Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/208

 

 

 

 

2022           2              23                                           2022/ДШМ/208                                               

                                                                                         

Б.Б, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

хохирогч Б.Э,  

шүүгдэгч Б.Б, М.Б нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б, М.Б нарт холбогдох 1806092441355 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.Б,

2. М.Б,

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын задгайд байрлах хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 499.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын задгайд байрлах хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 664.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б, М.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, М.Б нар нь өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Боос шүүхийн хохирлын 100900005406 тоот дансанд байгаа 65.000 төгрөгийг, М.Бээс байршуулсан 500.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Б.Эод тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага нь зөвхөн шүүгдэгч Б.Б, М.Б гэх хоёр хүний мэдүүлснээр хэргийг шийдвэрлэж, хохирлыг дутуу гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Б.Б жижиг суудлын авто машинтай 3-уулаа байсан болохоо мэдүүлсэн. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хэсгийн байцаагчид мэдүүлэг өгөхдөө бид 3-уулаа байсан гэж миний дэргэд хэлж байхыг өөрийн чихээрээ сонсож, нүдээрээ харсан. Тухайн авто машиндаа том модыг хавтгайгаар нь зөөж, хашаандаа хураасан байсныг нүдээр харсан Эрдэнэчимэг, Т, Б нар гэрчилж ярьсаар байхад түүнд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хагас дутуу шийдвэрлэсэн нь ямар нэгэн ашиг сонирхол байна гэж харагдаж байна. Шүүгдэгч нарыг маш хөнгөн ялаар шийтгэж, хохирогч надад 1 сая хүрэхгүй төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Өмнө нь миний гомдлыг үндэслээд дахин нягтлуулахаар хэргийг прокурорт буцаасан боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийгдээгүй. Прокурор Ц.Батболд маш хангалтгүй ажилласан гэж үзэж байна. Шүүгдэгч нарын талд үйлчилсэн гэж хардаж байна. Учир нь, прокурор Ц.Батболд нь намайг нэг ч удаа дуудаж уулзаагүй. Эхний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан тарсны дараа би прокурорт хандаж “ахыгаа арай л дэндүү хохироож байна даа” гэсэн чинь “олон юм яриад байвал чамайг өгдөг газарт чинь өгнө шүү” гэж хуулиар далайлгаж сүрдүүлсэн. Хоёр дахь шүүх хуралдааны дараа прокурор Ц.Батболд нь шүүгдэгч М.Б, Б.Баямбадорж хоёрт хандаж “та хоёр хурлын дараа надтай уулзаарай” гэж хэлж байсан. Би яагаад ингэж хэлсэн юм бол гээд шүүхийн гадаа 30 минут хүлээсэн. Тэгсэн Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа камертай хэсэгт прокурор Ц.Батболд шүүгдэгч нартай уулзаад зогсож байсан. Тухайн үед юу ярьсан болохыг мэдэхгүй. Ашиг сонирхлын зөрчил байна гэж харж байна. Итгэхгүй бол 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 12:30 цагаас 13:08 цагийн хоорондох шүүхийн үүдний камерын бичлэгийг тодруулж болно. Мөн прокурор шүүгдэгч М.Бийн хулгайлсан модны үнэлгээг үнэлгээний төвөөр бус өөрөө дур мэдэн тогтоосон. Ямар үндэслэлээр 499.000 төгрөгийн үнэлгээ тогтоосон болох нь тодорхойгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Б.Б, М.Б хоёрын хэргийг тусад нь авч үзсэн. Хоёулаа нэг аймгийн, нэг сумын найзууд. Хамтдаа манай хашааны модноос хулгай хийсэн байдаг.

Миний алдсан мод болох 8.400.000 төгрөгийн хохирлыг үнэлгээний “Дамно” ХХК-иар үнэлүүлэн 7.200.000 төгрөг боллоо гэж тухайн үеийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн байцаагч Батболд утсаар ярьж мэдэгдэж байсан. Уг үнэлгээнд тээвэр, ажлын хөлс, шатахуун, хар лак, хадаас, төмөр утас гэх мэт зардлууд тусгагдаагүй болно. Гэтэл шүүгдэгч Б.Боос 600.000 төгрөг, шүүгдэгч М.Бээс 499.200 төгрөгийн буюу нийт 1.099.200 төгрөгийн хохирол гаргуулж шийдвэрлэснээр би 6.200.000 төгрөгөөр хохироод үлдэж байна.

Гэрч Х.Э, Б, Т нараас “Б.Б нь шөнөөр хоёр хүнтэй хамт айлын хашааг дай дайгаар нь унагаж байсан” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Гэрч Х.Э нь манай хашааг модоор бүрэн тойруулсан байсан болохыг гэрчилдэг.

Шүүгдэгч Б.Б нь ямар тээврийн хэрэгслийг ашиглаж модыг зөөсөн талаар шалгаж тогтоогоогүй. Гэрч нарын мэдүүлэгт “машинтай байсан” гэдэг. Мөн шүүгдэгч Б.Б нь өөрийн найзтай хамт байсан. Би тэр хүнийг нь олсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч хэлсэн. Тэр хүн нь шүүгдэгч Б.Боос арай өндөр хүн байсан. Тэр хүн “би байсан болохоо хэлж болно” гэж байсан.

Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Алтанцэцэгт шүүх хуралдааны үеэр хашааны зургаа үзүүлтэл “айлын хашааны зураг аваад ирсэн ч юм бил үү хэн гэрчлэх юм бэ” гэж хэлсэн. Хулгайч Б.Б нь хулгай хийх үедээ өөр хоёр хүнтэй байсныг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсаар байтал яагаад үгүйсгэж байгааг хэн хариуцах вэ?.

Усны тэргээр тэр том хавтгай дай дайгаараа /үргэлж/ байгаа моднуудыг зөөсөн гэж хэнийг мэхлээд байгаа нь тодорхойгүй, иргэдийг хууль хүчнийхэнтэй нь өөрсөд шигээ эргүү гэж дамшиглаж доромжлоод байгаа юм уу гэлтэй.

Шүүгдэгч М.Б, Б.Б нар нь миний хохирлыг эс барагдуулбаас тус тусын гаргасан хохирлын мөнгөөрөө хашааг минь буцаан барьж босгож өгөх талаар тусгах, эсвэл дахин гомдол гаргах эрхийг минь нээлттэй орхихыг тодорхойлоогүй.

Иймд би уг үнэн зөв шийдвэрлэгдээгүй гэж үзэн дахин мөрдөн шалгалт явуулж миний үлдсэн хохирлыг хэн хулгайлсныг тогтоож, хохирлыг минь гаргуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, М.Б нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдэл холбогдол дээрээ маргаагүй. Шүүгдэгч Б.Б, М.Б нар бүлэглэж хулгай хийсэн болох нь тогтоогдоогүй. Тус тусдаа гэмт хэрэг үйлдэгдсэн учраас шүүгдэгч нарын үйлдлийг тус тусад нь шалгасан. “Дамно” үнэлгээний компаниас үнэлсэн 8.200.000 төгрөгийн үнэлгээ бол бүхэлд нь тогтоосон хохирлын үнэлгээ. Хохирогчид учирсан бодит хохирлыг шүүгдэгч нар төлсөн. Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг хэрэглэх ёстой. Миний хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, ашигтайгаар шийдвэрлэх зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт зааснаар аль ашигтай байдлаар нь шийдвэрлэж өгнө үү. Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх саналыг тавьсан” гэв.

Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу нотлогдон тогтоогдсон баримтын хүрээнд прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогчийн хэлснээр нотлогдож, тогтоогдоогүй байхад хашааны банзнаас авсан юм чинь үлдсэн банзыг бүгдийг нь авсан байх ёстой гэдэг байдлаар хандах нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар гэмт хэргийг хамтарч үйлдээгүй болох нь нотлогддог. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 5 дугаар сард хашааны банзнаас авч байгаад баригдаж, улмаар цагдаагийн шуурхай алба хэргийн газрын үзлэг хийж авсан модыг тоолж тэмдэглэл үйлдсэн байдаг. Шүүгдэгч М.Б нь 2018 оны 10 дугаар сард хашааны модноос хулгай хийсэн байдаг. 2021 онд хэргийн газрын нөхөн үзлэгийг хийсэн, нөхөн үзлэгээр хэдэн ширхэг банз мод авсан болохыг тогтоосон. Хохирогчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын задгайд байрлах хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 499.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Б нь 2018 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жамсран уулын задгайд байрлах хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 664.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Эын “...урт нь100 метр, өргөн нь 50 метр газарт хашаа хатгасан юм. Тэгээд хашаа маань өм, цөм алга болоод, алга болсон банзыг би нөхөж хадаад байсан юм. ...” /1хх 50/,

гэрч Х.Эийн “...намайг хөдөө явахад манай хашаанд банз байгаагүй, ирэхэд хашаанд банз хураасан байсан, миний дүү Б.Б манай хашаанд байдаг ба тэр банзны талаар мэдэж байгаа байх. ...” /1хх 53/,

гэрч Р.Бын “...манай хашаанаас дай дайгаараа алдагдаж эхэлсэн ба 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хулгай хийсэн хүмүүсийг мэдсэн, тухайн хулгай хийсэн хүмүүс нь Б.Б, М.Б гэгч нар байсан. ...” /1хх 58/,

гэрч М.Тийн “...манай доод айлын зүс таних Бумбалай нь хоёр хүнтэй машинтайгаа ирээд ачиж байсан. ...Шөнө харанхуй байсан, би хараагүй бөгөөд би наана нь байсан юм. Харин манай нөхөр М.Б харчихаад орж ирээд надад “Бумбалай, бас наана нь 2 хүн байх шиг байна” гэсэн. ...тэр шөнө авч байснаас өөрөөр авсныг би хараагүй, тэр шөнө ч би хараагүй, манай нөхөр М.Б гарч харсан. ...” /1хх 59, 64/,

шүүгдэгч Б.Бийн “...би тухайн үед М.Энхболдын хашаанаас 3-ын банз 64 ширхэгийг, шургааг мод 4 ширхэгийг, дай мод 18 ширхэгийг авсан. 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн БЗД-18-1884 дугаартай 664.800 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна, би хохирлоо барагдуулна. ...” /1хх 64/,

шүүгдэгч М.Бийн “...би 2018 оны 5 сарын эхээр нэг л удаа Бумбалайг нүүж ирэхээс өмнө нь М.Энхболдын хашааны банз модноос нийт 16 ширхэг дай мод, 36 ширхэг банз мод авсан. Би авсан банзаараа өөрийн жорлонг барьсан, одоо 16 ширхэг дай мод нь манай гэрт байгаа. Би М.Энхболдод учруулсан 499.200 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 66/ гэсэн мэдүүлгүүд,   

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 28/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 29-48/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 88/, мөрдөгчийн магадлагаа /1хх 145-146/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, М.Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Бийн хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 499.200 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Бийн хохирогч Б.Эын хашааны дай, банз моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 664.800 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Хохирогч Б.Э “...Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага нь зөвхөн шүүгдэгч Б.Б, М.Б гэх хоёр хүний мэдүүлснээр хэргийг шийдвэрлэж хохирлыг дутуу гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой,

авто машиндаа том модыг хавтгайгаар нь зөөж, хашаандаа хураасан байсныг нүдээр харсан Эрдэнэчимэг, Т, Батцог нар гэрчилж ярьсаар байхад түүнд дүгнэлт хийлгүйгээр хэргийг хагас дутуу шийдвэрлэсэн нь ямар нэгэн ашиг сонирхолтой,

шүүгдэгч нарыг маш хөнгөн ялаар шийтгэж, хохирогч надад 1 сая хүрэхгүй төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй,

прокурор шүүгдэгч М.Бийн хулгайлсан модны үнэлгээг үнэлгээний төвөөр бус өөрөө дур мэдэн тогтоосон,

шүүгдэгч Б.Б нь ямар тээврийн хэрэгслийг ашиглаж модыг зөөсөн талаар шалгаж тогтоогоогүй,

шүүгдэгч М.Б, Б.Б нар нь миний хохирлыг эс барагдуулбаас тус тусын гаргасан хохирлын мөнгөөрөө хашааг минь буцаан барьж босгож өгөх талаар тусгах, эсвэл дахин гомдол гаргах эрхийг минь нээлттэй орхихыг тодорхойлоогүй,

иймд би уг хэргийг үнэн зөв шийдвэрлэгдээгүй гэж үзэн дахин мөрдөн шалгалт явуулж, миний үлдсэн хохирлыг хэн хулгайлсныг тогтоож өгөхийг хүсэж байна. ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Дан нотлох баримтаар, ялангуяа зөвхөн тухайн хэрэгт сонирхол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал бөгөөд шүүгдэгч М.Бийн эхнэр гэрч М.Т “...доод айлын зүс таних Бумбалай нь хоёр хүнтэй, машинтайгаа ирээд ачиж байсан...” /хх 59/ гэж мэдүүлсний дараа дахин мэдүүлэг өгөхдөө“...шөнө харанхуй байсан, би мөн хараагүй бөгөөд наана нь байсан юм. ...Тэгсэн манай нөхөр “би ойртож очоогүй, холоос л харлаа, ямар ч байсан Бумбалай байна, машин нь бас хажууд нь байх шиг байна.” гэж хэлсэн. ...Тэр шөнө ч би хараагүй, харин манай нөхөр М.Б гарч харсан. Тэр шөнө авч байснаас өөрөөр авсныг болон авч байхыг нь хараагүй. ...” /1хх 64/ гэжээ.

Харин хохирогч Б.Э, гэрч М.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад, М.Б “... Намайг очиход М.Б ганцаараа байсан. Манай эхнэр яагаад тэгж мэдүүлэг өгсөн болохыг мэдэхгүй байна. ... Намайг харахад машин нь цаана харагдаж байсан. Б.Б өөрөө наана нь байсан. ... Яг хэрхэн яаж машинаар зөөсөн талаар мэдэхгүй, би тэр мөрнөөс улбаалаад машинаараа модыг чирж явсан гэж үзэж байна” гэж мэдүүлснээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж зааснар гэрч М.Тийн мөрдөн байцаалтад өгсөн 2 удаагийн гэрчийн мэдүүлэг болон хохирогч Б.Эын “Хулгайч Б.Б нь хулгай хийх үедээ өөр хоёр хүнтэй байсныг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан...” гэх гомдлыг дээрх хуульд заасан үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Нотлох ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар цогц тогтолцоо бүрдүүлж, түүнд үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл болдог.

Мөн, хохирогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх гаргасан баримт, өгсөн мэдүүлгийг шалгахгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдагдуулах эрсдэл дагуулдаг болно.

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 88/-гаас үзэхэд, хашааны банз, шургааг мод, дай модыг тус тус үнэлсэн байх бөгөөд мөрдөгч уг дүгнэлтийг эх сурвалж болгон магадлагаа /1хх 145-146/ гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно” гэж зааснаас үзэхэд мөрдөгчийн магадлагаа нь хуулийн дагуу хийгджээ.

Иймд хохирогч Б.Эын гомдолд дурдсан “прокурор шүүгдэгч М.Бийн хулгайлсан модны үнэлгээг үнэлгээний төвөөр бус өөрөө дур мэдэн тогтоосон” гэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Б.Б, М.Б нарын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгаж, улмаар тогтоогдсон хэмжээний хүрээнд гэм бурууг хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зохицуулалтад нийцжээ.   

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, М.Б нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Б.Э нь давж заалдах гомдолдоо прокуророос татгалзах хүсэлт гаргасныг шүүх хуралдааны явцад тусгайлан хэлэлцэж, шүүхийн тогтоол гаргасныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР