Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/273

 

 

 

 

 

 

2022             3               09                                        2022/ДШМ/273

 

                                                                                         

Ж.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Ж.А-н өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/194 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ж.А-т холбогдох 2110000001188 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Ж-н А, 1994 оны ... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ...  дүгээр хороо, ..... тоотод түр оршин суудаг гэх, /РД:........../,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн хүрээ амралтын газарт иргэн Б.Д-тэй маргалдаж улмаар толгой тус газарт нь гараараа болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол... ” гэж заажээ. Үүнээс үзэхэд, ялтан шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа эсхүл өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх талаар зохицуулжээ. Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр, өөр бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдсон боловч тэрээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2206000002206 дугаартай хэрэгт цагдан хоригдож байна. Шүүгдэгч Ж.А-т холбогдох хэргийн хувьд, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсэж байгаа тул Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэсэн “хэд, хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” тухай хуулийн зохицуулалтын хувьд авч үзвэл хэдийгээр шүүгдэгч Ж.А нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө шийтгэх тогтоол гарсны дараа бус гарахаас өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байх боловч хуулийн дээрх зохицуулалтын “өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол” гэх агуулгад нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. ...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч ...гэм буруутайд тооцох ...хориглоно” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. ...” гэх эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчим, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруугүйд тооцох хуулийн агуулгад нийцээгүй буюу дан ганц эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын хуулбараар Ж.А-г өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруутай мэтээр дүгнэж эрүүгийн хариуцлагын асуудлыг хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Түүнчлэн Ж.А-т холбогдуулан шүүхэд шилжүүлсэн хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэх зүйл хэсгээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг шүүхэд шилжсэн байх хугацаанд Баянзүрх дүүргийн прокурорын газраас түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан ба дээрх хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр бүлэгт заасан гэмт хэргүүд байх тул дээрх гэмт хэргүүдийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэдэн хэдэн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт гэж үзэх үндэслэлгүй тул гэмт хэрэг тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бүрэн боломжтойгоос гадна ингэж шийдвэрлэснээр яллагдагчийн эрх зүйн байдал дордох үндэслэлгүй юм Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилсан байхад дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой эсэх хэрэв боломжгүй бол ямар үндэслэлээр боломжгүй талаараа буцаасан захирамждаа тодорхой дүгнэж тусгалгүй хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэх хууль ёсны байх зарчимд үл нийцэж байна. Иймд Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/194 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Ж.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.А-н өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ж.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Прокуророос Ж.А-г “2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн хүрээ амралтын газарт иргэн Б.Д-тэй маргалдаж улмаар толгой тус газарт нь гараараа болон архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол... ” гэж заасан тул ялтан шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа эсхүл өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх талаар зохицуулжээ. Шүүгдэгч Ж.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр, өөр бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдсон боловч тэрээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 2206000002206 дугаартай хэрэгт цагдан хоригдож байна. Шүүгдэгч Ж.А-т холбогдох хэргийн хувьд, хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. ...” гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хэргийн оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон түүнийг гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

 

Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж, болсон үйл баримт болон хэргийн бодит байдалтай нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлан Ж.А-ын гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэв.

 

Иймд прокурор Ч.Түмэн-Өлзийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/194 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ж.А-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/194 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ж.А-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Ж.А нь Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2206000002206 дугаартай эрүүгийн хэрэгт цагдан хоригдож байгааг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ