| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2017/0436/Э |
| Дугаар | 418 |
| Огноо | 2017-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн
улсын яллагч Н.Дамбадаржаа
шүүгдэгч /хохирогч/ Н шүүгдэгч /хохирогч/ Б , түүний өмгөөлөгч Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201726020516 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн удирлага мэргэжилтэй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ялгүй, Н 2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт ялгүй, Б Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр; Шүүгдэгч Н 2017 оны 2 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр хохирогч Б той маргалдаж улмаар нүүр рүү нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б 2017 оны 2 дугаар сарын 5-ны шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр хохирогч Н той маргалдаж улмаар нүүр рүү нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч /хохирогч/ Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б бид хоёр эвлэрсэн тул гомдол санал байхгүй. Хохирогчийн хувьд мэдүүлэхэд тухайн хэрэг гардаг өдөр би хоёр найзын хамт 2 шил архи хувааж уусан. Би гэртээ харих гээд 10 дугаар хорооллын автобусны буудал дээрээс такси барих гэсэн боловч 2-оос 3 такси зэрэгцээд зогсож байсан. Би урд талын таксинд суух гэсэн боловч явахгүй гэхээр нь ард талын такси нь дээр очоод тухайн машины жолоочтой маргалдаж зодоон болж хохирогч болсон. Зодоон болоход намайг Б ганцаараа ч зодоогүй, хоёулаа нийлж зодсон гэв. Шүүгдэгч /хохирогч/ Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гомдол санал байхгүй. Тэр өдөр би ах Батжаргалыгаа авахаар 10 дугаар хорооллын автобусны буудал дээр зогсож байтал Н хүрч ирээд явах уу гэж асуухаар нь явахгүй гэж хэлсэн. Гэтэл Н миний машины хаалга руу өшиглөсөн. Би машинаасаа буутал намайг цохихоор нь маргалдаж ноцолдож эхэлсэн. Би урд талд зогсож байсан таксины жолоочоос цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Тухайн үед Н ыг өөрөөсөө холдуулах гэхлээр л эргэж надтай барьцалдаад салахгүй байсан юм. Түүнээс биш нийлж зодоогүй гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн 201726020516 дугаартай хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг дүгнэвэл энэ хэргийн нэг шүүгдэгч буюу хохирогчоор мөн тогтоогдсон Б нь 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр таксины үйлчилгээ үзүүлж байх явцад нөгөө шүүгдэгч буюу хохирогчоор мөн тогтоогдсон Н ирснээр тэдгээрийн хооронд үл ойлголцол үүсч, зодоон болж бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Н ыг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б ийг 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр, улмаар тэдгээрийг яллагдагчаар татаж, байцаалт авчээ. Дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хохирогч /шүүгдэгч/ Ганболдын Б ийн “... 2017 оны 2 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Баянгол дүүргийн 5-р хороо, 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр өөрийн эзэмшлийн 1634 УНХ улсын дугаартай автомашинтай Батжаргал ахыгаа хүлээгээд зогсож байтал урд талд зогсож байсан машины хаалгыг нэг согтуу залуу онгойлгож жолоочтой нь юм ярьж байгаад хаалгыг нь саваад над руу хүрч ирээд “Явах уу” гэж асуухаар нь би “Явахгүй, хүн хүлээж байна” гэж хэлсэн чинь “Пизда нар ялгаварлан гадуурхлаа” гэж хэлээд миний машины жолоочийн хаалга руу 2 удаа өшиглөхөөр нь би “Яаж байгаа юм” гээд машинаас буугаад ирэхэд тэр согтуу залуу миний дух руу 1 удаа зүүн гараараа цохиж миний хөмсөгийг шалбалахаар нь би хүзүүний ороолтоос нь барьж авах гээд гараа явуултал миний гар руу 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр согтуу залуугийн гар руу 3-4 удаа цохиод хүзүүний ороолтоос нь барьж аваад татсан чинь газар нүүрээрээ уначихсан. Тэгсэн “Намайг дахиад сайн зодоод өг” гээд газар мөргөөд байхаар нь би зүүн гараа явган хүний зам дээр тавьж нүүрээрээ газар мөргөхөөс хамгаалсан. Тэгсэн тэр согтуу залуу намайг баруун гараараа савж миний хүзүүний ар хэсэг рүү цохиод байсан. Би тэр залууг тавихад босч ирээд над руу “Пизда минь, чи муу ямар овоо пизда вэ, чамайг ална шүү” гээд над руу цохих гээд дайраад байхаар нь би дахиад барьж аваад газар татаж унагаагаад куртикны зах, тэлээнээс нь бариад газар хэвтүүлсэн чинь баруун хөлнийхөө өсгийгөөр миний толгой руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд Ариунболд гэж хүн рүү утсаар яриад “Найз нь хүнд зодуулж байна, чи энэ жолоочийг маргаашнаас энэ замаар явуулахгүй болгоорой, эрхийг нь хасаарай” гэж яриад байсан. Би утсыг нь аваад тэр хүнтэй нь ярих гэтэл миний нүүр рүү газраас шороо авч цацаад газар хэвтчихээд ёолж орилоод “Намайг зодож байна” гээд хашгираад байсан. Тэгэж байтал цагдаа нар ирэхээр нь би тэр залууг тавьсан чинь “Пизда нар минь ажлаа хийж чадахгүй байна уу, ажлаас чинь халуулж чадна шүү би, намайг ямар хүн гэдгийг мэдэж байна уу” гэж хэлээд 2 цагдаагийн хажууд намайг цохисон. Цагдаа нар тэр согтуу залууг аваад явсан. Миний толгой хөдөлж, зүүн чихний орчим маажсан хумсны ором, дух орчим халцарч, нүүрний зүүн тал бага зэргийн хавдартай байсан. Би тэр хүнийг огт танихгүй тэр өдөр л харсан зүс царайг нь ч сайн хараагүй. Миний толгой хөдөлж, зүүн чихний орчим маажсан хумсны ором дух орчим халцарч, Би машиныхаа хаалганы хонхойсон байсныг гаргуулсан, одоо замаск тавьж, будуулах үлдсэн байгаа. Эмчилгээ гэж би толгойгоо 4 өдөр бариулж 20.000 төгрөг төлсөн. Надад нийт 135.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Тэр хүн өөрөө эхэлж явахгүй гэж хэлсэний төлөө миний машинийг өшиглөж бусдын эд хөрөнгийг санаатайгаар эвдэж сүйтгэж өөрөө газар мөргөж өөртөө гэмтэл учируулчихаад гомдол нэхээд байгаад гомдолтой байна. Би тэр хүнийг тайвшруулах гэж барьж авч байсан болохоос биш би тэр хүнийг зодоогүй. Би энэ асуудлаас болж олон өдрийн ажил алдаж байна сэтгэл санаа тайван ч байж чадахгүй байна. Би Тоёота Белта маркийн машинтай лизингээр авсан машин таксинд хааяа явдаг юм, ажлаа хийгээд мөнгө олдог, гэхдээ одоо лизингийн мөнгөө энэ асуудлаас болж төлөхөд хэцүү болоод байна” /хх-н 7-8/ гэсэн, хохирогч /шүүгдэгч/ Н ын “... 2017 оны 2 дугаар сарын 4-ний орой 20- 21 цагийн үед найз Бадамсэд, Өсөхбаяр нартай уулзахаар гэрээсээ буюу Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62/1 байрны 9 тоотоос гарж явсан. Гэрээсээ гараад Баянгол дүүргийн 5-р хороо 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд байрлах Хас караокед уулзсан. 2 найзтайгаа уулзаад караокед сууж 2 цаг дуулаад 2 шил 0.5 граммын савалгаатай Чингис архи уучихаад би 00 цаг өнгөрч байхад бид 3 гарах гээд текен дээр очиж манай Бадамсэд тооцоо хийж байх хооронд би гараад 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр ирж таксинд сууж гэртээ харих гээд таксины жолоочоос “Явах уу” гэж асуухад “Явахгүй, согтуу хүнд үйлчлэхгүй” гэж хэлэхээр нь би тэр жолоочид “Ялгаварлан гадуурхлаа” гэж хэлээд хаалгыг нь савсан. Тэгээд буцаад өөр такси барих гээд ард талд нь байсан таксины жолооч дээр очих гээд явж байтал миний санаж байгаагаар араас барьж аваад миний нүүр рүү 2-3 удаа баруун гараараа цохиж унагаагаад, унасан хойно миний нуруу руу 2 жолооч нийлээд 5- 10 удаа өшиглөсөн. Аль нь өшиглөсөн талаар сайн хэлж мэдэхгүй, нүүрээ дараад хэвчихсэн байсан. Тэрхэн зуур би ухаан алдсан юм уу, юу ч санахгүй байна. Нэг сэргэсэн чинь автобусны буудлын хойд тал руу чирээд оруулчихсан миний дээр суучихсан нуруу, дагз руу 2-3 удаа цохисон. Би босох гээд зүтгэхээр татаж унагаагаад дахиад миний ар нуруу, толгой орчимд 2-3 удаа цохьсон. Тэгээд намайг босгохгүй дараад суугаад байхаар нь би гар утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би найз Бадамсэд, Өсөхбаяр 2 руу залгаад намайг ирж ав би хүнд зодуулчихаад байна гэж ярьсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Намайг цагдаагийн машинд суулгаж авч явж байгаад баруун дөрвөн замын тэнд нэг байрны орцонд түлхэж оруулчихаад зугтсан. Тэгээд тэндээсээ би гараад Гранд Плазагийн зүүн талаас такси бариад гэртээ харьсан. Миний санахаар биеэр надаас намхан, бордуу царайтай, дунд зэргийн махлаг гэмээр хүн байсан. 2 дахь жолоочийг би санахгүй байна. 1634 УНХ гээд машины урд зогсож байсан таксины жолооч л тэр залуутай нийлж зодсон. Би Б гэх хүнийг танихгүй өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. “Ялгаварлан үзлээ” гэж хэлснээ санаж байна. Эхлээд урд талын таксин дээр очсон, ар талын таксин дээр очиж хаалгыг өшиглөсөн талаараа санахгүй байна. Би нилээн согтолттой орж гараад яваад байсан. Надад Ариунболд гэх найз байхгүй тэр хэсгийг би санахгүй байна. Би хүний биед гэмтэл учруулах чадваргүй явсан. Би тэр хүнийг огт цохиж зодоогүй. Харин бие хамгаалах үйлдэл гаргаж цохисон. Миний баруун нүдний харалдаа зулгарсан, баруун нүд хөхөрч хавдсан, хамрын ясны хугарал, уруул хавдаж дотор талд нь язарсан, зүүн нүд улайсан, дух зулгарсан, өвдөг хөхөрч баруун хөлний гуя хөхөрсөн. Нэхэмжлэх зүйл гэвэл Huawei Y5 маркийн гар утасны дэлгэц хагарч би 160.000 төгрөгөөр янзлуулсан, хамрын яс хугарч эрүүл мэнд гоо сайхнаараа хохирсон, ажилдаа 10 хоног яваагүй, одоо миний хамарт хагалгаа хийж хамар мурийлтыг тэгшилж янзлах болон цаашид гарах эмчилгээний зардал гэж 2.000.000 төгрөг нэхэмжилнэ” /хх-н 9-10/ гэсэн, гэрч Адилбишийн Жадамбын “... 2017 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 00.00 цаг өнгөрч байхад санагдаж байна, би өөрийн эзэмшлийн “Аванте Икс маркын 8649 УНУ улсын дугаартай автомашинтайгаа 10 дугаар хорооллын автобусны буудал дээр таксинд явах хүн хараад зогсож байтал ертөнцийн зүгээр зуун талаасаа нэг согтуу хүн хүрч ирээд “Явах уу” гэж хаалга онгойлгож асуухаар нь нилээн согтуу хүн байна гэж бодоод “Явахгүй” гэж хэлтэл машины баруун талын хаалгыг минь саваад, хаалга 1 удаа өшиглөөд ар талд зогсож байсан машин руу явж байх хооронд нь би бууж ирэхэд ард зогсож байсан цагаан өнгийн машины хаалга руу 1 удаа өшиглөж харагдсан. Тэгсэн чинь арын машины жолооч жижиг биетэй залуу бууж ирээд “Чи машин өшиглөчих юм, пизда чинь" гэж хэлэхэд нөгөө согтуу залуу шууд нүүр рүү нь 1 удаа цохисон чинь тэр залуу газар унагаад гарыг өчөөд дарсан чинь зүүн гартаа гар утсаа барьж байгаад арагш гараа савж утастай гараараа нилээн хэдэн удаа цохисон чинь нөгөө залуу “Намайг цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Таксины жолооч тэр согтуу залууг босгосон чинь дахиад жолоочийг нүүр рүү нь цохиход цагаан машины жолооч дахиж дарж унагаад дээр нь гараад суучихсан. Тэгсэн тэр залуу гар утсаа газар уначихсан байхдаа цагдаа руу залгаж “Намайг таксины жолооч нар польдоод байна” гээд дуудлага өгч байсан. Цагаан машины жолооч залуу “Цагдаа яачихав, дахиад залгаад өгөөч” гээд байхаар нь би дахиж залгасан. Би нийт 3 удаа дуудлага өгсөн. Тэр цагаан машины жолооч залуу тэр залууд гар хүрээгүй, тэвэрч байгаад газар дөрвөн хөллүүлж хавирч унагаад дээр нь дараад л зогсоод байсан. Тэгээд байж байтал хүн ирэхээр нь би хүнээ аваад таксиндаа явсан. Арын жолоочтой барилцаад авахаар нь согтуу хүн рүү ойртоод яахав гэж бодоод би ойртоогүй. Тэр цагаан машины жолооч намайг “Цагдаа дуудаад өгөөч” л гэж хэлж байсан. Тэр согтуу залуу чаддаг юм бол алчих. Намайг босгочих, хоёулаа босч байгаад үзье гээд байсан. Доошоо хараад хэвтэж байсан. Газар мөргөсөн үгүйг би хараагүй. Намайг цагдаад дуудлага өгөөд ТҮЦ-ний тэнд зогсож байгаад эргээд ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан. Тэр нилээн согтолттой байсан. Хөл дээрээ тогтож байсан ч ухаан санаа нь бол хэцүүхэн байсан. Урдаас ирж байхыг нь харахад гуйвж дайвсан байдалтай явж байсан. Ирээд хаалга онгойлгоод явах уу гэж асуухад явахгүй гэж хэлсэн чинь л хэл амаар доромжилж хаалга савж өшиглөөд явсан. Намайг байхад л лав цохиж зодсон асуудал бол байгаагүй. Тэр залууг газар унагаж нуруун дээр л дараад л байсан. Тэр согтуу залууг тавихаар цагаан машины жолооч залууг цохиж зодоод байсан. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй байна. Миний машины хаалгыг өшиглөсөн ч гэсэн миний машинд ямар нэгэн эвдрэл үүсээгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машины хаалгыг савж өшиглөж намайг хэл амаар доромжилчихоод арын машины хаалгыг өшиглөж нилээн хонхойлгосон байсан. Тэр цагаан машинаас жолооч нь буугаад ирэхэд нь согтуу залуу шууд цохиж нүдэж эхэлсэн. Тэр цагаан машиний жолооч залууг би буруугүй өөрийн эд хөрөнгийг болон биеэ хамгаалсан гэж үзэж байна” /хх-н 17/ гэсэн, гэрч Ширнэнгийн Чулуунсүхийн “... Д/д Мөнхбаттай бугат-115 үүрэг гүйцэтгсэн Бугат 66 чиглэлтэй хамт ахлах ахлагч Отгонбаатар, ахлах ахлагч Баяртогтох нартай хамт тэр дуудлагад очсон. Би машинаас буугаагүй. Оччихоод машин дотроос харахад цагаан машиний гадна 2 хүн маргалдаж байсан. Тэгээд Н гээд согтуу залууг нь машинд суулгаад гэрийг нь асуугаад явсан. Гэр нь Төмөр замын тэнд байдаг гэхээр нь Төмөр замын Баянгол дүүргийн иргэний шүүхийн хойд талд буулгаад явсан. Хүний хэлж байгааг ойлгох чадвартай байсан согтолт бол нилээн байсан авто машинд сууж явахдаа та нар намайг хүргэж өгөх ёстой, үйлчилгээний байгууллага виздээ. Ажилгүй болгоно та нар ажлаа хийж чадахгүй байна гэх мэт зүйл яриад хэл амаар доромжлоод байсан” /хх-н 19/ гэсэн, гэрч Нарантуяагийн Баяртогтохын “... Бугат 66 чиглэлд а/а Отгонбаатартай хамт үүрэг гүйцэтгэсэн. Дуудлага 2 ирсэн, нэг нь “Машины хаалга хонхойлгочихлоо”, нөгөөх нь Таксины жолоочид зодууллаа” гэж дуудлага ирсэн. Тэр дуудлага дээр а/а Отгонбаатар, д/ч Ц.Мөнхбат, а/а н.Чулуунсүх нартай хамт очиход хоёулаа хоорондоо ноцолдож дээр доор орсон байдалтай байсан. Салгаад юу болсон талаар асуухад таксины жолооч “Явахгүй гэж хэлсэн чинь энэ согтуу залуу хаалга руу өшиглөчихлөө” гэж хэлсэн. Харин нөгөө согтуу залуу нь “Би өшиглөөгүй, энэ намайг зодсон” гэж тайлбар өгсөн. Тэр таксины жолооч гэх залуугийн дух нь халцарсан цус гарсан байдалтай, харин нөгөө согтуу залуугийн хамарнаас цус гарсан байдалтай зогсож байсан. Хоёр биедээ гомдолтой бол Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж өргөдөл гарга гээд таксины жолоочийн биеийн байцаалт, автомашины дугаар зэргийг тэмдэглэж аваад явуулсан. Нөгөө залуу нь нилээд согтолттой, хүний хэлж байгааг ойлгохгүй ар гэрээс нь хүн дуудаж өгөх гээд дугаар асуухад хэлж өгөхгүй “Та нар намайг зодсон залууг явуулчихлаа, та нар ажлаа хийж чадахгүй пизда, ажилгүй болгоно” гэх мэтээр хэл амаар доромжлоод, хэлсэн зүйл нь ойлгохгүй байгаад байсан” /хх-н 20 / гэсэн, гэрч Цэрэвийн Мөнхбатын “... Бугат 115 чиглэлд ахлах ахлагч Чулуунсүхтэй үүрэг гүйцэтгэсэн. Тэр дуудлага Бугат 66 чиглэлд ирсэн дуудлага юм дуудлагад манай 2 чиглэл хамт очсон. Дуудлага дээр очиход автобусны хойд талд ТҮЦ-ний урд 2 хүн ноцолдоод газар хэвтэж байхаар нь очиж салгасан. Дуудлага өгсөн Н нилээн согтсон, газар хэвтсэн нөгөө залуу нь дээр нь дараад гарыг нь барьсан байж байсан. Юу болсон талаар асуухад таксины жолооч гэх залуу “намайг автобусны буудал дээр зогсож байхад энэ залуу ирээд явах уу гэж асуухаар нь явахгүй” гэж хэлсэн чинь “машиний хаалга руу өшиглөөд буугаад ирэхэд цохисон” гэж тайлбарласан. Согтуу залуу нь юм асуухаар агсараад би одоо очиж гомдол гаргаж тайлбар өгнө. Намайг зогсож байхад энэ таксины жолооч зодсон, та нар яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм, та нарыг ажилгүй болгоно, ажлаа хийж чадахгүй байна гэх мэтээр орилоод байсан. Таксины жолоочийн нүүр цустай дух билүү хөмсөг нь шалбарсан байхаар нь утасны дугаар, овог нэр, регистрийн дугаарыг аваад гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд явуулсан. Тэр согтуу залуугаас ар гэртэй нь холбогдож дуудах гэхэд дугаарыг нь өгөхгүй байхаар нь гэрт нь дөхүүлж өгөх гээд авч яваад Төмөр замд бууна гэхээр нь Төмөр замд Баянгол дүүргийн Иргэний шүүхийн тэнд буулгасан. Нилээн согтолттой байсан биеэ авч явах чадвар бол байсан” /хх-н 21-22/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Түүнчлэн нэр бүхий шүүгчдэгч /хохирогч/ нарын гэмтэлтэй холбоотой “Б ийн биед баруун хөмсөг, баруун хацар, чихний сувгийн шалбарлтуудтай гэмт тогтоодлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2471 тоот дүгнэлт /хх-н 26/, “Н ын биед тархи доргилт баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны цус хуралт, баруун сарвууны зулгаралт зүүн баруун өвдөгний цус хуралт, уруулын дотор саластын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2466 тоот дүгнэлт /хх-н 28/ зэрэг бичгийн бусад баримтууд нь тэдгээрийг гэм буруутай болохыг нотолно. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалттай холбогдуулан шүүхээс хэргийг прокурорт буцааснаар Н , Б нарын үйлдлийг тус бүрт нь шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн байна. Гэвч прокурор нь яллагдагч Б ийн холбогдох хэрэг болох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-н 133/ мөртлөө түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа” гэсэн зохицуулалтад хамаарна. Нэгэнт хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол хүчинтэй байхад шүүх уг хэргийг нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй тул шүүгдэгч Б ид холбогдох хэргийн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл прокурор нь шүүгдэгч Б ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн ирүүлбэл зохино. Харин шүүгдэгч Н т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй. Учир нь, уг хэрэг 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр үйлдэгдсэн байх ба хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр зүйлчлэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болсон байна. Шүүгдэгч Н бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б гомдол саналгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Н , Б нар цагдан хоригдсон хоноггүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн прокурорын газраас Б ид холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож Б ийг цагаатгасугай.
2. Б ид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорт буцаасугай.
3. Баянгол дүүргийн прокурорын газраас Н т холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
4. Н ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Н ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Н , цагаатгагдсан этгээд Б нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н , Б нарт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ