Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/300

 

2022           3              09                                            2022/ДШМ/300

                                                                                         

С.Н, Ж.М нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батсайхан,

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Х.Ургаа,

нарийн бичгийн дарга П.Эрхэбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Х.Ургаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн С.Н, Ж.М нарт холбогдох 2002004580096 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1 Х овгийн С-н Н, 1972 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн 1.... дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй эдэлж байгаагүй, /РД:............./,

2 Б овгийн Ж-н М, 1988 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгачин, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Зээлийн ... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........../;

Шүүгдэгч С.Н нь .... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг ангид хамт суралцаж байсан Г.А-г дуу хөгжмийн багшаар ажилласан мэтээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б/26 дугаартай ажилд авсан тушаал гаргаж 832.131 төгрөгийн үндсэн цалин бодуулж нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэгт 160.609 төгрөгийг суутгаж, 671.522 төгрөгийг Хаан банк дахь 50............... тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлээд 620.000 төгрөгийг өөрийн 5405519340 тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г.А-г ажлаас чөлөөлсөн Б/41 дүгээр тушаал гаргаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 832.131 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Н нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Ж.М-н ашиг сонирхлын үүднээс няравын албан тушаалд томилохын тулд 200.000 төгрөг өгөхийг шүүгдэгч Ж.М-с шаардан улмаар шүүгдэгч Ж.М нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус цэцэрлэгт няравын ажилд томилогдож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч С.Н-д 200.000 төгрөгийг Хаан банк дахь С.Н-ийн 54................ тоот дансанд шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт, С.Н нь 200.000 төгрөгийг авсны дараа 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ж.М-г ажилд авах тухай Б/42 дугаар тушаалыг гаргаж хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

            Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт С-н Н-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, Б овогт Ж-ийн М-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Н-г нийт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 10.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг Ж.М-д сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н-д оногдуулсан 10.800.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс С.Н миний биеийг Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Намайг 10.800.000 төгрөгөөр торгосон шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний бие ам бүл тавуулаа амьдардаг бөгөөд манай гэрт ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Би хэрэгт холбогдсоноос хойш ажилгүй байгаа болно.Манай нөхөр 2021 оны 12 сард хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар групп тогтоолгож гэртээ ажилгүй байгаа болно. Миний бие цалингийн зээл 2021 оны 2 дугаар сард авсан бөгөөд ажилгүй байгаа учраас нөхрийнхөө группын мөнгөөр цалингийн зээлээ чадан ядан төлж байна. Мөн манай гэр бүл өөрийн орон байргүй бөгөөд бусдын орон сууцыг түрээсэлж амьдардаг юм.Одоогоор нөхрийн группын орлогоос өөр манай гэр бүлд орлого байхгүй бөгөөд торгуулийн мөнгийг 3 сарын богино хугацаанд төлөх ямар ч боломжгүй байна. Би өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд анх удаа хэрэгт холбогдсон хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Иймд тус шүүхээс хүсэхэд надад оногдуулсан торгуулийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Х.Ургаа нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч С.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрийн гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа болно. Шүүгдэгч С.Н нь анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөх санхүүгийн ямар ч боломжгүй байгаа бөгөөд хэрэгт холбогдсоноос хойш ажил хөдөлмөр эрхлээгүй, нөхөр нь 2021 оны 12 сараас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон юм. С.Н нь ам бүл тавуулаа 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ар гэрт нь ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй юм.С.Н нь цалингийн зээлтэй бөгөөд ажлаа хийж чадахгүй болсны улмаас цалингийн зээлээ нөхрийнхөө группын мөнгөөр хагас дутуу төлдөг болсон, өөрийн гэсэн орон гэр байхгүй түрээсийн орон сууцанд гэр бүлээрээ амьдардаг болно. Цар тахлын улмаас ажил үйлчилгээ бүрэн зогссоны улмаас орлого олох ямар ч боломжгүй болсон, хэрэв торгуулийн мөнгийг төлөхөөр бол С.Н-с биш гэр бүлийн гишүүдийн бусад орлогоос төлөх ёстой болоод байна.Нөхрийн группын орлого хаанаа ч хүрдэггүй цалингийн зээл, байрны түрээсийн төлбөр, хоол унд хувцас хунарт зарцуулах мөнгө төгрөггүй хүнд байдалд байна. С.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байгаа бөгөөд хохирол төлбөрөө бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн юм. Иймд шүүгдэгч С.Н нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, ар гэрийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж туслалцаа үзүүлнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

Шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...

Прокурор Б.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан, бусад байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч С.Н нь .... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг ангид хамт суралцаж байсан Г.А-г дуу хөгжмийн багшаар ажилласан мэтээр 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б/26 дугаартай ажилд авсан тушаал гаргаж 832.131 төгрөгийн үндсэн цалин бодуулж нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэрэгт 160.609 төгрөгийг суутгаж, 671.522 төгрөгийг Хаан банк дахь 50......... тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлээд 620.000 төгрөгийг өөрийн 54.......... тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Г.А-г ажлаас чөлөөлсөн Б/41 дүгээр тушаал гаргаж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдлээ хэтрүүлэн 832.131 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч С.Н нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Ж.М-н ашиг сонирхлын үүднээс няравын албан тушаалд томилохын тулд 200.000 төгрөг өгөхийг шүүгдэгч Ж.М-с шаардан улмаар шүүгдэгч Ж.М нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус цэцэрлэгт няравын ажилд томилогдож, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч С.Н-д 200.000 төгрөгийг Хаан банк дахь С.Н-ийн 54............тоот дансанд шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт, С.Н нь 200.000 төгрөгийг авсны дараа 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Ж.М-г ажилд авах тухай Б/42 дугаар тушаалыг гаргаж хахууль авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч С.Х-н “...Ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр цалин олгуулж авч төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна. ...” (1хх 156-157),

гэрч Б.Н-н “...Дараа нь хэдэн төгрөг өг гэж байна гэхээр нь хэдэн төгрөг юм гэхэд 200.000 төгрөг гэж хэлсэн. Уг цэцэрлэгийн эрхлэгч С.Н гэж хүн нэхэж байна гэж байсан. ...Мөнгө төгрөгийн асуудлыг би нарийн сайн мэдэхгүй байна, ямар ч байсан Ж.М надад ах, эгч хоёр мөнгөө шилжүүлчихлээ энэ мөнгөнөөс нь өгчих үү гэхээр нь тэгэхгүй юу даа наад мөнгөнөөсөө өгчих гэж хэлж байсан. Яг хэзээ, яаж шилжүүлж өгсөн талаар нь мэдэхгүй байна. Тэгээд ажлаа хийж байгаад нэг мэдсэн ажлаасаа гарах боллоо гээд л гарчихсан. ...” (1хх 59-60)

гэрч Г.А-н өгсөн: “...Тэгээд С.Н-тай ярилцаж байхдаа нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлж байсан ба яг яагаад С.Н-д өгчихсөнөө одоо үнэхээр санахгүй байна. Тэгээд дараа нь удаагүй дэвтрээ авъя гээд авч байсан. Би .... дугаар цэцэрлэгт ажиллаагүй. ...Ингэж уулзахдаа би дээр хэлсэнчлэн нийгмийн даатгалын дэвтрээ С.Н-д өгчихсөн байсан. Тэгээд байж байтал миний дансанд .... дугаар цэцэрлэгийн цалин гээд 671.522 төгрөг орж ирэхээр нь гайхаад С.Н руу залгаад асуутал шинээр дууны багш ирсэн гэл үү юу гэлээ нэг юм хэлээд жимснийхээ 50.000 төгрөгийг суутгаад энэ данс руу буцаагаад шилжүүлчих гэхээр нь өгсөн данс руу би шилжүүлж байсан. ...Би мэдээгүй, шимтгэлээ би хувиараа сайн дураараа төлж байсан. 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажилласан тал цалин бодогдож орсон. Би .... дугаар цэцэрлэгт ажиллаагүй. ...Миний дансанд цалин орохыг нь би мэдээгүй. ...Одоо яг яагаад дэвтрээ үлдээснээ санахгүй байна, ямар ч гэсэн санаатай үлдээгээгүй. ...Тэгээд дараа өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэнчлэн миний дансанд .... дугаар цэцэрлэгээс цалин гээд орж ирэхээр нь С.Н руу жимсний үлдэгдэл мөнгөө суутгаад шилжүүлж байсан. ...Үгүй би өргөдөл бичиж байгаагүй. Энэ баримт дээрх бичиг миний бичиг биш байна. Миний авч ирсэн хар дэвтэр дээрх бичмэлүүдтэй энэ надад үзүүлсэн баримт дээрх бичмэлийг харьцуулаад харсан ч өөр байгаа нь харагдана, миний бичиг биш. Мөн энэ баримт дээрх Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 35-12 тоот хаяг болон 88366926 дугаарыг би мэдэхгүй...” /1хх 46-49, 114-115/,

гэрч О.Амарсанаагийн “...Манай эхнэр ерөөсөө тэр .... дугаар цэцэрлэгт ажиллаагүй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байдаг 195 дугаар цэцэрлэгт анх нээгдсэн цагаас хойш одоог хүртэл ажиллаж байгаа...” (1хх 118-119) гэх мэдүүлгүүд,

Баянгол дүүргийн .... дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримт бичгүүд, эрхлэгчийн тушаал, шийдвэрүүд (1хх 132- 139), Нийслэлийн Баянгол дүүргийн дотоод аудитын газраас гаргуулж авсан .... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн А, Б тушаалын бүртгэлийн дэвтэр, ажилчдад цалин олгосон баримт, дансны хуулгууд (2хх 52-127), Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэлийн баталсан удирдамжийн дагуу хийгдсэн дотоод аудит, хяналт шалгалтын ажлын тайлан (2хх 214-221), Авлигатай тэмцэх газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05/2687 дугаартай албан бичиг (2хх 25), С.Н-с гаргаж өгсөн “өргөдөл гомдлын дэвтэр” гэсэн бор өнгийн хавтастай баримтад үзлэг хийсэн тэмдэглэл Г.А-г ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл (1хх 240-250) С.Н-ийн хаан банкны 54............. тоот дансанд үзлэг хийж түүвэрлэсэн тэмдэглэл (4хх 91-94), мөн шүүгдэгч С.Н-ийн ажлын байрны тодорхойлолт /2хх 45-50/, Баянгол дүүргийн .... дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/26 дугаартай Г.А-г ажилд авах тухай тушаалын хуулбар (1хх 28), Г.А-д цалин бодсон цалингийн хүснэгт (1хх 199), Нийслэлийн Баянгол дүүргийн Дотоод аудитын албанаас гаргуулж авсан .... дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн А, Б тушаалын бүртгэлийн дэвтэр, ажилчдад цалин олгосон баримт, дансны хуулга (2хх 52-127), Арилжааны банкуудаас гаргаж авсан дансны хуулга (3хх 7-191), Ж.М-н Хаан банкны 506......... тоот дансны дэлгэрэнгүй хуулга (1хх 14), Нийслэлийн Баянгол дүүргийн .... дугаар Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/42 дугаартай Ж.М-г ажилд авах тухай тушаал (1хх 11) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Н-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг, Ж.М-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч шүүгдэгч С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ж.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч С.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Н-г нийт нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 10.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Н-д нийт 10.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн атлаа оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн торгох ялыг биелүүлэх боломж, шүүгдэгч С.Н-ийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг “3 жил” болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Х.Ургаа нар нь “...Анхан шатны шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог билээ.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар ихтэй хэдий ч тухайн шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн  байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болохоор хуульд тусгайлан зохицуулсан.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь торгох ялаас хүнд төрлийн ял бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул өөрчлөх боломжгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...3 /гурав/ сарын хугацаанд...” гэснийг “...3 /гурав/ жилийн хугацаанд...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Х.Ургаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ