодсон. Тэрнээс хойш 2017 оны 7 дугаар сарын 3-ны 20 цагийн орчимд аав ээжийн хамт гэртээ байж байсан. Тэгээд аав намайг үнсье гэж хэлэхээр нь би үгүй гэж хэлсэн тэгтэл аав намайг хөлнөөс татаад хана мөргүүлсэн, тэгээд би босоод гараад зугтаахад араас ална шүү гэж хэлэхээр нь би тэр чигээрээ зугтсан. Урьд өмнө 10 жилийн өмнө 7 настай байхад намайг зодоод цагдаагийн байгууллагад хандаж байсан. Түүнээс хойш надтай дандаа муухай харьцан согтуу ирэх болгондоо агсам тавьж танхайрдаг байсан. Тэрнээс хойш бол надад гар хүч зоддоггүй байж байгаад 2 хоногийн өмнөөөс эхлэн зодож эхэлсэн. Аав согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Гэртээ байнга архи уудаг, ажил хийдэггүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. Нуруу, толгой өвдөж, нүд бүрэлзээд байна” /хх-н 7/, “... би өмнө өгсөн мэдүүлэгтээ их айж сандарсан байсан учраас манай аав намайг 2-3 удаа шал мөргүүлсэн гэж хэлсэн байсан. Тийм зүйл болоогүй. Тухайн үед их цочролд орсон байсан. Намайг манай аав зодоод байдаггүй. Би өөрөө айлын ганц охин их л эрх танхил өссөн. Өөрийнхөөрөө байдаг тэр зангаасаа болж би аавдаа нэг, хоёр удаа алгадуулсан байх. Уг нь манай гэр бүлийн харилцаа их тогтвортой эцэг, эх маань ч бас хэрэглдэж маргалдаад байдаггүй. Миний биеийн байдал одоогоор хэвийн болоод байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл гээд байх юу байхав дээ. Аавыгаа архи согтууруулах ундаа битгий хэрэглээсэй л гэж бодож байна. Би өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд дургүй болохоор аавдаа их уурлачихдаг. Ингээд л миний үгийг согтуу хүн ойлгохгүй бидний дунд маргаан болох гээд байдаг” /хх-н 44/ гэж, гэрч Жүгдэрийн Өнөрборгил “... 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр би гэртээ нөхөр Г , охин Халиугоо нарын хамтаар, мөн манай ажлын Энхмаа гэх эмэгтэй /буриад/ бид нар байж байсан. Тэгээд би гэрээс гарч хашаанаас гэрийн ажил хийж байхдаа юм авах гээд гараад ороод ирсэн чинь манай охин Халиугоо аавтайгаа маргалдсан, муудалцсан байсан. Тухайн үед манай нөхөр Г  халамцуу гэртээ байсан. Би яг юу болсоныг огт хараагүй. Миний охин Халиугоо аавыгаа архи согтууруулах ундаа уухаар огт дургүй, уурлаад л байдаг. Г  бид 2 нэг л охинтой. Бид 3 хамт амьдардаг. Тэгээд охиноосоо асуухад намайг шал угааж байхад аав тавчик авчираад өг гэж хэлэхээр нь би өөрөө ав гэж хэлсэн чинь уурлаад 2 удаа алгадсан, үстсэн гэж хэлсэн. Тэгтэл аав нь Г  өөдөөс хэрэлдээд байсан гэж байсан. Миний охин уйлчихсан, Г  хажууд нь зогсож байсан. Тухайн үед миний охин Халиугоогийн хамар нь битүүрээд байхаар нь охиноо дагуулаад гэмтэл орж үзүүлсэн. Эм бичүүлж авчихаад гэртээ 02 цагийн орчимд очиход манай нөхөр Г  унтаж байсан. Нөхөр бид хоёр охиндоо машин авч өгнө гэж байсан болохоор 2017 оны 7 дугаар сарын 2-ны өглөө гадуур явж машин сонирхоод авалгүй орой 20 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирэхэд Г  хоол унд хийчихсэн байсан. Тэгээд бид 3 зурагт үзэж байтал Г  охиноо нааш ир миний охин аав нь үнсье гэж хэлэхэд Халиугоо алгадуулсандаа уурлан гэрээс гараад гүйсэн. Тухайн үед гарч гүйгээд хаашаа явсан нь мэдэгдэхгүй, утасгүй, мөнгөгүй байсан болохоор Г  бид хоёр гадуур хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд миний охин олдож уурандаа Халиугоо цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Г  бид хоёр 2000 онд гэр бүл болсон. Би анх суухдаа дагавар охинтой байсан ба Г  өөрөө хүүхэдгүй учраас миний охиныг амь шигээ хайрладаг хүн. Анх бид хоёр охиноосоо нуугаад явдаг байсан ба томроод хойд эцэг гэдгийг мэдээд их уйтгарлах, хоорондоо таарамжгүй, хэрүүл маргаан хийх болсон. Манай охин л ийм зан гаргаад байдаг юм. Өмнө нь миний охиныг зодож байгаагүй. Хааяа би охиноо загнахаар өмнөөс нь өмөөрөөд л надтай маргалдах гээд л байдаг байсан” /хх-н 46/ гэж, гэрч Жадамбын Дүвээдорж “... би дүү Г ийн хувийн байдлын талаар сайн мэднэ. 1974 онд Дорнод аймагт төрсөн. 4 хүүхэдтэй айлын хамгийн том хүү нь байгаа, доороо 3 дүүтэй байсан нэг дүү нас барсан, одоо доороо хоёр эмэгтэй дүүтэй боловч ирж уулзахгүй байх. Г  миний төрсөн эгч Ж.Жавмаа гэж хүний хүү байгаа юм. Миний эгч Жавзмаа нь одоо Дорнод аймгийн Баянтүмэн суманд хөдөө малтай байдаг. Миний нагац дүү болох Г  нь зан байдлын хувьд төлөв даруу хааяа архи уудаг боловч ямар нэг асуудал гаргадаггүй байсан. Г  нь надаас их айж имээдэг, миний төрсөн дүү шиг л бадйаг. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ар гэр ах дүү хамаатан садандаа тусархуу түшиг тургууртай хүн байгаа. Сүүлд 2017 оны хавар БГД-ийн 20 дугаар хороо Дэвшилийн энд ирсэн цагаасаа хойш гэр бүлтэйгээ маргаантай байх болсон. 7 дугаар сарын сүүлээр охинтойгоо муудалцаад би гэрт нь ирж байсан. Архи дарс уугаад байна гээд гэр бүлийнхэн нь уурлаад байсан. Түүнээс өөр энд тэнд хүн амьтантай хэрүүл маргаан зодоон цохион хийгээд байдаагүй, найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм.” /хх-н 47/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч Г.Халиугоогийн гэмтэлтэй холбоотой “Г.Халиугоогийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, баруун гуяны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-н 9/ гэсэн 8614 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно. Прокуророос шүүгдэгч Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо. Шүүхээс шүүгдэгч Г т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Тухайлбал, тэрээр урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй талаарх Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 50/, гэрч Жүгдэрийн Өнөрборгилийн “... манай охин л ийм зан гаргаад байдаг юм. Өмнө нь миний охиныг зодож байгаагүй. Хааяа би охиноо загнахаар өмнөөс нь өмөөрөөд л надтай маргалдах гээд л байдаг байсан. Миний нөхөр их зүрх муутай, зүрх нь их дэлсдэг удамшлын байж магадгүй. Сэтгэц мэдрэлийн хувьд эрүүл. Их даруухан дөлгөөн хүн байгаа юм. Бусдад их тусархуу, ажилсаг” /хх-н 46/ гэсэн мэдүүлэг зэрэгт тусгагджээ. Шүүгдэгч Г  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Г.Халиугоогийн зүгээс “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 51/ гэсэн болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Г  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа “... яллах дүгнэлтэд хохирогч Халиугоог Г ийн дагавар охин гэж бичсэн алдааг засуулмаар байна” гэсэн хүсэлтийг гаргав. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Жүгдэрийн Өнөрборгилийн мэдүүлэгт “... Г  бид хоёр 2000 онд гэр бүл болсон. Би анх суухдаа дагавар охинтой байсан ба Г  өөрөө хүүхэдгүй учраас миний охиныг амь шигээ хайрладаг хүн. Анх бид хоёр охиноосоо нуугаад явдаг байсан ба томроод хойд эцэг гэдгийг мэдээд их уйтгарлах, хоорондоо таарамжгүй, хэрүүл маргаан хийх болсон” /хх-н 46/ гэжээ. Гэвч хавтаст хэрэгт авагдсан баримт болох Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараас үзвэл хохирогч Г.Халиугоо нь Дугаржавын Г оор овоглогдсон байгааг тэмдэглэх нь зүйтэй. Түүнчлэн өмгөөлөгч Н.Одонтуяагийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгдэгч Г т оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Г т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 150.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Г  торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Г  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Халиугоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Г  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г т урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ