Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 411

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Д , түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат хохирогч О.Гялбаажамц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020339 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эх, дүүгийн хамт оршин суух, ял: 1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 56/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлсэн, 2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 169 дугаартай магадлалаар тэнсэж хянан харгалзсан, Д  Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч Д  2017 оны 1 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Эко Стар” зочид буудлын 906 тоот өрөөнд хохирогч О.Гялбаажамцтай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүнд путамены түвшинд цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэнш баруун хацар, хүзүү дагзанд цус хуралт, уруулд баруун хөмсөгт шарх, баруун шагайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр би найз Алтаншагайтай Эко стар зочид буудал руу ороод Гялбаажамцыг дуудахад хороололд явж байна гэсээр Данзансамбуугийн хамт төд удалгүй ирсэн. Би зочид буудлаас гарч тосч авад Гялбаажамцтай гар бариад байж байх хооронд Данзансамбуу нь миний ар дагз руу цохьсон. Тэгээд би буудал руу орсон хойно Данзансамбууг нэг удаа цохитол, Алтаншагай боль гэж болиулсан. Тэгсэн чинь Гялбаажамц согтуурхаад, өөрийгөө аяга энэ тэр юмаар цохиод, намайг зод гэж орилоод, тэгээд бид хоёр хоорондоо зодолдсон. Гялбаажамц унтаад, гэхдээ унтахаасаа өмнө 2 том пивоноос уусан. Харин 1 литрийн Чингис нэртэй архийг Алтаншагай, Данзансамбуу бид гурав хувааж уучихаад, тэр хоёр явсан. Гэтэл өглөө нь Данзансамбуу машин алга болсон байна гэсээр орж ирэхэд Гялбаажамцын нүүр, нүд нь хавдсан байсан. Тэгэхээр нь би түүнээс уучлалт гуйчихаад хамтдаа Саппоро руу шөлөндөө орохоор явсан гэв. Хохирогч О.Гялбаажамц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д ын ярьж байгаа нь бүгд үнэн. Би архи уугаад согтсон болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байсан. Гэхдээ бол ийм л юм болсон. Одоо надад нэмж яриад байх зүйл байхгүй. Д д гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй. Бид нар хоорондоо эвлэрсэн. Хохиролд гэж 500.000 төгрөг авсан гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад хохирогч Оргилсайханы Гялбаажамц “... 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гадуур ажилтай явж байгаад орой нь хорооллын эцэст караокед 21:00 цаг өнгөрөөгөөд Данзансамбуу болон оюутан ангийн найзтай нь цуг гурвуулаа 1 шил 0,75 литрийн Чингис нэртэй архи уусан. Тэгээд манай найз Алтаншагай над руу 23:30 минутын орчим залгаад 10 дугаар хорооллын Эко стар гэх нэртэй буудалд байна хүрээд ирээ архи ууя гээд залгасан. Тэгээд бид гурав архиа дуусгачихаад караоке-ноосоо гараад би Данзансамбуугийн машиныг бариад Данзансамбууг аваад 10 дугаар хорооллын Эко стар гэх нэртэй зочид буудал руу явсан. Тэгээд очоод машинаа тавиад Данзансамбуу бид хоёр шууд явж буудлын өрөө рүү нь орсон. Ороход Шагай Д  хоёр байсан. Тэгээд орсоноосоо хойш яг юу болсон талаар санахгүй байгаа. Тэгээд маргааш өглөө нь 12:00 цаг өнгөрч байхад сэрээд ярьж ч чадахгүй, толгой өвдөөд юу болоод байгааг мэдэхгүй байсан, гэхдээ бас зодуулсанаа мэдэж байсан ч хэнд зодуулсанаа мэдэхгүй асуух ч тэнхэлгүй байсан. Өглөө намайг босоход Данзансамбуу, Аптаншагай, Д  гурав байсан. Тэгээд Эко стар буудлаас гараад Саппоро- д байдаг шөлөндөө гэдэг нэртэй хоолны газар ороод юм ч идэж чадахгүй байсан болохоор гараад шууд гэр рүүгээ харьсан. Тэгээд гэртээ тэр өдрөө хэвтээд маргааш орой нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний орой Гэмтлийн эмнэлэгт ороод шууд хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэний дараа Д  ээжтэйгээ цуг ирээд би зодчихсон юмаа гээд уучлалт гуйгаад ирсэн. Тэгэхэд Д  намайг зодчихсон юм байна гэдгийг мэдсэн. Би машин бариад хорооллын эцсээс Эко стар зочид буудал руу явсанаа санаж байгаа. Эко стар зочид буудал руу орсоноосоо хойш юу ч санахгүй байгаа. Би бодохдоо салхинд цохиулаад согтсон байх гэж бодож байгаа. Агсам тавьдаггүй, уухаараа тэгж ямар нэгэн юм барьж өөрийгөө цохидоггүй. Бид гурав багын найзууд. 6, 7 дугаар ангиасаа хойш найзалж байгаа Алтаншагай манай ангийн найзуудтай найзууд. Тэр журмаараа нийлж явсаар байгаад найзууд болцгоосон. Урьд өмнө намайг нэг ч удаа цохиж зодож байгаагүй. Хоорондоо муудалцаж ч байгаагүй. Бид хоёрын дунд хувийн таарамжгүй харилцаа байхгүй” /хх-н 22/, “... Монхоо гэх нэртэй Д  найздаа Эко стар зочид буудалд ороод Данзансамбууг өмөөрч байгаад зодуулсан. Намайг зодож цохисныг нь санаж байгаа ч хаана хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Өмнөх байцаалтан дээрээ юу гэж ярьсанаа санахгүй байна. Надад гомдол санал байхгүй, 1.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Эмчилгээндээ зарцуулсан мөнгөө л гаргуулж авмаар байна. Үүнээс надад 450.000 төгрөгийг нь өгсөн” /хх-н 23/ гэж, гэрч Бүрэнцогтын Данзансамбуу “... би найз Гялбаажамцтай 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр уулзаад хамт гараад манай найзуудтай амралтанд явна гэж ярьж байсан. Манай найзууд олуулаа байна гэхээр нь Гялбаажамц бид хоёр биллъяард тоглож байгаад орой Хорооллын эцэст нэг караокед Гялбаажамц, манай оюутан ангийн найз Батлай бид гурав орсон. Орсон цагаа санахгүй байна. Тухайн караокед ороод хүний 2 шил пиво 0,5 литрийн Хар чингис архи 1-ийг, 0.75 литрийн сүүлд гарсан хар Х гэдэг нэртэй архи уусан. Тэгээд караокений цаг дуусаад гараад найзуудруугаа ярьсан чинь Био-д байна гэхээр нь дуудлагын жолооч дуудаад очъё гэсэн чинь дуудлагын жолооч 15 000 төгрөг гэхээр нь больчихсон. Надад байгаа нь 20.000 төгрөг л байсан Гялбаажамц руу Алтаншагай гээд найз нь залгаад хаана байгаа юм Монхоо бид хоёр буудалд хоёулахнаа байна та хоёр хүрээд ирээч гэхээр нь Гялбаажамц бид хоёр уруудаад Эко стар гэх эочид буудал руу 23:55 орчимд очсон 00:00 болохын өмнө орсон Монхоо буюу Д  бид хоёрыг гарч ирээд Эко стар гэх зочид буудлын гаднаас тосож аваад цуг орсон. Орсон чинь Д  намайг шууд шанаа руу цохьсон. Яагаад цохьсон талаар нь мэдэхгүй байна тэгэхэд Гялбаажамц голоор орж ирээд салгасан чинь Гялбаажамцыг бас нэг удаа шанаа руу нь цохиж унагаасан тэгэхэд нь Гялбаажамц яагаад манийгаа цохиж байгаа юм тэгвэл дахиад нэг удаа цохьчих гэж байсан. Тэгээд больцгоогоод цугтаа хоёр том Нийслэл пиво уусан. Дахиад нэг 1 литрийн голд чингис архи гаргаж ирээд уусан. Тэгээд би ууж дуусчихаад явлаа гээд хаалгаар гарч байгаагаа санаж байна. Тэрнээс хойш яаснаа санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн чинь гэртээ орж ирчихээд гал тогоондоо хэвтэж байхад ээж ирээд хүүе чи чинь яачихсан юм бэ гэхээр нь тэгээд унтаад өгсөн. Өглөө манай эхнэр гандан орно гээд гадуур машин хайсан чинь байхгүй тэгээд буудлын гадаа байгаа байх гээд Эко стар гэх зочид буудлын гадаа очсон чинь байхгүй байсан. Машинаа байхгүй байхаар нь буудал руу орсон чинь нөгөө гурав дөнгөж босож ирээд байж байсан. Гялбаажамцийн нүд нь хөхөрчихсөн, хөмсөгнөөс нь цус гарчихсан чих нь хавдчихсан цусаа угаагаад байж байхаар нь яасан юм гэсэн чинь Гялбаажамц юм дуугарахгүй байсан. Тэгээд Алтаншагай, Д  хоёроос асуусан чинь Шагай надад чамайг таксинд суулгаж өгөөд ороод ирэх хооронд Д  зодчихсон байна лээ гэж хэлсэн. Чи яагаад найзыгаа зодож байгаа юм бэ нүүр ам нь аймар болчихсон байна шүү дээ гэсэн чинь уучлалт гуйгаад бүгдээрээ Саппорогийн шөлөндөө ороод юм идээд цагдаа дуудчихсан байсан болохоор би түрүүлээд Эко стар гэх буудал руу буцаад явсан. Араас Д , Алтаншагай хоёр ирж байсан. Ирэхээр нь Гялбаажамц яасан юм гэсэн чинь гэр рүүгээ харьчихсан гэсэн. Өглөө нэг пивер аяга хагарчихсан байсан. Тэгээд энэ яачихсан юм гэсэн чинь Д , Аптаншагай хоёр Гялбаажамц өөрийгөө цохиод хагалчихсан гэж хэлсэн. Гэхдээ би Гялбаажамцыг өөрийгөө цохиж байхыг нь анзаараагүй. Бид нарыг ууж байхад нэг ч хүн орж ирээгүй. Бид нараас хэн нь ч гараагүй. тэрийг бол сайн санаж байна. Намайг гарсанаас хойш тэр гурав дээр өөр хүн орж ирсэн гэж нэг нь ч яриагүй. Энэ хоёрыг багын найзууд гэдгийг мэднэ. Хувийн таарамжгүй харилцаа өр авлага өс хонзонгийн асуудал байгаа тапаар мэдэхгүй. Маргааш өглөө нь яагаад ингэж Гялбаажамцыг зодсон юм бэ гэж асуухад тасарчихсан байна лээ гэж байсан. Хэвтээд үлдсэн. Би босгоод яахав гээд Гялбаажамцад хэлэхгүйгээр явсан. Намайг явахад Алтаншагай гаргаж таксинд суулгаж өгсөн. Бид хоёр бас тамхи татаад ойролцоогоор 5 минут болсон. Маргааш нь захирал нь 5-н давхартаа унтаж байхад та нарын муудалцаад орилолдоод байгаа чинь сонсогдоод байсан гэсэн. Д  нь манай найз Гялбаажамцтай багын найзууд. Би Гялбаажамцтай нэг байрны найзууд юм” /хх-н 24-25/ гэж, гэрч Чулуунхүүгийн Уранбилэг “... 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12:00 цагаас Баянгол дүүргийн 05 дугаар хороонд байрлах Эко стар зочид буудлын ресепшний ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12.00 цаг хүртэл ажилласан. Энэ хугацаанд гаднаас 21:00 цаг өнгөрч байхад юм шиг санагдаж байна хоёр залуу орж ирээд 906 тоот өрөөнд оруулсан. Тэр нь нэг ортой өрөө байсан. Тэр өрөө нь ер нь бол 306 тоот өрөө юм. Гэхдээ тэр өрөөнд байнга гэмт хэрэг гараад байдаг байсан болохоор нь дугаарыг нь солиод 906 тоот өрөө болгочихсон юм. Тэгээд архи дарс уугаад зодоон цохион хийвээ, элдэв асуудалгүй унтаж амраарай гэж хэлсэн. Тэгэхэд ямар нэгэн асуудал байхгүй ээ гэж хэлсэн. Анх өрөө авч орохдоо нэг том пиво, нэг архитай орсон. Анх тэр хоёр орохдоо бид хоёроос өөр хүн орж ирэхгүй гэж хэлж орсон. Тэгэхэд нь угаасаа нэг ортой өрөөнд хоёроос дээш хүн орж болохгүй гэж хэлж байсан. Тэгээд нэг нь гарч яваад өөр нэг хоёр найзыгаа дагуулаад орсон. Яг хэдэн цагт дагуулж орж ирсэнг нь санахгүй байна. Манайх доошоогоо караокетэй болохоор олон хүн орж гардаг юм. Тэгээд тэр хоёр залуу орсоноос хойш анх өрөө авсан өндөр залуу нь нэг удаа дэлгүүр ороод юм аваад орж байгаа харагдсан. Гэхдээ бусад нь 03:00 цаг хүртэл бол нэг ч орж гараагүй. Би 03:00 цагаас 06:00 цаг хүртэл хамгаалагч Баярсайханд хэлээд үлдээсэн. Тэгээд өглөө нь босоод байж байхад Баярсайхан энэ хүүхдүүд гарч ороод байсан гэж хэлсэн хоорондоо зодолдож цохилцсон талаар юм яриагүй. 3 давхарт миний санаж байгаагаар 3-н өрөөнд нь хүнтэй байсан шиг санаж байна. Энэ залуучуудын орсон өрөөнөөс бусад өрөөнд нь бүгд хосоороо байсан. Маргааш өглөө нь машин алга боллоо гээд ярьж байснаас биш зодолдож цохилцсон талаар юу ч яриагүй. Миний санаанд энэ өрөөнийхөн тод үлдсэн шалтгаан нь машинаа нэг нь алдчихсан болохоор сайн санаж байна. Баярсайхан тэр шөнө өрөө давхаруудаа сайн эргэж тойроод ажилласан. Би урьд 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 06-ны хооронд ажил явдалтай байсан болохоор их ядарсан байсан. Өглөө нь орж өрөө хүлээж авахад ор хөнжлийн даавуу нь цустай болчихсон байсан. Энэ ор хөнжлийн даавууны төлбөрийг төлөх мөнгө байхгүй иргэний үнэмлэхээ үлдээчихье гэсэн. Тэгээд энэ хэд гараад явцгаасан. Ямар ч өөр өрөөний хүмүүстэй муудалцаагүй Ямар нэгэн өөр өрөөний тохиолдолд ресепшнд мэдэгддэг. Тэгж муудалцаж зодолдохоор ч хумүүс манайхаар үйлчлүүлээгүй. Дандаа хосоороо явж байсан хүмүүс байсан. Би мэдээгүй. Өглөө ороход ор хөнжил цус болчихсон байсан. Тэрнээс биш цохиж эодолдсон талаар нь мэдээгүй. 03:00 цаг хүртэл бол өрөөнд нь ороогүй. Ер нь бол давхаруудаа эргэчихлээ гэж хэлж байсан. 906 тоот өрөөнийхөн орж гараад байсан болохоос биш бусад өрөөнийхөн өрөөнөөсөө орж гараагүй” /хх-н 26-27/ гэж, гэрч Батбаатарын Алтаншагай “... 2017 оны 1 дүгээр сарын 07-ны орой Монхоо гэж дууддаг Д  гэдэг найзтайгаа 10 дугаар хорооллын автобусны буудал дээр 22:00 цагийн орчим уулзсан. Тэгээд бид хоёр шууд Эко стар гэдэг нэртэй буудал орсон. Ороод том пиво нэгийг ууж байгаад Гялбаажамц руу яриад уулзах уу гэсэн чинь хороололд Данзантай цуг уугаад сууж байна машин барих хүн байна уу гэхээр нь Д  бид хоёр бас уучихсан байна аа машинаа тавьчихаад хүрээд ир гэсэн. Удалгүй 20-30 минутын дараа над руу залгаад ирчихлээ гэсэн. Даваажаргап гарч тосоод авч орж ирсэн. Гадаа Данзан Д  хоёр маргалдсан гэсэн. Орж ирсэнээ Данзан Д  хоёр маргалдаад Д  Данзанг нэг удаа нүүрэнд нь цохихоор нь би салгасан. Тэгсэн чинь Гялбаа найзууд юм байж хоорондоо яагаад байгаа юм бэ гээд хоёр пиавар аяга аваад өөрийнхөө толгойг ээлжилж цохиод халуун устай ус буцалгагч аваад өөрийгөө цохиод муухай муухай орилоод байсан. Д  очоод чи одоо яагаад байгаа юм бэ гээд очоод хоёр гурван удаа нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь бас би очоод салгасан. Тэгээд тэр гурав хоорондоо эвлэрээд бид дөрөв хамт 2 ширхэг том пиво уусан. Анх Гялбаа орж ирэхдээ нэлээн согтолттой байсан болохоор хоёр пиво уучихаад Гялбаа тасраад уначихсан. Данзан Даваажаргап бид гурав 0.75 литрийн Чингис архи 1 шилийг хувааж уусан. Ууж дуусчихаад Данзан өдөр ажилтай харьж явлаа гээд шөнө гараад явна гэхээр нь машиныхаа түлхүүрийг үлдээчих ээ чи машинаа бариад явчихна шүү дээ гэхэд зүгээр ээ машинаа үлдээгээд явна гэхээр нь за би чамайг таксинд суулгаж өгье гээд цуг гараад явсан. Бид хоёр гадаа тамхи татаад 20-30 минут гадаа юм ярьж зогссон. Тэгээд Эко старын урдаас таксинд суулгаад явуулчихаад буцаад орсон чинь тэр хоёр унтаж байхаар нь би бас ороод унтсан. Өглөө босоод ирсэн чинь ресепшн нь хажуу өрөөнийхөө бүдүүн залуутай маргалдаад байсан гэж надад хэлсэн. Би бодохдоо Гялбаажамц бол маргалдаагүй тасраад унтчихсан байсан. Д  л маргалдсан юм шиг байна лээ. Намайг байхад бол хэн нь ч өөр хүнтэй муудаагүй. Өглөө 11:00 цагийн үед Данзан машинаа олдоггүй ээ гэж ирсэн. Тэгээд 12:00 цагийн орчим бид дөрөв буудлаас гараад Шөлөндөө орж юм идсэн. Тэгэхэд Гялбаа би юм идэхгүй ээ гээд юу ч идээгүй. Гялбаажамцыг Д аас өөр хүн зодоогүй. Намайг байхад Д  л хэд хэдэн удаа нүүр лүү нь цохиж зодсон. Тэрнээс биш өөр хүн бол зодоогүй. Би Данзансамбууг таксинд суулгаж өгөхөөр гарахад Гялбаажамц бол тасраад босох тэнхэлгүй унтаж байсан. Данзансамбууг Д  цохисноос болоод Гялбаажамц дагуулж ирсэн найзыг маань цохилоо гээд уурлаад өөрийгөө аягаар цохиод муухай орилоод байхаар нь Д  цохиж зодсон. Би Д тай багын найзууд. Гялбаажамцтай 6-7 жил найзалж байгаа. Өмнө нь найзуудыгаа цохиж зодсон асуудал байхгүй. Д  эрүүлдээ бол ямарч элдэв зан байхгүй сайн залуу. Харин жоохон согтчихоороо тавтиргүй зантай хүнтэй муудаж зодолдчих гээд байдаг зантай хүн. Гялбаажамц бас архи уухгээд байдаг, гэхдээ элдэв зан байхгүй мөрөөрөө хүүхэд. Данзансамбуу өглөө нь ирээд Д ыг чи найзыгаа ариа муухай болгочихсон байна шүүдээ уучлалт гуйгаач гэж хэлэхэд Д  Гялбаажамцаас уучлалт гуйсан.” /хх-н 28-29/ гэж тус тус мэдүүлжээ. Түүнчлэн хохирогч О.Гялбаажамцын гэмтэлтэй холбоотой “Гялбаажамцын биед тархины зүүн талд бомболгийн тархины эдийн гүнд путамены түвшинд цус хуралт, тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, дагзанд цус хуралт, уруулд баруун хөмсөгт шарх, баруун шагайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” /хх-н 35/ гэсэн 1373 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно. Прокуророос шүүгдэгч Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцлоо. Шүүхээс шүүгдэгч Д д ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав. Шүүгдэгч Д  урьд өмнө нь шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан байх ба энэ нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор түүний эрх зүйн байдалд нөлөөлөхгүй. Харин тэрээр 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 45 хоног цагдан хоригдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр оногдуулах торгох ялд дүйцүүлж шийдвэрлэлээ. Үүнийг тооцож үзвэл; торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэхэд 15*45=675 болж байна. Шүүгдэгч Д  бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч О.Гялбаажамц “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 55-56, 58, 111/ гэсэн болно. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн флаш нэг ширхэгийг хэрэгт хавсарган үлдээв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Д ын цагдан хоригдсон 45 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, түүнд оногдуулсан 675.000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хохирогч О.Гялбаажамц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 1 ширхэг флашийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д д урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ