Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2024/00526

 

 

Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М . Хаяг: Б  аймаг, Ө  сум, 11 дүгээр баг, Я -1-р гудамж, 125 а байр, 201 тоотод оршин суух,

 

Хариуцагч: Б  аймгийн Б  газар. Хаяг:Б  аймаг, Ө  сум, 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Б  аймгийн Б  газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М намайг урьд эрхэлж байсан Ө сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н  ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М нь анх шүүхэд хариуцагч Б  аймгийн Б  газрын дарга Х д холбогдуулан тус газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М намайг урьд эрхэлж байсан Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Б  аймгийн Б  газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М намайг урьд эрхэлж байсан Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Миний бие тус сургуулийн захирлаар 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2023 оны 12 сарын 09-ний өдөр Б  аймгийн Б  газрын дарга Х  даргын тушаалаар үргэлжлүүлэн томилогдсон. Яагаад гэвэл Боловсролын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд сургуулийн захирлыг томилох эрх нь Б газрын даргын мэдэлд шилжсэн юм. Өмнөх хуулиар ажил олгогч нь Ө  сумын Засаг дарга байсан бөгөөд түүнтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Гэтэл шинэ ажил олгогч болох Б  аймгийн Б  газрын дарга Х  бүх захирал, эрхлэгч нартай хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй  болно.

1.2 Миний бие 2024 оны 01 дүгээр сард 2023 оны тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авсан. Сургуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Тус сургуулийг нэлээн өөд нь татаж босгосон, үр дүнтэй ажил хийж гүйцэтгэж явсан. Х  дарга 2023 оны 11 сарын эхэнд намайг дуудаж мэдээлэл зүйн багшаар ажилладаг А ийг сургалтын менежерийн ажилд авах тухай хүсэлт гаргасан. Манайд нормативын дагуу нэг менежерийн орон тоо байсан. Би Х  даргад сургалтын менежерийн ажилд авахын тулд сургуулийн дүрмийн дагуу багш нарын зөвлӨ н хуралд оруулаад тэндээс олонхын санал авсан хүнийг захирал томилох ёстой. Хүсэлт гаргасан олон хүн байгаа, шууд томилж болохгүй гэдгийг хэлсэн. Надад шууд томил, энийг ав гэсэн шахалт үзүүлсэн. Учир нь, юу вэ гэвэл намаас энэ хүнийг заавал сургалтын менежерээр ав гэсэн шахалт ирж байгаа. Тэгээд ч бас түүний нөхөр Б бид 2-ын дунд маргаан байгаа гэж хэлсэн. Б нь А ийн нөхөр шүүхэд бид хоёр маргаж байгаа хэцүү асуудал болоод байна гэж хэлсэн. Би хууль журмын дагуу шийдвэрлэнэ гэж хэлээд явсан.

1.3 Дараа нь 1 сарын эхэнд тайлан тавихад дахиж энэ асуудлыг хэлсэн. Би дахиж тайлбарласан. Дараа нь 2 сарын 10 хэдний үед миний дүү нас барсан үед манай гэрт ирж надтай мэндлэх явцдаа бас надад энэ асуудлаа дахиж тайлбарласан. Тайлбарлахдаа бүүр Ө  сумын уу, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нь А ийн мессежийг үзүүлсэн. Надад та Засаг дарга К даргын дараах даалгавруудыг яаралтай биелүүл гэж хэлсэн. Хамгийн түрүүнд нь М гийн асуудал, 2 дугаарт О гийн асуудал, 3 дугаарт Б ын асуудал гэсэн мессежийг үзүүлж, надад ингэж шахалт шаардлага ирүүлээд байна. Тийм учраас та энэ А ийг ажилд авахгүй бол болохгүй гэсэн. Тэгээд бид намын ажлыг хийх ёсгүй, тэр хүмүүс таныг шахах ёсгүй хууль дүрмийн дагуу л ажиллах ёстой гэдгийг хэлээд явсан юм.

1.4 Дараа нь 2024 оны 3 сарын 03-ны өдөр амралтын өдөр байсан орой 16 цаг 50 минутын үед надад Х  дарга залгасан, та нөгөө миний ярьж байсан А ийг сургалтын менежерээр аваач, олон хүн энийг шаардаж байна гэж хэлсэн. Тэгээд би бас л тайлбараа хэлсэн. Дараа нь 3 сарын 04-ний өдөр нэг дэх өдөр бид гэрээ байгуулах ёстой байсан. Тэр өдөр миний бие өвдөөд очиж чадаагүй. Тэгээд Х  даргад 8 цаг 30 минутын үед бол мессеж бичсэн, би нуруу өвдөөд явж чадахгүй байна, дараа нь очиж гэрээ хийе гээд хэлсэн. Тэр өдөр би гэрээр эмчилгээ хийлгэсэн. 2 дахь өдөр ажил дээрээ арай гэж очоод онлайн сургалтад ороод эргэж ирээд гэрээр бас эмчилгээ хийлгүүлсэн. Тэгээд 3 дахь өдөр буюу 07-ны өдөр өрхийн эмнэлэгт үзүүлж акт авсан. Хэвтэж эмчлүүлэхгүй бол болохгүй гэж хэлсэн. 3 дугаар сарын 08-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан ажлын комисс очсон. Тэгээд би энэ байдлыг тэр өдөр утсаар Х  даргад хэлсэн. Би танд тохиролцсон, тэтгэвэрт гарах тухай юм яриагүй. Та яагаад намайг ажлаас чөлөөлж байгаа юм вэ гэхэд та А ийг ажилд авахгүй байна. Хэрвээ та өнөөдөр А ийг авна гэвэл би тушаалаа хүчингүй болгож болно гэж хэлж байсан.

1.5 Тэгээд би Х  даргын намайг ажлаас чөлөөлж, А ийг томилсон тушаалдаа тэр өдөр танилцсан. Тэгэхэд А  миний оронд захирлаар томилох тухай А газарт бүүр 2023 оны 12 сард хүсэлт явуулаад 2024 оны 1 сарын 03-нд  урьдчилсан хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлэг хянуулсан тухай баримтыг авсан байна. Тэгэхээр намайг ажлаас чөлөөлөх тухай асуудлыг бүүр 12 дугаар сараас эхэлж хөөцөлдөж байсан гэж ойлголоо. Тэгэхээр би ямар нэгэн байдлаар Х д тэтгэвэрт гарах тухай асуудал хэлээгүй. Тэр тайлбартаа бичсэн байна. Е ад 2022 онд та ажлаас чөлөөлөгдөнө  гэж хүсэлт гаргасан байна. Тэгээд би ажлаас чөлөөлсөн. Е  надад 2022 оны 4 сард “таныг 5 сарын 15-аас ажлаас чөлөөлнө, тэтгэвэрт гарах болсон” тул гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Би үүнтэй холбоотой тайлбараа өгсөн.

1.6 Миний зорилго тус сургуульд 2017 онд томилогдоод тэгээд сургуулийн байдал маш хэцүү байсан. Тэгээд тус сургуулийг хөгжүүлэх 2017-2025 оны стратеги төлөвлөгөөг гаргасан. Энийгээ тайлагнаж байж би явна, тэр шинэ сургуульд оруулаад явна гэсэн асуудлыг Х  даргад 2023 оны 8 сард ажлынх нь гадаа хэлсэн. Тайлбар дээр албан өрөөндөө дуудаж албан ёсоор хэлсэн гэж бичсэн байна. Хариуцагчаас тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-ийг үндэслэл болгосон байна. Харилцан тохиролцсон гэж байгаа. Харилцан тохирсон гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарлахдаа бичгээр гэрээ байгуулах эсвэл хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж тайлбарласан байна. Тийм асуудал бид 2-ын дунд болоогүй. Мөн Төрийн албаны тухай хуульд тайлбарласан 2012 оны 14 дүгээр тогтоолд бас заасан байна. Ажилтан өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тухай хүсэлт гаргахад мөн адилхан бичгээр харилцан тохирсон байх ёстой. Тэгэхлээр ийм асуудал Х  дарга бид 2-ын хооронд болоогүй юм. Х  дарга надад зөвхөн А ийг ажилд томилуулах тухай шаардлага тавьж байсан болохоос биш надад албан ёсоор бичгээр мэдэгдэж, таныг ажлаас чөлөөлөх гэж байна гэж урьдчилсан шийдвэрлүүлэх ямар нэгэн үйл ажиллагаа аваагүй.

1.7 Би ажлын ямар нэгэн дутагдал гаргаагүй. Миний хамгийн гол зорилго стратеги төлөвлөгөөгөө тайлагнаад явъя гэсэн бодолтой байгаа. Тэрнээс биш сандал ширээтэй зууралдаад 65 нас хүртэл, бүүр эцсээ хүртэл явъя гэсэн зорилго надад байхгүй. Тус сургуулийн байдал маш хүнд, өөрийн гэсэн хичээлийн байр байхгүй, эдэлбэр газар байхгүй, заал байхгүй, ямар нэгэн соёлын болон багш нарын өрөө гэх мэт танхим байхгүй маш хүнд нөхцөлд байгаа. Энийг эдэлбэр газартай болгох, хичээлийн байртай болгох асуудлыг шүүх хүртэл яваад барилгыг нь бариулж байгаа. Тийм учраас энэ ажлынхаа үр шимийг үзээд өртэй байгаа мэдлэг чадвар, дадлага туршлагаа нэг өдөр ч гэсэн боловсролын салбарт шингээгээд явъя гэсэн бодолтой байгаа. Хэдийгээр тийм хүнд нөхцөлтэй байгаа сургууль ч гэсэн өнгөрсөн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаар манай сургуулийн үзүүлэлт аймгийн төрийн өмчийн сургуулиудаас 1 дүгээр байранд орсон. Өөрөөр хэлбэл 25 сургуулиас бид 000 байранд орсон амжилт гаргасан. Энэ миний болон манай багш нарын хамт олны амжилт байгаа. Энэ амжилтыг улам нэг жил ч гэсэн бататгаад ингээд явъя гэсэн бодол надад байгаа. Тийм учраас манай даргын энэ үйлдлийг Хөдөлмөрийн гурван талт, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос Х  даргын гаргасан шийдвэр нь хууль бус М г эргүүлэн ажилд томил гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бичгээ надад өгсөн. Тэгсэн мөртөө Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр заалт ёсоор Х  шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаагүй. Зөвшөөрөөгүй тохиолдолд  Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1.8-д заасан ёсоор хөдөлмөрийн гурван талт хорооны шийдвэрийг Х  заавал биелүүлэх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл  биелүүлэхгүй  байна. Тийм учраас би шүүхэд хөдөлмөрийн тухай хуулийн 154.11-д заасан ёсоор баталгаажуулах хүсэлт гаргасан ч хангахгүй шийдвэр гаргасан. Гэтэл би 3 сарын 28-нд шүүхэд гомдол гаргасан байсан.

1.8 Төрийн албаны тухай хуулийн 4000 зүйлийн 46.3-д төрийн албыг хаах дээд хязгаар 65 нас гэж заасан байна. Тэгэхлээр төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Би энэ эрхээ эдлэх ёстой. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуульд ажил олгогчийн санаачилгаар 65 наснаас өмнө чөлөөлнө гэсэн заалт байхгүй. Өмнөх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д 60 нас хүрсэн байвал ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлнө гэсэн тодорхой байсан. Одоо энэ хуульд ямар ч тийм заалт байхгүй. Тийм учраас Х  дарга өөрийн санаачилгаар надтай харилцан тохирсон гэж худлаа дүр эсгэж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан.

1.9 Иймд Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Б  аймгийн Б  газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М намайг урьд эрхэлж байсан Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах хүсэлттэй байна гэв.

2.Хариуцагч Б  аймгийн Б  газрын дарга Х ын хариу тайлбар, татгалзал:

2.1 Тус газрын дарга миний бие нэхэмжлэгч М гийн “Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг Х т даалгаж, Б  аймгийн Б  газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, М намайг урьд эрхэлж байсан Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухайн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.

2.2 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.2-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заасан. Энэ заалтын тайлбар хэсэг дээр “Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна. Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2023 онд 21 жил 6 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан.

2.3 М нь 1962 онд төрсөн, дээрх хуулийн дагуу 2023 онд 61 нас 3 сар хүрэхэд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Харин одоо 62 насанд хүрсэн, улсад 31 жил ажилласан, өндөр насны тэтгэвэрт гаргах болзлыг хангасан. М г өндөр насны тэтгэвэрт гаргах тухай мэдэгдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийн дагуу ажил олгогч нь болох Ө  сумын Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/203 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна. М уг мэдэгдэлд 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тайлбар, хүсэлт гаргасан. Уг тайлбар дээр дээрх хуулийн заалтын дагуу М миний бие энэ онд 2023 оны тэтгэмжид захиалга өгч, 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байна гэсэн тайлбар ирүүлсэн.

2.4 Миний бие 2023 оны 8 дугаар сард М г өрөөнд дуудаж өндөр насны тэтгэвэрт гарах талаар санал тавихад “би тайлбар, хүсэлтээ Ө  сумын ЗДТГ-т хандаж хүргүүлсэн байгаа” гэсэн хариу өгсөн тул Ө  сумын Засаг даргаас М д өгсөн мэдэгдэл, М гээс ирүүлсэн хүсэлт, тайлбарыг нь авч танилцаад Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан “ талууд харилцан тохиролцсон”, 78.1.9-д заасан “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэсэн заалтыг үндэслэн өөрийнх нь хүсэлт ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.5 Б газраас 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 132 дугаартай албан бичгээр “Бүх ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдэд Хөдөлмөрийн гэрээ байгуулах, 2024 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянан баталгаажуулах ажлаар 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр бэлэн болохыг мэдэгдсэн ба үүний дараа захирлуудын дотоод чат группт 2 дугаар сарын 27-нд, 3 дугаар сарын 01-нд дахин дахин сануулан бүгдээрээ ирэхийг анхааруулсаар байхад М мөн өдөр ирээгүй, мэдэгдээгүй. Ингэж өөрөө Хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан, нэгэнт тэтгэврийн насанд хүрсэн түүнийг өөрийнх нь хүсэлтийн дагуу 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

2.6 Иймд нэхэмжлэгч М гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс Б  аймгийн Б  газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “М г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/26 тоот тушаал, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ж ӨЭМТөвийн ерөнхий эмч А аас олгосон эмнэлгийн магадалгаа, гар утасны мессежний казах хэлнээс орчуулга, Б  аймгийн Б  газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 195 тоот албан бичиг, Б  аймгийн Б  газрын даргын  2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “М г захирлын албан тушаалд томилох тухай” Б/109 тоот тушаал, Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл, Б ын тодорхойлолт, нотариатын гарын үсэг гэрчилсэн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №06 тоот Хөдөлмөрийн гэрээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н  тай байгуулсан өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай тайлбар, Б  аймгийн Ө  сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/252 тоот албан бичиг, А газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболдын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05/6622 дугаартай албан бичиг, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргуулж авсан М гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус аймгийн Ө  сумын ЗДТГазраас хуулбарлаж олгосон Бүртгэл хяналтын карт, Ө  сумын Засаг дарга Д.Е ад 2023 оны 000 сарын 06-ны өдрийн нэхэмжлэгчээс гаргаж байсан тайлбар, Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн ня-бо Ж ээс гаргасан цалингийн тооцоо зэрэг бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 328 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, Ө  сумын ЗДТГазрын бүртгэл хяналтын карт, тус тамгын газраас хуулбарлаж олгосон Б  аймгийн Ө  сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/203 тоот албан бичиг, нэхэмжлэгч М гийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ө  сумын Засаг дарга Д.Е  танаа тайлбар хүргүүлэх тухай гэж гаргасан тайлбар, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай 337 тоот албан бичиг, уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн томилолт, тус аймгийн ЗДТГазраас хуулбарлаж олгосон Б  аймгийн Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/369 дугаартай захирамж, уг захирамжийн 01 болон 02 дугаар хавсралтууд зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагч Б  аймгийн Б газрын дарга Х аас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 15-ны өдөр хүртэлх хугацааны цалинд 895,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М д олгож, нэхэмжлэгч М гийн Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Б  аймгийн Б газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ..... миний бие тус сургуулийн захирлаар 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2023 оны 12 сарын 09-ний өдөр Б  аймгийн Б  газрын дарга Х  даргын тушаалаар үргэлжлүүлэн томилогдсон. Миний бие 2024 оны 01 дүгээр сард 2023 оны тайлангаа тавьж хангалттай үнэлгээ авсан. Сургуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Миний бие Х  даргад өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлт гаргаж байгаагүй. Тус сургуулийг хөгжүүлэх 2017-2025 оны стратеги төлөвлөгөөг гаргасан. Энийгээ тайлагнаж байж би явна, тэр шинэ сургуульд оруулаад явна гэсэн асуудлыг Х  даргад 2023 оны 8 сард ажлынх нь гадаа хэлсэн. Х  дарга надад зөвхөн А ийг ажилд томилуулах тухай шаардлага тавьж байсан болохоос биш надад албан ёсоор бичгээр мэдэгдэж, таныг ажлаас чөлөөлөх гэж байна гэж урьдчилан шийдвэрлүүлэх ямар нэгэн үйл ажиллагаа аваагүй. Төрийн албаны тухай хуулийн 46.3-д төрийн албыг хаах дээд хязгаар 65 нас гэж заасан байна. Тэгэхлээр төрийн албаны тухай хуульд зааснаар 65 нас хүртэл ажиллах эрхтэй. Би энэ эрхээ эдлэх ёстой. Тэгээд ч Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуульд ажил олгогчийн санаачилгаар 65 наснаас өмнө  чөлөөлнө гэсэн заалт байхгүй. Өмнөх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д 60 нас хүрсэн байвал ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлнө гэсэн тодорхой байсан. Одоо энэ хуульд ямар ч тийм заалт байхгүй. Тийм учраас Х  дарга өөрийн санаачилгаар надтай харилцан тохирсон гэж худлаа дүр эсгэж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан гэж тайлбарлажээ.

7.Хариуцагч Б  аймгийн Б  газрын дарга Х  нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:... нэхэмжлэгч М нь 1962 онд төрсөн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу 2023 онд 61 нас 3 сар хүрэхэд өндөр насны тэтгэвэрт гарах ёстой. Харин одоо 62 насанд хүрсэн, улсад 31 жил ажилласан, өндөр насны тэтгэвэрт гаргах болзлыг хангасан. Миний бие 2023 оны 8 дугаар сард М г өрөөнд дуудаж өндөр насны тэтгэвэрт гарах талаар санал тавихад “би тайлбар, хүсэлтээ Ө  сумын ЗДТГ-т хандаж хүргүүлсэн байгаа” гэсэн хариу өгсөн тул Ө  сумын ЗДаргын М д өгсөн мэдэгдэл, М гээс ирүүлсэн хүсэлт, тайлбарыг нь авч танилцахад 2023 оны тэтгэмжид захиалга өгч, 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй байна гэсэн хүсэлтийг мөн дээрх хуулийн заалтын дагуу тэтгэврийн насанд хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Хууль зөрчөөгүй гэжээ.

8.Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

8.1 2002 оны Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтаар сум, дүүргийн Засаг дарга нь ажил олгогч байсан бөгөөд ажилтай М тэй 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр №06 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ажил олгогч Б  аймгийн Ө  сумын Засаг даргаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1/203 тоот болон 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1/252 тоот албан бичгээр тус тус Ө  сумын ерөнхий боловсролын 000 сургуулийн захирал М д 2023 онд хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байна. Иймд таныг 2023 оны 000 сарын 15-ны өдрөөс эхлэн холбогдох хууль журмын дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэхэд тэрээр “...1962 он төрсөн эрэгтэй датгуулагч 61 нас 3 сартай тэтгэвэр тогтоолгох нас гэж тогтоож өгсний дагуу 2023 онд өндөр насны тэтгэвэрт гаргахаар төлөвлөж, энэ онд тэтгэмжид захиалга өгөх гэж байна. Тус сургуулийг 2017-2025 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан, түүний хэрэгжилтийг ханган ажиллаж, нэлээд тулгамдсан асуудлуудын шийдлийг олж ажиллаж, тодорхой амжилтад хүрч байна.  Миний чин хүсэл бол сургуулийн Стратеги төлөвлөгөөнд Сургуулийн алсын харааг “аймгийн манлайлагч сургууль” болох тодорхойлсны дагуу хичээлийн шинэ байранд оруулж, дээрх алсын харааныхаа эхлэлийг тавьж, дараагийн захиралдаа хүлээлгэж өгөх зорилттой байх тул 2023 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлттэй. Иймд таны хүргүүлсэн мэдэгдлийг хүлээж авах боломжгүйг, хэрэв энэхүү мэдэгдлийн дагуу ажлаас чөлөөлбөл зөрчигдсөн эрхээ хамгаалан хуулийн байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж, тайлбар гаргаж байна” гэсэн байна.

8.2 Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга нь батлагдаж хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалтаар ажил олгогч нь Б  аймгийн Б  газрын дарга болж өөрчлөгдсөний дагуу тус газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/109 тоот тушаалаар нэхэмжлэгч М г Ө  сумын ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалд томилсон байна.

8.3 Улмаар ажил олгогч тус газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 тоот тушаалаар нэхэмжлэгч М г Ө  сумын ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, тушаалд дараах үндэслэлийг заасан.

-Ажилтан М өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөхдөө ажил олгогч тушаалын үндэслэлд Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 78.1.9, 83 дугаар зүйлийн 83.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалтуудыг тус тус баримталжээ.

8.4 Нэхэмжлэгч М нь 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Б  аймгийн Б  газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 тоот тушаалаар тус аймгийн Ө  сумын ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхөд тэрээр 62 нас, 23 хоногтой байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, талууд түүнд маргаагүй байна.

8.5 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатгуулагч”, 5.1.2-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” тус тус өөрөө хүсвэл өндөр насны  тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

Хуулийн эдгээр заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх тайлбар дээр энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна. Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 1963 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна гэж нарийвчлан тайлбарлажээ.

Нэхэмжлэгч М нь 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, хуулийн дээрх заалтын дагуу түүний тэтгэвэр тогтоолгох эрх 61 нас 3 сар хүрэхэд үүсэх боловч ажил олгогчоос маргаан бүхий тушаалыг гаргах үед тэрээр 62 нас 23 хоногтой байна.

8.6 Харин 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар нарийвчлан зохицуулсан байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлан зохицуулаагүй байгаа боловч хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох 9 үндэслэл заасны 78.1.9-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил ологчийн аль нэг нь гаргасан үндэслэлээр дуусгавар болохоор заасны дагуу хариуцагч Б  аймгийн Б  газрын даргаас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/26 тоот тушаалаар ажилтан Ө  сумын ерөнхий боловсролын 000 сургуулийн захирал М г өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож ажлаас нь чөлөөлснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

8.7 Хариуцагч Б  аймгийн Б газрын дарга Х  нь нэхэмжлэгч М г Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөхдөө түүний өмнөх ажил олгогчийн мэдэгдэх хуудаст бичгээр гаргасан тайлбар болон хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9 дэх заалтад заасныг зөрчөөгүй байна.

8.8 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар тусгайлан зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заажээ.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчоос ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээ цуцлуулах тухай тухайлсан зохицуулалт байхгүй байна.

Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах 7 төрлийн эрэмбээр үйлчлэхээр заасны 2.3.1 дэх заалтад энэ хууль, 2.3.2 дахь заалтад Монгол Улсын бусад хууль үйлчлэхээр заасан байх бөгөөд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг нарийвчилсан зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 4000 зүйлийн 46.2 дахь хэсгийн 46.2.2 дахь заалт гэж шүүх үзлээ.

8.9 Түүнчлэн Төрийн албаны хуулийн 4000 зүйлийн 46.3-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж зааснаар ажил олгогч Б  аймгийн Б  газрын даргаас ажилтан М гийн хүсэлтийг хүлээж авахгүйгээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

9.Харин ажил олгогч болох Б  аймгийн Б  газрын даргаас маргаан бүхий тушаалыг гарах үед буюу 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрүүдэд нэхэмжлэгч М эмнэлгийн магадалгаатай байсан нь хэрэгт авагдсан 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн эмнэлгийн магадалгаагаар тогтоогдсон.

10.Энэхүү үйл баримтаас үзэхэд ажил олгогчоос ажилтан М эмнэлгийн магадалгаагаар чөлөөтэй байх үед ажлаас нь чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална”, 60.1.2-т “донорын үүрэг гүйцэтгэх,... эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай” гэж заасныг зөрчсөн байна.

11.Гэвч нэхэмжлэгч М гээс “2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ууцаар хөшиж өвдөөд гадаа гарч чадахгүй байна. Өнөөдөр очиж чадахгүй юм байна” гэдгийг ажил олгогчид мессежээр мэдэгдсэн атлаа 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд эмнэлгийн магадлалтай байсан эсэхийг ажил олгогчид мэдэгдээгүй, ажил олгогчоос маргаан бүхий тушаалыг гарсны дараа эмнэлгийн магадлалыг хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

12.Хэдийгээр хариуцагч Б  аймгийн Б  газрын дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг зөрчиж  нэхэмжлэгч М н эмнэлгийн магадлалтай байхад нь үүрэгт ажлаас чөлөөлж түүний 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 6 хоногийн цалин авах, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн байх тул уг хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Б  аймгийн Б газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/2000 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Жич: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1 дэх хэсгийн 2.1.2 дахь заалтад нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гаргахаар журамласан байгаа тул Төрийн мэдээллийн сангаас гаргасан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2024 оны 3 дугаар сард нэхэмжлэгч М д 596,700 төгрөгийн цалин хөлс авсан нь бичигдсэн ба уг хугацаагаар тооцоход нэг өдрийн цалин нь 149,175 (596,700 /4 хоног /2024 оны 3 дугаар сард ажилласан хоног/) төгрөг байх тул түүний ажлын 6 хоногоор тооцоход 895,050 /6 хоног х 149175/ төгрөг байна.

13.Мөн нэхэмжлэгчийн Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

13.1 Нэхэмжлэгч М нь хариуцагч Б  аймгийн Б  газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/109 тоот тушаалаар Ө  сумын ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлснийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Б  аймгийн Ө  сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос шийдвэрлэсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан байна.

13.2 Гэтэл нэхэмжлэгч М гээс шүүхэд гомдол гаргасны дараа тус шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.11-д зааснаар Б  аймгийн Ө  сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэлийг шүүхээр баталгаажуулах тухай хүсэлт гаргасан байна. 

13.3 Шүүхээс хөдөлмөрийн эрхийн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо урьдчилан шийдвэрлэх явцад талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон бол энэ тухай тэмдэглэл үйлдэж маргалдагч талууд гарын үсэг зурснаар маргаан шийдвэрлэгдсэнд тооцож, маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.9 дэх заалтад тус тус заасан бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.4-т энэ хуулийн 154.4, 154.9-д заасан шийдвэрийг биелүүлээгүй талаарх гомдлыг шүүх хянан шийдвэрлэхээр заасан ба маргалдагч тал буюу ажил олгогч Б  аймгийн Б  газрын дарга Х  Б  аймгийн Ө  сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа гомдлын шаардлагыг эс зөвшөөрч тайлбар өгсөн, тус хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураагүй байх тул талууд маргаантай асуудлаар харилцан тохиролцсон эсэх нь тодорхой бус гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/01393 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

13.4 Иймд нэхэмжлэгчийн Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч байгууллагын дарга Х  нь 2023 оны 11 дүгээр сарын эхэнд намайг дуудаж мэдээлэл зүйн багшаар ажилладаг А ийг сургалтын менежерийн ажилд авах тухай хүсэлт гаргасан. Манайд нормативын дагуу нэг менежерийн орон тоо байсан. Би Х  даргад сургалтын менежерийн ажилд авахын тулд сургуулийн дүрмийн дагуу багш нарын зөвлӨ н хуралд оруулаад тэндээс олонхын санал авсан хүнийг захирал томилох ёстой. Хүсэлт гаргасан олон хүн байгаа, шууд томилж болохгүй гэдгийг хэлсэн. Сургалтын менежерийн ажилд А ийг томилоогүйгээс намайг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар энэхүү үндэслэл нь тогтоогдохгүй байна.

15.Мөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагч Б  аймгийн Б газрын даргаас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтаар ажилтанд урьдчилж мэдэгдээгүй, түүнээс тайлбар аваагүй, түүний хүсэл зоригийг нь харгалзаагүй, нөхцөл байдал үүссэн гэж маргажээ.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалт нь ажил олгогчоос  ажилтан сахилгын зөрчил гаргасан тохиолдолд хуулийн 123.2-т заасан 5 төрлийн сахилгын шийтгэлийн аль нэгийг нь ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шийдвэрлэх заалт учраас маргаан бүхий тушаалын үндэслэл нь нэхэмжлэгчийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тушаалдаа хамааралгүй болно.

16.Ажил олгогчоос ажилтныг албан тушаалаас нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр чөлөөлөхдөө түүнд урьдчилж мэдэгдэх эсэх, тайлбар авах эсэх, түүний хүсэл зоригийг нь харгалзах эсэхийг тус тус Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд хуульчлаагүй байна.

17.Иймд нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5000 зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн шаардлага хангасан хэмжээ болох 895,050 төгрөг ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 26,031 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Б  аймгийн Б газрын дарга Х аас 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 6 хоногийн цалинд 895,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М д олгож, нэхэмжлэгч М гийн Б  аймгийн Ө  сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, Б  аймгийн Б газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/2000 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ө  сумын Ерөнхий боловсролын 000 сургуулийн захирлын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, өнөөдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.                       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б  аймгийн Б газрын дарга Х аас улсын тэмдэгтийн хураамжид 26,031 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.ЖАРХЫНГҮЛ