Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0847

 

 

 

 

 

 

 

 

     2023         11           16                                     128/ШШ2023/0847

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.М*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******

Хариуцагч: Хот тохижилтын газар ОНӨААҮГ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З******* нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу надад учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж олгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О*******, түүний өмгөөлөгч Д.М*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У*******, хариуцагч Хот тохижилтын газар ОНӨААҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******, гэрч Д.С*******, хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу надад учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулж олгуулах” гэж тодорхойлсон байна.

          2. Нэхэмжлэгч Л.М******* нь С******* дүүргийн 0 дүгээр хороо, С******* хүрээлэн, О гудамж 3/1 тоотод байрлалтай, нэгж талбарын 146 дугаар бүхий 528 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй. Эрхийн улсын бүртгэлийн Э-220 дугаарт бүртгэгдсэн газар эзэмших эрхийн 0000 тоот гэрчилгээг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр авсан бөгөөд уг эзэмшлийн газар дээр эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй 152 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийн биелэлтийг хангахдаа буулгаж, хохирол учруулсан гэж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэн маргажээ.         

            3. Нэхэмжлэгч Л.М******* нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол төлүүлэхээр хандаж, тус шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1 Миний газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нь эрхийн зөрчилгүй, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр байхгүй, газар эзэмших эрх маань өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа,

4.2 Нийслэлийн Засаг дарга 2020 оны А/149 дүгээр захирамжаар С******* дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, энэ газар нь миний эзэмшил газартай хөрш зэргэлдээ  бөгөөд уг газарт нь тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхдээ үл хөдлөх хөрөнгийг маань надад мэдэгдэлгүйгээр буулгаж нураасан,

4.3 Миний бие уг барилгыг бусдад түрээслүүлж орлого олдог байсан одоо тухайн эд хөрөнгөөс маань нэг ч ширхэг мод үлдээгүй, надад их хэмжээний хохирол учраад байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын А/822 дугаар эрх шилжүүлэх тухай захирамжийн 1 дэх заалт нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 оны санхүүжүүлэх С******* дүүргийн 1-р хороонд Б зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлыг өмнө хүлээсэн үүргийн дагуу үүсгэх гэж тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан эрх зүйн үндэслэл байгаагүй, илт хууль бус болсон гэж үзэж байна.

Тухайлбал, дээрх захирамжийн 1 дэх заалтаараа С******* дүүргийн 0-р хороонд хэрэгжүүлэх Б зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/149 дүгээр захирамжаар С******* дүүргийн 0-р хорооны нутаг дэвсгэрт Ш ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, уг хүчингүй болгосон газарт нь тохижилтын ажлыг хийх байсан. Гэтэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байхад Л.М*******гийн газар эзэмших эрх болоод газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн аль аль нь эрхийн зөрчилгүй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байхад эзэмшил газар дээр байсан үл хөдлөх хөрөнгийг огт мэдэгдэлгүйгээр нурааж, буулгаж, буцаан ашиглах боломжгүйгээр ор үндэсгүйгээр устгасан. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө ашиглах эрхэд ноцтой зөрчсөн ашиглах эрхэд халдсан үйлдэл болсон гэж үзэж байна.  Иймээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийн 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргаж байгаа нэхэмжлэл учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдий ч хандаж болно” гэж заасан.

Нэхэмжлэлийн шаардлагаар учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж байгаа үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах” гэсэн шаардлагад хамаарч байгаа учраас ийм шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагаас хохирлоо шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн хувьд байхгүй болсон үйл хөдлөх хөрөнгийн хохирлыг гаргуулахын тулд Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч энэ асуудлыг захиргааны актаа шийдвэрлүүлээгүй учраас шийдвэрлэх боломжгүй гэдэг байдлаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийм учраас захиргааны байгууллагын учруулсан хохирлыг шаардах эрхтэй агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэжээ.

6. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/822 дугаар захирамж гаргасан. Энэхүү захирамжийн 1 дэх заалтад Нийслэлийн өмчийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх С******* дүүргийн 0-р хороонд хэрэгжүүлэх Б зочид буудлын зүүн гадна талбайн тохижилтын ажлыг үүргийн хүрээнд гүйцэтгэж, үр дүн танилцуулж ажиллахыг Хот тохижилтын газарт үүрэг болгохыг заасан байдаг. Нийслэлийн Засаг дарга нь 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргасан. Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар төсвөө хуваарилах зарцуулах, холбогдох бүрэн эрхээ төсвийн төлөөлөн захирагч эсхүл, харьяалагдах төсвийн шууд захирагчид шилжүүлэх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд С******* дүүргийн 1-р хороонд байрлах Б зочид буудлын зүүн талын гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхийг Нийслэлийн Хот тохижилтын газарт үүрэг болгож шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаад энэ захирамж хамаарахгүй. Маргаан бүхий захирамжийн иргэний эрхэд халдах талаар ямар нэгэн тодорхойлолт байхгүй. Хуульд заасан үндэслэлийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бүрэн эрх, хэмжээний хүрээнд гаргасан захирамж. 

Нөгөөтэйгөөр Ш  ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/822 дугаар захирамжийг  илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 863 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 254 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. Нийслэлийн Засаг дарга нь 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар төсвөө хуваарилах зарцуулах, холбогдох бүрэн эрхээ төсвийн төлөөлөн захирагч эсхүл, харьяалагдах төсвийн шууд захирагчид шилжүүлэх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт тохижилтын ажил хийх санхүүжилтийг шийдвэрлэснийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагч Хот тохижилтын газар ОНӨААҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч   А.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий А/822 дугаар захирамжийг илт хууль бусад тооцох үндэслэл байхгүй. Маргаан бүхий захирамж гарч байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үйл баримтыг бий болгоогүй. Энэ зөвхөн эрх шилжүүлэхтэй холбоотой захирамж болохоос биш, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, тухайн үл хөдлөх хөрөнгийг нураах агуулгаар гарсан захирамж биш. Захиргааны актын хувьд илт хууль бус шинжийг агуулахгүй байгаа учраас Засаг даргын захирамж үндэслэл бүхий болсон. Захирамж нэгэнт илт хууль бус биш нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй. Захиргааны актын хэрэгжилтийн дараа бий болсон үйл явдал буюу тусдаа дүгнэгдэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эрх шилжүүлэх процесс нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус уу, үгүй юу гэдэг асуудал. Гэтэл энэ дээр ийм үйл баримт байхгүй. Эрх шилжүүлж байгаа захирамжийн процессын хувьд ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Зөвхөн эрх шилжүүлэх захирамж гаргасан захирамжийн 1 дэх заалт нь илт хууль бус гэж тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэж үзэж байна. Захирамжид зүүн талд гэж тусгасан нь өөрөө илт хууль бусад хамаарна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ захирамжийн дагуу дараа нь хийгдэж байгаа архитектурын зураг нь дараа дараагийн үр дагаврыг үүсгэнэ. Захирамжийн улмаас ийм зүйл болсон гэж гарсан үр дагавар нь шууд илт хууль бус болох үндэслэл байхгүй. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох боломжгүй. Энэ захирамж нь газар олгож байгаа захирамж биш. Газар олгож байгаа захирамжаар энэ захирамжийн хавсралтад заасан байдлаар аж ахуй нэгжүүдэд заагаад өгсөн тохиолдолд тухайн аж ахуй нэгжүүд энэ захирамжийн өөрт холбогдох хэсгийг тухай бүрд нь шүүгээд дүгнүүлж болно. Гэтэл эрх шилжүүлэх захирамж нь ийм зүйл байхгүй, нэг л захирамж. Өмнө нь Ш компанийн нэхэмжлэлээр энэ захирамжийг илт хууль бусад тооцуулахаар шүүхийн шийдвэрээр шийдсэн байгаа учраас одоо энэ шүүх хурал дээр энэ захирамж нь илт хууль бус байсан байна гээд шийдэх юм бол нэг захирамжийг нэг шатны шүүхэд хоёр өөрөөр дүгнэсэн ойлгомжгүй нөхцөл байдал үүсэх гээд байна. Энэ захирамжийг хэлэлцэх шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдээд байна. Хариуцагч Нийслэлийн Хот тохижилтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэл бүрдсэн учраас нэхэмжлэлийг татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

8. Гэрч Д.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний салбарт мөрдөгдөж байгаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон олон улсын үнэлгээний стандартуудын хүрээнд хийдэг. Энэ үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Л.М*******гийн ээж манайд хүсэлт гаргаад хөрөнгийн үнэлгээ хийлгэе гэсэн. Манай байрыг нураасан байгаа гээд тухайн газар дээр нь очиж үнэлгээ хийх хөрөнгөтэй нь танилцдаг. Газар дээр нь очиж танилцахад хашаалсан байсан. Зургийг нь авсан. Тухайн үед манай үйлчлүүлэгч хөрөнгөө алдсан одоо яах ёстой вэ, үнэлүүлэх ёстой байна гээд манайд хандсан. Та холбогдох бичиг баримтуудаа өгөө гээд ямар өмч байсан бэ гэдгийг нь өөрөөс нь асуугаад холбогдох бичиг баримтуудыг авсан. Үнэлгээ 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гарсан байгаа. Үйлчлүүлэгч үнэлгээний материалаа бүрдүүлэх цаг хугацаа нь урт байсан. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ дээр 152 м.кв гэж байсан. Эхний үнэлгээг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр байсан 152 м.кв-аар хийсэн. Манай үйлчлүүлэгч хүртэл өөрөө зөвшөөрсөн. Холбогдох бичиг баримтуудыг үнэлээд дүгнэхэд 152 м.кв үл хөдлөх хөрөнгөөр үнэлэхээр байна гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрөөд үнэлгээг авсан.

Эхний үнэлгээ 1 тэрбум 363 мянга, 400 сая болсон. Гэтэл хэсэг хугацааны дараа 2022.05.08-ны өдөр дахиж ирээд Хотын захиргаанаас энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна шүүхээр явах бололтой. Танай энэ үнэлгээ бага байна гэсэн. Тухайн үедээ орон сууцууд өмчлөх эрхийн гэрчилгээ дээрээ 18 м.кв гэж бичсэн мөртлөө 40 м.кв байдаг. Ашигтай талбайг нь зөвхөн бичдэг байсан тэр үеийн гэрчилгээнүүдийг бүгд мэдэж байгаа. Танай үнэлгээ бага байна, бид нар хохирч байна гэхээр нь саналыг нь хүлээж авсан. Танайх тусгай объект байсан учраас дахиж үнэлэх боломжтой, зоорын давхартай байсан, дээврийн хонгилыг тохижуулаад ашигладаг байсан гээд үнэлгээг дахиж хийх боломжтой гээд үнэлсэн юм. Зоорын давхар 152 м.кв нийтдээ 300 м.кв-аар хоёр дахь үнэлгээ гарсан. Энэ хугацаанд ковидын хорио цээрийн улмаас үнийн өсөлт явагдаж, хөрөнгийн үнэлгээ хийхэд нэг ч тоо үг, үсгийг санаанаасаа тавиагүй. Хөрөнгийн үнэлгээг хийхэд батлагдсан арга байдаг. Олон улсын үнэлгээний стандартыг барьж хийсэн.

Уг нь тайландаа маш тодорхой, дэлгэрэнгүй тусгасан. Талбайн зөрүүнээс гарсан. Монгол банкны бодлогын хүү 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 6,7 хувь байсан бол 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 16,2 хувь болгож бодлогын хүүгээ өсгөсөн байсан. 2,4 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Анхны үнэлгээг нэгж талбарын үнийг 2,4 дахин өсгөх юм бол 5 тэрбум 200 сая орчим үнэтэй байх боломжтой хөрөнгө. Гэхдээ тухайн хөрөнгийг маш нарийвчлалтайгаар үнэлгээг хийсэн учраас тухайн хөрөнгийн байршил, тохижилт үл хөдлөх хөрөнгийг үнэлэхэд нөлөөлдөг үзүүлэлтүүдээр нарийвчлаад зах зээлийн харьцуулалт гаргаад ижил төстэй хөрөнгийн тухайн зах зээлд зарагдаж байгааг үндэслээд бүх баримттайгаар тайландаа нарийн тусгасан байгаа. Ингэж гаргасан үнэ юм.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгч Л.М*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Анх С******* дүүргийн 0 дүгээр хороо, С урд байрлах Эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчөөр иргэн Д.Б бүртгэгдэж, 1998 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар банкнаас 54,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, уг барилгыг барьцаалж барьцааны гэрээ бүртгэгдсэн, тус банкнаас иргэн Н.Л үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжиж, 2002 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 000135954 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн  үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээгээр нэхэмжлэгч Л.М*******д шилжүүлсэн байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/525 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Л.М*******д Улаанбаатар хотын С******* дүүргийн 0 дүгээр хороо, О гудамжинд байрлах, 528 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, иргэний газар эзэмших эрхийн 0000466119 дугаартай гэрчилгээ олгож, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №01119-2019 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Мөн нэхэмжлэгчид Нийслэлийн С******* дүүргийн 0 дүгээр хороо, С******* хүрээлэн О гудамж, 3/1 тоот хаягт байршилтай 152 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Y-220 дугаарт бүртгэж 000 дугаартай үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

5. Хавтаст хэрэгт авагдсан Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөр төлөөгүй үлдэгдэл 0 байна.

6. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 1/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Б зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлын төслийг гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, төслийг санхүүжүүлэх эрхийг нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст, төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус даалгасан байна.

2/ Дээрх захирамжийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-тай С******* дүүргийн 1 дүгээр хороонд хэрэгжүүлэх Б зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажил гүйцэтгэх НЗДТГ А/822-1 дүгээр гэрээг байгуулж, ГМЗХ2020 дүгээр тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар   ЗТ- дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр төслийн ажлыг гүйцэтгэж дууссан байна.

3/ Уг захирамжаар батлагдсан нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг Нийслэлийн өмчийн удирдлагын газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3/303 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчид бүртгүүлэхээр С******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсний дагуу тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/30 дугаар тушаалаар Нийслэлийн өмчид бүртгэжээ.

4/ Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаартай захирамжаар маргаан бүхий газарт тохижилтын ажлыг анх 200.0 сая төгрөгөөр, улмаар нийт 549.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх эрх нээхийг холбогдох хэлтэст зөвшөөрсөн байна.

5/ Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, улмаар санхүүжилтийн үр дүнд буй болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахтай холбоотой захирамжийн хүрээнд хийгдсэн тохижилтын ажил одоогийн маргаж буй нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай бүхэлдээ давхцаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид шууд чиглээгүй ч, өмчлөх эрхэд халдсан захиргааны акт болох нь тогтоогдож байна.  

6/ Захиргааны байгууллага тухайн газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглах зорилгоор тохижилтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэсэн нь агуулгаараа гадагш чиглэсэн, тодорхой үр дагавар үүсгэсэн байна.

7/ Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн тусгай зарчмуудыг баримтлаагүй байна.

8/ Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Б зочид буудлын зүүн талын гадна талбайн тохижилтын ажлын төслийг гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т үүрэг болгож, төслийг санхүүжүүлэх эрхийг нээхийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст, төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллах зорилгоор гаргасан боловч бодит байдал дээр өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, зорилгодоо нийцээгүй, тохижилтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэсэн хэдий ч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр, өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх хөрөнгийг нурааж  газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашигласан тодорхой үр дагавар үүсгэсэн байна.

9/ Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар “…эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах”, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар “…төсөв хуваарилах, зарцуулахтай холбогдсон бүрэн эрхээ төсвийн төвлөрүүлэн захирагч, эсхүл харьяалах төсвийн шууд захирагчид шилжүүлэх” хуулиар олгогдсон бүрэн эрхтэй боловч түүний гаргасан захирамжийн хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт тохижилтын ажил хийж гүйцэтгэхээр үл хөдлөх эд хөрөнгийг нураах санхүүжилтийг шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” захиргааны акт илт хууль бус болох тохиолдолд хамаарахаар байна.

10/ Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар, Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын алба, С******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргаж, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгож, тус тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга баталж, Б зочид буудлын зүүн талд гадна талбайн тохижилтын загвар зургийн захиалагч нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болох нь тогтоогдож байна.

11/ Дээрх байгууллагууд нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагууд байх ба Нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд харьяа хэлтэс газрууддаа үүрэг чиглэл өгч, эрх олгосон байх тул түүнд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 12/ Хариуцагч захиргааны байгууллагууд “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргаан бүхий актыг илт хууль бус акт гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн тул шүүхээс дахин дүгнэх боломжгүй...” гэж тайлбарлан маргаж байгаа боловч тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 863 дугаар шийдвэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9/36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд харьяа хэлтэс газрууддаа үүрэг чиглэл өгч, эрх олгосон нь дотогшоо чиглэсэн акт буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, захиргааны актын шинжийг агуулаагүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхээс зохицуулалтын хувьд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, улмаар санхүүжилтийн үр дүнд буй болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авахтай холбоотой захирамжийн хүрээнд хийгдсэн тохижилтын ажил одоогийн маргаж буй, өмнө нь нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газартай бүхэлдээ давхцаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид шууд чиглээгүй ч, захиргааны акт биш гэж дүгнэх нь хангалтгүй гэж дүгнэж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайн маргааны хувьд хамааралгүй гэж үзлээ.

7. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу  учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулахыг хүссэн шаардлагын тухайд:

1/ Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.

2/ Хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “З” төвөөс  нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1,363,400.0 /нэг тэрбум гурван зуун жаран гурван сая дөрвөн зуун мянган төгрөг/ гэж, харин 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ гэж зөрүүтэй үнэлсэн энэ талаарх гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй, мөн хариуцагч Нийслэлийн Засаг даргаас хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3/ Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэсэн нийтлэг эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2 106.3.13 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 47 дугаар зүйлийн 47.1.6, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Л.М*******гаас Нийслэлийн Засаг дарга, Хот тохижилтын газар ОНӨААҮГ-т холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/822 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирол 3,908,944,226 /гурван тэрбум есөн зуун найман сая есөн зуун найман сая есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун хорин зургаа/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                   

 

     ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ