Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2024/00509

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ж , Хаяг:Б аймаг, Н  сум, 8 дугаар багт оршин суух,

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н  сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай захирамжаар Х , У нарын 1997 онд төрсөн Ж ийг эмэг эх Р д үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Р.Ж ,

Орчуулагч Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагчаас үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Миний бие Р гийн Ж  1997 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Х , У нарын 6 дахь хүүхэд нь болж төрсөн. Одоо би 27 настай. Миний эмэг эх болох Р  нь тусдаа өрх болж гарах үед намайг 2 сартай байхад тус аймгийн Н  сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай захирамжаар эмэг эх болох Р д үрчлүүлсэн байна. Эмэг эх маань И овогтой, миний төрсөн эцгийн маань овог Ж  байгаа. Үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэл маань ирээдүйд үр хүүхдүүд маань эмэг эхийн овгоор явчих бий гээд өөрийн төрсөн эцгийн овгоор овоглохыг хүсэж байгаа.

1.2 Намайг үрчилж авсан эмэг эх Р  нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Би 2023 оны 10 дугаар сарын 01-нд Сагсай сумын иргэн Ж  тэй гэр бүл болсон, эхнэр маань одоо жирэмсэн. Одоо бид хоёр өөрийн төрсөн аав болох Х ы гэрт  аав, ээжтэй хамт амьдарч байна. Цаашид миний бие өөрийн төрсөн аавын нэрээр овоглох хүсэлтэй бөгөөд эмээгийн нэр дээр байх нь миний үр удам, хүүхдийн овог буруу явах, мөн ирээдүйд цус ойртох удамшил буруу болох зэрэг шалтгаанаар миний бие эмээ Р гаар овоглогдохыг хүсэхгүй байгаа. 

1.3 Иймд Б аймгийн Н  сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай захирамжаар Х , У нарын 1997 онд төрсөн Ж ийг эмэг эх Р д үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 000  дугаартай үрчилсний бүртгэлийн лавлагаа, Р гийн нас барсны лавлагаа, Р.Ж ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Н  сумын Засаг даргын 11997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Р.Ж ийн төрсний гэрчилгээ, Х , У болон Р.Ж , Ж нарын гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийн нотариатаар батлуулсан хуулбарууд, Х , У нарын бичсэн хүсэлт зэргийг хүсэлт гаргагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 621, 622, 5 дугаар сарын 15-ны өдрийн 660 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 555 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ж ийн ХААТР маягтууд, төрсний болон үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 198 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Н  сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж, тус аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 268 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний бие Р гийн Ж  1997 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Х , У нарын 6 дахь хүүхэд нь болж төрсөн.Намайг 2 сартай байхад тус аймгийн Н  сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай захирамжаар эмэг эх болох Р д үрчлүүлсэн байна. Эмэг эх Р  нь И овогт, миний төрсөн эцэг  Х  нь Ж  овогт юм. Миний эхнэр жирэмсэн тул хүүхдүүдээ төрсөн эцгийн овгоор овоглох хүсэлттэй. Үрчлэлтийг хүчингүй болгох үндэслэл маань ирээдүйд үр хүүхдүүд маань эмэг эхийн овгоор явчих бий гээд өөрийн төрсөн эцгийн овгоор овоглохыг хүсэж байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлттэй байна гэж тайлбарлажээ.

6.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1 Хүсэлт гаргагч Р.Ж  нь Б аймгийн Н  сумын 8 дугар багт оршин суудаг нь түүний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар, түүнийг үрчлүүлсэн Х , У нар нь хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдний гэрлэлтийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байгаа бөгөөд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 555 дугаартай албан бичгээр ирүүлсэн үрчилсний бүртгэлийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагч Р.Ж ийн ХААТР-12 (А) буюу хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас, аймгийн архивын тасгаас ирүүлсэн Б аймгийн Н  сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар хүсэлт гаргагч Р.Ж ийг эмэг эх Р д үрчлүүлсэн үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу явагдсан болох нь нотлогдон тогтоогдсон.

6.2 Мөн үрчлэгч эх Р  нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан ба энэ нь хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар, хүсэлт гаргагч Р.Ж  нь эмэг эх Р д үрчлэгдсэний дараа төрөөс ямар нэгэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаагүй болох нь тус аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 268 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна.

7.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно гэж, мөн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус заасан.

7.1 Өөрөөр хэлбэл, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох үндэслэлд эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд хамаарахаас гадна бусад хүндэтгэн үзэх үндэслэл байх журамтай байна. Хуульд заасан дээрх үндэслэлээс гадна үрчлэгдсэн буюу эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд нь хүүхэд байх шаардлагатай байна.

7.2 Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хүүхэд гэж 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ гэж, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэлх эрхийг нь хангахад энэ хууль үйлчилнэ гэж тус тус зааснаар ийнхүү 18 насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд үрчлэлтийг хүчингүйд тооцох эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.

7.3 Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийг цаашид асран хамгаалах, тэжээн тэтгэх асуудлыг хамтад нь шийдвэрлэх учиртай.

7.4 Гэтэл хүсэлт гаргагч Р.Ж  нь 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 27 нас 2 сартай буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд тул түүнийг хүүхэд гэж үзэхгүй болно.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхдийг асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж заасан боловч хүсэлт гаргагч Р.Ж  нь насанд хүрсэн хүн тул түүнийг төрүүлсэн эцэг Х , эх У нарын асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3-д зааснаар эцэг Х , эх У нарын тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байна.

9.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн үндэслэлээ “намайг үрчилж авсан эмэг эх Р  нь И овогт, миний төрсөн эцэг Х  нь Ж  овогт юм. Миний эхнэр жирэмсэн тул хүүхдүүдээ төрсөн эцгийн овгоор овоглох хүсэлттэй байгаа тул үрчлэлтийг хүчингүй тооцуулах хүсэлттэй байна” гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг өөрчлөх хүсэлтийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар өөрийн оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад гаргаж шийдвэрлэхээр хуульчилсан тул уг үндэслэлээр үрчлэлтийг хүчингүй тооцох хууль зүйн үндэслэлгүй болно. 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилснаар хүсэлт гаргагчаас үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлтийн шаардлага гаргасан байжээ.

11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Р.Ж ийн Б аймгийн Н  сумын Засаг даргын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 83 дугаартай захирамжаар Хуаныш овогтой Х , У нарын 1997 онд төрсөн хүү Ж ийг эмэг эх Р.Р д үрчлүүлсэн хэсгийг хүчингүйд тооцуулахыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.





 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ЖАРХЫНГҮЛ