Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/04111

 

 

 

 

 

 

 

 

2023 09 22 101/ШШ2023/04111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн  хороо,  тоот хаягт байрлах, Г******* Т******* ХХК /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо, хороолол, тоот хаягт оршин суух, ******* овогт З*******ын У******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

785,000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Г******* Т*******" ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус цэвэршүүлэгч, уурын ариутгал, агаар цэвэршүүлэгч, албан газар, аж ахуйн нэгжийн цэвэрлэгээний олон төрлийн төхөөрөмжүүдийг худалдан борлуулдаг билээ. Иргэн 3. У******* нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 3.У******* нь 1,500,000 төгрөгний үнэ бүхий PLATINUM ULTRAG" ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг худалдаж авахдаа эхний төлөлт 375,000 төгрөгийг үлдсэн төлбөрийг 3 сарын туршид 375,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгээр тохиролцон гэрээ байгуулсан. Үүний дараа 3.У******* нь дараах байдлаар төлөлт хийсэн. Үүнд: 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 360,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 140,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөг төлсөн. Харин төлөөгүй үлдэгдэл 500,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сараас хойш төлөөгүй юм. Гэрээнд заасны дагуу /6.3-д/ үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан ба тооцож үзвэл 8 сар буюу 240 хоног өнгөрсөн байгаа юм. Алдангийг иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэснээр байгаа болно. Нийт 785,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г******* т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хариуцагч З.У******* үндсэн мөнгө болох 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү болон алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Г******* т******* ХХК-ийн өмгөөлөгч намайг залилагч, луйварчин мэтээр эхнэрт маань хэлж санааг нь зовоосон байсан. Намайг доромжлохгүй зүгээр мөнгөө нэхсэн бол би мөнгөө эрт өгөх байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г******* т******* ХХК нь хариуцагч З.У*******т холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 785,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхөөр зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзсан.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Талууд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, З.У******* нь Г******* т******* ХХК-ийн худалдаалж буй Platinum Ultra6 загварын ус цэвэршүүлэгчийг 1,500,000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа 375,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 3 сарын хугацаанд 375,000 төгрөгөөр төлөх, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

5. Дээрх гэрээ нь Ирэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээс нийт 1,000,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд үлдэгдэл төлбөр 500,000 төгрөгийг алдангийн хамт төлөх үүрэгтэй байна.

7. Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахаар шаардахдаа нийт 785,000 төгрөгийн дүнтэй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцэхгүй байх тул төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөг, алданги 250,000 төгрөг, нийт 750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

8. Хариуцагч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйилйн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч З.У*******аас 750,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г******* т******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,000 төгрөгт холбогдох хэсийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.У*******аас 22,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г******* т******* ХХК-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА