Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/04182

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 26 101/ШШ2023/04182

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо,  хороолол, байр тоот хаягт оршин суух ******* овогт Т*******ийн Т******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  хороо, хороолол, тоот хаягт бүртгэлтэй,  байранд байрлах Ай энд ******* и******* ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар *******, Регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Гэрээ цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн 68,404,000 төгрөг, алданги 225,733 төгрөг, хохирол 9,778,350 төгрөг, нийт 78,408,083 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т.Т******* нь хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дугаартай Орон сууц захиалах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч болох Ай энд ******* интернэшнл ХХК нь захиалагч болох Т.Т*******ын захиалгын дагуу гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн хороонд байрлах Баянзүрх   блок, 48,86 м.кв талбайтай, давхарт,  тоот, 2 өрөө орон сууцыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, барилгын норм норматив, дурэм журамд заасан чанарын дагуу барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, харин захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах, гэрээгээр хэлэлцэж тохирсон төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн. Т.Т******* нь тус гэрээний 2.1, 2.4, 2.5, 2.6-д заасны дагуу орон сууцны нэг м.кв үнэ болох 1,400,000 төгрөг буюу нийт гэрээний төлбөр болох 68,404,000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 60,404,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөгийг Ай энд ******* интернэшнл ХХК-ийн Хаан банкны данс уруу тус тус шилжүүлж, гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлсэн. Харин гүйцэтгэгч нь тус гэрээний 1.3-д заасны дагуу гэрээний зүйлийг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх байтугай барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх ажлаа ч хийгээгүй байна. Гэрээний 3.4-д заасны дагуу гүйцэтгэгч нь зураг төслөө боловсруулж баталгаажуулсан эсэх, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан эсэх зэрэг захиалагчид ажлын гүйцэтгэлийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй ирсэн. Нэхэмжлэгч Т.Т******* нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-д дугаартай орон сууц захиалах гэрээг цуцалж байгааг мэдэгдэж, төлсөн төлбөрөө буцаан өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулахгүй хохироогоод байна. Т.Т******* нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээний төлбөр болох 68,404,000 төгрөгнөөс 57,000,000 төгрөгийг нь Худалдаа Хөгжлийн Банкны 457047768 тоот хадгаламжийн дансаа цуцалж шилжүүлсэн. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч талд хадгаламжийн хүүгээс олох ёстой байсан орлогын хэмжээгээр гэм хорын хохирол учруулсан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 заасныг үндэслэл болгон, мөн Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасны дагуу дараах хэмжээгээр гэм хорын хохирол учирсан гэж үзэж байгаа болно. Үүнд Монгол банкнаас хадгаламжийн жигнэсэн дундаж хүүг Монгол банкны албан ёсны статистик мэдээнд зааснаар 2021 онд 6,33 хувиар тооцсоноор 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хадгаламжийн хүүгээс олох ёстой байсан орлого нь 1,804,050 төгрөг, 2022 онд 8,6 хувиар тооцсоноор 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хадгаламжийн хүүгээс олох ёстой байсан орлого нь 4,902,000 төгрөг, 2023 онд 10,78 хувиар тооцсоноор 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хадгаламжийн хүүгээс олох ёстой байсан орлого нь 3,072,300 төгрөг, нийт 9,778,350 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болно. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний төлбөр болох 68,404,000 төгрөгийг, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан тус гэрээний 4.2-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01 хувийн алданги захиалагчид төлнө гэж заасны дагуу гэрээ цуцлах хүртэлх 33 хоногийн алданги буюу 225,733 төгрөгийг, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэрээ цуцалсантай холбогдон учирсан гэм хорын хохиролд 9,778,350 төгрөгийг гаргуулах буюу нийт 78,408,083 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэв. .

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас АС210702034/9 дугаартай гэрээний төлбөрт төлсөн 68,404,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Гэм хор учруулсны хохиролд 9,778,350 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гаргасан өргөдөлдөө АС210702034/9 дугаартай гэрээг цуцалж, 68,404,000 төгрөгийг нэн даруй барагдуулахыг хүссэн. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчтай анх гэрээ байгуулсан хугацаа буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хадгаламжийн хүүг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гаргасан өргөдөлдөө гэрээг цуцлах тухай мэдэгдсэн тул Иргэний хуулийн 222.5-д заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлд дурдсан өдрөөр тасалбар болгон хүүг тооцож үзвэл нийт 58 хоног, 1 өдрийн хүүнд 0,05 хувь буюу 34,202 төгрөг, нийт 1,983,716 төгрөг байна. Хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 225,733 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ай энд ******* нтернэшнл ХХК нь нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/854 дугаар захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн  хорооны Ё хэсэгчилсэн талбайн 18,7 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан. Уг төслийн хүрээнд   блокийн барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор 2021 онд барилгын талбайг бүрэн чөлөөлж, барилгын зохих зөвшөөрлүүдийг төрийн эрх бүхий байгууллагаас хүссэн. Улмаар 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё хэсэгчилсэн талбайн барилгажих төсөл /ерөнхий төлөвлөгөө/-г баталж, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр уг ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тус газарт дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, техникийн нөхцөлүүд, барилгын зураг төслүүдийг батлуулсан боловч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас зохих зөвшөөрлийг олгохоос татгалзаж, анх олгосон дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулах шаардлагатай тул барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох боломжгүй талаар мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дагуу нийслэлийн Ерөнхий архитектор Ц.Тулгын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өмнө нь баталсан Улаанбаатар хот, Баянзүрххороо Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл /Ерөнхий төлөвлөгөө/-г шинэчлэн баталсан. Тус ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх апартмент С блокийн байрлал өөрчлөгдсөн тул шинээр Архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн тул барилгын ажил хийгдээгүй болно. Иймд АС210702034/9 дугаартай гэрээний 3.8, 3.9-д заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр барилгын ажил эхлээгүй тул хариуцагч нь алданги төлөх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 70,387,716 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 8,020,367 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 8,020,367 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.14-ний өдрийн итгэмжлэл, 2021.07.02-ны өдрийн АС210702034/9 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, Худалдаа хөгжлийн банкны 2021.07.02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 2021.08.02-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 241802679301 дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга, 2023.05.03-ны өдөр Ай энд ******* интернэшнл ХХК-д гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Худалдаан хөгжлийн банкны 457047768 дугаар дансны хуулга, фото зэрэг,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.08.14-ний өдрийн итгэмжлэл, Ай энд ******* интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2023.05.03-ны өдөр Ай энд ******* интернэшнл ХХК-д гаргасан өргөдөл, Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё хэсэгчилсэн талбайн барилгажилтын төслийн загвар зураг, ерөнхий төлөвлөгөө, схем зураг, 2022.07.21-ний өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, төлөвлөлтийн хязгаарын схен зураг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Т******* нь хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-д холбогдуулан гэрээ цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрт шилжүүлсэн 68,404,000 төгрөг, алданги 225,733 төгрөг, хохирол 9,778,350 төгрөг, нийт 78,408,083 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

3. Хариуцагч нь гэрээний төлбөрт төлсөн 68,404,000 төгрөг, гэм хорын хохиролд шаардсан 9,778,350 төгрөгөөс 1,983,716 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацаа хэтрүүлсний алдангийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

4.Ай энд ******* интернэшнл ХХК болон Т.Т******* нар нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр АС210702034/9 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Ай энд ******* интернэшнл ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх апартмент хотхоны С блокийн 7 давхарт 48,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ын үнэ 1,400,000 төгрөг, нийт 68,404,000 төгрөгөөр худалдах, орон сууцны барилгыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, Т.Т******* нь орон сууцны үнэ 68,404,000 төгрөгийг төлөхөөс 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 60,404,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-4-7/

 

5. Зохигчдын хооронд хийгдсэн дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 193 дугаар зүйлийн 193.1-д үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг ... шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ гэсэн заалтын аль алинд нь нийцжээ.

 

Хариуцагч нь ашиглалтад орсон орон сууцны барилгыг нэхэмжлэгчид худалдахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6. Зохигчид 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр АС210702034/9 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

7.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 57,000,000 төгрөг, 3,404,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 68,404,000 төгрөгийг хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон харилцах дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 10, 11/

 

7.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт дээр дурдсанаар мөнгө шилжүүлсэн болон шилжүүлгийн мөнгөн дүн болох нийт 68,404,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

 

8. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр АС210702034/9 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд зааснаар Ай энд ******* интернэшнл ХХК нь орон сууцны барилгыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

9. Т.Т******* 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ай энд ******* интернэшнл ХХК-ийн захиргаанд тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан АС210702034/9 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г цуцалж, төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа талаар мэдэгджээ. /хх-ийн 12/

 

10. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзаж гэрээний үүргийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Т.Т******* нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 68,404,000 төгрөг, алданги 225,733 төгрөг, хохирол 9,778,350 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

11. Хариуцагч нь АС210702034/9 дугаартай гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс төлсөн мөнгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-аас 68,404,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

12.1. Зохигчдын хооронд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан АС210702034/9 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний 4.2-т Гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтад оруулах хугацааг 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасныг үндэслэн тус гэрээний захиалагч болох нэхэмжлэгч нь гүйцэтгэгч болох хариуцагчаас алданги гаргуулахаар шаардсан байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх талаар зохицуулсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үүргийг хүлээх ба нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй.

 

12.2. Ай энд ******* интернэшнл ХХК нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон асуудал нь тус компанийн буруутай үйл ажиллагаанаас бус Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас зохих зөвшөөрлийг олгохоос татгалзаж, орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулж, дахин батлуулах шаардлагатай болсонтой холбоотой тул алданги төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

12.3. Зохигчдын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний 7.1-д Барилгын ажлын зураг, графикт хугацаанд тодорхой шалтгааны улмаас зайлшгүй өөрчлөлт оруулах болсон тохиолдолд талууд зөвхөн бичгээр гэрээнд өөрчлөлт оруулна гэж заасан байх ба Ай энд ******* интернэшнл ХХК нь өөрийн тайлбарт дурдсан нөхцөл байдал үүссэн цаг хугацаанд захиалагч талд тухайн нөхцөл байдлын талаар танилцуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой байсан ч энэ талаар ажиллагаа хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй холбогдох алдангийг төлөх үүргийг хариуцагч хүлээнэ.

 

12.4 Хариуцагч нь орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаа болох 2022 оны 4 дүгээр улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох үүргийг хүлээсэн боловч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 91 дэх хоногоос шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 33 хоногийн алдангийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцож /68,404,000 төгрөг х 0,01 хувь х 33 хоног/ алданги 225,733 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

 

13.1. Нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээний төлбөр болох 68,404,000 төгрөгийн 57,000,000 төгрөгийг Худалдаа Хөгжлийн Банкны 457047768 тоот хадгаламжийн дансаа цуцалж шилжүүлсэн, хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгч талд хадгаламжийн хүүгээс олох ёстой байсан орлогын хэмжээгээр гэм хорын хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Монгол банкнаас хадгаламжийн жигнэсэн дундаж хүүг албан ёсны статистик мэдээнд зааснаар тооцоолон хадгаламжийн хүүгээс олох ёстой байсан орлогыг 2021 онд 6,33 хувиар тооцож 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны орлого 1,804,050 төгрөг, 2022 онд 8,6 хувиар тооцож 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны орлого 4,902,000 төгрөг, 2023 онд 10,78 хувиар тооцож 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны орлого 3,072,300 төгрөг, нийт 9,778,350 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан гэж тайлбарлан хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

13.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах асуудал ба ерөнхий тооцоо, тоо баримтад үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тооцооллоор нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

13.3. Хариуцагч нь гэм хор учруулсны хохиролд 9,778,350 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь хариуцагчтай анх гэрээ байгуулсан хугацаа буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хадгаламжийн хүүг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй, харин нэхэмжлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гаргасан өргөдөлд гэрээг цуцалж, 68,404,000 төгрөгийг нэн даруй барагдуулахыг мэдэгдсэн тул 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдөр буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлд дурдсан өдрөөр тасалбар болгон хүүг тооцож үзвэл нийт 58 хоног, 1 өдрийн хүүнд 0,05 хувь буюу 34,202 төгрөг, нийт 1,983,716 төгрөг байна гэх тайлбарыг гаргасныг харгалзан, хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хохирлыг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

14. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-аас гэрээний төлбөрт шилжүүлсэн 68,404,000 төгрөг, алданги 225,733 төгрөг, хохирол 1,983,716 төгрөг, нийт 70,613,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,794,634 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

15. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 511,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-аас 70,613,449 /далан сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,794,634 /долоон сая долоон зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун гучин дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ай энд ******* интернэшнл ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 511,017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Т*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР