Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/243

 

 

 

 

   2022             3               2                                       2022/ДШМ/243                                               

                                                                                         

Д.Б, Ц.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Доржмаа,

иргэний нэхэмжлэгч Б.З,

хохирогч, яллагдагч Д.Бын өмгөөлөгч Н.Нарантуяа,  

хохирогч, яллагдагч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2140 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр Д.Б, Ц.Б нарт холбогдох 2110000000689 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Б,

2. Ц.Б,

Яллагдагч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зет херо” нэртэй рестораны гадаа талбайд “ди жи”-гээр ажиллаж байхдаа Ц.Бийг хөгжмөө багасга гэж хэлснээс болж, түүний толгойд шар айрагны шилэн аягаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар, дагзны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч Ц.Б нь мөн цаг хугацаанд тухайн газраар үйлчлүүлж байхдаа Д.Быг толгой руу нь пивоны шилэн аягаар цохилоо гэж газар хэвтэж байхад нь хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, зулгарал, баруун эгэмний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2021 оны 7 дугаар сарын 23-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан хилл цогцолборт үйл ажиллагаа явуулдаг “Зет херо” нэртэй ресторанд Ц.Б үйлчлүүлж байсан, Д.Б тухайн ресторанд хөгжмийн “ди жи” ажлаа хийж байсан, Ц.Б, Д.Б нар үл ойлголцож, бие биедээ гэмтэл учруулсан үйл баримттай бөгөөд Д.Б нь Ц.Бөд гэмтэл учруулахдаа шар айрагны шилэн аягаар толгойд нь цохисон, улмаар шилэн аяганы хагарсан хэсэг тухайн ресторанд үйлчлүүлж байсан Б.Зын зүүн хөлөнд онож, мөн гэмтэл учруулсан байна.

Иргэн Б.З Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 6675 дугаартай дүгнэлт гарч, улмаар түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. /хх 8, 33-35, 54/

... Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Б.З “...Би Д.Б гэх хүний гаргасан үйлдлээс болж зүүн шилбэ зүсэгдэж, 5 оёдол тавиулсан, сорив үлдсэн, гоо сайхнаараа хохирсон, цаашид сорив эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. Тухайн үед эм тарианы зардал 150.000 төгрөг болсон, ажилдаа 5 хоног явж чадаагүй, 5 өдрийн цалингаа нэхэмжлэх болно...” /хх 35/ гэж мэдүүлсэн байх ба өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой ямар нэгэн баримт гаргаагүйн дээр хэргийн материал танилцуулаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид хэргийн материал танилцуулах ажиллагааг хийгээгүй нь мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан иргэний нэхэмжлэгчийн хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт тусгуулах, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, хохирогчоор тогтоосон шийдвэрийг хүчингүй болгосныг танилцуулаагүй, яллагдагч Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчийн прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, хязгаарласан, мөн иргэний нэхэмжлэгчид хэргийн материалтай танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж шүүх үзэв.

Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршгийг бүрэн тогтоож чадаагүй нь Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тогтоогоогүй гэж үзнэ.

... Шалгаж тогтоовол зохих дээрх асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтойгоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх зорилгод нийцэх юм.

Хэргийг прокурорт очтол яллагдагч нарт урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож, хэрэгт нэг ширхэг сиди ирснийг хэргийн хамт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, яллагдагч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжид зааж хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон заалтуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан ба иргэний нэхэмжлэгч Б.Зыг шүүх хуралдаанд дуудан оролцуулж, түүний байр суурийг сонсох, яллагдагч Д.Баас эмчилгээний зардалд авсан 160.000 төгрөгөөс гадна нэхэмжилж байгаа зүйл байгаа эсэх, баримттай эсэхийг тодруулж, түүнд учирсан хор уршгийг тодорхойлох бүрэн боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас гадна шүүх хуралдааны явцад нотолж болохоор хуульд нэгэнт зохицуулсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж, Шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана” гэж тус тус заасан байх тул хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд бүрэн байлцуулж хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын зүгээс иргэний нэхэмжлэгч Б.Зыг гэм буруугийн шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Прокуророос гаргасан хүсэлтийн дагуу иргэний нэхэмжлэгч Б.Зыг шүүх хуралдаанд оролцуулан, шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

  Хохирогч, яллагдагч Д.Бын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэгчийг оролцуулж, хэргийн мэтгэлцээний явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан  талуудын хүсэлтийг үлдээж, нотлох баримт шинжлэн судалсны үндсэн дээр тогтоох боломжтой байсан. Хэрэгт тусгаарласан ямар нэг хэрэг байхгүй, хэн аль нь анхнаасаа өмгөөлөгчөөс туслалцаа авч, хүсэлтээ гаргаж, иргэний нэхэмжлэгч мэдүүлгээ өгч байсан. Хэргийг заавал прокурорт буцаалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийг шүүхийн шатанд оролцуулах боломжтой. Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн шатанд хэргийн материалтай танилцаж, хохирол төлбөртэй холбоотой баримтаа гаргаж өгөх, тэр талаарх эрхийг нь хангах боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогч, яллагдагч Ц.Бийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх тайлбаргүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байх тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч, яллагдагч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Энэ хэргийн хохирогч болж эхний халдлагад өртсөн байтал өөрөө яллагдагчаар татагдаж, урт хугацаанд ийм байдлаар явж байгаа нь нилээд хүндрэлтэй, сэтгэл санаа таагүй байдалтай үргэлжилж байна. Тухайн үедээ мэдэгдэхгүй байсан ч Д.Бын цохилтоос шалтгаалж толгойны орой дээр хонхорхой үүссэн. Хэргээ хурдан шуурхай, үнэн зөв шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзээд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгажээ.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой төдийгүй хууль зүйн нэр томьёо, гэмт хэргийн шинжийг тайлбарлан хэргийг шийдвэрлэх боломжтой байдаг бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч, иргэний нэхэмжлэгч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Хэдийгээр, шүүгчийн захирамжид “...иргэний нэхэмжлэгчид хэргийн материалтай танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй...” заасан зөрчлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих зарим асуудлуудыг хянаагүй боловч анхан шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Зыг оролцуулан, түүний хохирлын талаарх шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох ёстой.

 

Яллагдагч Д.Б, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор О.Доржмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч Д.Б, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасантай холбогдуулан тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2140 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Б, Ц.Б нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл яллагдагч Д.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР