Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1767

 

О.Б-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01949 дугаар шийдвэртэй, О.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16 693 300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Н.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Ц-д 5 000 000 төгрөгийг хоёр жилийн хугацаатай, барьцаагүй зээлдүүлэхээр тохиролцон зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөг өгсөн. Зээлдэгч тогтоосон хугацаанд зээлийн хүү төлж байсан боловч үндсэн төлбөрийг буцаан төлөөгүй. 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр түүнд 10 000 000 төгрөг хоёр жилийн хугацаатай хүүгүй, барьцаагүй зээлж, эргэн төлөлтийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч гэрээ байгуулснаас хойш буцаан төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, хэд хэдэн удаа шаардсан ч биелүүлээгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан байдаг. Иймд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж, 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.  

2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд 12 удаагийн гүйлгээгээр 19 585 000 төгрөг дансаар, 11 000 000 төгрөг бэлнээр, нийт 30 585 000 төгрөг хүүтэй зээлүүлсэн. 10 000 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулаагүй 10 585 000 төгрөгийн зээлд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 585 000 төгрөгийг хасч 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Үүнээс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дансаар шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг зээлдэгч нь 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр буцаан өгсөн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр өгсөн 5 000 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дансаар буцаан өгсөн. Дээрх хоёр удаагийн шилжүүлгээс гадна Б.Ц  нь 169 удаагийн гүйлгээгээр надад 13 231 200 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зээлж авсан нийт 30 585 000 төгрөгөөс 28 051 700 төгрөгийг дансаар буцаан төлж 2 533 300 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хоёр өмдний 60 000 төгрөг, нийт 2 593 300 төгрөг авна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэжээ. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээ байгуулсан. Б.Ц-д хүүтэй зээлүүлсэн нийт 30 585 000 төгрөгийн зээлээс 5 000 000 төгрөг нь гэрээтэй тул хуульд заасны дагуу хүү шаардаж байгаа бөгөөд уг зээлийн гэрээний хүүг огт төлөөгүй учир 5 000 000 төгрөгт хүүг 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бодоход 27 сарын хүү 13 500 000 төгрөг болж байна.  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээ нь хэтэрсэн хоног  тутам 0.1 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон. Энэ гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дууссан ба гэрээний үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл алдангийг 4 сараар бодоход 600 000 төгрөг болж байна. Иймд, хариуцагчаас үлдэгдэл зээл 2 593 300 төгрөг, хүү 13 500 000 төгрөг, алданги 600 000 төгрөг нийт 16 693 300 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч тайлбартаа: О.Б-өөс зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 7 085 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөг өөрийн дансаар, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд нөхөр н.Эрхэмбаярын дансаар 8 000 000 төгрөг, нийт 19 085 000 төгрөгийг зээлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцсон боловч нэхэмжлэгч нь 4 000 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн.

Гэрээний дагуу нийт 13 600 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн гэрээ байгуулаагүй 15 085 000 төгрөг, нийт 28 685 000 төгрөг төлөхөөс данснаас 26 771 700 төгрөг, нөхөр н.Эрхэмбаярын дансаар 225 000 төгрөг, н.Бямбажавын дансаар 1 307 500 төгрөг, хадам ах 617 500 төгрөг, нийт 28 921 700 төгрөгийг төлсөн нь төлвөл зохих төлбөрөөс 236 700 төгрөг илүү төлөгдсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлийн хүү авах эрхгүй байна гэж заасан тул бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй 15 085 000 төгрөгийн хүү төлөхгүй.

Мөн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр О.Б  өөс 10 000 000 төгрөг бэлнээр аваагүй. Нэхэмжлэгч энэ тухай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хүлээн зөвшөөрч урьд зээлсэн мөнгийг тооцож гэрээ байгуулсан гэдгээ мэдүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дах хэсгийг зөрчсөн байх тул дээрх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл, эсхүл гэрээнээс татгалзах ойлголт байхгүй бөгөөд мөнгө нэхэмжлэх эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-иас 2 333 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 19 120 300 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 351 161 төгрөг, хариуцагчийн төлсөн 7 750 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цэцэгдариас 52 283 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Б  өд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүх, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 27 сарын хүү 10 800 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэсэн. Зохигчдын хооронд 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан ч зээлийн гэрээний харилцаа 4 000 000 төгрөгийн хэмжээнд үүсч, нэг сарын хүү 400 000 төгрөг байхаар тохиролцсон гэсэн боловч 3 сарын хүүг илүү тооцсон. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 24 сар байх тул хүү нь 9 600 000 төгрөг байна. Иймд шүүхийн шийдвэрээс 1 195 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 693 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ авагдсан ба үүгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 5 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлүүлэх, тогтоосон хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцох нөхцөл тохирсон байна. /1хх5/ Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөгийг дээрх гэрээнд заасантай ижил нөхцөл тохирч байгуулсан зээлийн гэрээ /1хх224/ авагдсан. Үүний дараа талууд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг хүүгүй, 2 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон зээлийн гэрээ /1хх6/ байгуулсан байна.

Талууд зээлийн харилцаа үүссэн талаар маргаагүй бөгөөд шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын дансны хуулга, тэдгээрийн тайлбарыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчид 19 585 000 төгрөг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 28 051 700 төгрөг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг буцаан авсан талаар маргаагүй.

Шүүх, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн шаардлага хангаагүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин, талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний дагуу 4 000 000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн байх тул уг гэрээний 1 сарын хүүг 400 000 төгрөг гэж шүүх зөв тодорхойлжээ. Гэвч гэрээний хугацаанд төлвөл зохих хүүг 27 сараар тооцсон нь буруу. Уг гэрээ 24 сарын хугацаатай бөгөөд 3 сарын хүү илүү тооцсон талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагч Б.Ц-иас 1 138 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Б-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01949 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 333 300 төгрөг” гэснийг “1 138 300 төгрөг” гэж, “19 120 300 төгрөг” гэснийг “20 315 300 төгрөг” гэж, Тогтоох хэсгийн 2 дах заалтын “52 283 төгрөг” гэснийг “31 870” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  хариуцагч Ц.Б давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                                        

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                    Т.ТУЯА