Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1875

 

Х.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02306 дугаар шийдвэртэй, Х.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ХКТ” ХХК-д холбогдох /бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Г.А оролцсон/,

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны болон олгогдоогүй цалинд нийт  30 160 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Алтансүх, түүний өмгөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “ХКТ” ХХК-д 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 29 тоот тушаалаар хуулийн зөвлөхөөр, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар гүйцэтгэх захирлаар тус тус томилогдон ажиллаж байгаад тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/18 дугаар шийдвэрээр үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хийгдсэн гэрээний дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж ирсэн, ямар нэгэн байдлаар сахилгын зөрчил болон эд хөрөнгийн дутагдал доголдол гаргаагүй. Ажиллах хугацаанд сарын 1 000 000 төгрөг, утасны 60 000 төгрөг, унааны 100 000 төгрөг, нийт 1 160 000 төгрөгийн цалин олгодог байсан ч 2017 оны 1 дүгээр сараас хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 23 сар 15 хоногийн цалин урамшуулал, мөн ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан 2 сар 15 хоногийн хугацааны цалин хөлс болох нийт 26 сарын цалин урамшууллыг нэхэмжилж байна.

Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 30 160 000 төгрөгийг хариуцагч “ХКТ” ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа: Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрээр данс, мөнгөн хөрөнгөө хаалгаж, битүүмжлүүлсэн, ажилчдын цалин хөлсөө төлж чадахгүй явсаар байгаад хамгийн сүүлд гүйцэтгэх захирал Х.Г-ыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр ажлаас халсан. Түүнийг тус компанийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч Г.Алтансүх, 66.7 хувийн хувьцаа эзэмшигч Д.Батчулуун миний бие ажлаас халсан ба тухайн үед ямар ч хууль сануулаагүй гэнэт халсан нь үнэн. Энэ асуудалд Г.А мөн адил хариуцлага хүлээх нь зүйтэй. Х.Г нь гүйцэтгэх захирлын үүргээ гүйцэтгэж байхдаа ямар нэг зөрчил гаргаж, шийтгүүлж байгаагүй, харин ч миний өмнөх хувьцаа эзэмшигчид түүний компанид оруулсан хувь нэмрийг үнэлж орон сууцаар шагнаж урамшуулж байсан тогтоол, шийдвэр нь байдаг. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Х.Г-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа:  Компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал нь уг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй, Иргэний хуульд заасны дагуу даалгаврын гэрээгээр уг компанийг ашигтай ажиллуулах үүргийг үүсгэн байгуулагчдын өмнө хүлээдэг. Гэтэл “ХКТ” ХХК нь дүрэмдээ Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй. Х.Г нь компанийн 66.7 хувийн хувьцаа эзэмшигч Д.Батчулуунтай 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулж компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар улсын бүртгэлд бүртгүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болсон. Ажиллах хугацаанд компанийг ашигтай ажиллуулж чадаагүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг хэрэгжүүлж чадаагүйн улмаас цалин хөлсөө авах боломж алдагдсан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэжээ. “ХКТ” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирал Х.Г-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Компани дүрэмд заасан үйл ажиллагаагаа явуулж чадахаа больж, төрийн захиргааны байгууллагуудад их хэмжээний өртэй болсон. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, энэхүү харилцаа нь иргэний эрх зүйн харилцааны дагуу шаардах эрх үүсэх учиртай. Иймд “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр хүчинтэй байгаа, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “ХКТ” ХХК-д холбогдуулан гаргасан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон олгогдоогүй цалин хөлс 30 160 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Х.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Х.Г-ын төлсөн 5 750 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хөлсөөр ажиллах гэрээ дуусгавар болоогүй гэж үзэх боломжгүй байна гэжээ. Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно гэснээс харахад харин ч нэхэмжлэгчийг 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажилд томилсноос хойш 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гэрээ хүчин төгөлдөр байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Учир нь, хэрэгт нэхэмжлэгчийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө гэрээг цуцалсан гэх ямар ч нотлох баримт байхгүй, зохигч болон гуравдагч этгээд энэ талаар маргаагүй. Тиймээс ч Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3, 83 дугаар зүйлийн 83.15 дах хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан гэж үзэх боломжтой. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд тохиролцох ёстой гол нөхцөлүүд тусгасан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс тодорхой харагдаж байна. Гэтэл гэрээний зарим заалтыг үндэслэж хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь мөн л хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч “ХКТ” ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон олгогдоогүй цалин урамшуулалд нийт 30 160 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүлээн зөвшөөрч, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг тайлбарлахдаа “ХКТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/18 дугаар шийдвэрээр гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн гээд, 2017 оны 1 дүгээр сараас хойш ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 23 сар 15 хоног, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны 2 сар 15 хоног, нийт 26 сарын цалин урамшуулал гаргуулна гэжээ.   

Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зарим үйл баримтыг тодруулж, талуудыг тухайн шаардлагын хэмжээнд мэтгэлцүүлсэн гэж үзэхээргүй байна. Нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн 2 дах заалтаар Х.Г-ын ажилласан хугацааны тооцоог 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж дуусгахыг тусгасан байх боловч хэргийг баримт, талуудын тайлбараар энэ заалт хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус байна. Энэ тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сараас хойш нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны цалин болон урамшуулал хэдий хэмжээтэй болох нь тодорхойгүй, үүнийг хэрхэн тооцох талаар зохигчид мэтгэлцээгүй, шүүх тодруулаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь “ХКТ” ХХК-тай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гэрээ”-г /хх13-18/ хувьцаа эзэмшигчид хууль бусаар цуцалсан гэх үндэслэл заах боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу хариуцагч хуулийн этгээдийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч Г.А нь компанийн үйл ажиллагаа нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зогссон нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж тайлбарлаж байгааг шүүх анхаарах байжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар талуудын хооронд үүссэн маргааны талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, талууд маргааны зүйлийн талаар өөр өөр тайлбар гаргаж, хэрэгт хамаарах үйл баримтын талаар мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах эсхүл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Мөн хариуцагч тал нь давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэг сарын хугацаанд дээрх шаардлагыг нь бүрэн биелүүлэх агуулгаар нэхэмжлэгчтэй “Эвлэрлийн гэрээ” байгуулж, ирүүлснийг гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бөгөөд дээр дурдсан бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2019/02306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдөхийг  дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО 

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

                                                                                         Т.ТУЯА